Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00051

 
Э.Жавхаагийн нэхэмжлэлтэйЭ.Жавхаагийн иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 836 дугаар магадлалтай,

Э.Жавхаагийн нэхэмжлэлтэй,

Сантфасад ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК-уудад холбогдох 

Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117,67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Жавхаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Сантфасад ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Золжаргал, хариуцагч Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК-уудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Э.Жавхаа нь хариуцагч Сантфасад ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК-уудад холбогдуулан орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7 А тоот 117,67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Жавхаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Сантфасад ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК нарт даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 250 дугаар зүйлийн 250.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7 А тоот 117.67 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Жавхаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Сантфасад ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Жавхаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,865,000 төгрөгөөс /341,243,000 төгрөгт ногдох/ 1,864,165 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 835 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Сантфасад ХХК-иас 621,388 төгрөг, Хурд групп ХХК-аас 621,388 төгрөг, Хурдпропертийз ХХК-аас 621,388 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Э.Жавхаад олгож, тус шүүхийн шүүгчийн 2018.11.14-ний өдрийн 181/ШЗ/2018/12750 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 836 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 250 дугаар зүйлийн 250.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байрны 7 давхарт байрлах 7А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Э.Жавхаагийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Сантфасад ХХК, Хурдпропертийз ХХК, Хурд групп ХХК-д нарт даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан шийдвэр гэж үзэж байгаа болно. Гэвч шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2020.04.10-ны 836 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү 836 дугаар магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Магадлалын хянавал хэсэгт: Энэ хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч Б.Түмэнцэцэгийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж гараагүй, албажуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна гэснийг эс хүлээн зөвшөөрч байна. Уг журам нь шүүхийн дотоод зохион байгуулалт, ажил үүргийн хуваарьт хамаарах асуудал байх ба ийм үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дахин дахин зөрчиж хэргийг буцааж байгаа нь өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэхээр байна. Анх Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.08.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба өнөөдрийг хүртэл уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөөр байгааг анхаарч үзэхийг хүсэж байна.

4.2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт Давж заалдах болон хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно. гэж заасныг давж заалдах шатны шүүхээс зөрчсөн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл нь шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн хэмээн үзсэн ба хариуцагч Хурдпропертийз ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан гомдлыг хангаагүй, гомдолд дурдсан үндэслэлээр бус өөр үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэсэн хэрнээ хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор шийдвэрлэсэн нь мөн л хуулийг ноцтой зөрчиж, буруу хэрэглэж байна гэж үзэхээс өөр аргагүйд хүргэж байна.

4.3. Давж заалдах шатны шүүхээс шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн учир хэргийн нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзсэн хэрнээ нэхэмжлэлийн маргаан болсон зүйлийн талаар дүгнэлт хоёр өөр утга агуулга бүхий шийдвэр гаргаж байгаад гайхаж байна.

4.4. Давж заалдах шатны шүүхээс ...нэхэмжлэгчийн Хурдпропертийз ХХК-д төлөх төлбөрийг СантФасад ХХК нь нэхэмжлэгчийн өмнөөс бараа бүтээгдэхүүнээр төлөх талаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан журмын дагуу шаардах эрх шилжүүлэх, өр шилжихтэй холбоотой хэлцэл хийгдээгүй тохиолдолд зөвхөн гэрч Отгонбаярын мэдүүлэгт үндэслэн СантФасад ХХК-д орон сууцны үнэ төлөгдсөнөөр Хурдпропертийз ХХК-аас орон сууцны өмчлөх эрхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болно... хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно хэмээн заасны дагуу гэрч Г.Отгонбаярын шүүх хуралдааны үед гаргасан мэдүүлэг нь Хурдпропертийз ХХК-ийн зөвшөөрлөөр СантФасад ХХК-д байрны үнийг төлөхийг зөвшөөрснийг гэрчилж байгаа нь өөрөө чухал нотолгооны хэрэгсэл болж байгаа болно. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээнэ. хэмээн гэрчид хууль сануулж мэдүүлэг авсан байдаг ба давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна.

4.5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: Нэхэмжлэгчийн Хурдпропертийз ХХК-д төлөх 400,078,000 төгрөгийн дутуу 58,835,000 төгрөгийг ... хариуцах нь тодорхой бус үлдсэнээс гадна тус бүртээ гэрээний харилцаанд оролцсон этгээдүүдийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй хэмээн үзсэн. Бидний зүгээс энэхүү үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Э.Жавхаа болон Сантфасад ХХК-ийн зүгээс хоорондоо сайн дурын үндсэн дээр тохиролцсоны дагуу байрны 1 мк.в үнийг 2,900,000 төгрөгөөр тооцон нийт 341,243,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Энэхүү төлбөр тооцооны асуудлыг Хурдпропертийз ХХК ч хүлээн зөвшөөрч төлбөр мөнгөө СантФасад ХХК-д төлчих хэмээн хэлсэн нь гэрч Г.Отгонбаярын мэдүүлэг, 2017.08.16-ны Орон сууцны төлбөр барагдуулах хэлцэл-ээр давхар нотлогддог. Түүнчлэн байрны мөнгийг Хурдпропертийз ХХК-ийн зөвшөөрлөөр СантФасад ХХК-д шилжүүлж, СантФасад ХХК уг мөнгөөр бараа материал нийлүүлэн Хурд групп ХХК-д хүлээлгэж өгсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Нэхэмжлэгч Э.Жавхаа нь 2017.08.16-ны өдөр СантФасад ХХК-д орон сууцны үнэ болох 341,243,000 төгрөгийг 100 хувь шилжүүлж СантФасад ХХК нь уг мөнгөөр 2017.09.12, 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд бараа материал нийлүүлж, Хурд групп ХХК-ийн Нарны хорооллын хашаанд буулгаж, хүлээлгэж өгсөн байдаг нь СантФасад ХХК-ийн зарлагын баримт, хариуцагч нарын тооцоо нийлсэн баримт, СантФасад ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн 2018.06.22-ны өдрийн баримт, түүний хавсралтад дурдсан 2017.09.02, 9 дүгээр сарын 13, 10 дугаар сарын 02-ны өдөр тус тус нийлүүлсэн барааны тооцоолол, СантФасад ХХК-ийн 2018.06.20-ны өдрийн 18/01, 18/02 дугаартай албан бичиг, гэрч Г.Отгонбаярын тайлбар, мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар бүрэн дүүрэн нотлогдож байхад шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзаж үзэлгүйгээр шийдвэр гаргаж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгааг дахин илэрхийлмээр байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 836 дугаар магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 181/ШШ2020/00517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Нэхэмжлэгч Э.Жавхаа нь хариуцагч Хурд пропертийз ХХК, Хурд групп ХХК, Сант фасад ХХК нарт холбогдуулан Орон сууц захиалан бариулах болон худалдан авах гэрээ-ний үүрэгт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүннү 2222 орон сууцны барилгын 107 дугаар байр, 7 давхарт байрлах 7А тоот 117.67 м.кв бүхий 4 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай шаардлага гаргасан.

Хариуцагч Хурд групп ХХК нь нэхэмжлэгчтэй үүргийн харилцаа үүсээгүй учир хариуцагч болох үндэсгүй гэж, хариуцагч Хурд пропертийз ХХК нь нэхэмжлэгч Э.Жавхаа маргааны зүйл болсон орон сууцыг ...400,078,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч манай компанитай гэрээ байгуулсан боловч гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул тухайн орон сууцыг Шинэ их холдолт ХХК-тай ...гэрээг байгуулж, тооцоо дууссан учир нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.Жавхааг Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар 4 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх энэ шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

7.1. ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч Б.Түмэнцэцэгийг томилсон ерөнхий шүүгчийн захирамж гараагүй, албажуулаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн байна. ...шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

7.2. Давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч, хариуцагч тус бүрт холбогдуулж аль гэрээний үндсэн дээр хэнд нь ямар шаардлага гаргаж байгааг шүүх тодруулаагүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус гэж дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна. Шүүх маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн үүргийн харилцааг зөв тодорхойлж, хууль хэрэглэж шийдвэр гаргадаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн шийдвэр гаргах нөхцөл болно.

8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 836 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 1,865,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД