Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
Хэргийн индекс | 101/2022/00952/И |
Дугаар | 101/ШШ2022/02678 |
Огноо | 2022-06-08 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2022/02678
|
|
|
2022 06 08 | 101/ШШ2022/02678 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, регистрийн дугаартай Д.Б-Э-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт түр оршин суух, регистрийн дугаартай М.О,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, регистрийн дугаартай Г.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, Б.Н, хариуцагч М.О, түүний өмгөөлөгч Д.С, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарт: ... Хариуцагч нар нэхэмжлэгчтэй маргаан бүхий 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнээс өмнө хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ гэх мэт олон зээлийн гэрээ байгуулж, гэрээний харилцаанд орж байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай боловч талууд 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэмэлт оруулаад 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан. Нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээд нотариатын дэргэд 4,000,000 төгрөгийг хариуцагч нарт өгсөн, нотариатч мөнгийг бэлнээр хүлээлцсэн гэсэн нэмэлт заалт оруулж хариуцагч нар гарын үсэг зурсан. Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш зээлдэгч нар ямар ч төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн, эдийн засгийн хувьд төлөх боломжгүй гэж хугацааг сунгуулаад явж байсан. Тийм учраас зээл 4,000,000 төгрөг, хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч нарын хариу тайлбарт: ... Бид нэхэмжлэгчээс олон удаа өндөр хүүтэй ам.долларын, төгрөгийн зээл авч байсан. Хамгийн сүүлд хашаа, байшингаа барьцаалан 20,000,000 төгрөгийн зээл авч 39,000,000 төгрөг болгож төлсөн, 7,240,000 төгрөгийн хүү өгсөн байна. Бидэнд юу ч байхгүй болсон, орох орон ч байхгүй, бид 2 салаад нэг нь хоригдоод, нэг нь сахарын өвчтэй, зүрхний хэм алдагдалтай, хүний асаргаанд, айл дамжаад хүүхдүүдийнхээрээ амьдарч байна, Хас банкны барьцаанд 200 м.кв хашаа, байшингаа тавьж алдсан. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээгээр бэлнээр мөнгө өгч, авалцсан зүйл байхгүй, тухайн үед нотариат дээр очиж уулзахад юу гэдгийг нь мэдэхгүй гарын үсэг зурсан, мөнгө өгсөн, авсан гээд тоолоод хүлээлцээд зурагдсан зүйл биш. Д.Б 40 гаруй сая төгрөг нэхэмжилсэн, бид банкнаас зээл аваад 40,000,000 төгрөгөө тортой чигээр нь барьж очоод Д.Б-эд 39,000,000 төгрөг шилжүүлсэн, тэр мөнгөнөөс юм үлдсэн юм байлгүй гэж ойлгож бид гарын үсэг зурсан. Түүнээс нотариатын өрөөнд 4,000,000 төгрөг тоололцоод хүлээж авсан зүйл байхгүй, аваагүй учраас төлөх ямар ч үндэслэл байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр гарын үсэг зурсан зээлийн гэрээ байгаа боловч бусад нотолгооны хэрэгслээр давхар нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, бэлнээр мөнгө өгсөн юм бол хэдэн ширхэг 20,000 төгрөг, хэдэн ширхэг 10,000 төгрөг, хэдэн ширхэг 5,000 төгрөг, хэдэн ширхэг 1,000 төгрөг өгсөн гэсэн баримт үйлдээд хүлээлгэн өгсөн, хүлээж авсан гээд талууд гарын үсэг зурсан баримт давхар байх ёстой. Тийм учраас давхар нотолгооны хэрэгслээр нотолж чадаагүй байна, нотариатаар орсон болгон бодит үнэн биш. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан, гэтэл нэгэнт мөнгө өгөөгүй учраас зээлийн гэрээг дүгнэх боломжгүй, нэхэмжлэгч өөрөө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нотолж чадсангүй гэв.
3.Хариуцагч М.О-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарт: ... Д.Б-ээс 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 4,000,000 төгрөгийг нотариатын дэргэд бэлнээр аваагүй. Хариуцагч нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдэд гарын үсэг зурсан боловч тухайн үед бид ярилцаад өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл гэж ойлгосон, Д.Б гарын үсэг зур гэсэн учраас нарийн нягталж үзэлгүй, өмнөх зээлээс үлдсэн байна гэж буруу ойлгон гарын үсэг зурсан. Д.Б 4,000,000 төгрөгийг өмнө авсан зээлийн хүү гэж үзэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Учир нь би Д.Б-ээс авсан 30,000,000 гаруй төгрөгийг өөрийн хашаа, байшингаа Хас банкны зээлийн барьцаанд тавьж банкнаас 50,000,000 төгрөгийн зээл авч Д.Б-эд төлсөн тул одоо төлөх ямар ч зээлийн өргүй болно. 4,000,000 төгрөг өгөөгүй, тухайн зээлийн гэрээнүүдийг нөхөж хийсэн учраас хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарт: ... Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ 4,000,000 төгрөгийг өмнөх зээлийн хүү гэж, мөн өмнөх зээлийн авсан, төлсөн дүнгийн талаар зөрүүтэй тайлбар өгч байна. Нэхэмжлэгч нь 4,000,000 төгрөгийг зээлийн хүү гэсэн үндэслэл огт дурдаагүй. Хариуцагч зөрүүтэй тайлбар өгөөд байгаа учраас нэхэмжлэгчээс 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг шүүхэд гаргаж өгсөн, хариуцагч нар 1 жилийн хугацаатай 40,000,000 төгрөг зээлж авсан, зээлийн хүү 19,200,000 төгрөг болсны 6,400,000 төгрөг төлсөн, 12,800,000 төгрөгийн хүү төлөөгүй байдаг. Д.Б хүүгээ больё, ядаж зээлээ өгөөч гэсний үндсэн дээр 2016 онд 39,000,000 төгрөгийг зээлд авсан, зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, хүү 12,800,000 төгрөг, нийт 13,800,000 төгрөг аваагүй. Хариуцагч нь зээлийн хүүний үлдэгдэл гэж яриад байгаа бол нэхэмжлэгч 13,800,000 төгрөг авах байсан, гэхдээ уг зээлийн гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь хариуцагч нарын нөхцөл байдлыг ойлгоод дахиад 4,000,000 төгрөг бэлнээр өгч зээлсэн, шинээр зээлийн гэрээний харилцаа үүссэн. Д.Б-ээс болж зээлийн өрийн дарамтанд ороод манай амьдрал сүйрсэн гэж тайлбар өгөөд байгаа нь үндэслэлгүй, шүүхэд худал тайлбар өгч байна. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, тухайн өдөр талууд уулзаад нотариатаар ороод хүлээн зөвшөөрөөд 4,000,000 төгрөг бэлнээр өгөөд гарын үсэг зурсан. Нотариат гэрээнд тусгахаас өөрөөр яаж нотлох юм бэ, өмнө нь 40,000,000 төгрөг зээлээд араас нь хөөцөлдөж байж 39,000,000 төгрөг авсан, яг адил байдлаар 4,000,000 төгрөг өгсөн. Иймээс зээлийн гэрээ хүчин төгөлдөр, мөн үүний араас байгуулагдсан 2017, 2019 оны зээлийн нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байна гэв.
5.Хэргийн нотлох баримт:
а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зарлагын баримт, хариуцагч М.О-ийн гар бичмэл, нэхэмжлэгчийн Хас банкны 5001010559 тоот дансны хуулга.
б.Хариуцагчийн нотлох баримт: Ханс банкны тоот зээлийн дансны хуулга, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэл, албан бичиг 2019.12.32 №4/, 2020.01.14 №4/, 2020.02.06 №3/, 2020.03.23 №4/, 2020.04.27 №1/1, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2020.01.07 №1/, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол 2020.02.04 №2/, Хас банк ХХК-ийн хүсэлт, өмчлөх эрх шилжүүлэх гэрээ 2020.03.06 №, төлбөрийн баримтууд, битүүмжилсэн хураасан хөрөнгө чөлөөлөх тухай тогтоол 2020.04.28 №20/, М.О-ийн хүсэлт.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу хариуцагч нарт бэлнээр зээлдүүлсэн 4,000,000 төгрөг, түүний хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
3.Хариуцагч нар нь нэхэмжлэгчээс дээрх гэрээний дагуу бэлнээр 4,000,000 төгрөг зээлж аваагүй учир төлөх үндэслэлгүй, мөн зээл олгоогүй, гэрээг нөхөж хийсэн учир хүчин төгөлдөр бус, зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүдэд юу бичигдсэнийг уншаагүй гарын үсэг зурсан, өмнөх 2014 оны зээлийг Хас банкнаас зээл авч барагдуулсан, нэхэмжлэгч уг зээлийн хүүний үлдэгдэл гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.
4.Хариуцагч М.О нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийн дагуу зээл олгоогүй, нэмэлт өөрчлөлтүүдийг нөхөж хийсэн нь хууль зөрчсөн, мөн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус учир эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулна гэж тайлбарласан.
5.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хариуцагч нарт бэлнээр 4,000,000 төгрөгийг хүлээлгэн тоолж өгсөн, нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд зээлийг бэлнээр хүлээлцсэн талаар тусгасан учир зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүд хүчин төгөлдөр гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а.Зохигчид 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ (хэргийн 5 дахь тал) бичгээр үйлдэж, нэхэмжлэгч 4,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаагаар, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч нар дурдсан хугацаанд зээлийн төлбөрийг төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, нэмэлт нөхцөлд зээлийг бэлнээр хүлээлцсэн талаар дурджээ.
б.Мөн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд (хэргийн 40 дэх тал) дээрх зээлийн гэрээг 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд (хэргийн 6 дахь тал) 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл тус тус сунгахаар заажээ.
в.Хариуцагч нар нэхэмжлэгчээс 2014 онд авсан зээлд нийт 46,240,000 төгрөг төлсөн, Хас банкинд хашаа байшингаа барьцаалан зээл авч, улмаар хашаа байшингаа хураалгаж төлсөн гэх тайлбар гаргаж, Ханс банкны тоот зээлийн дансны хуулга (хэргийн 75-77 дахь тал), Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2017/ дугаар шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны баримтууд (хэргийн 78-90 дэх тал)-ыг шүүхэд гаргасан.
г.Хариуцагчийн дээрх татгалзалтай холбоотойгоор нэхэмжлэгч талаас 40,000,000 (35,000,000+5,000,000) төгрөгийн үнийн дүн бүхий 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2014 оны 05 дугаар 05-ны өдрийн 5,000,000 төгрөгийн зарлагын баримт, хариуцагч М.Оийн гар бичмэл, нэхэмжлэгчийн Хас банкны тоот дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргасан (хэргийн 41-45 дахь тал, 103-109 дэх тал) ба эдгээр баримтаар тухайн зээлийн гэрээний дагуу хариуцагчаас 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 840,000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 1,600,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,600,000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 39,000,000 төгрөг, нийт 46,240,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна.
7.Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 4,000,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн эсэхэд маргаж байна.
8.Зохигчид зээлийн гэрээг бичгээр хийсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх хэсэгт Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ: талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасныг зөрчөөгүй байх хэдий ч талуудын тайлбарыг хэргийн нотлох баримттай харьцуулан үзэхэд уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс хариуцагчид 4,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлсэн гэх байдал хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй байна. Тодруулбал,
а.Нэхэмжлэгч нь нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний 5 дахь заалтад нэмэлт нөхцөл: зээлийг бэлнээр хүлээлцсэн гэж тусгаснаар зээл олгосон нь нотлогдож байгаа, нотариатчийн дэргэд 4,000,000 төгрөгийг хариуцагч нарт тоолж өгсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар нь 4,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй, хэдэн төгрөгийн мөнгөн дэвсгэрт хэдэн ширхэг байснаа нэхэмжлэгч нотлоогүй гэж маргасан.
б.Зээлийн гэрээний 5 дахь заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу үгийн шууд утгаар тайлбарлахад зээлийг бэлнээр хүлээлцсэн агуулгатай боловч уг үйлдэл нотариатчийн дэргэд хийгдсэн гэх утга тус заалтад үгээр илэрхийлэгдээгүй.
в.Мөн бэлэн хэлбэрээр зээлийг олгосон эсэхэд талууд маргаж байгаа нөхцөлд төлбөрийн хууль ёсны хэрэгсэл болох Монголбанкнаас гүйлгээнд гаргасан мөнгөн тэмдэгтийг ямар тоо хэмжээгээр, ямар мөнгөн дэвсгэртээр шилжүүлсэн нь ач холбогдол бүхий байхаар боловч нэхэмжлэгч энэ талаар тодорхой тайлбар гаргаагүй, зээлийн гэрээнд тусгагдаагүй.
г.Үүнээс гадна зээлийн гэрээг бичгээр үйлдсэн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нар 39,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд өмнөх 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба үүнтэй зэрэгцэн тухайн өдөр нэхэмжлэгчээс 4,000,000 төгрөг бэлнээр зээлж авах шаардлага байгаагүй гэж хариуцагч тайлбарласан.
д.Талуудын дээрх тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулахад нэхэмжлэгчээс хариуцагч нарт 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн байдал тогтоогдохгүй байна.
9.Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцох бөгөөд мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Иймээс нэхэмжлэгчээс хариуцагч нарт зээл 4,000,000 төгрөг бэлнээр шилжүүлсэн байдал тогтоогдохгүй байх тул шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.
11.Хариуцагч татгалзалдаа нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хүүний үлдэгдэл гэж 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан хэдий ч нэхэмжлэгч талаас 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсон, уг гэрээтэй нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа зээл 4,000,000 төгрөг болон түүний хүү, алдангийн төлбөр холбоогүй гэж үгүйсгэсэн.
Нэхэмжлэгч хариуцагчаас ямар үндэслэлээр юу шаардах нь түүний бие даан тодорхойлох асуудал бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоогүй, харин 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 4,000,000 төгрөгийн зээлийг бэлнээр олгосон гэж тайлбарласан тул шүүх 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний талаар дүгнэлт өгөх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, үндэслэлээр хязгаарлагдахыг дурдах нь зүйтэй.
12.Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч нараас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 4,000,000 төгрөг, хүү 9,600,000 төгрөг, алданги 2,000,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
13.Хариуцагч М.О нь нэхэмжлэгчид холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн нэмэлт гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч нь хариуцагч нарт бэлнээр 4,000,000 төгрөг тоолж хүлээлгэн өгсөн, нотариатчаар гэрчлүүлсэн зээлийн гэрээний нэмэлт нөхцөлд зээлийг бэлнээр хүлээлцсэн талаар тусгасан учир зээлийн гэрээ, нэмэлт гэрээнүүд хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан.
14.Дээр дурдсанаар шүүх 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж дүгнэсэн бөгөөд гэрээ хүчин төгөлдөр эсэхийг зөвхөн байгуулагдсан гэрээний хувьд дүгнэх үндэслэлтэй болно. Үүнээс гадна зээл олгоогүй, нэмэлт өөрчлөлтүүдийг нөхөж хийсэн гэх үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үндэслэлд хамаарахгүй.
15.Иймд хариуцагч нарт холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч М.О-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
16.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл гаргасан зохигч төлөх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч, хариуцагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.О, Б.Б нараас 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Д.Б-эд холбогдуулан гаргасан 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтүүдийг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хариуцагч М.О-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Б-ийн төлсөн 235,950 төгрөгийг, хариуцагч М.О-ийн төлсөн 235,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 119.4 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА