Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00279

 

Р.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 841 дүгээр магадлалтай,

Р.Тийн нэхэмжлэлтэй,

“У” ТӨХК-д холбогдох,

Талийгаач нөхөр Г.Эын үйлдвэрлэлийн осолд орж нас барсны нөхөн төлбөр, буцалтгүй тусламжид нийт 94 844 922 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талийгаач нөхөр Г.Э 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ажлын байран дээрээ осолдож нас барсан. Бид нөхөн төлбөрийг нь аваагүй. Сүүлд нь ослын актаас нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалт байхыг олж харсан. Ингээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр өмгөөлөгч Б.Даваасүрэнд хандсан. Анх 51 939 882 төгрөг нэхэмжилж байсан. Сүүлд 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэсэн Төрийн албан хаагчийн тухай шинэ хуулийн заалтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа 38 411 040 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт 94 891 030 төгрөг нэхэмжилж байна.

Хариу тайлбарт нэг өрөө байр өгсөн талаар дурдсан байна. Тус байрыг манай талийгаачийг нас барахаас 1 жилийн өмнө өгсөн. Байрны 50 хувийг байгууллагаас даагаагүй, харин шагнал журмаар олгосон. Түүнээс биш нөхөн төлбөрт энэ байрыг өгөөгүй. Мэргэжлийн хяналтын байцаагч н.Цэцэгбадамын дүгнэлтээр 1 цагийн цалинг 3 818 төгрөгөөр бодохоос “У” ТӨХК нь 1 цагийг 3 300 гаруй төгрөгөөр бодсон байсан. Нийт 5 000 000 гаруй төгрөгийн зөрүү гарч байгаа.

Хариуцагч байгууллага нь намайг ажилд авсан гэсэн нэртэй болохоос их дарамттай байсан. Тус байгууллагын хуульч н.Алтанцэцэг анх ажилд авахдаа өнгөрсөн нөхрийг чинь бодож ажилд авч байна гэж хэлсэн нь надад их муухай сэтгэгдэл төрүүлсэн. Надад тэнд ажиллах урам зориг, эрч хүч байгаагүй. Дээр нь н.Алтанцэцэг нь намайг байнга мөрдөж мөшгиж, дарамттай байсан. Мөн аавын бие муу байсан учраас өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан. Хүнийг ажилд авсан нэртэйгээр дарамталж болдог юм уу? Би нөхрийнхөө ослын актанд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан заалтаар нас барсныг мэдсэн. “У” ТӨХК нөхөн төлбөрийг дутуу өгсөн учраас бид нэхэмжлээд явж байна. Тухайн үед нөхөн төлбөрийг нь бүрэн гүйцэд өгсөн бол би ингэж явахгүй байсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог гэж заасан байдаг. Гэтэл хариуцагчийн Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан гэх Хамтын гэрээ нь хуульд зааснаар биш, хуулиар тогтоосон баталгааны хамгийн доод хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор заасан байдаг. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа ийм ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан хамтын гэрээг үндэслэл болгоогүй, ердөө Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг л үндэслэл болгож нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан шүү дээ. Гэтэл үүнийг авч хэлэлцэхгүйгээр зөвхөн Хамтын гэрээг шаардаад байгааг ойлгохгүй байна. Тэр гэрээ нь ч бодитой гарсан үгүй нь тодорхойгүй. Дахин дахин буцаагаад нотлох баримтын шаардлага хангаж ирүүл гэх юм, хариуцагчийн төлөөлөгч тэгээд авч ирэхгүй байгаагаас харахад ийм гэрээ байхгүй байх.

Мэргэжлийн хяналтын 3 байцаагчийн дүгнэлтэд 2017 оны 12 дугаар 07-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно гэж заасны дагуу 38 411 040 төгрөг болж байна. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэж зааснаар хариуцагчийн төлсөн 18 243 468 төгрөгийг оруулаад 5 000 000 төгрөгийг нэмэх юм бол нэг удаагийн нөхөн олговор болог. Бид энэ хэргийн талаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Хүний амь нас хохирсон бол нөхөн төлбөр гэдэг ойлголтыг хариуцлага алдсан эрх бүхий албан тушаалтантай тооцож, шоронд орох ёстой. Хүний амийг хэдэн цаасаар үнэлж байгаа албан тушаалтанд хариуцлага тооцно. Сая цагдаагийн ажилтан нас барахад Ерөнхий сайд өөрөөсөө тусламж үзүүлж, Цагдаагийн байгууллагаас тусламж үзүүлж 3 өрөө байранд оруулж, 3 хүүхдийг нь оюутан болголоо. Ингэж төрд ажиллаж байгаад амиа алдсан хүмүүсийн нөхөн төлбөр, буцалтгүй тусламж өгөх ёстой гэдэг бол тодорхой болж байна. Нөхөн төлбөр гэдэг үг бол хоцрогдсон социализмын үг. Хүний амийг 18 243 468 төгрөгөөр үнэлж байгаа нь буруу гэдгийг ямар ч хуульч хэлнэ. Харин ар гэрт нь үзүүлж буй буцалтгүй тусламж гэвэл зохино. Шинэчлэгдсэн Төрийн албаны тухай хуульд буцалтгүй тусламж гээд ороод ирлээ. Иймээс ар гэрт нь энэ мөнгийг олгож буцалтгүй тусламж үзүүлнэ үү. Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй байх. Би 2, 3 жилийн “У” ТӨХК-ийн архивыг ухсан. Авах юм байхгүй, баримт хэрэгтэй болоход хэвлэмэл юмыг өөрчлөөд аваад ирдэг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Бямба-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус компанийн Ашиглалтын албаны ажилтан Г.Э 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр насос станцын труба хоолойг гагнуураар буулгах ажлыг гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд орж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Компаниас Г.Эад 2012 онд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 71б байрны 71 тоотод байрлах 32.8 м.кв талбайтай 1 өрөө байрыг олгохдоо уг байрны үнийн дүнгийн 50 хувь буюу 20 408 662 төгрөгийг шагнал болгож байгууллагаас төлсөн байдаг. Осол болсонтой холбоотойгоор түүний ар гэрт олгох тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэж, гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/97 дугаар тушаалаар талийгаачийн оршуулгын зардалд зориулж 5 370 000 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, “Улаанбаатар буян” ХХК-д шилжүүлсэн. Компанийн гүйцэтгэх захирлын 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/124 дүгээр тушаалаар талийгаач Г.Эын ар гэрт Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн Хохирол нөхөн төлбөр олгуулах тухай 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 34-06-287/67 тоот акт, 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг 2013 оны 6 дугаар сарын 17-ны өдөр олгосон.

Дээрх нөхөн төлбөрт 18 243 468 төгрөгийг олгохдоо талийгаачийн эхнэр Р.Тийн хүсэлтээр байгууллагаас олгосон 1 өрөө байрны үлдэгдэл төлбөр болох 7 441 919 төгрөгийг Голомт банкны 1805022621 дугаарын дансанд, үлдсэн 10 801 540 төгрөгийг талийгаач Г.Эын хүүгийн Голомт банкин дахь хадгаламжийн дансанд тус тус шилжүүлсэн байна.

Талийгаачийн эхнэр Р.Тийг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Б/179 дүгээр тушаалаар тус компанийн Захиргаа удирдлагын албанд бичээч, бичиг хэргийн ажилтны орон тоог шинээр гаргаж, үндсэн цалинг 600 796 төгрөгөөр тогтоон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авсан. Гэвч Р.Т нь тус компанид 2 жил ажиллаад 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр аавын биеийн байдал муу байгаа тул цаашид ажиллах боломжгүй гээд хөдөлмөрийн гэрээг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэх захирлын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/133 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус компани талийгаачийн эхнэр Р.Тт оршуулгын зардалд зориулж 5 370 000 төгрөгийг буцалтгүй тусламж болгон олгосноос гадна Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 18 243 468 төгрөгийн нөхөн төлбөр олгосон бөгөөд, одоо нэхэмжилж байгаа 75 054 862 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “У” ТӨХК-иас 50 896 413 /тавин сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43 948 509 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба, уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “У” ТӨХК-иас 412 432 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 841 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 412 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Р.Тийн нэхэмжлэлтэй, хариуцагч “У” ТӨХК-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд, 102/ШШ2019/00701 дугаар шийдвэрээр хариуцагчаас 50 535 882 төгрөг гаргуулж, Р.Тт олгуулахаар шийдвэрлэхдээ шүүх хэт нэг талыг барьсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бодитой үнэлж дүгнээгүй, талуудын тэгш оролцоог хангаагүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаагүй, хавтаст хэрэгт  авагдсан нотлох баримтуудтайгаа танилцалгүйгээр шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж, дор дурдсан үндэслэлүүдээр гомдол гаргаж байна. Үүнд:

Уг хэрэг нь урьд нь 2 удаа анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2 удаа анхан шатанд буцаасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны дугаар сарын 27-ны өдрийн 1502 магадлалын “хянавал” хэсгийн хавтаст хэргийн 76-85 дугаар талд авагдсан Хамтын гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хариуцагч тал өөрийн байгууллагын “хуулбар үнэн” тэмдэгийг дарж ирүүлсэн байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон 102/ШШ2018/01322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Мөн түүнчлэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2406 дугаар бүхий магадлалын “хянавал” хэсгийн хавтаст хэргийн 76-85 дугаар талд авагдсан Хамтын гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэ үндэслэлээр өмнө давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож буцаасан байна, энэ алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хэргийн үйл баримтад үнэлэлт өгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 зааснаар 102/ШШ2018/02918 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Дээрх 2 удаагийн магадлалаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт буюу “Хамтын гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангаж, хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан тул үйлдвэрлэлийн осол болох үед даган мөрдөж байсан хамтын гэрээг хэрэгт нотлох баримтын шаардлага хангаж авах нь маш их ач холбогдолтой юм. Сүүлд 2013-2014 онд байгуулсан хамтын гэрээг нотлох баримтын шаардлага хангуулж, хэргийн материалд гаргаж өгсөн боловч үйлдвэрлэлийн осол болсноос хойш 6 сарын дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хурлаар хэлэлцэн баталсан байна. Осол болох үед мөрдөж байсан хамтын гэрээ нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэргийн материалд авагдаагүй байхад хэргийг шийдсэн.

Шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бүхий хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй, хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдсэн. Осол болох үед мөрдөж байсан хамтын гэрээний эх хувь /хх-ийн 76-85 дугаар талд авагдсан/ нь тус компаниас олдохгүй байгаа учраас БГД-ийн Засаг даргын тамгын газарт хандаж, лавлагаа, мөн хуулбар хувийг гаргуулж, хэргийн материалд хавсаргахаас өөр аргагүй байсан учраас шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах тухай хүсэлт гаргасан билээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.2-д тус тус заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийн төрийн захиргааны байгууллагад буюу Засаг даргын Тамгын газарт хүргүүлж, бүртгүүлснээр уг хамтын гэрээ хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалт байдаг. Хавтаст хэргийн 160 дугаар талд авагдсан хамтын гэрээний арын хуудсанд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн зөвлөх 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэл хийж, тэмдэг дарж баталгаажуулсныг харж болно.

Гэвч шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар миний тавьсан хүсэлтийг /хх-ийн 172 дугаар талд авагдсан/ хянаад тодорхойгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд ирээгүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахаас татгалзсан ба нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хурлыг хуралдуулах хүсэлтийг хүлээн авч, хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

Ийнхүү шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 38.9 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Даваасүрэн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ итгэмжлэлийн хугацаа дууссан тул өмгөөлөгчөөр оролцох хүсэлт гаргаж, Хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг баримтаар гаргаж өгсөн байдаг.

Гэвч нэхэмжлэгч Р.Т, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 109 дүгээр талд авагдсан/ гэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүйн зэрэгцээ утга агуулга нь үл мэдэгдэх хуулбарласан баримт байна.

Өмгөөлөгч Б.Даваасүрэнд нь нэхэмжлэгч Р.Тийг шүүхэд төлөөлөх эрх нь нотлох баримтаар олгогдоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх хуралд оролцуулан хэргийг шийдсэн. 

Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талийгаачийн сарын цалинг 640 184 төгрөг байсан гэж үзэж түүнийгээ 36 сараар үржин нэг удаагийн нөхөн төлбөр 23 046 627 төгрөг байна гэж үзэж шийдвэр гаргажээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас /Тухайлбал: /хх-ийн 41 дүгээр талд авагдсан/ Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ажиллагсдын цалин, цалингийн жишгийг нэмэгдүүлэх тухай 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 43 дугаар тогтоолын хавсралт /хх-ийн 42 дугаар талд авагдсан/ баримтаас харахад хэвийн бус нөхцөл 5 дугаар зэргийн цагийн тарифт цалинг 3 313.58 төгрөг байна гэж заасан.

Мөн /хх-ийн 43 дугаар талд авагдсан/ Компанийн Гүйцэтгэх захирлын ажиллагсдын цалин, цалингийн жишгийг нэмэгдүүлэх тухай 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/133 тоот тушаалын хавсралтад /хх-ийн 44 дүгээр талд авагдсан/ Хийн гагнуурчин Г.Э 5 дугаар зэрэг 3 313.58 төгрөг байна гэж заасан байна.

/хх-ийн 21 дүгээр талд авагдсан/ 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр талийгаачтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.3, 2.4 -т зааснаар ажилтан нь Ашиглалтын албаны Цахилгаан гагнуурчны 5 дугаар зэрэгтэй, цагийн тарифт цалин 3 313.58 төгрөг, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл байхаар тохиролцсон байна/ эдгээр баримтаас харахад талийгаачийн цагийн тарифт цалин тухайн үед 3 810.62 төгрөг байгаагүй бөгөөд 3 313.58 төгрөг байсан мөн сарын цалин 640 184 төгрөг биш 506 763 төгрөг байсан гэдэг нь эдгээр баримтууд мөн /хх-ийн 39, 40 дүгээр талд авагдсан/ цалингийн тооцоо зэргээр бүрэн нотлогддог.

/хх-ийн 60 дугаар талд авагдсан/ Компанийн гүйцэтгэх захирлын ажиллагсдын цалин, цалингийн жишгийг нэмэгдүүлэх тухай 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/100 тоот тушаалын хавсралтад /хх-ийн 61 дүгээр талд авагдсан/ Хийн гагнуурчны 5 дугаар зэргийн цагийн тарифт цалин 3 810.62 төгрөг болж нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл талийгаачийг нас барснаас хойш 3 сарын дараа цалин нэмэгдсэн байна.

Тиймээс талийгаачийг нас барах үед гагнуурчны 5 дугаар зэрэгтэй, цагийн тарифт цалин 3 313.58 төгрөг буюу сарын цалин 506 763 төгрөг, 36 сарын цалин 18 243 468 төгрөг байсан байна.

Гэтэл шүүх зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар цагийн тарифт цалин талийгаачийг нас барах үед 3 810.62 төгрөг, сарын цалин 640 184 төгрөг байсан гэж дүгнэж, тэрхүү цалинг  36 сараар үржүүлээд 23 046 627 төгрөгөөр /640 184х36=23 046 627/ нэг удаагийн нөхөн төлбөрийг тооцож, түүнийг 2-оор үржиж, 46 039 254 төгрөг дээр өмнө олгогдсон нөхөн төлбөрийн дутуу олгосон хэсэг гэх 4 803 159 нэмж 50 896 413 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн нь хэт хайхрамжгүй хандаж, хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцалгүй, хэргийн бодитой, үнэн зөв дүгнээгүй гэдгийг харуулж байна. Мөн шүүгч яагаад сарын цалинг 640 184 төгрөгөөр бодсон тухай үндэслэлээ шийдвэрт огт тусгаагүй байна. Хэргийн материалд сарын цалин 640 184 төгрөг байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж илт буруу бичсэн 2017 оны шинжээчийн дүгнэлт нотлох баримтаар авагдсан байдаг. Гэтэл огт үндэслэлгүй хууль бус дээрх актаас өөр талийгаачийн цалинг 640 184 төгрөг байсан гэж үзэх баримт хэрэгт байхгүй байна. Иймээс нэг удаагийн нөхөн төлбөр болох 18 243 468 төгрөгийг 23 046 627 төгрөг байна гэж дүгнэх хууль зүйн ямар ч үндэслэл байхгүй байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2018/01322 дугаар шийдвэр, мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/02918 дугаар шийдвэрүүдэд хариуцагчаас хамтын гэрээгээр тохиролцсон өрх толгойлсон эцэг, эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж буюу /2013 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400х10=1 404 000/ 1 404 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан юм.

Гэтэл шүүгч энэхүү шийдвэртээ хариуцагчаас хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид олгохыг хүссэн 1 404 000 төгрөгийг шүүхийн шийдвэрт огт дурдаагүй нь мөн шүүгч хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянан шийдвэрлээгүй, хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцалгүйгээр үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасныг харуулж байна.

Хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, талуудын эрх тэгш оролцоог хангаж, шүүхэд мэтгэлцэх, эсрэг талын тайлбар, шаардлагад хариу өгөх, хүсэлт гаргах, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан, гарах, хэргийн оролцогчдоос асуулт тавих, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргах, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх, тайлбар гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж, зөвхөн нэг талыг оролцуулан хэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэсэн.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.

Талийгаач нь тус байгууллагатай Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд энэхүү харилцаа нь хөдөлмөрийн гэрээ түүнээс уламжлан үүссэн хөдөлмөрийн эрх зүйн харилцаа юм. Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны зохицуулах зүйл нь Хөдөлмөрийн гэрээ, Хамтын гэрээ, хэлэлцээр түүнээс уламжлан үүссэн бусад харилцаа байдаг билээ. Талийгаач 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр осолд орсон. Талийгаачийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анх 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нөхөн төлбөрийн асуудлаар нэхэмжлэл гаргасан байдаг. Тиймээс Иргэний хуулийн холбогдох заалтаар уг асуудлыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Дээрх хэрэг маргааныг шүүх хянан шийдвэрлэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, хэт нэг талыг барьж, хэргийг олон талаас нь үнэн, зөв бодитой дүгнээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, зохигчдын мэтгэлцэх тэгш эрхээр хангаагүй, холбогдох хууль тогтоомж, хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, мөн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 841 дүгээр магадлалын хянавал хэсэгт “хавтаст хэргийн 3, 4 дүгээр талд авагдсан Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 05/092/16 тоот шинжээчийн дүгнэлтээр осолдогч Г.Эын сарын цалин нь 640 184 төгрөг /3 810.62х168 цаг/ болохыг нэгэнт тогтоосон, акт хүчин төгөлдөр байх тул шүүх уг хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй бөгөөд дутуу тооцсоныг нөхөн гаргуулах нь зөв болно” гэж дүгнэсэн. Энэхүү шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээр асуултад “2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтийн 11 дүгээр асуултын хариултад дурдсан Г.Эын ар гэрт олгосон нөхөн төлбөр 18 243 468 төгрөг дундаж цалин 503 763 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй эсэх, 1 сарын дундаж цалин хэдэн төгрөг болох вэ” гэдэг асуултад хариулахдаа шинжээч доорх байдлаар андуурч илт буруу бичсэн.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан материалтай танилцахад “УБДС” ТӨХК нь Г.Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 3 810.62 төгрөг байхаар тохиролцож гэрээ байгуулсан гэж илт буруу бичсэн.

ХХ-ийн 21 дэх талд авагдсан 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр талийгаачтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.3-т сарын тарифт цалин 5 дугаар зэрэг буюу 3 313.58 төгрөг, хэвийн бус нөхцөл гэж заасан.

Давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр актаар тогтоогдсон гэж дүгнэсэн энэхүү актад талийгаачийн цалин хөлсийг илт буруу бичсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх талийгаачийг нас барах үед хүчин төгөлдөр байсан ажиллагсдын цалин, цалингийн жишгийг тогтоох тухай Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ хавтаст хэргийн 21 дүгээр талд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байхад эдгээр баримтыг огт үнэлэхгүйгээр зөвхөн 2017 оны Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын буруу гарсан, андуурч бичсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаач Г.Эын цагийн тарифт цалин нь 640 184 төгрөг /3 810.62х168 цаг/ болохыг нэгэнт тогтоосон учраас анхан шатны шүүхээс тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээг буруутгах үндэслэлгүй байна гэж илэрхий үндэслэлгүй дүгнэжээ.

Шүүхээс илт хууль бус захиргааны актад заасан дүгнэлтийг шүүхээр эцэслэн тогтоосонтой адил хуулийн хүчин төгөлдөр акт мэтээр үнэлж хэт шударга бус нэг талыг барьж дүгнэлт гаргасан.

Давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэнгийн шүүхэд гаргаж өгсөн Хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээг баримтаар гаргаж өгсөн.

Гэвч нэхэмжлэгч Р.Т, түүний өмгөөлөгч Б.Даваасүрэн нарын 2018 онд байгуулсан Хууль зүйн туслалцаа өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-ийн 109 дүгээр талд авагдсан/ гэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүйн зэрэгцээ утга агуулга нь үл мэдэгдэх хуулбарласан баримт байгааг гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хэлж, тайлбарласан боловч шүүх ач холбогдол өгч дүгнээгүй. Өөрөөр хэлбэл: Өмгөөлөгч Б.Даваасүрэнд нь нэхэмжлэгч Р.Тийг шүүхэд төлөөлөх эрх нь нотлох баримтын шаардлага хангаж олгогдоогүй байхад түүнийг анхан болон давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчөөр оролцуулж хэргийг шийдсэн. Энэ тухай 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгааг харж болно.

Тиймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэр, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 841 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Т “У” ТӨХК-д холбогдуулан талийгаач нөхөр Г.Эын үйлдвэрлэлийн осолд орж нас барсны нөхөн төлбөр, буцалтгүй тусламжид нийт 94 844 922 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагчаас 50 896 413 төгрөгийг гаргуулж, үлдэх 43 948 509 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч “...шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл зааж хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад үндэслэн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Р.Т нь “У” ТӨХК-д холбогдуулан нөхөр Г.Э “У” ТӨХК-ийн ашиглалтын албанд цахилгаан гагнуурчнаар ажиллаж байхдаа 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад үйлдвэрлэлийн осолд өртөж нас барсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2.-т зааснаар ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 2 удаагийн нөхөн төлбөрт 46 093 259.52 төгрөг, өмнө нэг удаагийн нөхөн төлбөрт 23 046 629.76 төгрөг олгох ёстойгоос 18 243 468 төгрөгийг олгосон тул зөрүү 4 803 161.76 төгрөг, Төрийн албаны тухай хуульд зааснаар ажилтны 60 сарын цалинтай тэнцэх хэмжээний буцалтгүй тусламжид 38 411 049.6 төгрөгийг, нийт 94 891 030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч талийгаачийн оршуулгын зардалд зориулж 5 370 000 төгрөгийг буцалтгүй тусламж хэлбэрээр олгож Буян компанийн дансанд шилжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналтын улсын байцаагчийн Хохирол нөхөн төлбөр олгуулах тухай 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 34-06-287/67 тоот акт, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Шинжээчийн дүгнэлтэд заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрт 18 342 468 төгрөгийг талийгаачийн ар гэрт нь олгосон. Тус компани төрийн өмчит компани учир хуульд заасан хэмжээний нөхөн төлбөрийг олгосон тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2.-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гарт 36, түүнээс дээж сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч олгохоор зохицуулжээ.

Хуулийн энэ заалтаар ажил олгогч нас барсан ажилтны ар гэрт хуульд заасан хэмжээний нөхөн төлбөрийг нэг удаа олгохыг үүрэг болгосон бөгөөд түүнээс дээш удаа олгох нь тухайн ажил олгогчийн эрхийн асуудал тул нэгээс дээш удаагийн нөхөн төлбөрийг албадан гаргуулах боломжгүй юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 3 удаагийн нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2. дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн энэ алдааг засаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагч “У” ТӨХК ажилтны ар гэрт нэг удаагийн нөхөн төлбөрийг олгосон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй боловч ажилтанд олгосон нөхөн олговрын хэмжээг буруу тооцсон байх тул зөрүү төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл нөхөн төлбөр тооцсон ажилтны дундаж цалин хөлс нь түүний үндсэн цалингаас багаар тооцогдсон байх тул нөхөн төлбөрийг үндсэн цалингаар тооцож, зөрүүг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ажилтан Г.Э 5 дугаар зэргийн гагнуурчин бөгөөд түүний цагийн тарифт цалин 3 313.58 төгрөг тул нэг сарын үндсэн цалин /3 313.58 х 168 цаг/=556 681 төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр /556 681х 36 сар/=20 040 531 байхад ажил олгогч нөхөн төлбөрт 18 243 468 төгрөгийг олгосон байх тул зөрүү /20 040 531-18 243 468/=1 797 063 төгрөгийг ажил олгогчоос нөхөн гаргуулах үндэстэй байна.

Осол 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гарсан ба энэ үед ажилтны цагийн тарифт цалин 3 313.58 төгрөг байсан болох нь Компанийн гүйцэтгэх захирлын 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/133 дугаартай Цалин нэмэгдүүлэх тухай тушаал, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдсон байхад шүүх осол гарснаас хойш 3 сарын дараа буюу 2013 оны 08 дугаар 05-ны өдрийн Гүйцэтгэх захирлын А/100 дугаартай тушаалаар шинэчлэн тогтоосон тарифт цалин буюу цагийн 3 810.62 төгрөгөөр үндсэн цалинг тооцсон шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх тул “...ажилтны цалинг буруу тооцсон ...” талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Харин Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.-т заасан Албан үүргээ гүйцэтгэх явцад төрийн албан хаагчийн амь нас хохирсон тохиолдолд 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг түүний ар гэрт нь олгоно гэсэн зохицуулалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн тул буцалтгүй тусламжид хариуцагчаас 38 411 040 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 841 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/00701 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн  дэх заалтын “...50 896 413 /тавин сая найман зуун ерэн зургаан мянга дөрвөн зуун арван гурван/ төгрөгийг...” гэснийг “...1 797 063.84 төгрөгийг...” гэж, “...43 948 509...” гэснийг “...93 047 858.16...” гэж, 2 дахь заалтын “...412 432...” гэснийг “...43 703...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын  бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатарын гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “У” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 412 500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД