Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00922

 

“...банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...банк” ХХК

          Хариуцагч: Ц.О-

          Хариуцагч: “... байшин” ХХК-д холбогдох

          481,304,863 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч Ц.О-гийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангэрэл, хариуцагч Ц.О-гийн төлөөлөгч О.Билгүүн, түүний өмгөөлөгч Ю.Батболд, нарийн бичгийн даргад Ч.Уранбилэг нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Зээлдэгч “... байшин” ХХК-н захирал Ц.О- нь “...банк” ХХК-д орон сууцны зээл олгох хүсэлт гаргасны дагуу 2017-5-23-ны өдрийн зээлийн ерөнхий хорооны 44/03 дугаартай шийдвэрээр 459 сая төгрөгийг сарын 0,66 хувь, жилийн 8 хувь, нэмэгдүүлсэн хүү 20% байхаар 240 сарын хугацаатай зээлийг cap бүрийн 13-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх-р зээл авсан. Гэтэл зээлдэгч Ц.О- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийн зөрчил гаргасны улмаас компанид 2018-9-25-ны өдрийн байдлаар 481,304,863 төгрөгийн бодит хохирол учруулаад байна. Иймд хариуцагч хариуцагч нараас 2017-5-31-ний өдрийн 141 дугаартай орон сууцны зээлийн гэрээний 2018-9-25-ны өдрийн зээл хаах үлдэгдэл 453,442,527 төгрөг, зээлийн хүү 27,862,336 төгрөг, нийт 481,304,863 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тал тайлбартаа: Энэхүү зээлийг 2017-5-31-с хойш 20 жилийн хугацаанд төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Түр хугацаанд улсын төсвийн санхүүжилт хугацаандаа ороогүйгээс зээлийн гэрээний графикт хугацааг хэтрүүлсэн. Хугацаа хэтрүүлсэн зээлийг төлж үлдэгдэл зээлийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 181/ШШ2018/02642 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.О-гоос 481,304,863 төгрөг гаргуулан ...банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 хэсэгт заасныг баримтлан Ц.О- төлбөрийг төлөөгүй тохиолдолд ... байшин ХХК-иас бүгд 481,304,863 төгрөгийг гаргуулан ...банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2 264 470 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

      Хариуцагч Ц.О-гийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Шүүх ИХШХШТХ-н 6-р зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй. 481,304,863 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасаныг шүүх хүлээн авч 2018-10-03-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба Ц.О- 2018-10-08-ны өдөр, ... байшин ХХК нь 2018-10-23-ны өдөр тус тус нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхдэлгэр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, биечлэн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн нотлох баримт буюу эмнэлгийн магадлагааг хавсарган хүсэлт гаргасан боловч эзгүйд шийдвэрлэсэн байна. Энэ нь ИХШХШТХ-н 6.1, 6.4-т заасныг үл хэрэгсэн хариуцагч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцож хүсэл зоригоо илэрхийлэн мэтгэлцэх боломжийг хязгаарласан байна. “ Д.Мөнхдэлгэрийн шүүхэд ирүүлсэн 2018-12-17-ны өдрийн эмнэлгийн магадлагаа дахь ажлаас чөлөөлсөн бичилт засвартай байх тул уг магадлагаа нъ Монгол улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах журмын 1-р хавсралт Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4.5-д нийцэхгүй бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй байсан нь нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн. Шүүх шийдвэр гаргахдаа Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/243 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн магадлагаа гаргах журмын 1-р хавсралт Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4.5-д “Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна” гэж заасан ба нотлох баримтаар өгсөн магадлагаа нь дээрх бүх шаардлагыг хангаж байгаа боловч дуусах өдрийг 23 болгож олгосон эмч өөрөө засварласан тухай Д.Мөнхдэлгэр өөрөө тайлбарлаж, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний түүхийн хуулбараар давхар нотлохоор гаргаж өгөхөд “шинээр нотлох баримт авахгуй шалтгаан”-аар хэрэгт өгөх боломжгүй болсон. Д.Мөнхдэлгэр гомдол гаргаж, шүүх хуралдаанд биеэр оролцох хүсэлтээ илэрхийлсэн боловч давж заалдах шатны шүүх хуралдааны товыг түүнд мэдэгдээгүй болно. ИХШХШТХ-н 77.2, 77.6-д заасныг зөрчиж хариуцагчийн төлөөлөгчийг давж заалдах шатны шүух хуралдаанд оролцож мэтгэлцэх боломж олгоогүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн гэж үзэж байна.  Зохигчдод эвлэрэн хэлэлцэх боломж олгоогүй. Д.Мөнхдэлгэр 2018-12-02-ны өдөр хариу тайлбар гаргахдаа 2017-05-31-с 20 жилийн хугацаатай төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан. Улсын төсвийн санхуужилт саатсанаар зээлийн гэрээний графикт хугацааг хэтрүүлсэн, хугацаа хэтрүүлсэн зээлийн төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаа дуустал графикийн дагуу төлөх хүсэлтэй байна” хэмээн нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх санал гаргасан болно. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болон зээл хүүний тооцоололд маргаан үүсгээгүй. Гэвч шүүхээс хариуцагч нарын төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулсан нь хариуцагчийн хүсэл зоригийг үл хэрэгсэн нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжийг нь олгоогүй байна. Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “...банк” ХХК нь Ц.О-, “... байшин” ХХК-д холбогдуулан 2018-09-26-ны өдөр нэхэмжлэл гаргаж, үндсэн зээл 453,442,527 төгрөг, хүү 27,862,336 төгрөг, нийт 481,304,863 төгрөг шаарджээ./хх1/ Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч Ц.О-гийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Хэрэгт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх4,27/., 2018-04-05-ны өдрийн а/119 дугаартай тушаал /хх5/., 2018-09-24-ний өдрийн 01/б/5148 дугаартай итгэмжлэл /хх6/., 2017-05-31-ний өдрийн 141 дугаартай зээлийн гэрээ /хх8-11/., хүү тооцооллын хүснэгт /хх57/ авагдсан бөгөөд эдгээрийн хэмжээнд шүүх шийдвэр гаргасан байх тул хяналтын гомдлын талаар энэ баримтын хэмжээнд дүгнэлт хийнэ. 

     2017-05-31-ний өдрийн 141 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-р хариуцагч нар нь орон сууц худалдан авах зориулалтаар ...банкнаас 459,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатай сарын 0,66 /жилийн 8/ хувийн хүүтэй зээлсэн /хх8/ нь тогтоогдож байна.

     Дурдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл энэ хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээнд заасан үүргээ талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.   

     ...банк шаардлагын үндэслэлээ “...зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй... зээлийн эргэн төлөх хуваарийг хариуцагч зөрчиж төлбөрөө төлөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан...” гэх боловч нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний хугацаа дуусаагүй байна. 

      Талуудын хооронд 2017-05-31-ний өдөр байгуулагдсан гэрээний хугацаа 2037-05-13-ны өдөр дуусахаахаас өмнө зээлдүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхаарч үзээгүй нь шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг  хэрэглээгүй гэж дүгнэх үндэслэл юм.     

      Гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тохиолдолд нөгөө тал гэрээг цуцлах  эрхтэй.

       Нэхэмжлэгч нь хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон баримт хэрэгт байхгүй тул шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.  

       “...банк” ХХК тооцоо гаргаж /хх 57/ үндсэн зээлийн үүрэгт 2018-12-13-ны өдрийн байдлаар зээлдэгч нь 453,442,527 төгрөг төлөх ёстой гэх боловч гэрээ цуцлагдсан гэх байдал тогтоогдоогүй тул хариуцагч нар үндсэн зээлээс 440,977,449 төгрөг төлөх хугацаа болоогүй гэж үзнэ. Зээлдэгч энэ хугацаанд хүүд 35,775,378 төгрөг төлөх ёстой гэх боловч энэ нь гэрээний 20 жилийн хугацаанд төлөгдөх ёстой нийт хүүгийн 4,89 хувь байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-г зөрчих юм.   

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Ц.О-, “... байшин” ХХК нараас 2017-05-31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 481,304,863 төгрөг гаргуулах “...банк” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

       Ц.О-, “... байшин” ХХК нар зээлийн гэрээг хугацаандаа биелүүлэх үүрэгтэй бөгөөд зээлдэгч гэрээг зөрчсөнөөс гадна холбогдох хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд “...банк” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/02642 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 431 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.О-, ... байшин ХХК-д холбогдох “...2017-05-31-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 453,442,527 төгрөг, хүү 27,862,336 төгрөг нийт 481,304,863 төгрөг гаргуулах...” ...банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Ц.О-гоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 2,564,475 төгрөгийг захирамжаар Ц.О-д буцааж олгосугай.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЦАГААНЦООЖ

                                ШҮҮГЧ                                                         Б.УНДРАХ