Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 841

 

 

 

 

                                                                                   

 

 

 

 

Р.Т-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.И даргалж, шүүгч Д.Ц, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Р.Т-ийн  хариуцагч “УБДС” ТӨХК-д холбогдуулан гаргасан нөхөн төлбөрт 94 844 922 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.О-н илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Т, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Г.Э 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлын байран дээрээ осолдож нас барсан, нөхөн төлбөр аваагүй. Анх 51 939 882 төгрөг нэхэмжилж байсан. Сүүлд 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн. Төрийн албаны тухай шинэ хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа 38 411 040 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 94 891 030 төгрөг нэхэмжилнэ. Хариу тайлбарт дурдсан нэг өрөө байр өгсөн талаар дурдсан байна. Тус байрыг талийгаачийг нас барахаас 1 жилийн өмнө өгсөн, нөхөн төлбөрт өгөөгүй. Байрны 50 хувийг байгууллагаас даагаагүй, харин шагналт журмаар олгосон. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр 1 цагийн цалинг 3 818 төгрөгөөр боддогоос 1 цагийг 3 300 гаруй төгрөгөөр бодсон байсан. Нийт 5 000 000 гаруй төгрөгийн зөрүү гарч байгаа. Намайг ажилд авсан боловч би ажлаасаа гарсан. Ослын актад Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-ыг заасан байсан. Нөхөн төлбөрийг дутуу өгсөн гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог гэж заасан. Гэтэл хариуцагчийн үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэх хамтын гэрээ нь хуульд зааснаар биш, хуулиар тогтоосон баталгааны хамгийн доод хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор заасан. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хамтын гэрээг үндэслэл болгоогүй, ердөө Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг үндэслэл болгож гаргасан. Хамтын гэрээ нь бодитой гарсан үгүй нь тодорхойгүй бөгөөд хариуцагч тал уг гэрээг гаргахгүй байгаа. Мэргэжлийн хяналтын 3 байцаагчийн дүгнэлтэд 2017 оны 12 дугаар 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно гэж заасны дагуу 38 411 040 төгрөг болж байна. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж зааснаар хариуцагчийн төлсөн 18 243 468 төгрөгийг оруулаад 5 000 000 төгрөгийг нэмбэл нэг удаагийн нөхөн олговор болдог. Бид энэ хэргийн талаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Нөхөн төлбөр гэхээс илүү ар гэрт нь үзүүлж буй буцалтгүй тусламж гэх нь зүйтэй. Шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуульд буцалтгүй тусламжийн талаар заасан байна. Баримт хэрэгтэй болоход хэвлэмэл юмыг өөрчилж авчирдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Э 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр насос станцын труба хоолойг гагнуураар буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж нас барсан Компаниас Г.Э-д 2012 онд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 71б байрны 71 тоотод байрлах 32.8 м.кв талбайтай 1 өрөө байрыг олгохдоо уг байрны үнийн дүнгийн 50 хувь буюу 20 408 662 төгрөгийг шагнал болгож байгууллагаас төлсөн. Осол болсонтой холбоотойгоор түүний ар гэрт олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж, гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар талийгаачийн оршуулгын зардалд зориулж 5 370 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, У ХХК-д шилжүүлсэн. Гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар талийгаачийн ар гэрт Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн хохирол нөхөн төлбөр олгуулах тухай 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 34-06-287/67 тоот акт, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон. Дээрх нөхөн төлбөрт 18 243 468 төгрөгийг олгохдоо талийгаачийн эхнэр Р.Т-ийн  хүсэлтээр байгууллагаас олгосон 1 өрөө байрны үлдэгдэл төлбөр болох 7 441 919 төгрөгийг Голомт банкны 1805022621 дугаарын дансанд, үлдсэн 10 801 540 төгрөгийг талийгаачийн хүүгийн Голомт банкны хадгаламжийн дансанд тус тус шилжүүлсэн байна. Талийгаачийн эхнэр Р.Т-ийг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/179 дүгээр тушаалаар тус компанийн Захиргаа удирдлагын албанд бичээч, бичиг хэргийн ажилтны орон тоог шинээр гаргаж, үндсэн цалинг 600 796 төгрөгөөр тогтоон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Гэвч Р.Т нь тус компанид 2 жил ажиллаад хөдөлмөрийн гэрээг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус компани талийгаачийн эхнэр Р.Тунгалагт оршуулгын зардалд зориулж 5 370 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 18 243 468 төгрөгийн нөхөн төлбөр олгосон, одоо нэхэмжилж байгаа 75 054 862 төгрөгийг олгох үндэслэлгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан хариуцагчаас 50 896 413 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43 948 509 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн, уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 412 432 төгрөгийг гаргуулж шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг хэрэг нь урьд нь 2 удаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 удаа анхан шатанд буцаасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1502 магадлалд хамтын гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч тал өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдгийг дарж ирүүлсэн байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон 01322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай гэжээ. Мөн өмнөх давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож буцаасан байна. Энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад үнэлэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т зааснаар 02918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай гэжээ. Дээрх 2 удаагийн магадлалаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу “хамтын гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангаж, хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан тул үйлдвэрлэлийн осол болох үед даган мөрдөж байсан хамтын гэрээг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж хэрэгт авахуулсан. Сүүлд 2013-2014 онд байгуулсан хамтын гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж хэргийн материалд гаргаж өгсөн боловч үйлдвэрлэлийн осол болсноос хойш 6 сарын дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан байна. Осол болох үед мөрдөж байсан хамтын гэрээ хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдсэн. Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдсэн. Осол болох үед мөрдөж байсан хамтын гэрээ нь тус компаниас олдохгүй байгаа учраас Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт хандаж, лавлагаа, мөн хуулбар хувийг гаргуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах гэсэн боловч тодорхойгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэж шүүх дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хурлыг хуралдуулах хүсэлтийг хүлээн авч хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талийгаачийн сарын цалинг 640 184 төгрөг байсан гэж үзэж түүнийгээ 36 сараар үржиж нэг удаагийн нөхөн төлбөр 23 046 627 төгрөг байна гэж үзэж шийдвэр гаргажээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас гүйцэтгэх  захирлын ажиллагсдын цалин, цалингийн жишгийг нэмэгдүүлэх тухай 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/133 тоот тушаал, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр талийгаачтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.3, 2.4 -т зааснаар ажилтан нь Ашиглалтын албаны цахилгаан гагнуурчны 5 дугаар зэрэгтэй, цагийн тарифт цалин 3 313,58 төгрөг, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл байхаар тохиролцсон байна. Үүнээс харахад талийгаачийн цагийн тариф 3 810,62 байгаагүй бөгөөд 3 313,58 төгрөг байсан мөн сарын цалин 640 184 төгрөг биш 506 763 төгрөг байсан гэдэг нь хэрэгт авагдсан дээрх баримт, цалингийн тооцоогоор нотлогддог. Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар цагийн тарифт цалин 3 810,62 сарын цалин 640 184 төгрөг байсан гэж үзэж, тэрхүү цалинг 36 сараар үржүүлээд 23 046 627 нэг удаагийн нөхөн төлбөрийг тооцож, түүнийг хоёроор үржиж, 46 039 254 төгрөг дээр өмнө олгогдсон нөхөн төлбөрийн дутуу олгосон хэсэг гэж 4 803 159 төгрөгийг нэмж, 50 896 413 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцалгүй, хэргийн бодитой, үнэн зөв дүгнээгүй гэж үзэж байна. Мөн яагаад сарын цалинг 640 184 төгрөгөөр тооцсон талаараа тусгаагүй байна. Гэтэл шүүгч хариуцагчаас хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид олгохыг хүссэн 1 404 000 төгрөгийг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй нь мөн шүүгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлээгүй, хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцалгүйгээр үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, тулуудын эрх тэгш оролцоог хангаж, шүүхэд мэтгэлцэх, эсрэг талын тайлбар, шаардлагад хариу өгөх, хүсэлт гаргах, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах, хэргийн оролцогчдоос асуулт тавих, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргах, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж, зөвхөн нэг талыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн. Мөн шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч шүүхэд илтэд зориуд худал мэдүүлэг, тайлбар өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа 2017 онд батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлд заасанд үндэслэн 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болох 38 411 040 нэхэмжилжээ. Тус компанийн ажиллагсад төрийн албан хаагчийн ангилалд хамаардаггүй бөгөөд уг байгууллага нь аж ахуйн тооцооны үндсэн дээр өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг төрийн өмчит хувьцаат компани юм. Нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд гаргаж өгөөгүй гэж үзэж, миний шүүх хуралдааны өмнө болон шүүх хуралдааны явцад тайлбар, мэтгэлцэх зэрэг эрхийг хязгаарласан болно. Шийдвэрийн үндэслэх хэсэгт талийгаач нь төрийн өмчит хувьцаат компанид засварчны ажил эрхлэн, төрийн үйлчилгээний 5 дугаар зэргийн цалингаар цалинждаг байжээ гэж Төрийн албаны хуулийн үйлчлэлд хамааруулан төрийн үйлчилгээний албан тушаалд гэж дүгнэж, 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр нэхэмжлэх нь зүй ёсны мэт боловч нэхэмжлэлдээ хуулийн үндэслэл болгосон Иргэний хуулийн холбогдох заалтууд энэ маргаанд хамаарахгүй гэх байдлаар хэрэгсэхгүй болгож, үлдсэн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн тухай заасан. Талийгаач 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр осолд орсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талийгаач нь тус байгууллагатай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд энэхүү харилцаа нь хөдөлмөрийн гэрээ түүнээс уламжлан үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа юм. Талийгаачийн өмгөөлөгч анх 2017 онд шүүхэд нөхөн төлбөрийн асуудлаар нэхэмжлэл гаргасан. Тиймээс Иргэний хуулийн холбогдох заалтаар уг асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Компаниас талийгаач Г.Энхбатад 2012 онд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 71 байрны 71 тоотод байрлах 32.8 м.кв талбайтай 1 өрөө байрыг олгохдоо уг байрны үнийн дүнгийн 5 хувь буюу 20 408 662 төгрөгийг шагнал болгож байгууллагаас төлсөн. Осол болсонтой холбоотойгоор түүний ар гэрт олгох тэтгэмжийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэсэн байна. Гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар талийгаачийн оршуулгын зардалд зориулж 5 370 000 төгрөгийг Улаанбаатар Буян ХХК-д шилжүүлсэн. Гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар талийгаачийн ар гэрт 18 243 468 төгрөгийг 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгожээ. Талийгаачийн ар гэрийн амьдралд туслах зорилгоор эхнэр Р.Т-ийг захиргаа удирдлагын албанд бичээч, бичиг хэргийн ажилтны орон тоог шинээр гаргаж, үндсэн цалинг 600 796 төгрөгөөр тогтоож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан байна. Гэвч Р.Т 2 жил ажиллаад 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Дээрх хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэргийг олон талаас нь үнэн, зөв, бодитой дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, зохигчдыг мэтгэлцэх тэгш боломжоор хангаагүй, холбогдох хууль тогтоомж, хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчиж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, мөн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Р.Т нь хариуцагч “УБДС” ТӨХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 75 054 862 төгрөг гаргуулахаар шаардсанаа шүүх хуралдаан дээр 51 939 882 төгрөг болгон багасгаж /хх128/, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 60 сарын нөхөн төлбөрт 38 411 040 төгрөг, дутуу 5 000 000 төгрөгийг нэмж, нийт 94 844 922 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ. /хх165/

Хариуцагчийн төлөөлөгч ажилтан Г.Э-ыг ажил үүргээ гүйцэтгэж явцад үйлдвэрлэлийн ослоор нас барсан тул ар гэрт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т зааснаар 36 сарын нөхөн төлбөр 18 243 468 төгрөгийг, мөн оршуулгын зардал олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хавтаст хэргийн 3,4 дүгээр талд авагдсан Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 05/092/16 тоот шинжээчийн дүгнэлтээр осолдогч Г.Энхбатын сарын цалин нь 640 184,1 төгрөг /3 810,62 х 168 цаг/ болохыг нэгэнт тогтоосон, акт хүчин төгөлдөр байх тул шүүх уг хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд дутуу тооцсоныг нөхөн гаргуулах нь зөв болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш олгохоор заасан байх бөгөөд 36 сарын цалинтай нөхөн төлбөрийг 2 удаа гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, талийгаач Г.Энхбатын ар гэрт нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хамтын гэрээний заалтыг үндэслэн гаргаагүй тул хамтын гэрээг нотлох баримтаар гаргуулах хүсэлт ач холбогдолгүй бөгөөд шүүх уг хүсэлтийг хангалгүйгээр хуулиар тогтоосон нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Үйлдвэрлэлийн ослоор нас барсан ажилтанд ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргийн дагуу нөхөн төлбөр олгох нарийвчилсан зохицуулалт нь уг маргаанд хамаарах бөгөөд Төрийн албаны тухай хуулийг үндэслэж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Иймд шүүх үндсэн цалинг 640 184.1 төгрөгөөр тооцож, 50 896 413 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцүүлэн үнэлсэн шийдвэр үндэслэл бүхий болсон тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 412 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ц.И

                                    ШҮҮГЧИД                                         Д.Ц

                                                                                                А.О