Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 397

 

Х.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, хохирогч Ж.Г, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар магадлалтай, Х.Ө-д холбогдох 1731001810031 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бургууд овогт Х-ийн Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Ө-ыг бичиг баримт, тамга тэмдэг нуух гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 5.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүдийг журамлан тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын дотор төлөхийг зааж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлгэж өгөхгүй гээд тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг тэмдгийг зориуд нуусан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь хуульд нийцэж байна гэж дүгнэсэн. Гэтэл хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар дээрх дүгнэлт үгүйсгэгдэж байгаа. Үүнд мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүх уг хэргийн хохирогчийг зөв тогтоож чадаагүй. Тухайн хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ж.Г-г тогтоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн боловч шүүх хохирогчоор төрийн нэрийн өмнөөс хэн ч тогтоогдож болно гэсэн үндэслэл зааж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтооход сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Хохирогч гэж гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг хэлнэ. Мөн иргэний нэхэмжлэгч гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэж үздэг. Дулаанхаан тосгоны захирагчийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь буруу болжээ. Шаамар сумын засаг дарга болон тосгоны захирагч түүний ажлын аппаратад Х.Ө ямар нэгэн байдлаар хохирол учруулаагүй байхад тус сумын засаг дарга М.Б нь 11 дүгээр цэцэрлэгийн өмнөөс тосгоны захирагч Ж.Г-ыг хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр томилох эрхгүй болно. М.Б нь анхлан зөрчлийн хэрэг дээр гомдол гаргасан, эрүүгийн хэрэг дээр гэрчээр асуугдсан, өөрийнхөө өмнөөс тосгоны захирагчийг хохирогчоор тогтоох итгэмжлэл олгосон зэрэг нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа. Х.Ө ажлыг хэн ч хүлээж аваагүй, ажил хүлээлцэх комисс ч томилогдоогүй байдаг. Тухайн цэцэрлэг нэхэмжлэл болон гомдол ч гаргаагүй бөгөөд шинээр эрхлэгчээр томилогдсон Д.Э нь зөвхөн гарын үсэг зурж тэмдэггүй гүйлгээ хийж байсан төдийгүй шинээр тэмдэг захиалсан гэдэг асуудал ч яригдаж байсан талаар шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Тэмдэг, ажлыг нь хүлээж аваагүй болохоор хэнд өгөхөө мэдэхгүй цагдаагийн газарт аваачиж өгсөн байхад Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай юм. Гэтэл давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймгийн Засаг даргын шийдвэрээр цэцэрлэгийн эрхлэгчийг шинээр албан ёсоор томилоогүй байгаа тохиолдолд Дулаанхаан тосгоны захирагч Ж.Г-г эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Яагаад гэвэл цэцэрлэгийн эрхлэгч Х.Ө-ыг ажлаас чөлөөлсний дараа Аймгийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 тоот захирамжаар Д.Э-г тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон баримт байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах прокурорын тогтоол үйлдэгдэхээс өмнө Д.Э цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон байсан юм. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүй. Мөн тухайн цэцэрлэгийн зарим нэгэн эд хөрөнгийг хүлээж аваагүйгээс болж маргаан гарч байгаа бөгөөд түүнийг Х.Ө завшсан өөрт авч зугтаасан үрэгдүүлсэн асуудал байхгүй. Энэ талаар шалгаагүй, албан ёсны үнэлгээ гаргаагүй байтал эдгээр эд хөрөнгийг хохирогчийн хэлснээр үнэлж, түүнд өгөхөөр шийдвэрлэсэн нь буруу болсон.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалт зөрчигдсөн. Учир нь шүүх тогтоолын тогтоох хэсгийг уншин сонсгохдоо Х.Ө-ыг 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдөр гэмт хэргийг үйлдсэн гэж уншсан атлаа тогтоолын гэм буруугийн талаарх хэсэгт огт тусгаагүй нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэг шүүх хуралдаанд уншиж сонсгосон, гардуулсан тогтоолын тогтоох хэсгээс зөрж байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсэнгүй. Хэргийн талаар нотолбол зохих байдал болох гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тогтоож чадаагүй. Тухайлбал, үүргээс чөлөөлсөн ямар баримт бичгийг шүүгдэгч нуусан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож чадаагүй, энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй байхад шүүх ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт нь эх хувь буюу хэрэв эх хувийг авах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн, эсвэл архивын дардас дарагдсан тохиолдолд нотлох баримтаар үнэлэгдэх хуулийн зохицуулалтыг хангаагүй байна. 11 дүгээр цэцэрлэгийн эд хөрөнгө тоолсон гэх баримтад Х.Ө-ы гарын үсэг байхгүй хуурамч эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг ч хавсаргасан байсан. Байгууллагын үндсэн хөрөнгийн талаарх баримтыг хэрэгт хавсаргаагүй, үндсэн хөрөнгөнд тусгагдсан үнийг харгалзсан бол эд хөрөнгийн бодит үнэлгээ гарах байсан. Гэтэл шүүх ямар баримтыг үндэслэн шүүгдэгчээс 4,469,100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлгээн дээр үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэхэд хүргэж байна.

Шүүгдэгч Х.Ө-ы уг гэмт хэрэгт холбогдох нөхцөл шалтгаан юу байв, энэ гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан, яллагдагчийг цагаатгах нотлох баримт болон хувийн байдлыг тогтоосон нэг ч баримтуудыг цуглуулж хэрэгт бэхжүүлээгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй. Хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүс хоорондоо бүгд төрөл садангийн холбоотой юм. Гэрчээр асуугдсан Үүрийнтуяа нь Дулаанхаан тосгоны захирагч Ж.Г-ын дүү байхад түүнээс хохирогч болон яллагдагч нартай садан төрлийн холбоотой эсэхийг тодруулаагүйгээс гадна гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж өгөөгүй нь процессын ноцтой зөрчил гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын тодорхойлох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан садангийн хүн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийжээ. Тосгонд олон жил хамт амьдарч ажиллаж байгаа хүмүүс төрөл садангийн холбоотой гэдгийг гэрчилнэ. Прокуророос Х.Ө-ыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ...тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг тэмдгийг зориуд нуусан гэмт хэргийг үйлдсэн гэж ялласан боловч Х.Ө тийм үйлдэл гаргаагүйгээс гадна нотлогдоогүй байхад шүүх энэ талаар дүгнэлт өгөөгүй, энэ үйлдлийг хэрхэн юу гэж үзэж байгаа эсэх талаар шийдвэрлээгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэрэв шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөхийг хүсье...” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Ө-д холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хэрэгт цугларсан  нотлох баримтуудад тулгуурлан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна.  Анхан шатны шүүх шүүгдэгчийг бичиг баримт, тамга тэмдэг нуух гэмт хэрэг үйлдсэн талаар дүгнэж, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.Тухайн гэмт хэрэг нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гарсан ба хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.  Анхан шатны шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэрэгт хамааралгүй иргэний нэхэмжлэлийн асуудлыг шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлд заасан тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байгааг нь дурдах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан алдаануудыг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Ө-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдахаар хуульчилсан байтал анхан шатны шүүх Х.Ө-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн гэмт хэрэгт хамааралгүй эд мөрийн баримт, иргэний нэхэмжлэлийг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Тухайлбал шүүх шүүгдэгч Х.Ө-аас нарны зайн цахилгаан үүсгүүр, хөргөгч, зөөврийн компьютер, хивс, цэцэрлэгийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг нийт 4,469,100 төгрөгийн эд зүйлсийг гаргуулж Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт олгохыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр эд мөрийн баримт, иргэний нэхэмжлэлд хамаарах эд хөрөнгө нь шүүгдэгчид холбогдох ямар хэргийн улмаас битүүмжлэгдсэн, ямар үндэслэлээр хураагдаж буй нь шийтгэх тогтоолд тодорхой бус байна.

Бусдын өмчлөх эрхийг ноцтой хохироосон бөгөөд зөрчигдсөн эрхийг эрүүгийн журмаар сэргээх шаардлагатай гэж үзэж буй бол шүүгдэгчийн энэ үйлдэлд дүгнэлт өгч хуульд заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай эсэх талаар шүүх шийдвэр гаргах учиртай.

Мөн шүүгдэгч Х.Ө-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоосон нотлох баримт нь хэргийг хянан хянан хэлэлцэхэд хүрэлцээтэй, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх шаардлагыг хангаагүй байна.

Х.Ө нь улс төр, хувийн ашиг сонирхлын аль сэдэлтээр, хайхрамж, хариуцлагагүйн улмаас, эсхүл зориуд өширхөж төрийн байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах зэрэг гэм буруугийн ямар хэлбэрээр энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугласан баримт сэлтээс тогтоогдохгүй, шүүх бүрэлдэхүүн энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна. Энэ нь гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тал бүрээс нь харгалзан үзэх зайлшгүй шаардлагатай нөхцөл байдалд  хамаарна.

Түүнчлэн шүүгдэгч Х.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн атлаа үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг давхар оногдуулж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх гэмт хэрэг үйлдсэн боловч ялыг биечлэн эдлүүлээгүй этгээдэд ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах” албадлагын арга хэмжээг хэрэглэж болно. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ял оногдуулах бөгөөд бусдаар ял, албадлагын арга хэмжээ давхар хэрэглэгдэх учиргүй.

Анхан шатны шүүх хууль хэрэглээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан байхад давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийлгэлгүйгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хуульд нийцээгүй гэж дүгнэлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 53 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Х.Ө-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Х.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН