Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2019/00629

 

Ж.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2018/00043 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Ж.М-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.С-д холбогдох,

Зээлдүүлсэн 11 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ж.М- нь Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Б.С-ын охин болох Ж.Б-тэй гэр бүлийн харилцаатай байсан. Тухайн үед Ж.Б-гийн ээж болох Б.С- гуай мөнгөний хэрэгтэй байна мөнгө зээлүүлээч гэж утсаар ярихаар нь өөрийн ах /төрсөн ах дүүсийн хүүхдүүд/ болох Завхан аймагт амьдардаг Ц.Пүрэвдэмбэрэл ахаараа дамжуулан Б.С-ын Хаан банкин дахь 5225274313 гэсэн харилцах данс руу 11.000.000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн. Б.С- нь энэ мөнгөөр тухайн үедээ тэтгэврийн зээлээ хаасан гэдэг. Ж.М- нь Б.С- болон түүний хүүхдүүдээс зээлүүлсэн 11.000.000 төгрөгөө нэхэхээр өгнө гэж хэлээд өдий болтол өгөхгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна. Тиймээс иргэн Б.С-оос 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зээлүүлсэн 11.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Миний бие Б.С- нь нэхэмжлэгч Ж.М-г огт танихгүй, мэдэхгүй, утсаар ч яриагүй. Миний охин Ж.Б- 2017 оны 07 дугаар сард Солонгос улс руу явсан. Ж.Б- ажил хийгээд цалингаа Монгол руу ар гэр рүүгээ шилжүүлэх гэхэд нь миний дансанд цалингаа хийчих би ах Пүрэвдэмбэрэлийн дансаар дамжуулан ээж Сүрэнхоролын данс руу шилжүүлж өгнө гэсэн учраас Ж.М-д итгэж өөрийн цалингаа түүний дансанд хийсэн гэж хэлсэн. Охин утсаар ярьж таны дансанд мөнгө орсон уу гэж асуусан би дансаа шалгахад 11 сая төгрөг орсон байсан. Энэ мөнгөнөөс нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр цалингийн зээлд нь 6 000 000 төгрөг төлсөн. Үлдсэн мөнгийг нь ах, дүү нараас нь зээлсэн тэдгээр өрийг нь төлж барагдуулсан. Миний дансаар орж ирсэн мөнгө миний хүүхдийн цалин хөлс гэж бодож байна гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.С-оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11000000/арван нэгэн сая/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.М-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.М-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамжийн 190.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.М-д олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2018/00043 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.С-оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190.950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

... Б.С- одоо 70 настай, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн байдаг. Шүүх түүнд эдлэх эрх, хүлээх үүргийн утга, учрыг бүрэн тайлбарлахгүйгээр хуулийн зүйл, заалтыг уншуулах, баримтад гарын үсэг зуруулах зэргээр эрх, үүргийг танилцуулах ажиллагааг хэлбэрийн төдий байдлаар явуулсны улмаас Б.С- гэрч асуулгах нотлох баримт гаргаж өгөх зэрэг эдлэх эрхээ ухаж ойлгоогүй шүүх хуралд орсон.

Эрх үүргээ бүрэн ойлгоогүй өндөр настай хүнийг, хэргийн үйл баримт тодорхой болоогүй маргаан бүхий хэрэгт мэтгэлцээний нэг тал болгон оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэх заалтыг зөрчсөн байна.

Иймд шүүх хэргийн эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, хэргийн оролцогчдыг зөв тодорхойлоогүй бөгөөд шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15 ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэр, 2018 оны 10 дугаар сарын 18 ний өдрийн Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 213/МА2018/00043 дугаар магадлал зэргийг хүчингүй болгож, иргэн Ж.М-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.М- нь хариуцагч Б.С-оос зээлийн гэрээний гүйцэтгэлд 11 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч Б.С- нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг огт танихгүй, зээл авч байгаагүй, охин Ж.Б- БНСУ-д ажиллаж байхдаа цалингаа дансаар шилжүүлж байсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Б.С-ын дансанд нэхэмжлэгч Ж.М-гийн төрөл садангийн ах Ц.Пүрэвдэмбэрэлийн данснаас 11 000 000 төгрөг шилжсэн үйл баримт, энэ талаар Ц.Пүрэвдэмбэрэлийн өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.  

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцдог.

Зохигч нь зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар буюу зээлийн үнийн дүн, эргэн төлөлтийн хугацааг харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл нотлогдоогүй байхад тэдгээрийн хооронд үүргийн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч Ж.М-гийн тайлбар, гэрч Ц.Пүрэвдэмбэрэлийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгчээс зээл хүссэн хүн нь хариуцагчийн охин Ж.Б- байх бөгөөд хариуцагч Б.С- охиныхоо цалингийн зээлийг дээрх мөнгөөр хаах зорилготой байсан нь зээлийн зориулалтыг илэрхийлэхээс бус түүнийг зээлдэгч гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаар зээл хүссэн хүн уг зээлийн мөнгийг шилжүүлэхэд хүлээн авах этгээдийг заах нь мөн зээлдэгчийг тодорхойлох нөхцөл биш юм. Ж.Б- зохигчийн хооронд зуучлагчийн, эсхүл зээлдэгчийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүх зээлийн гэрээний харилцааны оролцогчийг зөв тодорхойлох, хариуцагчийг солих эсэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, зохигчийн хооронд гэрээний харилцаа үүссэн, эсхүл хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой байжээ.

Маргааны үйл баримт хангалттай тогтоогдоогүй, хэргийн нөхцөл байдал тодорхой бус байгаагаас гадна шүүх хэрэг хянан шийдвэрлэх шаардлагатай ажиллагааг гүйцэтгээгүй тохиолдолд хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эцэслэн дүгнэлт өгөх боломжгүй байна. Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 131/ШШ2018/00829 дүгээр шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 213/МА2018/00043 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 190 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН