Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 431

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.О , “А” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 453 442 527 төгрөг, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт    481 304 863 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч “А” ХХК-ийн захирал Ц.О  нь Т ХХК-д орон сууцны зээл олгох хүсэлт гаргасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн ерөнхий хорооны 44/03 дугаартай шийдвэрээр 459 000 000 төгрөгийг сарын 0,66 хувь, жилийн 8 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувь байхаар 240 сарын хугацаатай зээлийг cap бүрийн 13-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар үүрэг хүлээж зээл авсан. Гэтэл зээлдэгч Ц.О  нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийн зөрчил гаргасны улмаас компанид 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 481 304 863 төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Иймд хариуцагч Ц.О , “А” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 141 дугаартай орон сууцны зээлийн гэрээний 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн зээл хаах үлдэгдэл 453 442 527 төгрөг, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн шүүхэд нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ц.О , “А” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 453 442 527, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөгийг гаргуулах нэхэмжпэл гаргасан. Энэхүү зээлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 20 жилийн хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Түр хугацаанд улсын төсвийн санхүүжилт хугацаандаа ороогүйгээс зээлийн гэрээний графикт хугацааг хэтрүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн зээлийг төлж үлдэгдэл зээлийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О гоос бүгд 481 304 863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож,

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.О  бүгд 481 304 863 төгрөгийг төлөөгүй тохиолдолд батлан даагч А ХХК-иас бүгд 481 304 863 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 564 480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О гоос улсын тэмдэгтийн хураамжид 2 564 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Төрийн  банкны гаргасан  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Ц.О гоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 453 442 527 төгрөг, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь 45 900 000 төгрөгийн зээлийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 20 жилийн хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байна. Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөр тооцвол 9 098 947.22 төгрөгийн үндсэн зээл, 26 418 392.45 төгрөгийн хүү, нийт 35 517 339.67 төгрөгийн үүргийг хугацаанд биелүүлээгүй байсан. Энэ нь 20 жилийн хугацаанд төлбөл зохих зээл болон хүү нийт 918 649 876,8 төгрөгийн 3.8 хувийг эзэлж байгаа тул гэрээний үүргийг ноцтой зөрчсөн гэж гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй юм. Иймд хариуцагч нь шүүх хуралдаан болсон өдрөөр тооцвол 421 304 000 төгрөгийн зээл болон хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М миний бие 2018 оны 12 дугаар сарын 17-нд үзүүлэн 18-ны өглөөнөөс Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өвчний учир эмчлүүлэхээр хэвтсэн бөгөөд 17-нд эмч акт бичиж өгсөн. Актандаа эмч өөрөө тоог зассан. Би шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ эмнэлэгт хэвтэж байгаагаа тодорхой бичсэн. Шүүх миний хүсэлт болон баримтыг нягтлан шалгалгүй хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хариуцагчийн эрхийг зөрчсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.О , “А” ХХК нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 453 442 527 төгрөг, зээлийн хүү 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Талууд 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 459 000 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцож орон сууцны зээлийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч талаас зээл, хүүгийн тооцооллыг баримтаар гаргаж өгсөн ба хариуцагч Ц.О  нь үндсэн зээлд 5 557 472 төгрөг, зээлийн хүүд 20 168 512 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь хэргийн 57 дахь талд авагдсан хүү тооцооллын хүснэгт баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй, хариуцагч нь орон сууцны зээлийн гэрээнд заасны дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зөрчсөн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

            Иймд үндсэн зээлд 453 442 527 төгрөг, зээлийн хүүд 27 862 336 төгрөг, нийт 481 304 863 төгрөгийг хариуцагч Ц.О гоос гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Ц.О  нь орон сууцны зээлийн гэрээний үүрэг болох 481 304 863 төгрөг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд батлан даагч “А” ХХК-иас 481 304 863 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт шүүхэд ирүүлсэн боловч эмнэлгийн магадлагаа нь засвартай шаардлага хангахгүй баримт байх тул тэрээр өвчтэй байсан болох нь тус эмнэлгийн магадлагаагаар нотлогдохгүй гэж үзэж шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 264 470 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.НАРАНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ