Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2022/01754

 

 

 

 

 

 

 

2022 09 19 210/МА2022/01754

 

 

 

С.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02163 дугаар шийдвэртэй С.Э ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Ц , Д.С нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрийн дагуу У.С , С.Э нараас 176.400.000 төгрөг гаргуулан Д.С , Д.Ц нарт олгох, төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, НҮ гудамж, 00 дугаар байрны 12 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, НҮ гудамж, 00 дугаар байрны зоорины давхарт байрлах Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 00 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, НҮ гудамж, 00 дугаар байрны зоорины давхарт байрлах Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 00 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг Дамно ХХК-иар үнэлгээ хийлгэсэн байна. Дамно ХХК нь авто гаражийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг зөрчиж, 1. төлбөр төлөгчөөс үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал аваагүй, 2. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа харьцуулсан баримтыг дүгнэлтэд хавсаргаагүй, 3. Уг авто гаражийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэж байна. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр С.Э , У.С нараас 177,439,949 төгрөгийг гаргуулж Д.С , Д.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 19290438 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч С.Э , У.С нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан У.Сэлэнгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 00 дугаар байрны зоорины давхарт байрлах эрхийн улсын Ү-000000 дугаартай 00 м.кв талбайтай авто зогсоолыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19290438/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19290438/08 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Э , төлбөр авагч Д.С , Д.Ц нар нь хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргаж, төлбөр төлөгч У.С үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 7/100 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээч томилоход Дамно ХХК нь дээрх хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч талуудад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-179/15012 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдэж, үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 39,102,000 төгрөгөөр тооцон 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд мэдээлсэн боловч төлбөр төлөгч С.Э нь үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Д.Ц , Д.С нарын тайлбарын агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 503 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1472 дугаар тогтоолоор С.Э , У.С нараас 177,439,949 төгрөгийг гаргуулж Д.С , Д.Ц нарт олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 00 дугаар байрны 12 тоот хаягт байрлах орон сууц, 00 м.кв талбайтай авто гаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгчийн зүгээс зориудаар саад хийж, төлбөр төлөхөөс өнөөдрийг хүртэл зайлс хийж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу зах зээлийн үнээр үнэлсэн байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Э ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

5.1. Дамно ХХК-ийн шинжээч барьцааны эд хөрөнгөтэй харьцуулан үнэлсэн эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээний тайланд тусгаагүй нь үнэлгээ хийх ажиллгааны журмыг зөрчсөн байхад шүүх үнэлгээ хийх ажиллагааны журмыг зөрчсөн талаар болон харьцуулж буй хөрөнгүүдийн мэдээллийн ил тод байгаа талаар дүгнэлт гаргаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзаагүй, хөрөнгийн үнэлгээний үнийн саналтай холбогдох мэдэгдэх хуудас гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэгч О.Уртнасан нь С.Э т хөрөнгийг 55,860,000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн нь төлбөр төлөгчийн эрх ашгийг зөрчсөн.

5.2 Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.3-т зааснаар Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд харьцуулж буй хөрөнгүүдийн мэдээлэл тодорхойгүй, цахим холбоос дээр дархаар мэдээлэлгүй байгаа нь нэхэмжлэгчийн үнэлэгдэж буй хөрөнгийн үнэ цэнийг тогтоосон үндэслэл, нотолгоо агуулаагүй байна.

Шинжээчийн гэрчээр өгсөн мэдүүлэгт харьцуулсан гараашуудын хэмжээ нь 18 м.кв хэмжээтэй гараашийн мэдээллийг харьцуулан авсан гэв гэж харьцуулж байгаа эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн хөрөнгөөс байрлал муутай, м.кв багатай. Гэтэл тус хөрөнгө шинж байдал, онцлог нь сайн бахад хэт доогуур үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.1-т заасныг зөрчсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.Ц гийн татгалзал, тайлбарын агуулга: У.С , С.Э нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үнэлгээний санал өгөөгүй гэж тайлбарладаг. Гэтэл У.С , С.Э нар 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гараашийг хураан авах ажиллагаанд оролцсон ба шийдвэр гүйцэтгэгч О.Уртнасан үнийн санал асуухад С.Э хэлээгүй.

С.Э үнэлгээний тайланг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг өнгөрсний дараа Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй. С.Э тухайн гараашийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж маргасан боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа зөвхөн цаг хугацаа хожих зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.С ийн татгалзал, тайлбарын агуулга: С.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цогбаяр нь У.Сэлэнгийн өмчлөлийн гарааштай холбоотой гомдол гаргах эрхгүй. С.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан боловч хугацаандаа гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг тодорхойгүй гэх гомдол үндэслэлгүй. Учир нь үнэлгээнд барьцаа хөрөнгийн бүх мэдээлэл тодорхой тусгагдсан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

3. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж, 00 дугаар байрны зоорийн давхарт байрлах 39,2 м.кв талбайтай авто зогсоолыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

3.а. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр У.С , С.Э нараас 176,400,000 төгрөг гаргуулж Д.С , Д.Ц нарт олгож, улсын бүртгэлийн Ү-2203017239 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж 00 дугаар байрны 12 тоотод байрлах 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй 00 м.кв авто зогсоолыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 36-38/

 

3.б. Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ГХ2019/00270 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас олгосон. /хх69/

 

Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимтай.

 

3.в. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох У.Сэлэнгийн өмчлөлийн,Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж 00 дугаар байрны 12 тоотод байрлах 00 м.кв талбайтай авто зогсоолыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжилж, мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хураасан байна. /хх 80, 82/

 

Уг эд хөрөнгө хураах тухай тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор хүчингүй болгож, төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагааг хуульд заасны дагуу зөвтгөн явуулахаар болжээ. /хх86/

 

Улмаар, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх авто зогсоолыг хураасан ба талууд уг ажиллагаанд гомдол гаргаагүй болно.

 

3.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч С.Э ээс барьцаа хөрөнгийн үнийн саналыг авахад хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг гаргасан болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хх90/

 

Мөн хариуцагч байгууллагын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр төлбөр төлөгч У.С д барьцаа хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй байна. /хх 92/

 

Төлбөр авагч Д.Ц , Д.С нарын мөн оны 07 дугаар сарын 29-ний өдөр барьцаа хөрөнгийг үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх тухай хүсэлт гаргажээ. /хх91, 92/

 

3.д. Уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор Дамно ХХК-ийг шинжээчээр томилж, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Нэгдсэн үндэстний гудамж 00 дугаар байрны 12 тоотод байрлах 00 м.кв талбайтай авто зогсоолыг 55,860,000 төгрөгөөр үнэлжээ. /хх99-112/

 

Дээрх ажиллагаануудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55, 177 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

4.а. Түүнчлэн, шинжээч Дамно ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгээр төлбөр төлөгч У.С , С.Э нарт мэдэгдсэн байна. /хх114/

 

Талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч С.Э нь энэ хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тул давж заалдах шатны шүүхээс энэ үйл баримтад дүгнэлт хийх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02163 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ