Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2019/00955

 

ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02864 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар магадлалтай, 

ОК ХХК-ийн нэхэмжлэлтэй

СИГ ХХК-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 79.509.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, хариуцагчийн төлөөлөгч Д.Г нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч ОК ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...СИГ ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр №16/02 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Дүнжингарав гудамжинд байрлах Астра вилла хотхоны дэргэдэх сингл хаусуудын өмнөх зам талбайн тохижилтын ажлыг 2 сарын хугацаанд буюу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. СИГ ХХК гэрээнд заасан ажлыг тодорхой хэмжээнд хийж гүйцэтгэсэн боловч ажлаа хүлээлцэх үед тооцоо нийлэхэд гэрээгээр тохирсон 144.000.000 төгрөгийн 19 төрлийн ажил биш 86.600.000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байсан. Ажлын төлбөрийг бартераар буюу Астра вилла хотхоны орон сууцны барилгаар хийсэн байдаг. СИГ ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар нь бартераар авсан байраа өөрийн эгч Д.Г-ийн нэр дээр шилжүүлж өгөөч гэж хүсэлт гарган албан бичиг өгсний дагуу захиалагч тал ОК ХХК нь ажлын төлбөр болох байрыг Д.Г-ийн нэр дээр шилжүүлж, төлбөр тооцоогоо 100 хувь хийсэн. Барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж тооцоо нийлэхэд ажлын гүйцэтгэл 144.000.000 төгрөгт хүрээгүй тул үлдэх 27.376.400 төгрөгийн төлбөрт 7 багц ажлыг хийхээр нэмэлт гэрээ байгуулсан боловч СИГ ХХК нэмэлт ажлаа хийгээгүй. Нэмэлт ажлаа хэзээ хийх вэ, хийгээч гэж ОК ХХК нь албан бичгээр СИГ ХХК-иас шаардсан. Хамгийн сүүлд албан бичгээр СИГ ХХК-д хандахад албан бичгээр хариу тайлбар өгөөгүй боловч албан бусаар Д.Ганбаатар захирал нь та бүхэн энэ талаараа шүүхэд хандахгүй өнөөдрийг хүртэл юу хийсэн юм бэ гэж хэлсэн. 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт гэрээ нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн №16/02 тоот гэрээний нэмэлт учраас үндсэн гэрээний алдангийн зохицуулалт үйлчилж байгаа тул хариуцагч нь алданги төлөх үндэслэлтэй. Гэрээний ажлыг талууд акт үйлдээд хүлээж авсан боловч доголдол жилийн дараа илэрч эхэлсэн. Астра вилла хотхоны дэргэдэх сингл хаусуудын өмнөх талбай хагарсан, дутуу хийсэн ажлууд байсан, Астра вилла хотхоны дэргэдэх сингл хаусуудын оршин суугчдын гомдол ирсэн. Тиймээс эдгээр зүйлсийг засч янзал гэсэн шаардлагыг тавьсан боловч СИГ ХХК энэ үүргээ гүйцэтгээгүй. Удаа дараа шаардаад үүргээ гүйцэтгээгүй учраас тухайн ажлыг өөр компаниудтай гэрээ байгуулан доголдлыг арилгасан. Энэ доголдлыг арилгахдаа ОК ХХК нь Өсөн үржих зам ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17/101 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Астра вилла хотхоны дэргэдэх 4 ширхэг сингл хаусуудын гадна талбай, замын ажлыг ахин гүйцэтгүүлж ажлын доголдлыг арилгуулсан. Энэ ажлын зардалд 38.445.000 төгрөг гаргасан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. СИГ ХХК ажлын доголдлыг сайн дураар арилгаагүй учраас ОК ХХК өөрийн зардлаар өөр компаниар засуулсан учраас энэ зардлыг Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7, 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжилж байгаа ба гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг хариуцагч зөрчиж, ажлын доголдлыг цаг хугацаанд нь арилгаагүй тул өөрийн зардлаар арилгасан. Иймд СИГ ХХК-иас талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот нэмэлт гэрээний үнэ болох 27.376.400 төгрөг, алданги 13.688.200 төгрөг, гүйцэтгэгч байгууллагын ажлыг өөр байгууллагаар хийж гүйцэтгүүлсэнтэй холбоотой гарсан зардал 38.445.000 төгрөг, нийт 79.509.600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч СИГ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...ОК ХХК-тай 16/02 тоот гэрээг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Гэрээг 144.000.000 төгрөгийн үнэтэй байгуулагдсан боловч 109.632.600 төгрөгийн ажил гүйцэтгээд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр талаас гэрээг дүгнээд ажлын үр дүнг зохих ёсоор хүлээлгэж өгөөд гэрээний үүрэг дуусгавар болсон. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг дүгнэсэн актаар ОК ХХК манай компанид 86.623.600 төгрөгийн өглөгтэй гарсан. Үүнийг задлах юм бол СИГ ХХК 109.632.600 төгрөгийн ажлаасаа урьдчилаад 23.000.000 төгрөгийн санхүүжилт авсан байсан. СИГ ХХК ажлыг гүйцэтгэсний дараа 113.000.000 төгрөгийн байр аваад үүний зөрүүд 27.376.400 төгрөгийн үлдэгдэл өртэй болсон. Ингээд өвөл болж, барилгын гаднах ажил зогссон. Өр төлбөрийг хэрхэх вэ гээд 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр албан тоот илгээгээд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт гэрээ хийсэн. Энэ гэрээгээр ямар ажил хийх талаар хүснэгтлэн гаргаж, 7 төрлийн ажлыг хийхээр тохирч ажлыг хамтдаа хэмжиж үзсэн. Сингл хаусуудын арын хашааг торлоход материал орсон байна, ажлын хөлс орсон байна гээд ажлуудыг жагсаан гэрээг хийсэн. Талууд ажил хүлээлцэж акт үйлдэж, тооцооны баримтаар дүгнэсэн, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бүтэн хоёр жилийн дараа ОК ХХК-иас манай компанид нэг ч гомдол гаргаагүй. ОК ХХК-ийн Өсөн үржих зам ХХК-тай хийсэн гэрээнээс үзэхэд гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт Астра вилла хотхоны 4 хаусны 1344.5 м.кв талбайтай, авто замд 3 см-ын зузаантай асфальтан хучилтын ажлыг хийж гүйцэтгүүлэхээр заасан. Үүгээр ажлын доголдлыг арилгуулсан гэж байна. Манай компани ОК ХХК-тай байгуулсан 16/02 тоот гэрээний хавсралтын 5, 6, 7 дугаар зүйлд заасан хауснуудын арын хэсэгт хаяавч цутгах, бетонон зам хийх, зориулалтын будгаар тэмдэг тэмдэглэгээг 3260 м.кв талбайн ажлыг хийх гэсэн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон. Эндээс харахад нэхэмжлэгчийн Өсөн үржих зам ХХК-тай хийсэн гэрээнд заасан ажил манай хийж гүйцэтгэх ажил биш байна. Нэр төрөл болон хийсэн ажил нь манай хийсэн ажилтай тохирохгүй, ОК ХХК-ийн өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлээд хийсэн гэрээ гэж үзэж байна. Түүнчлэн бетон зам хийх материалыг захиалагч тал өөрсдөө нийлүүлсэн. Тэр материалаар нь ажлыг гүйцэтгэсэн. Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасан байхад бүтэн хоёр жил болоход манайд захиалагч талаас ямар нэг гомдол ирээгүй. Талууд гэрээгээ дүгнээд нэмэлт гэрээ хийсэн. 109.632.600 төгрөгийн ажлыг хийж, актаар хүлээлгэж өгсөн. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй гэж заасан. Гэтэл захиалагч тал хугацаандаа хүлээж аваагүй. Иргэний хуульд захиалагч тал ажлын үр дүнг хүлээж аваагүй бол түүнийг ажлыг хүлээн авсан гэж үзнэ гэсэн байна. Шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс харахад хамгийн сүүлд 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 18/107 тоот албан тоотыг манай компанид хүргүүлсэн гэж байна. Манай компанид ийм тоот ирээгүй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана гэснээс үзэхэд гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02864 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч СИГ ХХК-иас 38 545 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ОК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 964 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 713 423 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 350 675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч СИГ ХХК-иас 100 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ОК ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79 409 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын 350 675 гэснийг 4 550 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч СИГ ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М-ы хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Давж заалдах гомдлыг хариуцагч “СИГ” ХХК бус иргэн Д.Г- хууль зөрчин гаргасныг шүүх хүлээн авч, давж заалдах журмаар маргааныг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохиогч, ...давж заалдах гомдол гаргах эрхтэй”, 162 дугаар зүйлийн 162.2.2-т “гомдол гаргаж буй этгээдийн ...эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар”-ыг давж заалдах гомдолд заана гэснийг зөрчсөн байна. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад хариуцагч бичгээр тайлбар гаргахдаа “...гэрээгээр тохиролцсон ажлуудыг 100 хувь хийж гүйцэтгэн актаар 2016.11.01-ний өдөр хүлээлгэн өгсөн тул хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж, шүүх хуралдаан дээр “...захиалагч чанаргүй бетон зуурмаг нийлүүлсэн, ...уг асуудлаар гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн” гэсэн тайлбар гаргасан бөгөөд энэ хүрээнд талууд мэтгэлцэж, хэрэг хэлэлцэгдсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн анхан шатны шүүх дээр маргаагүй үйл баримт болох "бетон замын ажил доголдолтой байгаа талаар захиалагчаас ажил гүйцэтгэгчид мэдэгдэж байсан талаар баримт хэрэгт үгүй байна, доголдлыг арилгахад гарах зардлын хэмжээ тодорхойгүй байна” зэрэг дүгнэлт хийж, хэлэлцэгдээгүй шинэ үйл баримтыг зааж шийдвэрийг хүчингүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл болон 161 дүгээр зүйлийн 161.1-д заасныг зөрчсөн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаагүй, зөвхөн хариуцагчийг зөвтгөсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр гарсанд гомдолтой байна. Тухайлбал талуудын хооронд байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Барилгын ажил гүйцэтгэх 16/02 тоот гэрээний нэмэлт” №02 гэрээг “СИГ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар гэгч нь байгуулах эрхтэй эсэх нь эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдсан байхад шүүх анхаарч үзээгүй байна. Тодруулбал хэрэгт авагдсан “СИГ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харахад Д.Ганбаатар нь 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан бөгөөд дээрх нэмэлт гэрээг байгуулах, ажлын төлбөрт тооцсон орон сууцыг бусдад шилжүүлэх зэрэг эрхтэй байсан нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг шүүх зөрчсөн байна. Мөн шүүх хариуцагчийн албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, энэ тухайгаа хангалттай нотлоогүй нэмэлт гэрээний ажлуудыг “...нэхэмжлэгч тал хүлээн аваагүй гэх тайлбарыг няцаагаагүй гэж шүүх зөв дүгнэжээ” гэж өнгөц дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагчаас нэмэлт гэрээг дүгнэх, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх тухай ямар нэгэн албан бичиг “ОК” ХХК-д ирж байгаагүй бөгөөд ийм бичгийг захиалагчид албан ёсоор хүргүүлснээ хариуцагч нотлоогүй. Түүнчлэн хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн гэх нэмэлт гэрээний 5, 6 дугаар ажлын үнэлгээг зөвхөн өөрийнх нь амаар тайлбарласнаар хэт бага буюу 100.000 төгрөгөөр үнэлсэн, түүнд алданги огт тооцоогүйд гомдолтой байна. Дээрх байдлаар шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

ОК ХХК, СИГ ХХК-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 02 тоот нэмэлт гэрээний дагуу 27.376.400 төгрөг, алданги 13.688.200 төгрөг, ажлын доголдлыг арилгах зардал 38.445.000 төгрөг нийт 79.509.600 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх, нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 38.545.000 төгрөгийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж 100.000 төгрөг гаргуулахаар болжээ.

Зохигчийн хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Астра вилла хотхоны 4 хаусны 1344.5 м.кв талбай бүхий замд 3 см-ын зузаантай асфльтан хучилт хийхээр тохирсноос гүйцэтгэсэн ажлын дутуу, ажлын хөлсний илүү төлөлтөөс үүдэж талууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 02 тоот нэмэлт гэрээ байгуулж, нэхэмжлэгч ОК ХХК-ийн илүү төлсөн 27.376.400 төгрөгт СИГ ХХК нь 7 төрлийн барилга засварын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ болохыг хоёр шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тухайн ажлыг гүйцэтгээгүй гэж нэхэмжлэгч ажлын хөлсийг буцаан шаардсан бол хариуцагч 5 төрлийн ажил гүйцэтгэснийг нэхэмжлэгч хүлээн аваагүй гэж маргасан байна.

Хоёр шатны шүүх хариуцагч 5 төрлийн ажлыг хийж гүйцэтгэсэн нь тогтоогдсон гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, хариуцагчийн гаргасан тайлбар, нотолгоог нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй байна. Иймд ажлын үр дүнг хүлээн авсанд тооцсон нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 351.2-т заасантай нийцжээ.

Гүйцэтгээгүй 2 төрлийн тухайлбал, стандарт сагсан бөмбөгийн самбар байрлуулж, зориулалтын будгаар тэмдэглэгээ хийх ажлын хөлс 100.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсэг болон алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч 38.445.000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ, талуудын хооронд 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын доголдол хожим илэрсэн, уг доголдлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал  гэж тодорхойлсныг хариуцагч 2 жилийн хугацаанд доголдлын талаар хандаж байгаагүй, Өсөн үржих зам ХХК-ийн гүйцэтгэсэн ажил манай компанийн гүйцэтгэсэн ажилтай тохирохгүй байна гэж маргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Хариуцагчийн гүйцэтгэсэн бетон замын ажлын доголдлын талаар нэхэмжлэгч хариуцагчид шаардлага гаргаж байгаагүй, нэмэлт хугацаа тогтоогүйгээс гадна тухайн доголдлын хэмжээ тодорхой бус энэ тооцооллоо нэхэмжлэгч нотлоогүй талаарх давж заалдах шатын шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар “нэхэмжлэгч доголдлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал” нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Д.Г- нь хариуцагч Сайн инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, тэрээр хуульд зааснаар компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд “хариуцагч Д.Г-” гэж бичсэн нь Сайн инженеринг ХХК-г төлөөлөөгүй гэх үндэслэлгүй.

Ажлын доголдлын талаар захиалагч гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх талаар зохигч маргасан эсэхээс үл хамаарч доголдлыг арилгуулах зардал нэхэмжилсэн нөхцөлд шүүх хуульд заасан журмыг нэхэмжлэгч баримталсан эсэхийг дүгнэх юм. Иймд энэ талаарх гомдол үндэслэл муутай гэж үзэв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 716.448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ