Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 465

 

 

Э.Ж-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК, “Х” ХХК-д холбогдох

 

Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК, “Х” ХХК-д тус тус даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О,

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Ж нь Япон улсад ажиллаж, амьдардаг. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор эх орондоо ирж, орон сууц үзэж сонирхсоны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын барилга, байшин сэтгэлд нийцсэн тул худалдан авахаар болж, зах зээлийн үнээс хямдаар худалдан авах боломж судалсны үндсэн дээр найзынхаа санал болгосноор “Хурд групп” ХХК-ийн захирал н.Чойжилсүрэнгийн найз н.Батболдтой уулзаж, түүнтэй хамт “С” ХХК-ийн захирал н.Ганцэгтэй очиж уулзсан байдаг. Уулзахад “С” ХХК, “Х” ХХК-тай бараа материал нийлүүлэх гэрээтэй. Гэрээгээ үзүүлж “Х” ХХК-иас байр авч болно. Манайх бараа материалаа нийлүүлнэ, санаа зовох зүйлгүй гэж хэлсэн байдаг. Ингээд гэрээний дагуу сонгон авах боломжтой байрнуудыг үзэж судлаад “С” ХХК-ийн захирал н.Ганцэгтэй хамт “Х” ХХК-тай очиж уулзсан байдаг. Очиж, уулзаад асуухад “Х” ХХК, “С” ХХК манайхтай байр бартераар бараа материал нийлүүлэх гэрээтэй. Та төлбөр тооцоогоо “С” ХХК-д өгч болно. “С” ХХК манайд бараа, материал нийлүүлж хамтран ажиллаж байгаа нь үнэн. Та манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ хийж, “С” ХХК-д төлбөрөө хийсний дараа ашиглалтад орсон байрнаас сонгон авч байрандаа орж болно гэж хэлсэн байдаг. Ингээд “Х” ХХК болон “С” ХХК-тай гэрээ хийж, төлбөр мөнгөө 100 хувь “С” ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлж чадахгүй байна. 2018 оны 4 дүгээр сард Япон Улсаас ирээд “Х” ХХК, “С” ХХК-тай удаа дараа очиж уулзахад удахгүй байрыг чинь өгнө, хүлээж бай гэж хэлээд нийлээд хүлээсэн. “С” ХХК хэлэхдээ “Х” ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй байна, өөрсдийнхөө зүгээс “Х” ХХК руу явуулсан албан тоот, холбогдох нотлох баримтуудыг үзүүлсэн. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг удаа дараа зөрчигдсөн тул эрх, ашгаа сэргээлгэхээр “С” ХХК болон “Х” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7а тоот, 117 м.кв талбай бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Ингэхдээ “Хурд групп” ХХК-тай уулзаж байр авахаар тохирсон гэж хэлж байна. Гэтэл үүнийгээ нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй. “Хурд групп”, “Х” ХХК хоёр өөр хуулийн этгээд байгаа. Үүнийг салгаж тайлбарлах ёстой. Иргэн Э.Ж нь “Х” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 107-7А тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-т 1 м.кв 3 400 000 төгрөг, нийт үнийн дүн 400 078 000 төгрөг байна, захиалагч хуульд заасны дагуу гэрээний үнийн дүнг төлнө. Үүний дагуу төлбөрийг гэрээ байгуулах үед 100 хувь төлөхөөр тохирч гэрээ байгуулсан. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөгийг “Х” ХХК-д төлөөгүй. Тиймээс шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. “Х” ХХК, “С” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нийт 1 991 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “С” ХХК, “Х” ХХК-д нийлүүлэх, “Х” ХХК-иас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрт бартераар байр олгохоор тохирсон. Гэвч өнөөдрийн байдлаар “С” ХХК, “Х” ХХК-д 1 561 000 000 төгрөгийн бараа нийлүүлсэн, үлдэгдэл үнийн дүн талууд тооцоо нийлж, 400 078 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байна гэж тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. “Х” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлчихсэн.

“Х” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Э.Ж-ийн нэр дээр байр гаргаж өгнө гэх бичиг байгаа. Гэтэл тус бичиг “Х” ХХК-д ирээгүй. Мөн тооцоо нийлсэн акттай холбоотойгоор “Х” ХХК-ийн зүгээс “С” ХХК-ийн байр авах тухай хүсэлтүүдийн дагуу байр шилжүүлж өгдөг. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр н.Сумъяабазар, н.Самданмөнх, н.Даваасан, н.Цээпил нарт байруудыг хүлээлгээд өгчихсөн байгаа. Хүлээлгэж өгсөн үнийн дүн, төлбөр төлсөн үнийн дүн зэрэг нь “Х” ХХК-ийн зүгээс “С” ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэд тохирсон байр шилжүүлж өгсөн нь харагдаж байна. Өөрийнхөө хөрөнгө, санхүүгээр барьчихсан байрыг нэг ч төгрөг төлөхгүйгээр байр авна гэж байгаа нь үндэслэлгүй. Харин байрны төлбөрөө төлчихөөд байр өгөөгүй бол шаардах эрхтэй. “Х” ХХК-аас байр авахаар өөр хүнд мөнгө өгчихөөд тэр хүн нь “Х” ХХК-д төлбөр өгөөгүй байхад байраа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн тус нэхэмжилж буй байр өөр хүний нэр дээр шилжсэн байгаа учир шилжүүлэх боломжгүй. Үүнтэй холбоотой баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Байр авъя гэж байгаа бол төлбөрөө төлөөд авч болно гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК нь шүүхэд тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар , 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С ХХК, Х ХХК-д нарт даалгаж,

Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 865 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 932 500 Х ХХК-иас 932 500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Ж-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. "Хурд групп" ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр "С" ХХК-тай ХГ/2017/06/27-СФ дугаар "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-г байгуулж гэрээний дагуу хариуцагч “С” ХХК-аас "Хурд групп" ХХК-д барилгын гадна фасадны материал нийлүүлсэн байдаг. Дээр дурдсанчлан нэхэмжлэгч "Х" ХХК, “С” ХХК-иудад холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэвч анхан шатны шүүх "...Хариуцагч “Хурд групп” ХХК болон “С” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр "бараа бүтээгдэхүүн нийлүүлэх" гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу чанарын өндөр үзүүлэлт бүхий бараа /гадна фасадны материал/ нийлүүлэх, барааны үнэд тохирсон орон сууцыг нийлүүлэхээр тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ..." хэмээн дүгнэсэн хэрэгт хамааралгүй бөгөөд хариуцагч биш этгээдийг хариуцагч болгож, хэрэгт цугларсан нотлох баримтыг илэрхий нэхэмжлэгчид ашигтай байдлаар дүгнэж үнэлсэн нь хариуцагч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл “С” ХХК-аас "Хурд групп" ХХК-д нийлүүлсэн барилгын гадна фасадны материалыг "Хурд пропертийз" ХХК-д нийлүүлсэн хэмээн дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй төдийгүй энэхүү дүгнэлтийг хэрэгт цугларсан ямар нотлох баримтад үндэслэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

"...Гэрч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Х” ХХК-ийн нэг давхарт борлуулалтын 3-4 хүн байсан. Тэгтэл та байраа сонгоод гэрээгээ хийчих гэж хэлсэн. Мөнгө төгрөгөө яах вэ гэхэд манайд хамааралгүй, та нар мөнгөө “С” ХХК-д төлчих юм бол “С” ХХК та нарын төлсөн мөнгөөр манайд бараа хүлээлгэн өгч, түүний дагуу манайх танд байрыг хүлээлгэн өгнө" гэх мэдүүлгээс үзэхэд “Х” ХХК, “С” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэгч Э.Жнь хариуцагч нартай нэг байранд давхар гэрээ байгуулсан, мөн хариуцагч “Х” ХХК-ийн зөвшөөрлөөр “С” ХХК-д гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж дүгнэв..." хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. “Х” ХХК нь хариуцагч “С” ХХК-тай ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй болно. Ийм байтал анхан шатны шүүх "...”Х” ХХК болон “С” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн... " хэмээн буруу дүгнэсэн нь яг ямар баримтад үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

“Х” ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэн Э.Ж-тай "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ" гэх нэр бүхий 107-7А дугаар орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээг байгуулж Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг байрлах Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот, 117,67 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 3 400 000 төгрөгөөр нийт 400 078 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон уг гэрээгээр орон сууцны үнийг Э.Ж нь гэрээ байгуулсан өдрөө "Хурд пропертийз" ХХК-д төлөх үүрэг хүлээсэн баримт байсаар байхад нэхэмжлэгч талын асуулгахыг хүссэн ганц гэрчийн мэдүүлэгт хөтлөгдөж "...хариуцагч “Х” ХХК-ийн зөвшөөрлөөр “С” ХХК-д гэрээний дагуу мөнгииг шилжүүлсэн гэж..." дүгнэсэн нь анхан шатны шүүх хэрэг цугларсан бүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Э.Ж нь “Х” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн "Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ" гэх нэр бүхий Ю7-7А дугаар орон сууц худалдах-худалдан авах тухай гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл орон сууцны үнээс нэг ч төгрөг төлөөгүй энэ талаараа маргадаггүй болно.

"...Нэхэмжлэгч Э.Ж-ийн “С” ХХК-д шилжүүлсэн мөнгөөр худалдан авсан барааг хариуцагч “Х” ХХК нь хүлээн авсан болох нь “С” ХХК-ийн зарлагын баримт, хариуцагч нарын тооцоо нийлсэн баримт, “С” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн баримт, түүний хавсралтад дурдсан 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нийлүүлсэн барааны тооцоолол, хариуцагч нарын тооцоо нийлсэн акт, “С” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18/01, 18/02 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна..." хэмээн дүгнэсэн нь мөн л анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс тухайн хэрэгт хамааралтай талаас нь бүрэн судалж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн. “Х” ХХК хариуцагч “С” ХХК-тай тооцоо нийлсэн зүйл байхгүй ийм баримт хэрэгт авагдаагүй болно. “Х” ХХК-аас “С” ХХК-тай тооцоо нийлэх шаардлага огт байхгүй. Хэрэгт 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Хурд групп” ХХК, “С” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ХГ/2017/06/27-СФ дугаар "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ"-ний дагуу нийлүүлсэн барилгын гадна фасадны талаар тооцоо нийлсэн акт авагдсан гэтэл энэ баримтыг “Х” ХХК, “С” ХХК-тай тооцоо нийлсэн баримт болгон үнэлж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг нэхэмжлэгч иргэн Э.Ж-г “Х” ХХК-аас худалдан авсан Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг байрлах Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот, 117,67 м.кв талбай бүхий 4-н өрөө орон сууцыг 1 м.кв талбайг нь 3 400 000 төгрөг, нийт 400 078 000 төгрөгийг “Х” ХХК-д төлсөн хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл “С” ХХК-ийн “Х” ХХК-д төлсөн гэх фасадны материалыг “С” ХХК нь “Хурд групп” ХХК-тай байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу “Хурд групп” ХХК-д нийлүүлсэн болох нь “С” ХХК-ийн зарлагын баримт, хариуцагч нарын тооцоо нийлсэн баримт, “С” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн баримт, түүний хавсралтад дурдсан 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нийлүүлсэн барааны тооцоолол, хариуцагч нарын тооцоо нийлсэн акт, “С” ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18/01, 18/02 дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдсоор байтал энэхүү маргаан бүхий хэргийн оролцогч биш этгээд болох “Хурд групп” ХХК-ийн авсан бараа материалыг “Х” ХХК авсан хэмээн дүгнэсэн учир дутагдалтай байна.

Хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн нотлох баримтуудыг огт үнэлээгүй. Шүүх нэхэмжлэгч Э.Ж-ийн “С” ХХК-д төлсөн мөнгө “Х” ХХК-д төлөгдсөн гэж үзэж байгаа тохиолдолд хариуцагч “Х” ХХК-ийн гаргасан бичгийн нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байх нэг үндэслэл болно. “Хурд групп” ХХК нь “С” ХХК-аас авсан барилгын гадна садны үнэд 1 561 757 405.06 төгрөгийн үнэ бүхий 5 орон сууцыг хариуцагч “Х” ХХК-аар дамжуулан шилжүүлэн өгсөн байдаг. Иймээс дахин 400 780 000 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7А тоот 117.67 м.кв талбай 4 өрөө орон сууцыг “С” ХХК-д өгөх үүрэг байхгүй юм. Хэдийгээр "Хурд пропертийз” ХХК Э.Жавхаатай орон сууц захиалан бариулах тухай гэрээг 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан боловч “С” ХХК-аас “Хурд групп” ХХК-д нийлүүлсэн барилгын гадна талын фасадыг Э.Ж-ийн мөнгөөр авч нийлүүлсэн, Э.Ж төлбөр тооцоогоо дуусгасан тул байрыг шилжүүлж өгөх тухай албан бичгийг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Хурд групп” ХХК-тай тооцоо нийлэхдээ болон нийлснээс хойш мэдэгдсэн зүйл байхгүй байгааг шүүх анзаарч үзсэнгүй.

Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7 А тоот 117.67 м.кв талбай 4 өрөө орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь "Х" ХХК гэтэл “Х” ХХК-ийн өмчийг Э.Ж-ийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг “С” ХХК-д даалгаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч иргэн Э.Ж “Х” ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ зөрчиж худалдан авсан байрны үнийг төлөөгүй, хариуцагч “С” ХХК “Хурд групп” ХХК-тай байгуулсан Бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргээ зөрчин барилгын гадна талын фасадны материал нийлүүлээгүй учраас “Шинэ их холдолт” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 107-7А дугаар гэрээг “Х” ХХК байгуулж “Шинэ их холдолт” ХХК-аас 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн 181 дугаар албан тоотыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7 А тоот 117.67 м.кв талбай 4 өрөө орон сууцыг мөн өдрөө “Шинэ их холдолт” ХХК-д хүлээгэн өгч акт үйлдэж баталгаажуулсан байдаг. Гэвч энэ баримтыг анхан шатны мөн үнэлж үзсэнгүй. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Э.Ж нь хариуцагч “С” ХХК, “Х” ХХК-д тус тус холбогдуулан орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК, “Х” ХХК-д тус тус даалгахаар шаардсаныг хариуцагч “Х” ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

            Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч “С” ХХК, “Хурд групп” ХХК-ийн хооронд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу хариуцагч “С” ХХК нь 1 994 656 440 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг нийлүүлэх, “Хурд групп” ХХК нь бараа материалын төлбөрийг 100 хувь бартер хэлбэрээр төлөхөөр талууд тохиролцсон байна.

     /хх63-67 дахь тал/

 

            Дээрх гэрээний дагуу талууд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн боловч хариуцагч “С” ХХК нь 1 561 757 405 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлж, 400 078 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй болох нь хэргийн 72 дахь талд авагдсан тооцоо нийлсэн баримтаар тогтоогджээ.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч нарын хоорондох гэрээний маргааныг шийдвэрлэхдээ энэ хэргийн оролцогч биш “Хурд групп” ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байхад “Хурд групп” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, “Хурд групп” ХХК, “С” ХХК-ийн хоорондох бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний талаар дүгнэж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч “Х” ХХК-ийн хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч Э.Ж нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хүннү орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 А тоот 117,67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ болох 400 078 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-д төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч төлбөр бүрэн төлөгдсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Э.Ж, хариуцагч “С” ХХК-ийн хоорондын тооцооны асуудлыг тодруулах шаардлагатай байжээ.

 

Дээрх үйл баримтууд тодорхой бус байхад анхан шатны шүүх Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч “С” ХХК, “Х” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, маргааны зүйлийн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2019/00081 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 158 340 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

           

                             ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ