Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00656

 

 

 

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/00656

 

 

 

 

                                     С.Эийн нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00144 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цогтбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Уртнасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.С, Д.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: ..., 39.2 м.кв талбайтай авто гаражийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/00503 дугаар шийдвэрээр У.С, С.Э нараас 176,400,000 төгрөг гаргуулан Д.С, Д.Цнарт олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан ..., 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, ..., 39.2 м.кв талбайтай авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2 өрөө орон сууцны хувьд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гомдол гаргаснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ба өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байна. Харин Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас маргаан бүхий 39.2 м.кв талбайтай авто гаражийг “Дамно” ХХК-аар үнэлүүлэхэд 55,860,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэн, тэмдэглэл хөтөлнө гэснийг зөрчсөн. Шинжээч эд хөрөнгийг үнэлэхдээ төлбөр төлөгчийн саналыг харгалзаж үнэлгээ хийх ёстой. Гэтэл төлбөр төлөгч С.Э, У.С нараас санал аваагүй, үнэлгээний тайланд тусгагдаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Шинжээч үнэлгээг хийхдээ тухайн үеийн зах зээлийн ханшаар эд хөрөнгийг үнэлээгүй. Ямар үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж 55,860,000 төгрөгөөр үнэлсэн нь тодорхойгүй. Үнэлгээний тайлан дахь үнэ цэнэ зохих хуульд заасан шаардлагыг зөрчсөн, 55,860,000 төгрөгөөр хэрхэн үнэлж байгаа нь ойлгомжгүй, тодорхой биш байна. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй, үнэлгээчин нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй хуулийг ноцтой зөрчсөн гэжээ.  

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад:  Шүүхийн шийдвэрээр С.Э, У.С нараас 177,439,949 төгрөг гаргуулж Д.С, Ц.Ц нарт олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл удаа дараа гардуулсан боловч төлбөр төлөгдөөгүй. Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан У.Сэлэнгийн өмчлөлийн ... 39.2 м.кв талбайтай авто зогсоолыг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 19290438/01 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19290438/08 дугаар тогтоолоор хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч С.Э, төлбөр авагч Д.С, Д.Цнар хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан, харин төлбөр төлөгч У.С үнийн санал ирүүлээгүй тул 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр “Дамно” ХХК-ийг томилсон ба шинжээч дээрх хөрөнгийг 55,860,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар талуудад 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 4-179/15012 тоот албан бичгээр мэдэгдсэн. Хөрөнгийн үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гжээ.

 3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн тайлбарын агуулгад: Шүүхийн шийдвэрээр С.Э, У.С нараас 177,439,949 төгрөг гаргуулж Д.С, Д.Цнарт олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Нэгдсэн үндэсний гудамж, 46 дугаар байрны 12 тоот хаягт байрлах орон сууц, 39.2 м.кв талбайтай автогаражийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. 2016 оноос У.С, С.Э нартай төлбөрийг төлөх талаар олон удаа ярилцсан боловч худал ярьсаар үр дүнд хүрээгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураах, хөрөнгийг үнэлэх ажиллагаанд төлбөр төлөгчийн зүгээс зориудын шинжтэй саад хийх, оршин суугаа хаягаа буруу хэлэх, цаг хожихын тулд төрөл бүрийн нөхцөл байдлыг зориудаар бий болгож төлбөр төлөхөөс зайлсхийж төлбөр авагчийн эрх ашгийг хохироож байна. ...48 м.кв орон сууц, 39 м.кв автозогсоолыг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хурааж, хөндлөнгийн шинжээчээр “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон боловч төлбөр төлөгчийн зүгээс шинжээчид хөрөнгийг үзэх боломжийг олгохгүй, хугацаа алдуулах, тохирсон цагтаа ирэхгүй, холбоо барих утсаа хаах, авто гаражийн түлхүүр байхгүй зэрэг зориудын шинжтэй үйлдлийн улмаас шинжээч автогаражийг үнэлээгүй талаар шүүхийн шийдвэрт бичигдсэн. Шийдвэр гүйцэтгэх газраас хөрөнгийг хураасан боловч үнэлэх ажиллагааг хуулийн хугацаанд хийж амжаагүй, нийслэлд хөл хорио тогтоосон. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр У.С .... автогаражийг хураасан. У.С, С.Э нар барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд 2 удаа гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 20, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар түдгэлзүүлсэн. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГт холбогдох ... 46 дугаар байрны зоорийн давхрын №12 тоот хаягт байрлах 39.2 м.кв талбайтай гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 55.860.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч С.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн тухайд,

5.1.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлүүлэх эрхээр хангаагүй. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасан боловч хүлээж авахгүйгээр хурлыг шууд үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэн.

5.1. Хөрөнгийн үнэлгээний тухайд,

5.1.а. Шинжээч барьцааны эд хөрөнгөтэй харьцуулан үнэлсэн эд хөрөнгүүдийн мэдээллийг үнэлгээнд нэг бүрчлэн тусгаагүй нь үнэлгээ хийх ажиллагааны журмыг зөрчсөн. Гэтэл шүүхээс энэ талаар үндэслэлгүй дүгнэсэн. Шүүгч шүүх хуралдааны явцад www.unegui.mn зарын сайт руу орж тус хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг хараагүй байж, тус хөрөнгийн холбоос дээр дарснаар тухайн харьцуулж байгаа хөрөнгийн мэдээлэл нээлттэй ил тод гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тус сайтын холбоос дээр дарсан хэдий ч дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй, үнэлгээнд харагдсан байдлаар харагддаг.

5.1.б. Шүүхийн шийдвэрийн 9-т ”...эд хөрөнгийг 55,860,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан бол хариуцагч болон гуравдагч этгээд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явагдсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээд нэхэмжпэлийн шаардлагаас татгалзах эрхгүй байхад буруу дүгнэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. “Дамно” ХХК-ийг шинжээчээр томилохдоо 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үнэлгээ тогтоохыг даалгасан. “Дамно” ХХК-ийн үнэлгээчин Түвшинцэнгэл үнэлгээ тогтоосон. Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Үүнээс хойш 5 сарын дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд өмгөөлөгч авах бүрэн боломжтой байсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуулийн фермд ажиллаж байсан учраас өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзэж байна. Анхан шатны хуралдааны явцад нэхэмжлэгч талаас үнэлгээг хэт багаар үнэлсэн талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Мөн үнэлгээний тайланд байрлуулсан линк рүү ороод хөрөнгийн мэдээллийг харах боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад үзлэг хийлгэх боломжтой байсан боловч хүсэлт гаргаагүй учраас давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.Цэцэгмаагийн тайлбарын агуулга: ... Төлбөр төлөгч нар барьцаа хөрөнгийн түлхүүр байхгүй гэдэг шалтгаанаар хөрөнгийг үзүүлдэггүй. Барьцаа хөрөнгийг 3 удаа хурааж, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр үнэлгээчин газар дээр нь очиж үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад үнэлгээ хийхэд төлбөр төлөгч саад учруулж байсан. У.С, С.Э нар нь 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үнэлгээний тайлантай танилцаж гарын үсэг зурсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргахаар байхад 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Д.Сийн тайлбарын агуулга: ... Гаражийг багаар үнэлсэн гэх гомдлоо нотлоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С.Эээс үнэлгээний санал авах мэдэгдэл хүргүүлсэн боловч үнийн саналаа өгөөгүй. “Дамно” ХХК хөрөнгийг үнэлэхдээ үнэлгээний зөрүү гарсан, үнийг багаар үнэлсэн талаар нотлох баримтгүй. Хөрөнгийг үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлоо 7 хоногийн дотор гаргаагүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч С.Э хариуцагч НШШГГт холбогдуулан ... 39,2 м.кв талбайтай автогаражийг үнэлсэн “Дамно” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч болон гуравдагч этгээд эс зөвшөөрч маргажээ.

3. Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 30ы өдөр иргэний хэрэг үүсгэн, талуудад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлан өгч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг товложээ. Хэргийн оролцогч нь дээрх хугацаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 32 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан тул өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх1-3, 22, 50, 119/

4. Нэхэмжлэгчийн шинжээчийн дүгнэлттэй холбоотой давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

4.а. Хэргийн 107 дугаар тал дахь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд барьцаа хөрөнгийг ямар хөрөнгөтэй харьцуулсан талаар тодорхой дурдаагүй, www.unegui.mn, www.remax.mn цахим мэдээллийн эх сурвалжийг заасан байх ба анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн.

4.б. Шинжээчийн харьцуулалт хийсэн хөрөнгийн үнийн талаарх цахим мэдээллийн эх сурвалж нь шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дах хэсэгт заасан журмын дагуу үзлэг хийж тэмдэглэлээр баталгаажуулснаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэл болно. Харьцуулсан хөрөнгийн талаарх мэдээлэл хуульд заасан журмын дагуу бэхжигдээгүй байх тул “Дамно” ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн .... 39,2 м.кв талбайтай автогаражийг үнэлсэн үнэлгээг үндэслэлтэй гарсан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/00144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                    ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                     ШҮҮГЧИД                                   Э.ЗОЛЗАЯА

                                                                          А.МӨНХЗУЛ