Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 131/ШШ2019/00661

 

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 10-р хороо, 63-р байр, 39 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-р баг, 9-6 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн Сүрэнхоролд холбогдох,

11.000.000 төгрөг гаргуулах тухай хэргийг 2019 оны 07 сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуул шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.******* нь солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Б.Сүрэнхоролын охин тэй гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн үед Ж.Бямбасүрэнгийн ээж Сүрэнхорол гуай мөнгөний хэрэгтэй байна, мөнгө зээлүүлээч гэж утсаар ярихаар нь өөрийн ах /төрсөн ах дүүсийн хүүхдүүд/ Завхан аймагт амьдардаг ээр дамжуулан Б.Сүрэнхоролын Хаан банк дахь 5225274313 гэсэн харилцах данс руу 11.000.000 төгрөгийг 2017 оны 09 сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Б.Сүрэнхорол нь энэ мөнгөөр тухайн үедээ тэтгэврийн зээлээ хаасан гэдэг. ******* нь Сүрэнхорол болон түүний хүүхдүүдээс зээлүүлсэн 11.000.000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж хэлээд өдий болтол өгөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс иргэн Б.Сүрэнхоролоос 2017 оны 09 сарын 14-ний өдөр зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ хэргийг Улсын дээд шүүх хянаад зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй гэж үзсэн. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд зээлдүүлсэн мөнгө биш иргэн Б.Сүрэнхоролын дансанд шилжиж орсон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 11.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Сүрэнхорол шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Сүрэнхорол нь нэхэмжлэгч Ж.*******г огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин нь 6 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сард Солонгос улсад ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж явахдаа цалингийн зээл хийж 8.000.000 төгрөг, мөн ах, дүү нараасаа мөнгө зээлж явсан. Охин нь Ж.*******тэй гэр бүлийн харилцаатай болохыг мэдэхгүй. Ж.******* нь миний охиныг Солонгос улсад очоод таньж мэдэх хүнгүй байхад нь ажилд оруулж зуучилж хамтран ажилладаг, мөн туслаж л байсан хүн байх.

Миний охин ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах Пүрэвдэмбэрэлийн дансаар дамжуулан ээж*******ын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас Ж.*******д итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн өрийг нь төлж барагдуулсан. Миний бие нь тухайн мөнгөөр тэтгэврийн зээлийг хаагаагүй, намайг гүтгэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний тэтгэврийн зээл хэвээрээ байгаа учир Ж.*******гийн 11 сая төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие нь Ж.*******г танихгүй 11 сая төгрөг зээлээч гэж утсаар яриагүй. Хэрвээ *******гээс 11 сая төгрөг зээлсэн бол зээл төлөх хугацаа, зээлийн хүү тохирох, гэрээ хийж нотариатаар баталгаажуулах гэх мэтээр ярилцаж байж авч өгөлцөх ёстой. Гэтэл нэг жилийн дараа мөнгө зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Ж.******* нь Солонгос улсад очсон хүмүүст туслаж ажилд оруулж өгөх нэрийдлээр хүмүүсээс өөрийнхөө дансаар мөнгө шилжүүлж буцаан нэхэж луйвар хийж байна. Миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ:

Хэргийн нөхцөл байдал, шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээс харахад хэргийн оролцогчдын тайлбараар Ж.******* Б.Сүрэнхорол нарын хооронд мөнгө зээлсэн, зээлийн гэрээ байгуулсан, ярилцаж тохирсон зүйл байхгүй байдаг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар гэдэг хүн Б.Сүрэнхоролын данс руу мөнгө хийсэн болохоос биш Ж.******* нь Б.Сүрэнхоролын данс руу мөнгө хийгээгүй. Хэргийн оролцогчыг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Тухайн хэргийн үйл баримт хангалттай нотлогдохгүй байна. Ж.******* нь Б.Сүрэнхорол руу мөнгө шилжүүлэх шаардлага байгаагүй. Гэтэл Ж.******* өөрөө рүү мөнгө шилжүүлээгүй байж яагаад нь Б.Сүрэнхорол руу мөнгө шилжүүлээд байна вэ гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй. Ж.******* ямар учраас Б.Сүрэнхоролын данс руу мөнгө шилжүүлээд байна вэ гэдгийг тодруулж байж хэргийн нөхцөл байдал тодорхой болох болов уу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь миний үйлчлүүлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж байна. Гэтэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар Б.Сүрэнхоролын хувьд бусдын өмнө хүлээсэн үүрэг байгаагүй. нь Ж.*******тэй ямар нэгэн байдлаар ярилцаж Б.Сүрэнхорол руу мөнгө шилжүүлсэн байдаг. Гэтэл Ж.******* нэхэмжлэлдээ Б.Сүрэнхорол нь тэтгэврийн зээлээ дарах гэж надаас мөнгө зээлсэн гэдэг. Гэтэл хавтаст хэргийн 30-34 дүгээр талд авагдсан тэтгэврийн зээлийн гэрээний хуулбараар уг зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 сард дуусахаар байгаа. Хэрвээ Б.Сүрэнхорол нь тэтгэврийн зээлээ хаах шаардлагатай байсан бол ээс шилжүүлсэн 11.000.000 төгрөгийг юунд зарцуулсан болоод 20 хоногийн дараа тэтгэврийн зээл авч байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Б.Сүрэнхоролын хувьд тэтгэврийн зээлээ хаахаар авсан мөнгө биш гийн цалингийн зээл болон бусад өрийг дарсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Хэргийн оролцогчийг зөв тодорхойлох шаардлагатай байгаа. Иймд Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь Б.Сүрэнхоролд зээлдүүлсэн 11.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.Сүрэнхорол нь Миний бие Ж.*******г танихгүй, 11.000.000 төгрөг зээлээч гэж утсаар яриагүй. Ж.*******гээс мөнгө зээлээгүй. Хэрвээ *******гээс 11.000.000 төгрөг зээлсэн бол зээл төлөх хугацаа, зээлийн хүү тохирох, гэрээ хийж нотариатаар баталгаажуулах гэх мэтээр ярилцаж байж авч өгөлцөх ёстой. Гэтэл намайг мөнгө зээлсэн мэтээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Дансаар орж ирсэн мөнгө нь миний охин гийн Солонгос улсад ажил хийж авсан цалин нь юм гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. Учир нь:

нь 2017 оны 09 сарын 14-ны өдөр 11.000.000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь данснаас Б.Сүрэнхоролын Хаан банкны 5225274313 тоот дансанд шилжүүлсэн, Б.Сүрэнхорол нь уг мөнгийг хүлээн авч зарцуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан , Б.Сүрэнхорол нарын Хаан банкны дансны хуулга, гэрч , хариуцагч Б.Сүрэнхорол нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

Гэрч нь 2017 оны 09 сарын 14-ны өдөр Б.Сүрэнхоролын данс руу шилжүүлсэн 11.000.000 төгрөг нь миний дүү Ж.*******гийн мөнгө, Ж.******* над руу ярьж 11.000.000 төгрөгийг Б.Сүрэнхоролын данс руу шилжүүл гэсний дагуу уг мөнгийг шилжүүлсэн, Ж.******* нь уг мөнгийг Б.Сүрэнхоролд зээлдүүлсэн гэж мэдүүлж байх боловч маргаан бүхий хөрөнгө болох дээрх 11.000.000 төгрөгийн өмчлөгч нь хэн болох нь тодорхойгүй, ганц гэрчийн мэдүүлгээр хөрөнгийн өмчлөгчийг тодорхойлох, Ж.*******, Б.Сүрэнхорол нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал ийн данснаас хариуцагч Б.Сүрэнхоролын дансанд шилжин орсон 11.000.000 төгрөг нь , Ж.*******, нарын хэний өмч /мөнгө/ болох нь тодорхойгүй, дээрх мөнгийг Ж.******* нь Б.Сүрэнхоролд зээлдүүлж байгаа эсэх, эсхүл нь Солонгос улсад ажиллаж олсон мөнгөө Ж.*******гээр дамжуулан өөрийн ээж Б.Сүрэнхоролд шилжүүлж байгаагийн аль нь болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Мөнхтуул нь уг мөнгө нь Ж.*******гийн мөнгө, энэ нь Ж.*******гийн Солонгос улсад 2015 оны 10 сарын 01-ны өдөр нээлгэсэн дугаарын хадгаламжийн дансны 2017 оны 08 сарын 01-ны өдрөөс 2017 оны 10 сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгаар нь Ж.*******гийн дансанд мөнгө хийгээгүй байдлаар нотлогдоно гэсэн тайлбар гаргаж байх боловч нь Ж.*******гийн Солонгос улс дахь банкны дансанд мөнгө хийгээгүй нь маргаан бүхий 11.000.000 төгрөг Ж.*******гийн өмч гэж үзэх үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 8-р зүйлийн 8.1-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, мөн хуулийн 187-р зүйлийн 187.1-д зааснаар зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэж үзэж, Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Сүрэнхоролоос зээлийн гэрээний үүргийн 11.000.000 төгрөг гаргуулах тухай Ж.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН