Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 430

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02864 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79 509 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “С” ХХК нь “О” ХХК-тай №16/02 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжинд байрлах Астра вилла хотхоны дэргэдэх сингл хаусуудын өмнөх зам талбайн тохижилтын ажлыг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. “С” ХХК гэрээнд заасан ажлыг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэсэн боловч ажлаа хүлээлцэх үед тооцоо нийлэхэд гэрээгээр тохирсон 144 000 000 төгрөгийн 19 төрлийн ажил биш 86 600 000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байсан. Ажлын төлбөрийг бартераар буюу Астра вилла хотхоны орон сууцны барилгаар хийсэн байдаг. “С” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар нь бартераар авсан байраа өөрийн эгч Д.Ганчимэгийн нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүсэлт гарган албан бичиг өгсний дагуу захиалагч тал “О” ХХК нь ажлын төлбөр болох байрыг Д.Ганчимэгийн нэр дээр шилжүүлж, төлбөр тооцоогоо 100 хувь хийсэн. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд ажлын гүйцэтгэл 144 000 000 төгрөгт хүрээгүй тул үлдэх 27 376 400 төгрөгийн төлбөрт 7 багц ажлыг хийхээр нэмэлт гэрээ байгуулсан боловч “С” ХХК нэмэлт ажлаа хийгээгүй гэж болно. Нэмэлт ажлаа хэзээ хийх вэ, хийгээч гэж “О” ХХК нь албан бичгээр “С” ХХК-иас шаардсан. Хамгийн сүүлд албан бичгээр “С” ХХК-д хандахад албан бичгээр хариу тайлбар өгөөгүй боловч албан бусаар Д.Ганбаатар захирал нь “та бүхэн энэ талаараа шүүхэд хандахгүй өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ” гэж хэлсэн. Иймд аргагүйн эрхэнд “О” ХХК шүүхэд хандаж “Сайн инженеринг групп” ХХК-иас талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот нэмэлт гэрээний үнэ болох 27 376 400 төгрөг, алданги 13 688 200 төгрөг, гүйцэтгэгч байгууллагын ажлыг өөр байгууллагаар хийж гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан зардал 38 445 000 төгрөг, нийт 79 509 600 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмэлт гэрээ буюу 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд яагаад алданги тооцосон гэхээр 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №16/02 тоот гэрээний нэмэлт учраас үндсэн гэрээний алдангийн зохицуулалт үйлчилж байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд ярихад гэрээний ажлыг талууд акт үйлдээд хүлээж авсан. Энэ барилгын ажил учраас тэр дороо доголдол нь илрэх боломжгүй байдаг. Гэтэл ажлын доголдол жилийн дараа илэрч эхэлсэн. Астра вилла хотхоны дэргэдэх сингл хаусуудын өмнөх талбай хагарсан, дутуу хийсэн ажлууд байсан, Астра вилла хотхоны дэргэдэх сингл хаусуудын оршин суугчдын гомдол /хаяавч хийгээгүй учраас хана дагаж цас бороо, уулын ус орж ирж байна гэсэн/ ирсэн. Тиймээс эдгээр зүйлсийг засч янзал гэсэн шаардлагыг тавьсан боловч “С” ХХК энэ үүргээ гүйцэтгээгүй. Удаа дараа шаардаад үүргээ гүйцэтгээгүй учраас тухайн ажлыг өөр компаниудтай гэрээ байгуулан доголдлыг арилгасан. Энэ доголдлыг арилгахдаа “О” ХХК нь “Өсөн үржих зам” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17/101 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Астра вилла хотхоны дэргэдэх 4 ширхэг сингл хаусуудын гадна талбай, замын ажлыг ахин гүйцэтгүүлж ажлын доголдлыг арилгуулсан. Энэ ажлын зардалд 38 445 000 төгрөг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. “С” ХХК ажлын доголдлыг сайн дураар арилгаагүй учраас “О” ХХК өөрийн зардлаар өөр компаниар засуулсан учраас энэ зардлыг “С” ХХК-иас Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжилж байгаа ба гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг хариуцагч зөрчиж, ажлын доголдлыг цаг хугацаанд нь арилгаагүй тул өөрийн зардлаар арилгасан. Барилгын ажлын доголдол тэр дороо илрэх боломжгүй байдаг. Намар ажлыг хүлээж аваад, өвөлжөөд хавар болоход ажилд доголдол гарч, хотхоны хаусын урьд талын асфальтан зам хагарсан. Астра вилла хотхон бол уулын хажуу бэлд баригдсан хотхон тул гулсалт үүссэн эсэхийг мэдэхгүй, нэгэнт доголдол гарсан учир ажлыг засварлах шаардлага гаргасан тул нэмэлт ажиллагаа асфальт дэвсэлт явагдсан. Дээрээс нь тэмдэг тэмдэглэгээ, бусад ажлууд хийгдсэн. Энэ нь ажлын акт, зураг, гэрээ зэргээр хангалттай нотлогдож байгаа. Барилгын ажилд 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн хуулийн заалт байгаа. “Өсөн үржих зам” ХХК-ийн хийсэн ажил гэж үзэхгүй гэж байна. Өөр газар ажил хийлгүүлчихээд түүний хөлсийг биднээс нэхэж байна гэж байна. Тухайн үед дутуу, доголдолтой хийсэн ажлыг засаж янзалж, нэмэлт зардал гаргасан. Энэ нь тухайн газар болон зургаар нотлогдоно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ нэхэмжлэл иргэн Д.Ганбаатарыг Астра вилла хотхоны СӨХ-ны захирлын ажлыг эрхэлж байгаатай нь холбогдуулан, СӨХ-ны хувьчлалтай холбогдуулан түүний эсэргүүцлийг дарах гэж гаргасан гэж үзэж байна. Д.Ганбаатар тус СӨХ-ны захирал болсон цагаасаа нэхэмжлэгч байгууллагын барьсан барилгын чанар ашиглалттай холбоотой зүй ёсны шаардлагыг холбогдох байгууллагуудад тавьж ирсний хариуд өнөөдөр шүүхэд хариуцагчаар татагдаж байна. Д.Ганбаатар шударга шаардлага тавьсны төлөө “О” ХХК-ийн зүгээс Д.Ганбаатарыг чимээгүй байлгах гэж гаргасан нэхэмжлэл байна гэж миний хувьд дүгнэж байна. 16/02 тоот гэрээ 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан. Гэрээнд 144 000 000 төгрөгийн үнэтэй байгуулагдсан боловч 109 632 600 төгрөгийн ажил гүйцэтгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр талаас гэрээг дүгнээд ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дүгнэсэн актаар “О” ХХК манай компанид 86 623 600 төгрөгийн өглөгтэй гарсан. Үүнийг задлах юм бол “С” ХХК 109 632 600 төгрөгийн ажлаасаа урьдчилаад 23 000 000 төгрөгийн санхүүжилт авсан байсан. “С” ХХК ажлыг гүйцэтгэсний дараа 113 000 000 төгрөгийн байр аваад үүний зөрүүд  27 376 400 төгрөгийн үлдэгдэл өртэй болсон. Ингээд өвөл болж, барилгын гаднах ажил зогссон. Өр төлбөрийг хэрхэх вэ гээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр албан тоот илгээгээд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Энэ гэрээгээр ямар ажил хийх талаар хүснэгтлэн гаргаж, 7 төрлийн ажлыг хийхээр тохирч ажлыг хамтдаа хэмжиж үзсэн. Сингл хаусуудын арын хашааг торлоход материал орсон байна, ажлын хөлс орсон байна гээд ажлуудыг жагсаан гэрээг хийсэн. Шүүхэд нэхэмжлэгч талаас дээрх гэрээг ирүүлсэн байсан. Нэхэмжлэгч тал 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энд үндсэн гэрээний буюу хүлээлгэж өгсөн ажлыг доголдолтой гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “Өсөн үржих зам” ХХК-иар хийлгэсэн гэж манайхаас 38 445 000 төгрөг нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ гэрээний хавсралтын 5, 6, 7-д заасан ажлуудын заримыг огт хийгээгүй, заримыг нь доголдолтой хийсэн гэж байсан. Ажлын доголдол юу байсан бэ гэхээр жилийн дараа доголдол гарсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч сая хэлсэн. Бетонон замыг “Өсөн үржих зам” ХХК-иар хийлгэсэн гэж байна. Гэтэл энэ бетонон замын доголдол жилийн дараа гарсан гэж үзээд манайхаас нэхэмжлээд байгаа юм байна. Ажлаа хүлээлцэж акт үйлдсэн, тооцооны баримтаар дүгнэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бүтэн хоёр жилийн дараа “О” ХХК-иас манай компанид нэг ч гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч түрүүн ярихдаа удаа дараа энэ талаар хэлж байсан гэж байгаа боловч хавтаст хэрэгт энэ талаар баримт ирүүлээгүй байсан. Энэ ажлыг хийхдээ Д.Ганбаатар инженер хүн тул өөрөө гардаж хийсэн. “Өсөн үржих зам” ХХК-иар хийлгэсэн ажил гэдгийг “О” ХХК-ийн “Өсөн үржих зам” ХХК-тай хийсэн гэрээнээс үзэхэд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Астра вилла хотхоны 4 хаусны 1344.5 м.кв талбайтай, авто замд 3 см-ын зузаантай асфальтан хучилтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр заасан байсан. Үүгээр ажлын доголдлыг арилгуулсан гэж байна. Манай компани “О” ХХК-тай байгуулсан 16/02 тоот гэрээний хавсралтын 5, 6, 7 дугаар зүйлд заасан хауснуудын арын хэсэгт хаяавч цутгах, бетонон зам хийх, зориулалтын будгаар тэмдэг тэмдэглэгээг 3260 м.кв талбайн ажлыг хийх гэсэн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Эндээс харахад болон нэхэмжлэгчийн “Өсөн үржих зам” ХХК-тай хийсэн гэрээнд заасан ажил манай хийж гүйцэтгэх ажил биш байна. Нэр төрөл болон хийсэн ажил нь манай хийсэн ажилтай тохирохгүй, “О” ХХК-ийн өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлээд хийсэн гэрээ гэж үзэж байна. Манай хийсэн ажлын доголдол юунд гарсан бэ гэхээр бетонон зам дээр гарсан гэж байна. Бид энэ ажлыг гэрээний хавсралт 1 хэсгийн ар талын тайлбарт ажлын хөлс, тээвэр орсон гэж байна. Энэ нь тухайн бетон замыг хийхэд гарах материалыг захиалагч тал өөрсдөө авч өгсөн. Би ямар чанартай бетон зам хийхэд тохирсон, бетонон зуурмаг байсныг мэдэхгүй. Түүнийг захиалагч тал өөрсдөө нийлүүлсэн. Тэр материалаар нь ажлыг гүйцэтгэсэн. Жилийн дараа доголдол гарсан гэж хэлсэн. Үүнийг Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан барилгын ажилтай холбоотой буюу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гомдлын шаардлага гаргах хугацааг заасан байгаа. Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан байхад бүтэн хоёр жил болоход манайд захиалагч талаас ямар нэг гомдол ирээгүй. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар удаа дараа ирүүлсэн баримт хэрэгт байхгүй. Гэтэл манайд хугацаа тогтоож өгсөн ямар нэг зүйл байхгүй. Үндсэн нэхэмжлэлд дурдсан 27 376 400 төгрөг алдангийн хамт нэхэмжилснийг бас хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлд гэрээнд заасан ажлыг чанартай хийж гүйцэтгээгүй гэдэг нь манай өмнөх ажлыг хийгээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахин нэмэлт гэрээ хийсэн гэж байна. Нэхэмжлэгч тал ажлаа мэдэхгүй байна. Гэрээгээ дүгнээд нэмэлт гэрээ хийсэн. 109 632 600 төгрөгийн ажлыг хийж, актаар хүлээлгэж өгсөн. Манайх өртэй гарсан. Түүндээ ажил хийж өгье гэж тохирсон. 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дахин нэмэлт гэрээ хийж, 7 багц ажлын 6 багцыг хийж хүлээлгэн өгсөн. 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгье гэж захиалагч талд хандсан. Захиалагч талын Амгаа гэж ажилтан манай ажилд байнга хяналт тавьж байсан ба түүнд ажлыг хүлээлгэж өгье гэж албан бичгийг өгсөн. Гэтэл захирал нь Япон явсан гэж хэлсэн. Үүний дараа ажлаа хүлээж ав гэж амаар шаардаад дахин албан бичиг өгсөн. Манай өгсөн албан тоотод нэхэмжлэгч талаас нэг ч хариу ирүүлээгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Гэтэл захиалагч тал хугацаандаа хүлээж аваагүй. Бид албан бичгээр шаардсан. Иргэний хуульд захиалагч тал ажлын үр дүнг хүлээж аваагүй бол түүнийг ажлыг хүлээн авсан гэж үзнэ гэсэн байна. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс харахад хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 18/107 тоот албан тоотыг манай компанид хүргүүлсэн гэж байна. Манай компанид ийм тоот ирээгүй. Хамгийн сүүлд хэдэн оны хэдэн сард ямар албан тоот ирсэн юм бэ, хэдэн сарын хэдний өдөр ямар ажлыг дутуу хийсэн талаар албан тоот ирээгүй, ямар ажил дутуу хийсэн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлдээ манай компани өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн гэж байна. Нэхэмжлэлд ингэж дурдаад эрх бүхий этгээд нь гарын үсгээ зурсан мөртлөө хэрэгт байх оршин суугчдын гомдол гэх баримтад оршин суугчид өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн гэж байна. Хэн нь хийж гүйцэтгэсэн нь мэдэгдэхгүй, гомдол нэхэмжлэл эсэх нь мэдэгдэхгүй байна. “О” ХХК нь ямар ажлыг хэдэн төгрөгөөр хийсэн нь харагдахгүй байна. Хаусны арын торыг хийсэн юм бол хэдэн төгрөгөөр торыг аваад хийсэн баримт нь хэрэгт алга. Гэрээгээр хийсэн ажил бол барилгын гадна талын тохижилтын ажил бөгөөд хүний нүдэнд ил харагддаг, ил ажил юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэснээс үзэхэд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байна гэж үзэж байна. Өнөөдрийг хүртэл бидний хийсэн ажил ямар ч эвдрэл гэмтэлгүй ашиглагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч С ХХК-иас 38 545 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 964 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713 423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350 675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх манай хийсэн ажил дээр нэхэмжлэгч тал хариуцагч талд мэдэгдэлгүйгээр нэмэлт ажил хийснийг хариуцагчаар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь дараах байдлаар буруу гэж үзэж байна. 3ам дээр хашаанд зориулсан өрөлтөнд зориулсан бетон зуурмаг нийлүүлбэл мэдээж хэрэг бутрах нь тодорхой. Зөвхөн 500-аас дээш маркийн бетоноор цутгах ёстой замын бетон нь 200 маркийн бетон нийлүүлснээс цууралт үүссэн. Бетоны чанарын дутагдал нь гүйцэтгэгчийн буруутай үйлдэл биш байтал шүүх захиалагчийн нийлүүлсэн бетон зуурмагийн чанарын дутагдлыг гүйцэтгэгчид тохсон. Захиалагч асфальт нийлүүлсэн бол гүйцэтгэгч асфальтыг дэвсэх байсан ба бетонон зуурмагаар цутгалт хийсэн. Бетондсон талбай дээр асфальт дэвсчихээд үүнийхээ төлбөрийг нэхнэ гэдэг нь захиалгаар цаасаар байшин бариулчихааад цаас чанар муу байна гээд модоор давхар бэхжүүлчихээд модоор барьсан зардлыг төлүүлнэ гэсэнтэй адил, өөрөөр хэлбэл бетон болон асфальтын ажлын гүйцэтгэл, чанар өртөг зардал нь өөр өөр байдаг. Захилагчаас гүйцэтгэсэн ажлын талаар ямнар нэгэн шаардлага гаргаагүй, энэ талаар холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй хариуцагчийг буруутгах үндэслэл биш хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 200 маркийн бетон хагарсан, цуурсан гэдгийг хариуцагч тал огт мэдээгүй байхад чанарын дутагдал гэж юу нэхээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн шаардаад байгаа “Өсөн үржих зам” ХХК-ийн төлсөн гэх төлбөрийн баримтууд огнооны хувьд өөр ажил гүйцэтгүүлсэн төлбөрийн баримт болох нь харагдаж байна. Энэ нь асфальтан зам тавьсан баримтын зардал биш өөр ажил үүрэг гүйцэтгэсэн төлбөрийн баримт байсаар байтал шүүх анхаараагүй.

Шүүх захирамжаар гэрч нарыг асуухаар захирамжилсан бөгөөд гэрч нараас Ц.Ганболдыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна. Хариуцагчийн төлөөлөгч нь Ц.Ганболдыг гэрчээр асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй, энэхүү хүсэлтээ дэмжсээр байтал шүүх хуралдааны тэмдэглэлд татгалзсан мэтээр худлаа бичсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.6-д зааснаар Хан-Уул дүүргиин Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авч хариуцагчийн төлөөлөгч үнэн зөв гомдол гаргасан эсэхийг хянан уу. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй болж чадаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 27 376 400 төгрөг, алдангид 13 688 200 төгрөг, доголдол арилгахад гаргасан зардалд 38 445 000 төгрөг, нийт 79 509 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “О” ХХК, “С” ХХК-ийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 16/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “С” ХХК нь   19 төрлийн 144 000 000 төгрөгийн ажлыг 2 сарын хугацаанд гүйцэтгэх, “О” ХХК нь ажлын хөлсөнд 2 өрөө орон сууц болон 30 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна.                      /хх-6-13/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Уг гэрээний дагуу “С” ХХК 144 000 000 төгрөгийн ажил гүйцэтгэхээс 109 632 600 төгрөгийн ажил гүйцэтгэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “О” ХХК-д актаар хүлээлгэн өгсөн, “О” ХХК нь ажлын хөлсөнд “С” ХХК-д 23 000 000 төгрөг бэлнээр өгч, үлдэх 86 623 600 төгрөгийн төлбөрт 2 өрөө орон сууцыг 114 000 000 төгрөгт тооцож, нийт 137 000 000 төгрөгийн хөлс төлсөн талаар талууд маргахгүй байна.                                         /хх-14, 18-26, 90 дүгээр тал/

 

Дээрх 16/02 дугаартай гэрээнд талууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа зөрүү 27 376 400 төгрөг дээр /137 000 000 төгрөг-109 632 600 төгрөг/ 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд 7 нэр төрлийн ажил гүйцэтгэхээр талууд тохирчээ.                                  /хх-15-17/

 

Нэхэмжлэгч нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчид нэмэлт гэрээгээр тохиролцсон ажлыг бүрэн хийж гүйцэтгэхийг бичгээр мэдэгдсэн бөгөөд уг мэдэгдэлд өмнө гүйцэтгэсэн бетон замын ажил хэд хэдэн талаараа сэтэрч шаардлага хангахгүй болсныг өөрийн зардлаар зассан талаар дурджээ.                                                                      /хх-28/

 

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн бетон замын ажлын дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргахаар заасан, нэхэмжлэгч нь энэ хугацааны дотор гомдлын шаардлага гаргасан байна.

 

Ажил гүйцэтгэгч нь доголдолтой ажлын үр дүнг нийлүүлж, тогтоосон хугацаанд ажлыг ахин гүйцэтгээгүйн улмаас захиалагч ажлыг өөрөө гүйцэтгэсэн бол Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-д зааснаар зардлаа төлүүлэхийг шаардах эрхтэй.

 

Талууд эхний гэрээний ажлын гүйцэтгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авснаас хойш бетон замын ажлын доголдолтой байгаа талаар захиалагчаас ажил гүйцэтгэгчид мэдэгдэж байсан талаар хэрэгт баримт үгүй байна.

 

Нэхэмжлэгч ажлын үр дүнг өөрөө засаад зардлаа төлүүлэх эрхээ хэрэгжүүлэхийн тулд эхлээд доголдлыг арилгахыг шаардаж Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан нэмэлт хугацаа тогтоох бөгөөд хариуцагч энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй бол өөрөө засварлаж гарсан зардлыг шаардах эрхтэй байна.

 

Хэргийн 28 дугаар тал дах баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчид доголдлын талаар мэдэгдээгүй, доголдол арилгах нэмэлт хугацаа тогтоолгүйгээр өөрөө доголдлыг зассаны дараа 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж байжээ.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн бетон замын ажил доголдолтой байсан болох нь хэрэгт авагдсан фото зураг нэхэмжлэгчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон боловч уг бетон замын ажлын доголдлын хэмжээ тодорхойгүйгээс доголдлыг арилгахад гарах зардлын хэмжээ тодорхойгүй байна.                                                                   /хх-66-68/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүйгээс доголдлын хэмжээ тодорхойгүй тул доголдол арилгах зардлын хэмжээг тодорхойлох боломжгүй байтал анхан шатны шүүх 38 545 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байгааг залруулж шийдвэрт дараах байдлаар өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгчийн доголдлыг арилгуулж “Өсөн үржих зам” ХХК-иар гэрээний тохиролцооноос өөр асфальт бетон замын хучилт хийлгэсэн хэмжээгээр буюу 38 545 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний нэмэлт өөрчлөлтөөр тохирсон 7 төрлийн ажлыг хариуцагч хийгээгүй гэсэн бол хариуцагч 7 төрлийн ажлаас 5, 6 дах ажлыг хийгээгүй гэсэн зөрүүтэй тайлбар гарган талууд маргажээ.

 

Хариуцагч талын 7 нэр төрлийн ажлаас 5 нэр төрлийн ажлыг гүйцэтгэснийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал хүлээн аваагүй гэх тайлбарыг няцаагаагүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг нэмэлт гэрээгээр тохирсон 7 нэр төрлийн ажлыг гүйцэтгээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэмэлт гэрээгээр тохирсон ажлын хөлс 27 376 400 төгрөг, алданги 13 688 200 төгрөг нийт 41 064 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр 100 000 төгрөг гаргуулж, үлдэх 40 964 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “О” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79 409 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “350 675” гэснийг “4 550” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ