Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ДШМ/53

 

Х.Өлзийсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                      Ерөнхий шүүгч                     Б.Батзориг

                                      Шүүгчид                               Г.Давааренчин                                       

                                                                                Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                    Прокурор                             М.Энхбаатар

                                       Шүүгдэгчийн өмгөөлөгч      Р.Атарцэцэг

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 86 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургууд овогт Хорлоогийн Өлзийсайханд холбогдох эрүүгийн 1731001810031  дугаартай, 175/2018/0078/Э индекстэй, 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн ав, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 10-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд төрсөн, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг, 8 дугаар хэсэг 089 тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, багш, арга зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа эрүүл, Бургууд овогт Хорлоогийн Өлзийсайхан /Регистрийн дугаар: МЖ72021008/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Өлзийсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын Б/30 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлцүүлж өгөлгүйгээр тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэгийг зориуд нуусан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Х.Өлзийсайханд холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 86 дугаартай шийтгэх тогтоолоор Бургууд овогтой Хорлоогийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дугаар зүйлүүдэд заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хорлоогийн Өлзийсайханд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахар тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадсангүй гэж үзэж дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд

1. Хохирогчийг зөв топгоож чадаагүй талаар. Тухайн хэрэгт хохирогчоор Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболдыг хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна. ЭХХШТХ-ийн 33.1-р зүйлийн 6.2 зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэсэн боловч шүүх хохирогчоор төрийн нэрийн өмнөөс хэн ч тогтоогдож болно гэсэн үндэслэл зааж хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит үнэнийг тогтооход сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байна...

2. ЭХХШТХ-34.14-р зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар: 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 55 дугаартай Яллах дүгнэлтэнд эрүүгиин хэргийн дугаар нь өөр бичигдсэн байгаа нь шүүх хурлаар нөхөн гүйцэтгүүлэх боломжгүй асуудал үүсч байсан боловч шүүх прокурорт буцаалгахгүйгээр тоог засварлаж болно гэж хэргийг шийдвэрлэсэн .Энэ байдал байж болохгүй гэдгийг хуульчилсан байгаа. ЭХХШТХ-ийн 33.1-р зүйлийн 6.4 хэсгийн прокурорын яллах дүгнэлтэнд гарсан үг үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдаа засуулах талаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцаах шаардлагатай байсан боловч шүүх хэргийг шийдвэрлэж өөриин санаачилгаар 1731001810031 хэргийг шийдвэрлэсэн гэж шиитгэх тогтоолдоо бичсэн байгаа...

3.ЭХХШТХ-ийн 6.13 дэхь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар: Хэрэгт цугларсан нотлох баримт нь эх хувь буюу хэрэв эх хувийг авах боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн, эсвэл архивын хуулбар үнэн дардас дарагдсан тохиолдолд нотлох баримтанд үнэлэгдэх хуулийн зохицуулалтыг хангаагүй байна.Тухайлбал 11-р цэцэрлэгийн эд хөрөнгө тоолсон гэх баримтанд Х.Өлзийсайханы гарын үсэг байхгүй хуурамч эд хөрөнгө хүлээлгэж өгсөн гэх баримтыг ч хавсаргасан байсан. Байгууллагын үндсэн хөрөнгийн баримтыг хэрэгт хавсаргаагүй үндсэн хөрөнгөд ямар үнээр тусгагдсан гэдгийг анхаарах ёстой тэгж байж эд хөрөнгийн бодит үнэлгээ гаргана. Гэтэл шүүх энэ болгонд үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй гэсэн ойлголтонд хүргэж байгаа юм.

4.ЭХХШТХ-ийн 39-р зүйлийн 1.3 дэхь хэсэгт заасан заалтын талаар ...ЭХХШТХ-ийн 16.2-р зүйлийн... Нотолбол зохих байдлыг маш дутуу дулимаг хийсэн байхад шүүх энэ болгонд үнэлэлт дүгнэлт хийхгүйгээр шийтгэх тогтоол гаргасанд гомдолтой байна. Учир нь дан ганц яллах талыг барьж гомдлыг шийдвэрлэсэн, яллагдагчаар тогтоосон Х.Өлзийсайханы уг гэмт хэрэгт холбогдох нөхцөл шалтгаан юу байв, энэ гэмт хэргийн улмаас хэнд ямар хохирол учирсан, яллагдагчийг цагаатгах нотлох баримт болон хувийн байдлыг тогтоосон нэг ч баримтуудыг цуглуулж хэрэгт бэхжүүлээгүй, эрүүгийн хуулийн 6.5-р зүйлийн 3 хэсэгт заасан онцгой нөхцөл байдлыг шалгаж тогтоогүй байгаа нь нэмэлт талаас нь үнэлэлт дүгнэлт өгч чадсангүй.

...Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2018 олны 03 сарын 05-ны өдрийн 56 дугаартай яллах дүгнэлтын тогтоох хэсэгт ...Х.Өлзийсайхан нь 2017 оны 06 сарын 21-ны өдөр ...тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг тэмдэгийг зориуд нуусан гэмт хэргийг үйлдсэн гэж бичсэн. Тэгвэл яллах дүгнэлтэнд бичигдсэн тухайн байгууллагын эрх олгосон үүргээс чөлөөлсөн баримт бичгийг нуусан асуудал Х.Өлзийсайхан гаргаагүй энэ байдал нотлогдоогүй. Тэгвэл шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар дүгнэлт өгсөнгүй энэ үйлдлийг хэрхэн юу гэж үзэж байгаа эсэх талаар шийдвэрлэсэнгүй үлдлээ гэж үзэж байна. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлцүүлэхээр буцаах нь зүйтэй. ...Байгууллагын тэмдэг, тэмдгийг өгөөгүй байгаа хоёрын шалтгаант холбоог тогтоосноор гэм буруугийн асуудлыг шийдэх ёстой юм. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр гэмт хэргийн шинжгүй, Х.Өлзийсайханд холбогдох хэргийг цагаатгах саналыг тавихад хүлээж авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлага хангаагүй учраас дахин анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэх боломж байна гэж үзэж байна. Мөн хэргийг прокурорт мөрдөн байцаалтын шатанд буцааж тогтоогүй, нэмж хийгдэх ажиллагаануудыг дахин хийлгэх боломжтой гэж үзэж байна. Хэрэв Х.Өлзийсайхан гэмт хэргийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үйлдсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар дүгнэлтдээ: ...Х.Өлзийсайханы хувьд ажлаас гарсан гэсэн шийдвэр гарснаас хойш тамга тэмдгийг авч нуун дарагдуулсан. Тухайн үед 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Засаг даргын захирамжийг гарснаас хойш 06 дугаар сарын 24-ний өдөр ажил дээр нь очиход байхгүй байсан. Энэ байдлаас болж гэрч Сувдчимэг мэдүүлэхдээ 2017 оны 08, 09 дүгээр сарын цалинг авч чадаагүй асуудал байна. Үүнээс хойш 11 дүгээр сар хүртэл тамга, тэмдэг олдоогүй, ажилчид 11 сар хүртэл цалингаа авч чадаагүй байсан. Энэ байдлаас болж байгууллагын нягтлан арга хэмжээ авагдсан талаар хохирогч анхан шатны шүүх хуралд мэдүүлдэг. Гэмт хэрэг гарсан хугацаа тогтоогдсон гэж үзэж байна.  Х.Өлзийсайхан нь санаатайгаар гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогддог. Хэрэг бүртгэлийн ажиллагааны явцад тамга, тэмдгийг буцааж авах талаар хохирогч шүүгдэгчтэй ярилцсан байдаг. Гэтэл Х.Өлзийсайхан нь тамга тэмдгийг буцааж өгөхгүй, амралттай байх тул ажил дээр очихгүй гэж хэлсэн тухай мэдүүлдэг. Тухайн үед Дулаанхан цэцэрлэгийн эрхлэгчээр хүн томилоогүй байсан, байгууллагаас хохирогч томилох үндэслэл байхгүй байсан учраас Дулаанхан тосгоны захирагч Ганболдыг хохирогчоор тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхэд завсарлага авч хор уршгийг арилгуулах үүргийг хүлээлгэхэд Х.Өлзийсайхан нь биелүүлээгүй байна. Байгууллагын ажилтнуудаас, гэрчүүдээс холбогдох бичиг баримтуудыг гаргуулж хохирлыг тогтоосон байдаг. Анхан шатны шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х.Өлзийсайхан нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн засаг даргын Б/30 дугаартай захирамжаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш ажлаа хүлээлцүүлж өгөлгүйгээр тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тэмдэгийг зориуд нуусан гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 86 дугаартай шийтгэх тогтоолоор Бургууд овогтой Хорлоогийн Өлзийсайханыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бичиг баримт, тамга тэмдэг нуух" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Х.Өлзийсайханд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Х.Өлзийсайхан нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Ганболдын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 86-87, 2-р хх-ийн 10-19-р ху/, гэрч Б.Сувданчимэг /1-р хх-ийн 88-89-р ху/, Б.Гантуул /1-р хх-ийн 90-91-р ху/, М.Ганболд /1-р хх-ийн 92-93-р ху/, А.Ганцэцэг /1-р хх-ийн 94-95-р ху/, М.Баярбаатар /1-р хх-ийн 96-98-р ху/, Х.Чулуунцэцэг /1-р хх-ийн 99-100-р ху/, П.Элбэгжаргал /1-р хх-ийн 101-102-р ху/, Д.Энхцэцэг /1-р хх-ийн 103-р ху/, Д.Энхмаа /1-р хх-ийн 167-168-р ху/, Б.Үүрийнтуяа /1-р хх-ийн 169-170-р ху/, Ч.Алтанцэцэг /1-р хх-ийн 173-174-р ху/, Ц.Байгаль /1-р хх-ийн 176-177-р ху/, Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 34 дугаартай шийдвэр /1-р хх-ийн 125-140-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэг нь  Төрийн өмчийн цэцэрлэг бөгөөд Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.1-д “...Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно...”  гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг даргын шийдвэрээр цэцэрлэгийн эрхлэгчийг шинээр албан ёсоор томилоогүй байгаа тохиолдолд Дулаанхаан тосгоны захирагч Ж.Ганболдыг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

 

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “...Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ..., 30.1.15-д “...аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх...” гэж заасан эрхийн хүрээнд гаргасан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай “Хорлоогийн Өлзийсайханыг Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн үүрэгт ажлаас халах тухай” захирамжийн 1 дүгээр заалтанд Х.Өлзийсайханыг Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс тасалбар болгон халсугай гэж заасан бөгөөд анхан шатны шүүх  гэмт хэрэг үйлдсэн хугацааг 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон түүүний өмгөөлөгч нарын гаргасан ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлоогүй буюу гэмт хэргийг хэзээ үйлдсэн талаар нарийвчлан тогтоож чадаагүй... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг гарсан хугацааг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн  Б/30 дугаартай захирамж гарсан өдрөөс эхлэн тооцож, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр  буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй...”, 1.1-д энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” гэж заасан хугацаанд Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын 36 дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан  байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу...” гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Х.Өлзийсайханд холбогдох хэрэгт гэрчээр асуугдсан хүмүүс бүгд Гэр бүлийн тухай хуулийн 3.1.6-д заасан садангийн хүн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, мөрдөн байцаалтын шатанд эдгээр хүмүүсийг байцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  9.6 дугаар зүйлийг зөрчөөгүй байх тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36.5 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хохирогчийн зүгээс нэхэмжилсэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрэлэгийн өмч болох 1.279.000 төгрөгийн үнэ бүхий нарны зайн цахилгаан үүсгүүр 1ш, 799.000 төгрөгийн үнэ бүхий хөргөгч 1ш, 777.700 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер 1ш, 1.085.400 төгрөгийн зөөврийн компьютер 1ш, 528.000 төгрөгийн үнэ бүхий “Эрдэнэт” хивс 1 ширхэг, 11 дүгээр цэцэрлэгийн гэрчилгээ, мөн цэцэрлэгийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг нийт 4.469.100 төгрөгийн  эд зүйлийг Х.Өлзийсайханаас гаргуулж, Шаамар сумын Дулаанхаан тосгоны 11 дүгээр цэцэрлэгт олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/30 дугаартай “Хорлоогийн Өлзийсайханыг Шаамар сумын Дулаанхаан тосгоны цэцэрлэгийн үүрэгт ажлаас халах тухай” захирамжийг хэрэгжүүлэхийн тулд 2017 оны 07 дугаар сарын 24-нд Шаамар сумын Засаг даргын Б/16 дугаартай захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулагдаж байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамгыг хүлээлгэж өгөхийг Х.Өлзийсайханд удаа дараа мэдэгдэж байсан боловч Х.Өлзийсайхан нь уг үүргийг биелүүлээгүй, Засгийн Газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрглэх заавар”-ын 36-д “Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд бөх бат саванд хадгална...” гэсэн журмыг зөрчиж, тухайн байгууллагын эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамгыг байгууллагын зориулалтын бөх бат саванд хадгалалгүйгээр өөрт байлгаж байсан зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ