Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 00081

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

  

Нэхэмжлэгч: Э.Ж-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: С Ф ХХК

 

Хариуцагч: Х П ХХК-д тус тус  холбогдох

 

            Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК-д тус тус даалгах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч Х П  ХХК-ийн төлөөлөгч Г.Жанчив, гэрч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Э.Ж  нь эхнэр хүүхдийн хамт Япон улсад ажиллаж, амьдардаг. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдан авах зорилгоор эх орондоо ирж, орон сууц үзэж сонирхсоны үндсэн дээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 хорооллын барилга, байшин сэтгэлд нийцсэн тул худалдан авахаар болж, зах зээлийн үнээс хямдаар худалдан авах боломж судалсны үндсэн дээр найзынхаа санал болгосноор Хурд групп ХХК-ийн захирал н.Чойжилсүрэнгийн найз н.Батболдтой уулзаж, түүнтэй хамт С Ф  ХХК-ийн захирал н.Ганцэгтэй очиж уулзсан байдаг.

Уулзахад С Ф  ХХК, Х П  ХХК-тай бараа материал нийлүүлэх гэрээтэй. Гэрээгээ үзүүлж Х П  ХХК-иас байр авч болно. Манайх бараа материалаа нийлүүлнэ, санаа зовох зүйлгүй гэж хэлсэн байдаг. Ингээд гэрээний дагуу сонгон авах боломжтой байрнуудыг үзэж судлаад С Ф  ХХК-ийн захирал н.Ганцэгтэй хамт Х П  ХХК-тай очиж уулзсан байдаг. Очиж, уулзаад асуухад Х П  ХХК, С Ф  ХХК манайхтай байр бартераар бараа материал нийлүүлэх гэрээтэй. Та төлбөр тооцоогоо С Ф  ХХК-д өгч болно. С Ф  ХХК манайд бараа, материал нийлүүлж хамтран ажиллаж байгаа нь үнэн. Та манай компанитай орон сууц захиалан бариулах гэрээ хийж, С Ф  ХХК-д төлбөрөө хийсний дараа ашиглалтад орсон байрнаас сонгон авч байрандаа орж болно гэж хэлсэн байдаг.

Ингээд Х П  ХХК болон С Ф  ХХК-тай гэрээ хийж, төлбөр мөнгөө 100 хувь С Ф  ХХК-д шилжүүлсэн байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцаа өөрийн өмчлөлд шилжүүлж чадахгүй байна. 2018 оны 04 дүгээр сард Япон улсаас ирээд Х П  ХХК болон С Ф  ХХК-тай удаа дараа очиж уулзахад удахгүй байрыг чинь өгнө, хүлээж бай гэж хэлээд нийлээд хүлээсэн. С Ф  ХХК хэлэхдээ Х П  ХХК гэрээний үүргээ биелүүлэхгүй байна, өөрсдийнхөө зүгээс Х П  ХХК-руу явуулсан албан тоот, холбогдох нотлох баримтуудыг үзүүлсэн. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг удаа дараа зөрчигдөөд байгаа тул эрх, ашгаа сэргээлгэхээр С Ф  ХХК болон Х П  ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлж, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж гийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж байна ” гэв.

 

Хариуцагч Х П  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг 15-р хороо, Хүннү 2222 орон сууцны хорооллын 107 дугаар байрны 7а тоот, 117 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан. Ингэхдээ Хурд групп ХХК-тай уулзаж байр авахаар тохирсон гэж хэлж байна. Гэтэл үүнийгээ нотолсон баримт шүүхэд гаргаж өгөөгүй. Хурд групп, Х П  ХХК хоёр өөр хуулийн этгээд байгаа. Үүнийг салгаж тайлбарлах ёстой.

Иргэн Э.Ж  нь Х П  ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 107-7А тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гэрээний 2.1-т 1 мкв 3.400.000 төгрөг, нийт үнийн дүн 400.078.000 төгрөг байна, захиалагч хуульд заасны дагуу гэрээний үнийн дүнг төлнө. Үүний дагуу төлбөрийг гэрээ байгуулах үед 100 хувь төлөхөөр тохирч гэрээ байгуулсан.

Х П  ХХК-д байр байгаа. Нэг ч гэсэн байраа зарахыг бодно. Одоо хэлэхдээ С Ф  ХХК-тай тохирсон, эднийх өгнө гэж хэлчхээд өгөхгүй байна гэж тайлбарлаж байна. 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээний дагуу нэг ч төгрөгийг Х П  ХХК-д төлөөгүй. Тиймээс шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна.

Х П  ХХК, С Ф  ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр нийт 1.991.000.000 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг С Ф  ХХК, Х П  ХХК-д нийлүүлэх, Х П  ХХК-иас бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн төлбөрт бартераар байр олгохоор тохирсон. Гэвч өнөөдрийн байдлаар С Ф  ХХК Х П  ХХК-д 1.561.000.000 төгрөгийн бараа нийлүүлсэн, үлдэгдэл үнийн дүн талууд тооцоо нийлж, 400.078.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн байна гэж тооцоо нийлж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Х П  ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлчихсэн.

Х П  ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Э.Ж гийн нэр дээр байр гаргаж өгнө гэх бичиг байгаа. Гэтэл тус бичиг Х П  ХХК-д ирээгүй. Мөн тооцоо нийлсэн акттай холбоотойгоор Х П  ХХК-ийн зүгээс С Ф  ХХК-ийн байр авах тухай хүсэлтүүдийн дагуу байр шилжүүлж өгдөг. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр н.Сумъаябазар, н.Самданмөнх, н.Даваасан, н.Цээпил нарт байруудыг хүлээлгээд өгчихсөн байгаа. Хүлээлгэж өгсөн үнийн дүн, төлбөр төлсөн үнийн дүн зэрэг нь Х П  ХХК-ийн зүгээс С Ф  ХХК-ийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэд тохирсон байр шилжүүлж өгсөн нь харагдаж байна. Өөрийнхөө хөрөнгө, санхүүгээр барьчихсан байрыг нэг ч төгрөг төлөхгүйгээр байр авна гэж байгаа нь үндэслэлгүй. Харин байрны төлбөрөө төлчхөөд байр өгөөгүй бол шаардах эрхтэй. Х П  ХХК-аас байр авахаар өөр хүнд мөнгө өгчхөөд тэр хүн нь Х П  ХХК-д төлбөр өгөөгүй байхад байраа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мөн тус нэхэмжилж буй байр өөр хүний нэр дээр шилжсэн байгаа учир шилжүүлэх боломжгүй. Үүнтэй холбоотой баримтыг өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Байр авъя гэж байгаа бол төлбөрөө төлөөд авч болно ” гэв.

 

Хариуцагч С Ф  ХХК нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                               

Үндэслэх нь:

 

  

            Нэхэмжлэгч Э.Ж  нь хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК-д тус тус холбогдуулан Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК-д нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

            Хариуцагч Х П  ХХК нь нэхэмжлэгч Э.Ж  2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 107-7А дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ”-ний дагуу манай компанид нэг ч төгрөг төлөөгүй, С Ф  ХХК-ийн нийлүүлсэн мөнгөний хэмжээнд орон сууцыг бид шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Хариуцагч С Ф  ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.

 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Х П  ХХК-д очиж уулзахад С Ф  ХХК нь манай компанитай байгуулсан гэрээ нь үнэн зөв гэдгийг баталж, намайг төлбөр тооцоогоо “С Ф  ХХК”-д өгч болно гэж хэлсэн тул хариуцагч нартай тус тусад нь ХУД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүннү 2222” хотхоны 107 дугаар байр 7 давхар 7А тоотын худалдан авахаар сонгож, гэрээ байгуулсан.” гэж, хариуцагч Х П  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Тооцоо нийлсэн актад нийт 400.078.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Уг мөнгөнд дүйцэх барааг нийлүүлсэн тохиолдолд байрыг хүлээлгэн өгөх боломжтой. С Ф  ХХК-иас ирүүлсэн албан бичгийн дагуу бид Д.Даваалхам, Н.Самданмөнх, Х.Наранцэцэг, М.Оюунзул, Ц.Сумъяабазар нарын 5 иргэнд байрыг хүлээлгэн өгсөн. Хэн хэдэн төгрөг төлсөн эсэхийг бид шалгах үүрэггүй, С Ф  ХХК-ийн албан бичигт үндэслэн нийлүүлсэн барааны үнэд тохирсон байрыг шилжүүлэн өгдөг. С Ф  ХХК нь тооцоо нийлсэн акт үйлдээд 20 хоногийн дараа Э.Ж д байрыг шилжүүлэн өгөх тухай албан бичгийг зөвхөн нэхэмжлэгчид үйлдэж өгсөн. Манайх уг албан бичгийг аваагүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг тус тус тайлбарласан.

 

Хариуцагч Хурд групп ХХК болон С Ф  ХХК нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу чанарын өндөр үзүүлэлт бүхий бараа /гадна фасадны материал/ нийлүүлэх, барааны үнэд тохирсон орон сууцыг нийлүүлэхээр тохиролцсон гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 247.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Х П  ХХК болон нэхэмжлэгч Э.Ж  нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 107-7А дугаартай “Орон сууцны барилгыг захиалан бариулах” гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэг м.кв-ыг 3.400.000 төгрөгөөр тооцож, нийт 400.078.000 төгрөгөөр Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хүннү орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 а тоот 117.67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Х П  ХХК болон Э.Ж  нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

 Уг байрны төлбөрийг барагдуулах зорилгоор хариуцагч С Ф  ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 8/3 дугаартай “Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл” нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Хурд групп ХХК-д С Ф  ХХК-иас бараа солилцооны нөхцөлөөр нийлүүлэгдэх Нарны хороолол-3 хотхоны 5 орон сууцны гадна фасадны материалын төлбөрт бартераар олгох “Хурд групп” ХХК-ийн Хүннү хотхоны 107 дугаар байрны 7А тоот хаягт байрлах 117.67 м.кв 4 өрөө орон сууцыг нийт 341.243.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч Э.Ж  нь хариуцагч С Ф  ХХК-д Хан Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Хүннү орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 а тоот 117.67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэ болох 341.243.000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн болох нь хариуцагч С Ф  ХХК-ийн тодорхойлолт, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

 

Гэрч Г.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Х П  ХХК-ийн нэг давхарт борлуулалтын 3-4 хүн байсан. Тэгтэл, та байраа сонгоод гэрээгээ хийчих гэж хэлсэн. Мөнгө төгрөгөө яах юм вэ гэхэд тэр манайд хамааралгүй, та нар мөнгөө С Ф  ХХК-д төлчих юм бол С Ф  ХХК  та нарын төлсөн мөнгөөр манайд бараа хүлээлгэн өгч, түүний дагуу манайх танд байрыг хүлээлгэж өгнө” гэх мэдүүлгээс үзэхэд Х П  ХХК болон С Ф  ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэгч Э.Ж  нь хариуцагч нартай нэг байранд давхар гэрээ байгуулсан, мөн хариуцагч Х П  ХХК-ийн зөвшөөрлөөр С Ф  ХХК-д гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Э.Ж гийн С Ф  ХХК-д шилжүүлсэн мөнгөөр худалдан авсан багаар хариуцагч Х П  ХХК нь хүлээн авсан болох нь С Ф  ХХК-ийн зарлагын баримт, хариуцагч нарын тооцоо нийлсэн баримт, С Ф  ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн баримт, түүний хавсралтад дурдсан  2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нийлүүлсэн барааны тооцоолол, хариуцагч нарын тооцоо нийлсэн акт, С Ф  ХХК-ийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18/01, 18/02 дугаартай албан бичиг зэрэг бичгийн баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.” гэж зааснаар хариуцагч Х П  ХХК-д хариуцагч С Ф  ХХК нь нэхэмжлэгч Э.Ж гийн байр худалдах авахад зориулж төлсөн мөнгөөр худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг зохих ёсоор нийлүүлсэн, уг барааг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК нараас Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж  миний өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК-д нарт даалгахыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ж  нь мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлсэн тул өмчлөгч гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Ж  нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж, С Ф  ХХК-д гэрээний дагуу мөнгөө бүрэн хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн, С Ф  ХХК нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөөр худалдан авсан барааг хариуцагч Х П  ХХК-д хүлээлгэн өгсөн байх тул Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК-д нарт даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутад зарлагдсан хуралдааны товыг хариуцагч С Ф  ХХК-ийн төлөөлөгч П.Ганцэгийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар болон түүний 8801-4446  дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

 

Хариуцагч С Ф  ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагч С Ф  ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч С Ф  ХХК-ийн төөөлөгч П.Ганцэгт 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч С Ф  ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар , 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Ж гийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч С Ф  ХХК, Х П  ХХК-д нарт даалгасугай.

       
             2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.865.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С Ф  ХХК-иас 932.500, Х П  ХХК-иас 932.500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Ж д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХБАЯР