Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 01322

 

 

 

 

 

 

 

 

  2018 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2018/01322

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 71-5 дугаар байр, 92 тоотод оршин суух, Боржигин ургийн овогтой Р.Т-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Энгельсийн гудамж, өөрийн байранд байрлах, “УБДС ТӨХК /РД:2688476/-д холбогдох,

 

75,054,862 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргасан учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.5, 95.4-д зааснаар гомдлыг хянасан шийдвэрийг ажил олгогч биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 059216 тоот дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтийг ажил олгогч байгууллага сайн дураараа биелүүлэхгүй байгаа бөгөөд биелүүлэх үүрэгтэй гэж хуулинд заагаад өгчихсөн. Хамтын гэрээг хамгийн гол гэж яриад байна. Энэ гэрээний 3.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлт түүнтэй холбоотой асуудлаар хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлд сонгох болон энэ хуулиар шууд зохицуулагдаагүй асуудлаар ажил олгогч ажилтны гэрээг мөн тохиролцоо хийсний дагуу мөн хуулийн 97 дугаар зүйлд 36 ба түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгоно гэж заасан. Хамтын гэрээний 4.2-т нөхөн төлбөрийг 1 удаа 36 сараар олгоно гэсэн заалт байгаа тул энэ заалтаар 2013 онд олгосон нөхөн төлбөр гэгчийг оруулахгүйгээр Хөдөлмөрийн хуулийн дагуу 3 жилийн 36 сарын буюу сарын цалинг 640,184 төгрөгөөр тооцох юм. Хариуцагч шүүхэд өгсөн хариу тайлбартаа тэр жилдээ н.Цэцэгбадам гэж хүний актын дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор буюу 18 сая төгрөгийг өгсөн байсан. Энэ нь хэрэгт авагдсан баримтад байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу н.Цэцэгбадамын актаар өгсөн 18 сая төгрөгийг авсан гэж тооцно. Үүний оронд хамтын гэрээний 1.2.8-д зааснаар ослоор нас барсан ар гэрийнхэнд нөхөн олговрыг 36 сараар тооцож олгоно гэж энэ гэрээнд тусдаа оруулсан заалт байгаа. Тэгэхээр энэ гэрээний дагуу зөрүүг би нэхэмжилж байгаа юм. Өөрөөр хэлбэл 18 сая төгрөгийг тэр үед өгсөн, гэтэл 3 шинжээчийн дүгнэлтээр үнэлгээ гаргасан. н.Энхбатын сарын цалин 640,184 төгрөг гэж бичсэн байгаа. Ингэхээр 18 сая төгрөг биш 23,046,627 төгрөг олгох ёстой байсан юм. 4,854,500 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. Мэргэжлийн хяналтын бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн 2 дугаар хуудсанд 36 сарын цалинтай тэнэх хэмжээний нөхөн олговрыг 1 удаа гэж дүгнэлтэд тусгасан нь хуулийн заалтыг товчилсон зүйл бөгөөд дээрх тэтгэмжийг 1 удаа олгоно гэсэн ойлголт биш гэж заасан. Өөрөөр хэлбэл 3 удаа өгнө гэсэн ойлголт юм. Мөн тухайн актын 3 дугаарт дээд шүүхийн 2007 оны 33 дугаар тогтоолд заасны дагуу нөхөн төлбөрийг хэдэн удаа олгохыг зохицуулна гэж тус тус заасан тул нөхөн төлбөрийг 1 ба түүнээс дээш удаа олгоно гэж байгаа юм. Тэгэхээр нэг удаагийн нөхөн олговор нь 23 сая төгрөг, 3 удаа үржүүлж мөн мөн энэ төлбөр дээр 4,854,500 сая төгрөгийг нэмээд 69,139,881 төгрөг болж байгаа юм. Хамтын гэрээний дагуу дээрх мөнгийг 2-3 жил өгөөгүй байгаа. Мөн өрх толгойлсон эх буюу ганц бие эцэгт хөнгөлөлт үзүүлэх ажиллагааг гэрээнд заасан нөхцөлөөс илүүгээр тогтоож тусламж өгч болно гэж заасан байгаа. Энэ нь хамтын гэрээний 4.2.8-д байгаа бөгөөд н.Энхбат нас барсан нь үнэн, Р.Т 2 хүүхэдтэй өнчин хоцорсон нь үнэн. Хамтын гэрээний 4.2.8-д зааснаар 190,000 төгрөгийг 10 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний буцалтгүй тусламж олгох талаар заасан байгаа. 190,000 төгрөг гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бөгөөд одоо 230,000 төгрөг болсон, гэхдээ би 190,000 төгрөгөөр бодсон. Энэ төлбөрийг хамтын гэрээний дагуу шууд олгох ёстой. Мөн нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал нэхээд байхад огт гаргаж өгдөггүй юм. Талийгаач н.Энхбатын нэмэгдэл хөлс, шагналыг хамтын гэрээний дагуу авах ёстой. Энэ гэрээнд заасны дагуу олгох үүрэгтэй бөгөөд үүнийг төлөхгүй, нэг ч урамшуулал олгохгүй болохоор нь дунджаар 30,000 төгрөгөөр тооцож энэ төлбөрийг 3 жил буюу 36 сараар тооцож байгаа бөгөөд 1,080,000 төгрөг болно. Иймд нийт 72,119,881 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтийг эцсийн дүгнэлт мэтээр яриад байна. Эцсийн дүгнэлтийг шүүх тогтоодог болохоос биш шинжээчийн дүгнэлтээр тогтоодоггүй. Талийгаачийн авч байсан дундаж цалингийн хэмжээ 503,000 төгрөг байсан. Түүнийг нь Хөдөлмөрийн хуулинд заасны дагуу 36 сараар бодож 18 сая төгрөгийг манай байгууллага мэргэжлийн байгууллагын дүгнэлт, албан бичгийг үндэслээд олгосон байдаг. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь н.Энхбаттай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 5 дугаар зэргийн цалинтай буюу цагийн 3,810.62 байхаар тохиролцсон байна гэж буруу бичсэн байгаа юм. Хавтаст хэрэгт 2013 оны 02 дугаар сарын 16-ны өдөр талийгаач байгууллагын удирдлагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд тэр хөдөлмөрийн гэрээнд гагнуурчны 5 дугаар зэрэг 3,313 төгрөгөөр тохирсон. 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 43 тоот тогтоол гарсан. Энэ тогтоолоор цалингийн жишгийг шинэчлэн тогтоох, цалин хөлсийг нэмэх тухай гарсан тогтоол бөгөөд хэвийн бус нөхцөлийн 5 дугаар зэрэгт ажиллаж байгаа ажилтны цалинг 3,313 төгрөг байна гэж заасан байгаа. Энэ төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу компанийн захирал 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А/133 тоот тушаал гаргаад Гомбожав овогтой Энхбатын 5 дугаар зэргийн цалин нь 3,313 төгрөг байна гэж тогтоосон. Үүний дагуу он гараад 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 3,313 төгрөгөөр тохирч хөдөлмөрийн гэрээг байгуулсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар 640,000 төгрөг байна, цагийн тариф 3,810 төгрөг байна гэж байгаа нь огт үндэслэлгүй юм. Талийгаачийг нас барснаас хойш 2013 оны 08 дугаар сард компани цалингаа дахин нэмэгдүүлж 5 дугаар зэргийн цалинг 3,810 төгрөг болгосон юм. Тэгэхээр талийгаачийг нас барахад 3,313 төгрөг байсан. Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарын дүгнэлт огт үндэслэлгүй байгаа юм. Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон эрх бүхий байгууллагын шинжээчийн дүгнэлт, албан бичгээр 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 18,243,468 төгрөгийг талийгаачийн ар гэрийнхэнд олгосон. Өөрөөр хэлбэл Мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Цэцэгбадам гэж хүний дүгнэлтийн дагуу дээрх төлбөрийг өгсөн юм. Үндсэн цалин 507,000 төгрөгийг 36 сараар үржүүлж энэ төлбөрийг өгсөн юм. Энэ төлбөрийг олгохдоо 2 хуваагаад түүний эхнэр Р.Тийн хүсэлтийн дагуу 7,441,919 төгрөгийг Голомт банкны тоот дансанд, үлдсэн 10,801,540 төгрөгийг талийгаачийн хүүгийн Голомт банк дахь дансанд шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт байгаа. Нөхөн төлбөр олгох тухай болон мөнгөн төлбөр олгох тухай гүйцэтгэх захирлын тушаалууд хавтаст хэрэгт байгаа бөгөөд оршуулгын зардалд байгууллагаас 5,370,000 төгрөгийг 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/97 дугаар тушаалаар талийгаачийн оршуулгын зардалд зориулж олгосон юм. Энэ төлбөрийг Улаанбаатар буян ХХК-ийн тоот дансанд шилжүүлсэн баримт тушаалтайгаа хавтаст хэрэгт байгаа юм. Дараагийн асуудал бол 190,000 төгрөг гэж яриад байгаа бөгөөд 2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг байсан. 190,000 төгрөг 2014 оны 08 дугаар эхлээд нэмэгдсэн. Тэгэхээр талийгаачийн нас барах өдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140,400 төгрөг байсан юм. Тэгэхээр энэ тоо үндэслэлгүй байна. Хамтын гэрээний 3.6-д заасан урамшуулал яриад байна. Дундаж төлбөрийг 30,000 төгрөг гээд 6 сая төгрөг нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Шагнал бол ажиллаад авдаг зүйл. Өөрөөр хэлбэл нэхэмжилж байгаа зүйл ойлгомжгүй байна. 18 сая төгрөг 23 сая төгрөг болно, 23 сая төгрөгийг дахин 3 үржүүлнэ гэдгийг ойлгохгүй байна учир нь байгууллага учирсан хохирлыг тухайн үед нөхөн төлчихсөн. Ийм нөхцөлд дахин олон дахин үржүүлж нэхэмжилж байгааг хүлээн авах боломжгүй байгаа юм. Нэг зүйлийг хүлээн зөвшөөрч болно, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 сараар үржээд 1,404,000 төгрөг өгөх боломжтой. Бусдыг зөвшөөрөх боломжгүй байна. Байгууллага талийгаачийг нас барсны дараа түүний эхнэр Р.Тийг 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр захиргаа удирдлагын албаны бичээч, бичиг хэргийн ажилтнаар авч, байхгүй орон тоог бий болгож энэ хүний амьдралыг харж үзэх үүднээс 600,769 төгрөгийн үндсэн цалинтайгаар гэрээ байгуулсан. Гэтэл 2 жил ажиллаад 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр талийгаачийн эхнэр аавын бие муудлаа, өндөр настай аавыгаа харахаас өөр арга алга гээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх хүсэлт гаргаж байгууллага ажлаас нь чөлөөлсөн. Талийгаачийг амьд байхад байгууллага 2012 онд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутагт 1 өрөө байр өгч байсан. Ийм учиртай бөгөөд хамтын гэрээний дагуу 140,400 төгрөгийг 10 дахин үржүүлж 1,404,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад төлбөрийг зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Т нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК холбогдуулан 75,054,862 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт олгох нөхөн төлбөрөөс дутуу олгосон 4,854,500 төгрөг, 36 түүнээс дээш сарын цалинтай тэнцэх 3 удаагийн нөхөн төлбөрт нэг удаа олгох 23,046,627.6 төгрөг х 3 удаа = 69,139,881 төгрөг, өрх толгойлсон эцэг эхэд олгох тусламж 190,000 төгрөг х 10 сар = 1,900,000 төгрөг, ажиллаж байх хугацаанд олгоогүй шагнал, урамшуулал 30,000 төгрөг х 36 сар = 1,080,000 төгрөг нийт 72,119,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч өрх толгойлсон эцэг эхэд олгох тусламж 1,404,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Р.Т  нь Г.Э.тэй 2000 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1435 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

 

Г.Энь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан бөгөөд тэрээр тус компанийн ашиглалтын албанд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул түүний ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 18,243,468 төгрөгийг олгосон нь хэрэгт авагдсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн б/124 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр өвчилсөн ажилтан болон эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно”, 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэж заасан.

 

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолоор ажилчдын цалингийн тарифт цалинг хавсралтаар баталсан байх бөгөөд Дулааны шугам сүлжээний ашиглалт, засварын ажилчин 5 дугаар зэрэг тарифт цалин 3,313.58 төгрөг  байхаар  тогтоосон байх бөгөөд тус компанийн захирлын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/133 дугаар тушаалын хавсралтаар Г.Э-ынтарифт цалинг 3,313.58 төгрөгөөр тогтоожээ.

 

Дээрх баримтаас үзвэл 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгохдоо  4,854,500 төгрөг дутуу олгон байдал тогтоогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтанд олгосон баталгааг илүү нөхцөлөөр хамтын гэрээнд тогтоож болох хэдийн ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд  2013-2014 онд байгуулсан хамтын гэрээний гурав дахь хэсгийн 28-д “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын үндсэн болон тарифт цалинтай тэнцэх хүртэл хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгоно” гэжээ. Хөдөлмөрийн тухай хууль, Хамтын гэрээнд заасан хэмжээгээр нөхөн төлбөрийг нас барсан ажилтны ар гэрт олгосон, ажил олгогч 2 болон түүнээс тээш удаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт олгохыг зөвшөөрөөгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.     

 

Нэхэмжлэгч өрх толгойлсон эцэг эхэд олгох тусламж 190,000 төгрөг х 10 сар = 1,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хариуцагч өрх толгойлсон эцэг эхэд олгох тусламжид 1,404,000 төлөх боломжтой гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.

 

Түүнчлэн Г.Э-ынажиллаж байх хугацаанд олгоогүй шагнал урамшуулалд 30,000 төгрөг х 36 сар = 1,080,000 төгрөг гаргуулахаар шаардсан хэдий ч шагнуулсан, эсхүл шагнал урамшуулал олгоогүйг талаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нотлох баримт гаргаагүй, нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас 1,404,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,715,881 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хувиарлав. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас 1,404,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 70,715,881 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Т улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “УБДС” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 37,066 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР