Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 213/МА2018/00043

 

*******гийн нэхэмжлэлтэй Б.*******д

 холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Б.Болор-Эрдэнэ, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Жадамбын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ийн *******д холбогдох

Зээлийн 11.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч *******гийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* нь Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Б.*******ын охин болох *******тэй гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн үед *******гийн ээж болох Б.******* гуай мөнгөний хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэж утсаар ярихаар нь өөрийн ах /төрсөн ах дүүсийн хүүхдүүд/ болох Завхан аймагт амьдардаг ахаараа дамжуулан Б.*******ын Хаан банкин дахь 5225274313 гэсэн харилцах данс руу 11.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Б.******* нь энэ мөнгөөр тухайн үедээ тэтгэвэрийн зээлээ хаасан гэдэг. ******* нь Б.******* болон түүний хүүхдүүдээс зээлүүлсэн 11.000.000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж хэлээд өдий болтол өгөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс иргэн Б.*******оос 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* нь хариуцагч Б.*******ын охин ******* гэдэг хүнтэй Монголд байх хугацаандаа үерхэж байсан Солонгос улсад очсоны дараа ч харилцаа нь хэвээр үргэлжилж байсан. Мөн *******г Солонгос улс руу татаж хамт ажиллаж амьдарч байсан. Б.******* нь утсаар ярихдаа 11.000.000 төгрөгийг зээлээч гэсний дагуу *******тэй ярилцаж зээлэхээр ярилцаж тохиролцон Завхан аймагт байдаг гэдэг ахынхаа дансанд 2015 оноос хадгалж байсан мөнгөнөөсөө 11.000.000 төгрөгийг зээлүүлэх талаараа хэлж гэдэг хүн нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн данснаас хариуцагч Б.*******ын данс руу шилжүүлсэн байдаг. Үүнээс хойш *******гийн бас нэг ах нь Баянхонгорт ирж Б.******* болон гэр бүлийн хүмүүстэй нь уулзаж 11.000.000 төгрөгийг авья гэхэд Б.******* нь өгнө гэсэн хариу хэлсэн байдаг. ******* нь Баянхонгор аймагт ирэх боломжгүй нэхэмжлэл гаргах боломжгүй учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хариуцагч Б.*******д зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. ******* нь Солонгос улсад 2 сарын хугацаанд ажил хийхэд 11.000.000 төгрөгийн цалин авах боломжгүй. Харин ******* нь олон жил ажиллаад хуримтлуулсан мөнгөнөөсөө хариуцагч Б.*******д зээлүүлсэн гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.******* нь нэхэмжлэгч *******г огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин ******* нь 6 дугаар цэцэрлэгт эмчээр ажиллаж байгаад 2017 оны 07 дугаар сард Солонгос улсад ажил хийж амьдрал ахуйгаа дээшлүүлэх гэж явахдаа тухайн байгууллагаас цалингийн зээл болох 8.000.000 төгрөг болон ах, дүү нараасаа мөнгө зээлж явсан. Охин ******* нь *******тэй гэр бүлийн харилцаатай болохыг мэдэхгүй. Ингээд ******* нь миний охиныг Солонгос улсад очоод таньж мэдэх хүнгүй байхад нь ажилд оруулж зуучилж хамтран ажилладаг мөн туслаж л байсан хүн байх.

Миний охин ******* ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах ийн дансаар дамжуулан ээж *******ын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас *******д итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6 000 000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн тэдгээр өрийг нь төлж барагдуулсан. Миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэжээ.

Хариуцагч Б.******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би ******* гэдэг хүнийг танихгүй утсаар яриагүй. ******* гэдэг хүнтэй ямар харилцаатай талаар мэдэхгүй. Би *******г миний охиныг Солонгост байх хугацаанд нь тусалж дэмжиж байсан хүн байх гэж бодож байна. Миний охин ******* нь цалингаа шилжүүлэхдээ *******гийн данс руу хийж дамжуулсан гэж хэлж байсан. 2017 оны 9 дүгээр сарын 14-нд цалин орж уу ээжээ гэж ярьсаны дагуу дансаа шалгахад орсон байсан. Тэгээд энэ мөнгийг яах талаар охиноосоо асуухад цалингийн зээл болон ах дүү нараас зээлсэн мөнгийг өгөөрэй гэсэн. Тэгээд цалингийн зээлээс 6.000.000 төгрөгийг Төрийн банкинд тушаагаад 5.000.000 төгрөгийг бусад мөнгө зээлсэн хүмүүст нь өгсөн. Би тухайн мөнгөөр тэтгэврийн зээлээ төлөөгүй. Би *******гээс мөнгө зээлээгүй гэв.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11000000/арван нэгэн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжийн 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******г огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин ******* ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь ******* миний дансанд цалингаа хийчих би ах ийн дансаар дамжуулан ээж *******ын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас итгэж өөрийн цалингаа *******гийн данс руу хийсэн гэж хэлсэн... энэ мөнгөнөөс нь 2017 оны 9 сарын 14 ний өдөр /*******гийн цалингийн зээл/ цалингийн зээлд 6.000.000 төгрөгийг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах дүү нараас нь зээлсэн өрийг төлж барагдуулсан. Миний бие нь тэтгэврийн зээлийг хаагаагүй... миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна... ******* гэдэг хүнтэй ямар харилцаатай талаар мэдэхгүй байна. Би *******гээс мөнгө зээлээгүй гэжээ.

Нэхэмжлэгч талын тайлбарт дурьсанаар бол ******* нь хариуцагч Б.*******ын охин ******* гэдэг хүнтэй Монголд байх хугацаандаа үерхэж байсан. Солонгос улсад очсоны дараа ч харилцаа хэвээр үргэлжилж байсан. Мөн *******г Солонгос улс руу татаж хамт ажиллаж амьдарч байсан. ******* нь 2015 оноос хойш хадгалж байсан мөнгөнөөсөө Б.*******д зээлүүлсэн гэжээ.

Гэтэл ******* нь С.*******, ******* хоёрын алинтай нь үерхэж байсан нь ойлгомжгүй /шийдвэрт С.******* гэх/ дээр гэрч ийн ******* нь 2015 оны сүүлээр Солонгос улс руу явсан гэх мэдүүлэг, нэг удаа гэрт нь ирж байсан гэх тайлбараар ******* 2015 онд Солонгос улс руу явсан юм бол Б.******* гуай болон түүний ар гэрийнхэн *******г таних байсан.

******* нь 2015 оноос өмнө гэр бүлийн харилцаатай байсан бол ******* төрийн банкнаас цалингийн зээл авч Солонгос улс руу явах байсан уу? Өр тавьж очсон хүнд 11.000.000 төгрөгийг зээлэх эсэх нь эргэлзээтэй.

Б.******* хэн болох нь мэдэхгүй хүнээс 11.000.000 төгрөгийг зээлж *******гийн тавьсан өрийг төлсөн, *******гийн ах нь Баянхонгор аймагт ирж Б.******* болон гэр бүлийн хүмүүстэй нь уулзаж 11.000.000 төгрөгийг авья гэхэд өгнө гэсэн хариу өгсөн гэдэг гэтэл Б.******* дээр энэ хугацаанд ямар нэг хүн ирж мөнгө нэхээгүй дээр ******* ч мөнгөө нэхэж яриагүй байж шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан зэрэг асуудлууд нь цаанаа өөр утга агуулгатай юу гэдэг талаар ухаж ойлгоогүй дээр эргэлзээтэй, бодит байдалд нийцэхгүй зүйлүүд их байхад үүнд дүгнэлт хийхгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийг зөв тогтоон, дээрх эргэлзээ бүхий асуултын хариуг нарийн зөв тогтоох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас *******ийн *******оос зээлсэн 11.000.000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* нь *******гийн ээж Б.******* мөнгөний хэрэгтэй байна мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу ахаараа дамжуулан 11.000.000 төгрөг зээлсэн гэж тайлбарладаг бол хариуцагч Б.*******оос тайлбарлахдаа энэ 11.000.000 төгрөг бол миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэж талууд маргадаг байна.

Нэхэмжлэгч ******* нь Солонгос улсад хариуцагч Б.*******ын охин *******тэй үерхэж, хамт амьдарч байх хугацаандаа хариуцагч Б.*******ын мөнгө зээлээч гэсэн саналыг хүлээн зөвшөөрч, Солонгос улсаас утсаар ярьж Монгол улсад суугаа өөрийн ах ийн данснаас 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11.000.000 төгрөгийг хариуцагч Б.*******ын данс руу зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

******* нь Б.*******д 11.000.000 төгрөгийг зээлдүүлсэн, Б.******* нь *******гээс 11.000.000 төгрөгийг зээлж авсан болох нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11.000.000 төгрөг ийн данснаас хариуцагч Б.*******ын данс руу шилжсэн, хариуцагчийн дансанд орсон болох нь Цэвээнжалбуугийн ийн Хаан банкны 5521022244 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч Б.*******ын Хаан банкны 5225274313 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, гэрч ийн мэдүүлэг, зохигчийн тайлбар /хх-ийн 3, 28,48-51-р тал/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Тухайлбал гэрч ээс мэдүүлэхдээ /хх-ийн 50-51 дүгээр тал/ “...******* нь манай хамаатны дүү юм. ******* нь 2015 оны сүүлээр Солонгос улс руу явсан бөгөөд 2016 оноос хойш над руу мөнгө шилжүүлдэг байсан. ******* 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Солонгос улсаас утсаар ярьж би ******* гэдэг хүнтэй үерхдэг юм. Тэгээд *******гийн ээж болох Б.******* гэдэг хүн 11.000.000 төгрөг зээлээч гэсэн юм гэж над руу ярьсан. Тэгээд ******* нь Б.*******ын данс болох 5225274313 гэсэн тоот данс руу 11.000.000 төгрөгийг шилжүүл гэж хэлсний дагуу би тус данс руу *******гийн над руу явуулж байсан мөнгөнөөс 11.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Б.*******ын тайлбараар өөрийн охин *******гийн Солонгос улсад 2 сарын хугацаанд ажиллаж авсан цалин хөлс гэх 11.000.000 төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн гэх боловч нэхэмжлэгч *******гийн Солонгос улсад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн 144-910415-69007 дугаар хадгаламжийн дансны 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны дансны хуулгаар /хх-ийн 55-67 дугаар тал/ ******* нэрээр ямар нэгэн гүйлгээ хийгдээгүй болох нь нотлогдож байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, харин зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч талаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч Б.******* нь 11.000.000 төгрөгийг өөрийн охин *******гийн мөнгө болохыг нотлох баримтаар нотлоогүй байгааг дурьдах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч *******гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Хариуцагч Б.*******оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

 Г.УЛАМБАЯР