Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 86

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:     

      Улсын яллагч                                                    М.Энхбаатар

       Хохирогч                                                     Ж.Ганболд

       Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Р.Атарцэцэг

      Нарийн бичгийн даргаар                       Б.Намуунзул нар  оролцов.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Баримт бичиг, тамга, тэмдгийг зориуд нуух” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бургууд овогтой Хорлоогийн Өлзийсайханд холбогдох 1731001810031 дугаартай хэргийг шүүх хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд төрсөн, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 8 дугаар хэсэг 089 тоотод оршин суух хаягтай, Дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Бургууд овагт Хорлоогийн Өлзийсайхан /РД:МЖ72021008/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Өлзийсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын Б/30 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлцүүлж өгөлгүйгээр тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэгийг зориуд нуусан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

-Шүүгдэгч Х.Өлзийсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Намайг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгаж шүүхийн шатанд ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн байцаалтын явцад гэрч гэх хүмүүсээс мэдүүлэх авахдаа нэг талыг баримталж гэрчүүдийг сонгож мэдүүлэг авсан. Тухайн цэцэрлэг нийт 30-аад ажилчидтай шүү дээ, яагаад бусад гэрчүүдээс мэдүүлэг авч болоогүй юм бэ? Тухайн үед аймгийн тамгын газарт ажлын шугамаар сургалттай байсан учраас тэмдэг надад байсан. Би эрүүл мэндийн байдлын улмаас эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд намайг ажлаас чөлөөлсөн байсан бөгөөд ажил хүлээлцэх ажлын хэсэг гэх мэт албан ёсоор надаас ажлаа хүлээн аваагүй. Ажил руугаа очиход миний өрөөг түгжиж лацадсан байсан ба цэцэрлэгийн жижүүрт Х.Өлзийсайханыг битгий оруулаарай гэсэн үүрэг даалгавар өгсөн байсан. Надад байгууллагын тэмдэг байсан тул хэнд буцааж өгөхөө мэдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Учир нь ажлын хэсэг томилогдоогүй хэн гэдэг хүн миний ажлыг авах эсэх нь тодорхойгүй байсан. Надаас болж байгууллагын ажилчид цалин мөнгө авч чадаагүй гэж яригдаж байсан хэдий ч бүгд цаг хугацаандаа цалингаа авсан байна лээ. Дахин өөр тэмдэг хийлгэхээр болсон гэж сонссон тул тэмдэг яаралтай буцаан олгох шаардлагагүй юм байна гэж бодсон гэв.

-Хохирогч Ж.Ганболдын  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн.... Х.Өлзийсайхан нь ажлаасаа халагдснаасаа хойш тус цэцэрлэгийн тэмдгийг авч өнөөдрийг хүртэл буцаан олгоогүй байна. Би Х.Өлзийсайхантай шүүх болон аймгийн засаг даргын байранд таарахдаа “ахдаа тэмдгээ буцаагаад өгчих, үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаарх гомдлоо тусад нь гаргаад шийдвэрлүүлж болно шүү дээ” гэж хэлэхэд надад тоймтоо хариулт өгөөгүй гэв.

-Хохирогч Ж.Ганболдын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан Хорлоогийн Өлзийсайханыг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/30 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал шийдвэр гарсан байдаг. Үүнтэй холбогдуулан аймгийн засаг дарга Ш.Оргил нь захирамжиндаа Х.Өлзийсайхантай холбоотой тооцоог хийж дуусгахыг цэцэрлэгийн нягтлан бодогчид, ажил хүлээлцүүлэх ажлыг хэсэг томилж, холбогдох акт баримтыг бүрдүүлж ажиллахыг Шаамар сумын засаг дарга М.Баярбаатарт нарт тус тус даалгасан захирамж гаргасан байдаг. Ингээд Шаамар сумын засаг дарга М.Баярбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Б/16 дугаартай ажил хүлээлцэх, ажлын хэсэг томилох тухай Шаамар сумын засаг даргын захирамж гаргасан. . . Х.Өлзийсайханы ажлыг хүлээлцүүлэхээр 11 дүгээр цэцэрлэг дээр очсон боловч Х.Өлзийсайхан нь ажлын байран дээрээ байхгүй, өрөө нь цоожтой, олон хоног Х.Өлзийсайхантай хөөцөлдөж орон гэрт нь хүртэл очсон боловч тухайн үед гэртээ байхгүй, гар утас руу нь залгасан боловч холбогдохгүй  2 сар гаран болсон. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн бус явагдаж, төрийн сангаас мөнгө, төгрөгний гүйлгээ зогсож, цэцэрлэгийн багш, ажилчдын цалин хөлс болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол болон бусад зардлыг Дулаанхаан тосгоны захирагчийн хувьд миний санаа зовж байсан болохоор хувь хүний дэлгүүрээс хүртэл зээл авч хоол, хүнсний зүйлийг нь хүртэл шийдэж байсан асуудал хүртэл байгаа. Манай ажлын хэсэг эрхлэгчийн өрөөнд орж албан тасалгаанд нь байх тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад зүйлсийг шалгахад Х.Өлзийсайхан нь дур мэдэж албан өрөө тасалгаанаас байгууллагын тамга, тэмдэг, байгууллагын гэрчилгээ холбогдох бичиг баримт болон Өлзийсайханы нэр дээр бүртгэлтэй 1.058.400 төгрөгний зөөврийн компьютер 1 ширхэг, 777.700 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер 1 ширхэг, 799.000 төгрөгний үнэ бүхий хөлдөөгч 1 ширхэг, 528.000 төгрөгний үнэ бүхий 4 метр эрдэнэт хивс 1 ширхэг, 1.279.000 төгрөгний үнэ бүхий Нарны цахилгаан үүсгүүр 1 ширхэг нийт 4.469.100 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг авч явсан байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас/

-Гэрч Б.Сувданчимэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Цэцэрлэгийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад эд зүйлс цэцэрлэгийн даргын өрөөнд байдаг. . .Х.Өлзийсайхан нь тамга, тэмдэг авч явсанаас болоод 2017 оны 08, 09 дүгээр сард цалингаа авч чадаагүй. Яагаад гэхээр тамга, тэмдэг байхгүй учраас багш ажилчдын цалин, мөнгийг өгөх боломжгүй байсан. Цэцэрлэгийн тамга, тэмдэг бол цэцэрлэгийн албан өрөөнд байх ёстой зүйлийг өөрөө хувьдаа аваад явсанаас болоод багш, ажилчид хохирч байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/

-Гэрч Б.Гантуулын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлын хэсгийн бүрэлдэхүүн дахин Дулаанхаан тосгоны 11-р цэцэрлэг дээр очсон. Х.Өлзийсайхан руу утасдахад утсаа авахгүй, маргааш нь хичээлийн шинэ жилийн нээлт болох гэж байсан учраас эрхлэгчийн хаалгыг нь эвдэж ороод баримт бичиг, өрөөний эд зүйлийг хүлээн авч, дараагийн томилогдсон эрхлэгчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн. Харин цэцэрлэгийн тамга, тэмдэг, цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарим эд зүйлс дутуу байсан.....гэх мэдүүлэг /хавтас хэргийн 90-91 дүгээр хуудас/

 -Гэрч М.Ганболдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Аймгийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 тоот захирамжаар Дулаанхан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханг ажлаас халах шийдвэр ирсэн. Үүний дагуу Шаамар сумын засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн Б/16 тоот захирамжаар 5 хүний бүрэлдэхүүнтэй ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг байгуулсан талаар Х.Өлзийсайханд 2017 оны 07 дугаар сарын 24-ны өдөр утсаар мэдэгдэхэд “Х.Өлзийсайхан нь би амралттай байна, очих боломжгүй, энэ асуудлыг цагдаа, шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлнэ, “очихгүй” гэж ярьсан. Х.Өлзийсайхан нь аймгийн засаг даргын ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүлээгээд авчихсан, мэдэж байсан. Надтай утсаар ярихдаа “захирамжийн доод талд байгаа заалтыг М.Ганболдоо хараарай, мэргэжлийн байгууллага, хуулийн байгууллагад гомдол гаргах эрхтэй учраас гомдол гаргасан” гэж хэлж байсан. Ингээд Дулаанхаан тосгон руу 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг очиж хуралдсан. Албан ёсоор хуралдахдаа дахин Өлзийсайхан руу утасдаж, утсаа чанга яригч дээр нь тавиад ажлын хэсэг бүгд сонсоод ярихад “мөн урьдын адил очих боломжгүй гэсэн тайлбар өгсөн.” Харин Х.Өлзийсайхан нь шүүхэд хандсан байгаа, шүүхийн шийдвэр гарсаны дараа ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлж байсан. Х.Өлзийсайханд 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2 хоногийн дараа ажлаа хүлээлгэж өгөх талаар мэдэгдэл өгөхөөр гэрт нь очиход Х.Өлзийсайханы охин нь гарч ирээд байхгүй гэж хэлсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр дахин ажлын хэсэг очиж Х.Өлзийсайхантай уулзах гэсэн боловч мөн адил байхгүй байсан. . . ийм учраас 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн өрөөг лацдаж битүүмжилсэн. . .2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр Дулаанхаан тосгоны цэцэрлэг дээр очиж багш, ажилчид нарт үүрэг гүйцэтгэгчийг томилох, ажил хүлээлцэх захирамжийг танилцуулсан. Ингээд үүрэг гүйцэтгэгчийг ажилд нь оруулах гээд өрөөний лацыг төлөөлөгч дэслэгч Э.Төрбатын зааварчлагаагаар хөндөж орсон. Өрөөнд албаны эд зүйлсийг камерийн бичлэг хийж баримтжуулсан. Албаны өрөөнд цэцэрлэгийн тамга, тэмдэг, улсын бүртгэлтийн гэрчилгээбусад эд зүйлс дутуу байхгүй байсан. Энэ талаар хүлээлцсэн акт, хурлын тэмдэглэл дээр тусгаж оруулсан байгаа....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/

-Гэрч А.Ганцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Энхмаа багш түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа багш нарын цалин хөлсийг тавих гэсэн боловч байгууллагын тамга тэмдэг байхгүй гэх үндэслэлээр цалин таихгүй 2 сар болсон юм.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/

-Гэрч М.Баярбаатарын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Миний хувьд би өөрийн биеэр очиж ажлаас халсан талаар танилцуулахаар очсон боловч Х.Өлзийсайхан нь ажлын байран дээрээ байхгүй, мөн гар утас руу нь залгаж дуудсан боловч ирээгүй. Х.Өлзийсайханы хувьд албан ёсоор ажлаас халагдсан захирамжаа цэцэрлэгийн бичиг хэргийн хүнээр дамжуулан танилцсан байх гэж бодож байна. Х.Өлзийсайхан нь ээжлийн амралт албан ёсоор аваагүй байсан. Засаг даргын захирамж гарах үед ажил хүлээлгэж өгөхгүй худлаа шалтаг хайж алга болсон...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-98 дугаар хуудас/

-Гэрч Х.Чулуунцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай цэцэрлэгийн эрхлэгч байсан Х.Өлзийсайхан нь орой болгон ажлын байранд архи уудаг. Мөн багш нарыг хэл амаар доромжилдог. Бид нараас байнга мөнгө татдаг өгөхгүй бол дарамт шахалт үзүүлдэг ер нь бол зан харилцаа, ёс суртахуун муутай хүн....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-100 дугаар хуудас/

-Гэрч П.Элбэгжаргалын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... .Х.Өлзийсайхан нь ажлаас халагдах үедээ тамга тэмдэг аваад явсан байсан гэдгийг 2017 оны 08 дугаар сард ажилдаа ороход цалингаа авах гэсэн боловч бид нарын цалин мөнгийг өгөхгүй байсан. Яагаад гэхэд Цэцэрлэгийн тамга тэмдэг байхгүй учраас цалин өгөх боломжгүй болсон. . .Өмнө нь 2014 онд бас Х.Өлзийсайхан нь ажлаасаа халагдаж байсан юм. Бас тухайн жилдээ мөн адил цэцэрлэгийн тамга тэмдэг аваад явчихсан юм. Би энэ цэцэрлэгт 6 дахь жилдээ ажиллаж байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дугаар хуудас/

-Гэрч Д.Энхцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Х.Өлзийсайхан нь албаны тамга тэмдэг, аваад явчихсан талаар сонссон. Энэ асуудлаас болоод багш ажилчид цалин мөнгөө авч чадаагүй хүндрэл учирч байсан. Х.Өлзийсайхан нь ажлаа хүлээлгэн өгөхгүй гэдэг утгаараа тамга тэмдэг аваад явсан байх гэж бодож байна....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/

-Гэрч Д.Энхмаагийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ амйгийн засаг дарга Ш.Оргилын Б/36 дугаартай захирамжаар Дулаанхаан тосгоны эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байсан. Үүнтэй холбогдуулаад Х.Өлзийсайханаас байгууллагын тамга тэмдэг болон бусад эд хогшлыг авах гэсэн боловч ямар нэгэн хүндэтгэн үзэх шалгаангүйгээр ирээгүй. Ингээд тус сумын цагдааг байлцуулан өрөөнд нь ороход байгууллагын тамга тэмдэг болон бусад бичиг баримт нь байхгүй байсан. Өөрийнх нь нэр дээр байдаг эд хогшил нь байсан....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас/

-Гэрч Б.Үүрийнтуяагийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай байгууллагын эд хөрөнгө тоолох тооллого нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмаа нь А/05 дугаартай тушаал гаргаж байгууллагын эд хөрөнгийн тооллого хийсэн. Тухайн үед байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан нарны зайн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зөөврийн компьютер 2 ширхэг, эрдэнэт хивс 1 ширхэг тус тус байхгүй байсан. Ингээд дурьдсан эд хөрөнгийн талаар илтгэх хуудас бичиж танилцуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/

-Гэрч Ч.Алтанцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Би 10 сард тухайн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан. Тухайн үед ажил хүлээлцэх үед байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан нарны зайн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зөөврийн компьютер 2 ширхэг, эрдэнэт хивс 1 ширхэг тус тус дутаж байсан. Дээрхи эд хогшил нь байгууллагын эрхлэгчээр ажиллаж байсан Х.Өлзийсайханы нэр дээр данстай юм...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/

-Гэрч Ц.Байгалийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Намайг ажил орсноос хойш буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмаа нь А/05 дугаартай тушаал гаргаж байгууллагын эд хөрөнгийн тооллогын ажлын хэсэг тооллого хийсэн. Тухайн үед байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан нарны зайн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зөөврийн компьютер 2 ширхэг, эрдэнэт хивс 1 ширхэг тус тус байхгүй байсан. Ингээд дурьдсан эд хөрөнгийн талаар илтгэх хуудас бичиж танилцуулсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 176-177 дугаар хуудас/

-Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт.

1.Шинжилгээнд ирүүлсэн тамга нь байгууллагын тэмдэг байна....гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 112-123 дугаар  хуудас/

-Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 34 дугаартай шийдвэр:

Хариуцагч аймгийн засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна...гэх шийдвэр  /хавтаст хэргийн 125-140 дүгээр хуудас/

-Шүүгдэгч Х.Өлзийсайханы 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн....Засаг даргын 2017 оны  6 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас халсан ямар учиртай халсан талаар надад мэдэх зүйл алга. 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс 9 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл би эмнэлэгт хэвсэн. Тухайн ажлын хэсэгт байсан Ганболд өөрийнхөө утсаар надад ажил хүлээлцүүлэх талаар хэлсэн. Би эмчилгээтэй байсан болохоор очиж чадахгүй талаар Ганболдод хэлсэн. 11 дүгээр цэцэрлэгийн газрын гэрчилгээ нь манай санхүүч Алтанзулд байгаа. Харин улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, 2 нөүтбүүк, байгууллагын хөлдөөгч, хивс, нарын үүсгүүрүүд дулаанхаан тосгоны төмөр замын 62 өртөөний эд хогшил хадгалах агуулахад байгаа....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122 дугаар хуудас/,

          -.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 156 дугаар  хуудас/

-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 159 дүгээр хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

                Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын

                                                   талаар шүүхээс өгөх дүгнэлт:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын Б/30 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлцүүлж өгөлгүйгээр тухайн “байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэгийг зориуд нуух” гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35, 36 дугаар бүлэгт заасан ердийн журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.

 Учир нь: Хохирогчоор тогтоогдсон Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболд шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:..Х.Өлзийсайханы ажлыг хүлээлцүүлэхээр 11 дүгээр цэцэрлэг дээр очсон боловч Х.Өлзийсайхан нь ажлын байран дээрээ байхгүй, өрөө нь цоожтой, олон хоног Х.Өлзийсайхантай хөөцөлдөж орон гэрт нь хүртэл очсон боловч тухайн үед гэртээ байхгүй, гар утас руу нь залгасан боловч холбогдохгүй  2 сар гаран болсон. Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн бус явагдаж, төрийн сангаас мөнгө, төгрөгний гүйлгээ зогсож, цэцэрлэгийн багш, ажилчдын цалин хөлс болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол болон бусад зардлыг Дулаанхаан тосгоны захирагчийн хувьд миний бие санаа зовж байсан болохоор хувь хүний дэлгүүрээс хүртэл зээл авч хоол, хүнсний зүйлийг нь хүртэл шийдэж байсан асуудал хүртэл байгаа. Манай ажлын хэсэг эрхлэгчийн өрөөнд орж албан тасалгаанд нь байх тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад зүйлсийг шалгахад Х.Өлзийсайхан нь дур мэдэж албан өрөө тасалгаанаас байгууллагын тамга, тэмдэг, байгууллагын гэрчилгээ холбогдох бичиг баримт болон Өлзийсайханы нэр дээр бүртгэлтэй 1.058.400 төгрөгний зөөврийн компьютер 1 ширхэг, 777.700 төгрөгний үнэ бүхий зөөврийн компьютер 1 ширхэг, 799.000 төгрөгний үнэ бүхий хөлдөөгч 1 ширхэг, 528.000 төгрөгний үнэ бүхий 4 метр эрдэнэт хивс 1 ширхэг, 1.279.000 төгрөгний үнэ бүхий Нарны цахилгаан үүсгүүр 1 ширхэг нийт 4.469.100 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг авч явсан байсан. Эдгээр эд зүйлийг гаргуулж авмаар байна... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Үүрийнтуяагийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Манай байгууллагын эд хөрөнгө тоолох тооллого нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхмаа нь А/05 дугаартай тушаал гаргаж байгууллагын эд хөрөнгийн тооллого хийсэн. Тухайн үед байгууллагын эд хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байсан нарны зайн цахилгаан үүсгүүр 1 ширхэг, хөргөгч 1 ширхэг, зөөврийн компьютер 2 ширхэг, эрдэнэт хивс 1 ширхэг тус тус байхгүй байсан. Ингээд дуьсан эд хөрөнгийн талаар илтгэх хуудас бичиж танилцуулсан...гэх мэдүүлэг,

 Гэрч Д.Энхцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Х.Өлзийсайхан нь албаны тамга тэмдэг, аваад явчихсан талаар сонссон. Энэ асуудлаас болоод багш ажилчид цалин мөнгөө авч чадаагүй хүндрэл учирч байсан. Х.Өлзийсайхан нь ажлаа хүлээлгэн өгөхгүй гэдэг утгаароаа тамга тэмдэг аваад явсан байх гэж бодож байна....гэх мэдүүлэг,

Гэрч М.Баярбаатарын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Миний хувьд эрхлэгч Х.Өлзийсайханыг ажлаас нь чөлөөлсөн тухай аймгийн засаг даргын захирамжийг өөрийн биеэр танилцуулахаар ажил дээр нь очсон боловч Х.Өлзийсайхан нь ажлын байран дээрээ байхгүй, мөн гар утас руу нь залгаж дуудсан боловч ирээгүй. Х.Өлзийсайханы хувьд албан ёсоор ажлаас халагдсан захирамжаа цэцэрлэгийн бичиг хэргийн хүнээр дамжуулан танилцсан байх гэж бодож байна. Х.Өлзийсайхан нь ээжлийн амралт албан ёсоор аваагүй байсан. Засаг даргын захирамж гарах үед ажил хүлээлгэж өгөхгүй худлаа шалтаг хайж, тамга тэмдэгээ аваад алга болсон...гэх мэдүүлэг,

Гэрч Д.Энхцэцэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Хичээлийн шинэ жил эхлэх гэж байхад Х.Өлзийсайхан нь албаны тамга тэмдэг, аваад явчихсан талаар сонссон. Энэ асуудлаас болоод багш ажилчид цалин мөнгөө авч чадаагүй хүндрэл учирч байсан. Х.Өлзийсайхан нь ажлаа өгөхгүй гэдэг утгаараа тамга тэмдэг аваад явсан байх гэж бодож байна....гэх мэдүүлэг,

             Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний албаны Шинжээчийн  

Шинжилгээнд ирүүлсэн тамга нь байгууллагын тэмдэг байна... гэх 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт.

 

                Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

Сэлэнгэ аймгийн засаг дарга нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай  Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Өлзийсайханыг “ажлаас чөлөөлөх тухай”  захирамж гаргасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчөөгүй байна...гэх 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 34 дугаартай шийдвэр,  Гэрч Б.Сувданчимэгийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... Цэцэрлэгийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, бусад эд зүйлс цэцэрлэгийн даргын өрөөнд байдаг. . .Х.Өлзийсайхан нь тамга, тэмдэг авч явсанаас болоод 2017 оны 08, 09 дүгээр сард цалингаа авч чадаагүй. Яагаад гэхээр тамга, тэмдэг байхгүй учраас багш ажилчдын цалин, мөнгийг өгөх боломжгүй байсан. Цэцэрлэгийн тамга, тэмдэг бол цэцэрлэгийн албан өрөөнд байх ёстой зүйлийг өөрөө хувьдаа аваад явсанаас болоод багш, ажилчид хохирч байна...гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж үзээд хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов. Дээрхи байдлуудаас харахад шүүгдэгч Х.Өлзийсайхан нь Сэлэнгэ аймгийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн ба ажил хүлээлцэх комисс очиж ажил хүлээлцэх гэхэд өөрөө ирэхгүй, байгууллагын тэмдэгийг авч явсан, ажлаа одоо болтол хүлээлцээгүй байгаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгасны дараа тэмдэгээ мөрдөгчид хүлээлгэж өгсөн, өөрийнхөө картанд бүртгэгдсэн эд хөрөнгөө хүлээлгэж өгөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлууд тогтоогдлоо. Прокуророос дээрхи үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, яллах дүгнэлтэнд дурьдсан үйл баримтууд нотлогдон тогоогдсон гэж шүүх дүгнэв. Иймээс шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Гэмт хэрэг гарахад төрийн албан хаагч, ёс зүйн хэм хэмжээгээ зөрчсөн, үүргээ ухамсарлахгүй байгаа зэрэг өөрөөс шалтгаалсан нөхцөл байдлууд нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар.

      Шүүх, Х.Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1, 6.1 дүгээр зүйлийн 1. 2, 3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр тухайн зүйл хэсэгт заасан ялаас 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.   

Х.Өлзийсайханаас Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгийн өмч болох 1.279.000 төгрөгийн үнэ бүхий нарны зайн цахилгаан үүсгүүр 1 ш,  799.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ш, 777.700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комъпютр 1 ш, 1.085.400 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комъпютр 1 ш, 528.000 төгрөгийн үнэ бүхий “Эрдэнэт” хивс 1 ширхэг, 11 дүгээр цэцэрлэгийн гэрчилгээ, мөн цэцэрлэгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг нийт 4.469.100 төгрөгийн эд зүйлийг гаргуулж уг цэцэрлэгт олгуулах, шүүгдэгч, түүний өмгөөлөгч дээрхи эд зүйлийг хүлээлгэн өгч, хор уршгийг арилгахаар ажлын 5 хоногийн завсарлага авсан боловч хүлээж авах ёстой хүн ирээгүй гэсэн шалтгаанаар хүлээлгэж өгөөгүй байгаа тул, шүүх гэмт хэргийн улмаас бий болсон хор уршгийг арилгах үүднээс үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, энэ ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

 Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  34, 35 дугаар бүлэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Бургууд овогтой Хорлоогийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хорлоогийн Өлзийсайханд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтсугай.

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.

5.Ялтан Х.Өлзийсайхан нь уг гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,   хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй  болохыг тус тус  дурьдсугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Х.Өлзийсайханаас 1.279.000 төгрөгийн үнэ бүхий нарны зайн цахилгаан үүсгүүр 1 ш,  799.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1 ш, 777.700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комъпютр 1 ш, 1.085.400 төгрөгийн үнэ бүхий зөөврийн комъпютр 1 ш, 528.000 төгрөгийн үнэ бүхий “Эрдэнэт” хивс 1 ширхэг, 11 дүгээр цэцэрлэгийн гэрчилгээ, мөн цэцэрлэгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг нийт 4.469.100 төгрөгийн эд зүйлийг гаргуулж, Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт олгох, энэ ажиллагааг хийж гүйцэтгэхийг  Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Хорлоогийн Өлзийсайханд “гэмт хэргийн хор уршгийг нэн даруй арилгах” албадлагын арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Өлзийсайханд Шүүхээс хүлээлгэсэн үүргийг нэн даруй биелүүлээгүй бол Прокурорын дүгнэлтийг үндэслэн Шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

9.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийншийдвэрийг уншин  сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар  эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.НАЦАГДОРЖ