Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2022/02464

 

 

                      

 

 

 

       

       2022           07              28                                         184/ШШ2022/02464

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж, шүүгч  Б.Баярмаа, шүүгч А.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: М.П /РД: 1111111/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Ц.Т /регистрийн дугаар: 2222222/-д холбогдох,

          “Гэм хорын хохиролд 4,808,334 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хуралдаанд нэхэмжлэгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн даргад Т..Тунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.П намайг 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастаас дэнжийн 1000 явдаг замд Toyota Camry  маркийн 0000 УНД улсын дугаартай автомашины жолооч Ц.Т согтуугаар машин барьж яваад намайг замын хашлага даваад дайрч хүнд гэмтэл учруулсан. Энэ гэмтлээс болж зүүн хөлийн шилбэ яс хугарч, мах арьс 2 давхар өмднүүдийг цоолон ил гарсан байсан. Зүүн нүдний дотор яс хугарсан, нуруу зүүн тал руугаа мурийсан, 420 хоног байнга хугарсан хөл, толгой өвдөж эм ууж байна. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ГССҮТ-д толгойндоо томографик хийлгэсэн өөрчлөлтүүд их гарсан, хугарсан хөлийнхөө зургийг авхуулахад хугарсан ясанд бороо үүсээгүй гэж гарсан ба хугарсан ясыг ойртуулах хагалгаанд ор гэсэн ч одоо болтол ороогүй байна. Биеийн эсэргүүцэл муудсан, толгой байнга өвддөг, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дурангийн шинжилгээнд орсон ходоодны ам дутуу хаагддаг болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Мэдрэлтэй холбоотой гэсэн. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зүрхний эход үзүүлсэн зүрхний эмчилгээ авсан. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд цээжээ гэрэлд харуулахад зүрх зүүн тал руугаа томорсон гэсэн ба зүүн талаараа шидэгдэн унасан юм. Дархлаа муудсанаас Ковид-19 өвчнөөр 2 удаа өвчилж 2 удаа эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсан гэмт хэргийн эрүүгийн анхан шатны шүүх хурал 2021.09.20-нд болсон. Уг шүүх хурлаар 2021.09.20-ны өдрөөс өмнөх эм, тариа унааны зардал 2,006,510 төгрөг надад гаргаж өгөх шийдвэр гарч намайг асарсан эхнэр А.Оийн 3 сарын цалин, миний 90 хоногийн эмчилгээний, эмнэлгийн хуудасны зөрүү, сувилалд явсан материалуудыг гүйцээж иргэний хэргээр нэхэмжлэн ав шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Ц.Т нь 3 удаагийн шилжүүлгээр 2,800,000 төгрөг өгсөн. Энэ нь миний эмчилгээ хийлгэсэн мөнгө бөгөөд нэг ч удаа биеийг минь асууж та эмчилгээндээ хэрэглэ гэж нэг ч төгрөг өгөөгүй. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас хойших  эмчилгээнд

1. Миний 1 сарын цалин 800,000 төгрөг, 3 сар эмчилгээ хийгдсэн листтэй байсан 75 хувиар бодогдсон. Үлдэгдэл 25 хувь нь 200,000 төгрөг, 3 сарын 600,000 төгрөг

2. Эхнэр А.О сувилагч ажилтай Намуумандал эмнэлэг ажилладаг. 3 сар намайг асрахаар чөлөө авсан. 1 сарын 650,000 төгрөгийн цалинтай бөгөөд 3 сарын 1,950,000 төгрөг

3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ өмгөөлөгч Б.Эт өмгөөллийн хөлс 800,000 төгрөг

4. 2021.09.20-ны өдрөөс 2021.10.27-нд явсан 2 өдрийн эм тарианы мөнгө 417,740 төгрөг

         5. 2022 оны 01 дүгээр сард авсан эмний төлбөр 171,074 төгрөг

         6. 2021.10.16, 2021.11.22, 2022.01-03 сар хүртэл авсан эм тариа 437,020 төгрөг,

         7. 2021.08.02-нд Баянхонгор аймаг дахь Бага шаргалжуут буюу Баян ундарга Зэндмэнь ХХК сувилалд 10 хоног сувилуулсан. Эхнэр А.О намайг асарч явсан. Замын зардал 1 хүний 1 талдаа 43,600 төгрөг 2 талдаа 87,200 төгрөг, 2 хүний зардалд нийт 174,400 төгрөг

         8. 2021.08.27-ны өдрөөс 7 хоног эхнэрийн хамт Төв аймаг Баянчандмань сум дахь хүүхдийн шарга амралтанд 7 хоносон. Зардал 2 хүний 40,000 төгрөг, 7 хоногийн төлбөр 2 хүний 140,000 төгрөг нийт 180,000 төгрөг

         9. 2022.03.22-нд Эрхжаргал зүрхний эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж эмчилгээ авсан. 50,000 төгрөг

         10. 2022.04.21-нд өвчин намдаах Япон тариа Залтирон гэх тариаг 158,000 төгрөгөөр авсан ба нийт 4,780,234 төгрөг болж байна.

         11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 31 хуудас баримт нийт 15,500 төгрөг болсон. Өмнөх зардалтай нийт 4,808,334 төгрөг болж байгаа тул  хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.Пгийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой ойлгомжтой байх шаардлагыг зөрчсөн байна. Осолд орсны улмаас ямар гэмтэл авсан, уг гэмтэлтэй холбоотойгоор ямар гэм хор учирсан, түүнийг нотлох баримт хуулийн шаардлага хангасан эсэх зэрэг үндэслэл ойлгомжгүй байна. Хэргийн талаар гаргаж буй тайлбар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Зарим зүйлүүдийг худлаа тайлбар гаргаж байна. Ц.Тгийн зүгээс 1-рт согтуугаар уг ослыг гаргаагүй. Тухайн үед хүн дайрсан гэж мэдээгүй гэртээ очоод хүн орж ирээд нэг пиво задлаад байж байхад Цагдаагийн албан хаагч орж ирээд согтуугаар зам тээврийн осол гарсан гэх байдлаар эрүүгийн шүүхэд яллагдагчаар татаагүй, тогтоогоогүй. Баримттай зүйл нэхэмжилж байгаа гэж байна. Замын хашлага давж хүнд гэмтэл учруулсан гэж, мах арьс цоорсон гэсэн шинжээчийн дүгнэлтээр шилбэний шаант яс, бүсэлхий гэмтэл авсан, тархинд гэмтэл авсан гэж бичсэн байгаа. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр шаант ясны гэмтэл тогтоогдсон. Дахин шинжилгээ хийхэд тархины хаван бусад гэмтлүүд нь авто ослоос болсон гэмтэлтэй шалтгаант холбоогүй байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний карт дээр авто осолд орсны улмаар өвдөж байгаа гэж хэлсэн гэтэл эмч гэмтлээс гаралтай өвдөж байна гэх байдлаар бичээд цаашид мэдрэлийн эмчид хандаж оношоо тавиараа гэх байдлаар бичсэн. Тархины хавантай холбоотой ийм эм тариа, дусал хэрэглэнэ гэх байдлаар бичигдсэн. Үүний дагуу дээрх эм тариаг аваад ийм гэмтэл учирсан хохирлоо нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Жишээ нь зүрхтэй холбоотой дусал хийлгэсэн, тархины хавантай холбоотой эм тариа хийлгэсэн тухай байна лээ. Яг хөлтэй холбоотой ийм эм тариа хийлгэнэ гэсэн баримт байхгүй. Улаанбаатар, Баянхонгор гэсэн зардалтай холбоотой нэхэмжилсэн, хөлтэй холбоотой баримт байхгүй. Мөн сувилалд хэвтсэн тухай ярьсан, тэр нь дүнзэн байшингийн төлбөр тэд гээд хавсаргасан байх жишээтэй. Зарим тохиолдолд супермаркетаас авсан чихэр, жимс авсантай холбоотой баримт хавсаргасан. Гэмтэлтэй холбоотой хавсаргасан баримт хэрэгт байхгүй, эхнэрийнх нь асарсантай холбоотой гаргасан хүсэлт эх хувиараа байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй. Нэхэмжлэгч 1 сарын цалин 800,000 төгрөг, 3 сарын эмчилгээ хийлгэсэн, лист 75 хувиар бодсон гэх тайлбарыг өгч байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй. Эхнэр нь сувилагч ажилтай, 3 сар асрахаар чөлөө авсан гэж байна. Чөлөө хүссэн өргөдөл байна, өргөдөлтэй холбоотойгоор цалингийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд энэ баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийгээд, өмгөөлөгчийн 800,000 төгрөгийн хөлсийг оруулсан байна. Өмгөөлөгч нь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тул нэхэмжлэгчийн төлсөн 500,000 төгрөгийг зөвшөөрнө,бусад зардлыг зөвшөөрөхгүй. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хооронд, 2022 оны 1 дүгээр сард авсан 3 ширхэг эм тариатай холбогдолтой баримт, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сар хүртэл цугларсан эм тариатай холбоотой баримтууд, мөн сувилалд сувилуулсан, эхнэр намайг асрамжлан явсан гэх утгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Төв аймгийн Баянчандмань сум дахь амралтын баримт хуулийн шаардлага хангаагүй байна. Эмчилгээтэй холбоотой баримт бүхэлдээ шаардлага хангахгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл буюу шаант ясны хугарал бүхий гэмтэл учирсан гэж гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад толгой, нуруу өвдөж байна гэх асуудал яригдаад нэмэлт шинжилгээ хийгдсэн. 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт гарсан. Уг дүгнэлтээр 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр толгойн компьютер томографын хариунд илэрсэн тархины хаван, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн бүсэлхийн рентген зургийн хариунд илэрсэн бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаантай архаг өөрчлөлтүүд байна. Нүдний эмчийн үзлэгээр нүдний торлогийн хуулрал тогтоогдоогүй болно гэх дүгнэлт гарсан. 4,808,334 төгрөгөөс эмчилгээтэй холбоотой зардал буюу зүрхний эхо, зүрхтэй холбоотой эм тариа авсан, тархины хавантай холбоотойгоор хэрэглэсэн эм, тариа нь гэмт хэргийн улмаас хохирсон гэмтэлтэй холбоогүй, бусад өвчинтэй холбоотой буюу шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон өвчнүүдтэй холбоотой эм, тариануудыг авсан баримтуудыг хэрэгт хавсаргаж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэмэлт шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Нийт 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны болон бусад хохирлыг нэхэмжилж байна гэдэг байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаж байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоогүй, өөр бусад өвчинтэй холбоотойгоор эмчлүүлж, сувилуулсан шаардлага байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд: “Хангай хотхон” ХХК-ийн тодорхойлолт, “Хангай хотхон” ХХК-ийн тэтгэмж олгох тухай баримт, Нийгмийн даатгалын ерөнхий газрын тодорхойлолт, А.Оийн өргөдөл, Намуумандал сувилалын тодорхойлолт, цалин олгох хүснэгт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, худалдан авсан эм, тарианы түүвэр, эм, тариа худалдан авсан төлбөрийн баримтууд, Баян Ундарга Зэндмэнь ХХК-ийн шинжилгээний хариу, Хот хоорондын, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, Хүүхдийн шарга төлбөрийн баримт, зүрхний хэт авиан шинжилгээ, өнгөт допплер, Эрхжаргал төлбөрийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, эмнэлгийн магадалгаа, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн баримт, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Өлзийбат төлбөрийн баримт, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн томографи зэрэг нотлох баримтуудыг ирүүлжээ.  /хх 6-41,129-130/

 

4. Хариуцагчаас шүүхэд: Итгэмжлэл, төрийн банкны орлогын мэдүүлэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадалгаа зэрэг нотох баримтууд /хх 4, 111-117/

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтууд: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн нотлох баримтууд байна. /хх 35-88/

 

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Ц.Тд холбогдуулан “Гэм хорын хохиролд 4,808,334 төгрөг гаргуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.          

 

 1.Нэхэмжлэгч М.Пгээс  2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастаас дэнжийн 1000 явдаг замд Toyota Camry  маркийн 0000 УНД улсын дугаартай автомашины жолооч Ц.Т согтуугаар машин барьж яваад намайг замын хашлага даваад дайрч хүнд гэмтэл учруулсан, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр  эрүүгийн анхан шатны шүүх хурал 2021 оны 09  сарын 20-нд болсон. Уг шүүх хурлаар 2021.09.20-ны өдрөөс өмнөх эм, тариа унааны зардал 2,006,510 төгрөг  гаргаж өгөх шийдвэр гарч, намайг асарсан эхнэр А.Оийн 3 сарын цалин, миний 90 хоногийн эмчилгээний, эмнэлгийн хуудасны зөрүү, сувилалд явсан материалуудыг гүйцээж иргэний хэрэгт нэхэмжлэл гаргаж ав гэж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Ц.Т нь 3 удаагийн шилжүүлгээр 2,800,000 төгрөг өгсөн. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаас хойших  эмчилгээнд гарсан зардал гэж:

1. Миний 1 сарын цалин 800,000 төгрөг, 3 сар эмчилгээ хийлгэхэд листтэй байсан тул цалинг 75 хувиар бодогдсон, үлдэгдэл 25 хувь нь 200,000 төгрөг, 3 сарынх нь  600,000 төгрөг,

2. Эхнэр А.О сувилагчаар Намуу мандал эмнэлэгт ажилладаг. Намайг асрахаар 3 сар  чөлөө авсан. 1 сарын 650,000 төгрөгийн цалинтай бөгөөд 3 сарын  цалинд 1,950,000 төгрөг

3. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан  өмгөөлөгч Б.Э 500,000 төгрөг төлсөн, 300,000 төгрөг төлөөгүй тул өмгөөллийн хөлсөнд 800,000 төгрөг

4. 2021.09.20-ны өдрөөс 2021.10.27-ны өдрүүдэд авсан  эм тарианы мөнгө 417,740 төгрөг

         5. 2022 оны 01 дүгээр сард авсан эмийн мөнгө 171,074 төгрөг

         6. 2021.10.16, 2021.11.22, 2022.01-03 сар хүртэл авсан эм тарианы мөнгө 437,020 төгрөг,

         7. 2021.08.02-нд Баянхонгор аймаг дахь “Бага шаргалжуут”  буюу Баян ундарга Зэндмэнь ХХК-ийн сувилалд 10 хоног сувилуулсан. Эхнэр А.О намайг асарч явсан.  1 хүний замын зардал 1 талдаа 43,600 төгрөг, 2 талдаа 87,200 төгрөг, 2 хүний зардалд төлсөн  нийт 174,400 төгрөг

         8. 2021.08.27-ны өдрөөс 7 хоног эхнэрийн хамт Төв аймаг Баянчандмань сум дахь “Хүүхдийн шарга “ амралтад 7 хоносон. 2 хүний замын зардал 40,000 төгрөг, 7 хоногийн  2 хүний төлбөр 140,000 төгрөг, нийт 180,000 төгрөг

         9. 2022.03.22-нд “ Эрхжаргал” зүрхний эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж эмчилгээ авахад төлсөн 50,000 төгрөг

         10. 2022.04.21-нд өвчин намдаах япон тариа Залтирон гэх тариаг 158,000 төгрөгөөр авсан нийт 4,780,234 төгрөг

 11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 31 хуудас баримт авахад 15,500 төгрөг төлсөн гэж нийт 4,808,334 төгрөгийг хариуцагч Ц.Тгаас гаргуулна хэмээн шаарджээ.

  2. Хариуцагч талаас эс зөвшөөрч:  Хэргийн талаар гаргаж буй тайлбар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Зарим зүйлүүдийг худлаа тайлбар гаргаж байна. Ц.Тгийн зүгээс 1-рт согтуугаар уг ослыг гаргаагүй. Тухайн үед хүн дайрсан гэж мэдээгүй гэртээ очоод хүн орж ирээд нэг пиво задлаад амсаад байж байхад цагдаагийн албан хаагч залгахад өөрөө гэрээ зааж өгөөд цагдаа ирээд таниас согтууруулах зүйл үнэртээд байна гэхэд ийм, тийм зүйл болсон гэдгээ хэлсэн. Согтуугаар зам тээврийн осол гарсан гэх байдлаар эрүүгийн шүүхэд яллагдагчаар татаагүй, тогтоогоогүй. 2-рт тодорхой баримттай зүйл нэхэмжилж байгаа гэж байна. Нэхэмжлэл дээр замын хашлага давж хүнд гэмтэл учруулсан гэж, энэ гэмтлийн улмаас зүүн хөлсний мах арьс хоёрын хооронд цоорсон, бүсэлхий, нуруу гэмтсэн, тархинд гэмтэл авсан гэсэн байсан . Гэтэл шинжээчийн дүгнэлтээр шилбэний шаант ясны цуурал гэсэн гэмтэл гарсан нь тогтоогдсон. Толгойн хаван бусад бүсэлхий, нуруутай гэмтэл авсан, тархинд гэмтэл авсан гэж яриад байгаа учир тогтоол үйлдээд дахин шинжилгээ хийхэд дурдаад байгаа гэмтэл нь автын ослоос учирсан гэх шалтгаант холбоо байхгүй байна. Хуучин ийм өвчинтэй байсан гэдэг нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлт гарсан, хавтаст хэрэгт авагдсан. Үүнтэй холбоотойгоор эмчилгээний карт дээр М.Пгийн зүгээс авто осолд орсны улмаас тархи толгой өвдөж байгаа гэж хэлсэн, гэтэл эмч гэмтлээс гаралтай өвдөж байна гэх байдлаар бичээд цаашид мэдрэлийн эмчид хандаж оношоо тавиараа гэх байдлаар карт дээр нь удаа дараа бичсэн. Мөн карт дээр нь зүрхний бичлэг, ходоодны бичлэг хийлгэсэн нөхцөл байдал байдаг, тархины хавантай холбоотой ийм эм тариа, дусал хэрэглэнэ гэх байдлаар бичигдсэн. Үүний дагуу дээрх эм тариаг аваад холбогдох баримтаа хавсаргаад өгсөн. Өөрөөр хэлбэл автын осолтой холбоотой учирсан хохирол буюу бэртэлтэй шалтгаант холбоогүйгээр учирсан бусад өвчинтэй холбоотой зардлуудаа нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.Хууль зүйн туслалцаа авч байгаа учраас өмгөөлөгчийн зардал 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн  маргаж байна.     

    

         3.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: хариуцагч Ц.Т нь Toyota Camry  маркийн 0000 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ 2021 оны 03 сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастаас дэнжийн 1000 явах замд Сурагчийн 14-р гудамжны 219 тоот хашааны урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.5 дах заалтуудыг зөрчиж,  авто замын хөвөөгөөр түрдэг  тэрэг түрж замын хөдөлгөөнд оролцож байсан нэхэмжлэгч М.Пг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоолоор нотлогджээ. / хх 37-41/

 

         Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч  Ц.Тд холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгаас  2,006,510 төгрөгийг гаргуулан хохирогч М.Пд олгохоор шийдвэрлэсэнд хохирогч талаас давж заалдах гомдол гарсан байх бөгөөд  Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ДШМ/1060 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн  2021 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоолын 2 дах заалтын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар... гэсэн хэсгийг ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар...гэж, 3 дах заалтын... 510 дугаар зүйлийн 510.1... гэснийг 505 дугаар зүйлийн 505.1... гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсэн ба тус шийтгэх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ./ хх 112-117/

          Хариуцагч Ц.Тгаас шийтгэх тогтоолын дагуу нэхэмжлэгч М.Пд 2,006,510 төгрөгийн төлбөр төлөхөөс нийт 2,800,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч тайлбарладаг.    

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ” Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

           497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөн “ гэж,

           энэ хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

           Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн 500,000 төгрөг төлөхийг зөвшөөрч бусад зардлыг эс зөвшөөрч “авто ослоос учирсан гэх шалтгаант холбоо байхгүй, шинжээчийн дүгнэлтээр шилбэний шаант ясны цуурал гэсэн гэмтэл гарсан нь тогтоогдсон. Толгойн хаван бусад бүсэлхий, нуруутай гэмтэл авсан, тархинд гэмтэл авсан гэж яриад байгаа нь хуучин ийм өвчинтэй байсан”  гэдэг нь тогтоогдсон хэмээн тайлбарладаг.

 

          Хавтаст хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны  09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоолд ”Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2220 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. М.Пгийн биед зүүн шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо...3.Уг гэмтэл нь амь насанд аюултай тул... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна ...” гэсэн талаар,

        мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021.06.16-ны өдрийн 525 дугаартай нэмэлт материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд: 1.М.Пгийн 2021.03.25, 2021.04.21-ны толгойн КТГ-ийн хариунд илэрсэн тархи хаван, 2021.04.09-ны өдрийн бүсэлхийн рентген зурагны хариунд илэрсэн бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаантай архаг өөрчлөлтүүд байна. Нүдний эмчийн үзлэгээр нүдний торлогийн хуулрал тогтоогдоогүй болно гэжээ.   /хх 37-41,86 /

 

         5. Хариуцагч Ц.Т нь Замын хөдөлгөөний дүрмийн  хэд хэдэн заалтыг зөрчиж,  авто замын хөвөөгөөр түрдэг  тэрэг түрж /усанд явж байсан / замын хөдөлгөөнд оролцож байсан нэхэмжлэгч М.Пг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас  зүүн шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл учирсан ба  уг гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон  үүнд хариуцагчаас маргаагүй,

            шинжээчийн  2021.06.16-ны өдрийн 525 дугаартай нэмэлт материалаар хийгдсэн дүгнэлтээр тархи хаван, бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаантай архаг өөрчлөлтүүд гэсэн ба нэхэмжлэгчээс эдгээр архаг хууч өвчний өөрчлөлтөд  эмчилгээ хийлгэсэн байгаа нь хариуцагчийн  учруулсан гэмтэлтэй холбоогүй ч гэсэн  хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шалтгаан холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Учир нь нэхэмжлэгч М.Пгийн эрүүл мэндийн дэвтэрт бичсэн бичилтээс үзэхэд  гэмт хэрэг гарснаас хойш буюу 2021.03.10-наас хойш эмчид үзүүлэн эмчилгээ зааж эм бичсэний дагуу авсан эм, тариа, тархины эдийн MRI шинжилгээ хийлгэж, томографи зураг авхуулсан, зүрхний бичлэг хийлгэж, рашаан сувилалд эмчлүүлсэн болох нь тогтоогдсон,

          түүнд  учирсан гэмтэл амь насанд нь аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлт гарсан тул тэрээр өөрийн эрүүл мэндэд анхааран ямар нэгэн эрсдэлээс  урьдчилан сэргийлэн болгоомжилж эмчид үзүүлсний дагуу эм уух, тариа хийлгэж  эмчлүүлсэн байгааг нь буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан ба  хариуцагч М.Т өөрийн буруугаас  зам тээврийн осол гараагүй гэдгээ  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй болно.

Иймд нэхэмжлэгч М.П хариуцагч М.Т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчид учирсан хохирлын талаар:

        Нэхэмжлэгч М.П нь хариуцагч Ц.Тд холбогдуулан “гэм хорын хохиролд нийт 4,808,334  төгрөгийг шаарджээ.

            Хариуцагч Ц.Тгийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М.Пгийн эрүүл мэндэд учруулсан гэмтэл амь насанд нь аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах болох нь  шинжээчийн дүгнэлт, хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолоор   тогтоогдсон, тэрээр зүүн шилбэний шаант ясны ил хугарал гэмтэл авсны улмаас бусдын асаргаа  шаардлагатай болсон тул эхнэр нь 3 сар асарсан, үүнээс шалтгаалан сувиллын газар эмчлүүлэх  шаардлага гарсан, авто ослын улмаас түүний  архаг хууч өвчин өөрчлөлтөд  орж эмчилгээ хийлгэсэн нь хариуцагчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шалтгаан холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

 

        Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

 

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

 1-рт: Нэхэмжлэгч М.П 2021 оны 03 сарын 10-нд авто осолд орж хүнд гэмтэл авах үедээ Хангай хотхон ХХК-д ээлжийн инженерээр ажиллаж, сарын 800,000 төгрөгийн цалинтай байсан ба 2021 оны 03 сарын 10-наас  хойш буюу 2021.03.10-наас 2021.04.10 хүртэл, 2021.04.10-наас 2021.05.10 хүртэл, 2021.05.10-наас 2021.06.10 хүртэл өвчтэй байсан тул цалинг 75 хувиар олгосон нь  Хангай хотхон ХХК-ийн 001/054 тоот албан бичиг, тодорхойлолт, тэтгэмж олголт буюу цалин олгосон хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул цалингийн зөрүү 200,000 төгрөг бүгд 600,000 төгрөгийг хангав.  /хх6-8 /

 2-рт: Нэхэмжлэгч М.Пгийн  эхнэр А.О нь “Намуумандал“ эмнэлэг, сувилалд сувилагчаар ажиллаж сарын 650,000 төгрөгийн цалин авч байсан ба нөхөр М.Пг авто осолд орж хагалгаанд орсны улмаас 3 сар асарч сувилахаар чөлөө авсан болох нь чөлөө хүссэн өргөдөл, цалингийн тодорхойлолт, цалин олгох хүснэгт зэргээр тогтоогдсон тул 3 сарын цалин 1,950,000 төгрөгийг хангав.  / 9-13/

 3-рт: Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан  өмгөөлөгч Б.Э 500,000 төгрөг төлсөн, 300,000 төгрөг төлөөгүй гэж  өмгөөллийн хөлсөнд 800,000 төгрөг шаардсанаас хариуцагч талаас нэхэмжлэгчийн төлсөн 500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тул энэ хэмжээгээр хангаж, үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов. /хх 13-14/

4-рт:  2021.09.20-ны өдрөөс 2021.10.27-ны өдрүүдэд авсан  эм тарианы мөнгө 417,740 төгрөг,

5-рт: 2022 оны 01 дүгээр сард авсан эмийн мөнгө 171,074 төгрөг, 

 6-рт:  2021.10.16, 2021.11.22, 2022.01-03 сар хүртэл авсан эм тарианы мөнгө 437,020 төгрөгийн буюу нийт 417,740+171,074+437,020 =1,025,834 төгрөгийн эм тариа авч уусан болох нь хэргийн 15-43-р талд авагдсан баримт, эрүүл мэндийн картаар тогтоогдсон тул хангав.

         7-рт:  2021.08.02-нд Баянхонгор аймаг дахь “Бага шаргалжуут”  сувилалд 10 хоног сувилуулахад эхнэр А.О асарч явсан. 1 хүний замын зардал 1 талдаа 43,600 төгрөг, 2 талдаа 87,200 төгрөг, 2 хүний зардалд төлсөн  нийт 174,400 төгрөг шаардсанаас  нэхэмжлэгчээс төлсөн замын зардалд 87,200 төгрөгийг хангаж, үлдэх 87,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

          8-рт: 2021.08.27-ны өдрөөс 7 хоног эхнэрийн хамт Төв аймаг Баянчандмань сум дахь “Хүүхдийн шарга “ амралтад 7 хоносон  амарсан 2 хүний замын зардал 40,000 төгрөг, 7 хоногийн  2 хүний төлбөр 140,000 төгрөг, нийт 180,000 төгрөг гаргуулна гэснийг  хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгчээс тус сувилалд цэвэр агаарт гарсан хэмээн тайлбарласан, эмчилгээ хийлгээгүй тул хангаагүй болно.    

        9-рт 2022.03.22-нд “Эрхжаргал” зүрхний эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж эмчилгээ авахад төлсөн 50,000 төгрөг гаргуулна гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул хэрэгсэхгүй болгов.

         10. 2022.04.21-нд  Залтирон гэх тариаг өвчин намдаахаар авсан байх тул төлсөн 158,000 төгрөгийг хангав. Энэ нь гэмтлийн дараах эмчилгээнд хамаарах байна. 

         11. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архиваас авсан 31 хуудас баримт нь эрүүгийн гэмт хэрэгтэй холбоотой уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулах нэхэмжлэл гаргахад  нотлох баримт цуглуулахад нэхэмжлэгчээс  төлсөн  байх тул 15,500 төгрөгийг хангав. 

  Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 4,808,334 төгрөгөөс  300,000+180,000+50,000+87,200=617,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 4,191,134 төгрөгийг хангаж шийдвэрлэв.                         

             Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж, бичгийн нотлох баримтуудыг энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар бичмэл нотлох баримтад тооцож  шүүх үнэлэв.

 

 Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  100 дугаар зүйлийн 100.8-д “Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин зохигчийн аль нэг нь үүнийг зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна” гэж заасан ба томилогдсон иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбатаас “хөдөө явж байгаа  тул эзгүйд шийдвэрлүүлэх” хүсэлт ирүүлсэн ч гэсэн түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

         Иймээс  нэхэмжлэгч болон хариуцагч талаас томилогдсон иргэдийн төлөөлөгч Э.Мөнхбатын эзгүйд шүүх хуралдааныг явуулахыг зөвшөөрсөн тул байхгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар тусгаагүй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:

 

            Нэхэмжлэгч М.П нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 82,800 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118,119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон    

                                                           

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Тгаас 4,191,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Пд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 617,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 82,800 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.  

  

4.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

       

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.ОЮУНЖАРГАЛ

 

 

    ШҮҮГЧИД                                            Б.БАЯРМАА

 

 

                                                                 А.ЭНХТӨР