Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2022/02163

 

           

 

 

 

            

 

   2022 оны 07 сарын 05 өдөр

           Дугаар 183/ШШ2022/02163

                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Э-ийн нэхэмжлэлтэй, 

           Хариуцагч: Н т холбогдох, 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ц

          

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай:

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц,

Гуравдагч этгээд Д.С, Д.Ц,

Шинжээч С.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ц.

(Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.) 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Э  нь Н т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрийн дагуу У.С , С.Э  нараас 176.400.000 төгрөг гаргуулан Д.С , Д.Ц  нарт олгох, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2203018239 дугаартай, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорины давхарт байрлах Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай, 39.2 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорины давхарт байрлах Ү-2203017240 улсын бүртгэлийн дугаартай, 39.2 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг “Д ” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байна. “Д ” ХХК нь авто гаражийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, 1. төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, 2. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа харьцуулсан баримтыг дүгнэлтэд хавсаргаагүй, 3. Уг авто гаражийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр С.Э , У.С  нараас 177.439.949 төгрөгийг гаргуулж Д.С , Ц.Ц  нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290438 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Э , У.С  нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан У.Сэлэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 46 дугаар байрны зоорины давхарт байрлах эрхийн улсын Ү-2203017240 дугаартай 39.2 м.кв талбайтай авто зогсоолыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19290438/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19290438/08 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Э , төлбөр авагч Д.С , Д.Ц  нар нь хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргаж, төлбөр төлөгч У.С  үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 7/140 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Д  ХХК нь дээрх хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч талуудад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-179/15012 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 39.102.000 төгрөгөөр тооцон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч С.Э  нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Гуравдагч этгээд Д.Ц , Д.С  нар хариу тайлбараа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны  өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор С.Э , У.С  нараас 177.439.949 төгрөгийг гаргуулж Д.С , Д.Ц  нарт олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байрлах орон сууц, 39.2 м.кв талбайтай авто гаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгчийн зүгээс зориудаар саад хийж, төлбөр төлөхөөс өнөөдрийг хүртэл зайлс хийж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу зах зээлийн үнээр үнэлсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, “Д ” ХХК-ийн 2021 оны 8 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан гэсэн баримтуудыг, хариуцагчаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/00276 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19290438 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Үнийн санал өгөх тухай, Шинжээч томилох тухай тогтоол, “Д ” ХХК-ийн үнэлгээний тайлан, Мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Эх сурвалжийн задаргаа хүргүүлэх тухай гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Гуравдагч этгээд Д.Ц гийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч Ц.Түвшинцэнгэлийг шүүх хуралдаанд оролцуулж тайлбар авах ажиллагааг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Э ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, НҮ гудамж, 46 дугаар байрны зоорины давхарт байрлах 39.2 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “Д ” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Дараах үндэслэлээр гомдол гаргасан. Үүнд 1. Н  нь төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, 2. “Д ” ХХК нь авто гаражийг үнэлэхдээ харьцуулсан баримтыг дүгнэлтэд хавсаргаагүй, 3. Уг авто гаражийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-д зааснаар “Д ” ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй, шинжээч нь хуульд зааснаар дүгнэлтээ гаргасан гэжээ.

 

4. Гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд “...нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Н  хуульд зааснаар ажиллагаа явуулж, хуулийн дагуу шинжээчийн дүгнэлт гарсан...” гэсэн тайлбар гаргасан. 

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Мэдэгдэл, “Д ” ХХК-ийн 2021 оны 8 дүгээр сарын 16-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/00276 дугаар Гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 19290438 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, Үнийн санал өгөх тухай, Шинжээч томилох тухай тогтоол, “Д ” ХХК-ийн үнэлгээний тайлан, Мэдэгдэл, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Эх сурвалжийн задаргаа хүргүүлэх тухай, шинжээч Ц.Түвшинцэнгэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар гэсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр “...хариуцагч Ц.С , У.Э  нараас 176.400.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С , Д.Ц  нарт олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, НҮ-ийн гудамж, 46 дугаар байр, 39.2 м.кв талбайтай авто гаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай” гэж шийдвэрлэжээ.

 

5. Уг шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/00276 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 19290438 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор “...У.Сэлэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 46 дугаар байр, гаражийн зориулалттай 39.2 м.кв талбайтай 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж”, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор уг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авчээ.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн, хурааснаас хойш 1 сарын дотор хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ талаар оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно...” гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь дуудлага худалдаагаар худалдах Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 46 дугаар байр, гаражийн зориулалттай 39.2 м.кв талбайтай 12 тоот үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч У.Э т санал авах талаар 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, тэрээр “...хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгоно” гэсэн хүсэлтийг 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Н т гаргажээ.

 

7. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар үнэлгээний талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй гэж үзэн, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 7/140 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор “Д ” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 

8. Шинжээчээр томилогдсон “Д ” ХХК-ийн 2021 оны 8 дүгээр сарын 16-ны өдрийн Ш21-04 дүгээр дүгнэлтээр “...Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 46 дугаар байрны зоорийн давхрын 12 тоотод байрлах 39.2 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 55.860.000 төгрөг” гэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2.2, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасантай нийцжээ. 

 

9. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Н  нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг хуульд заасан журмын дагуу тогтоолгосон байх тул Н т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Э ийн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н т холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Э ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.СЭМЖИД