Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00804

 

 

 

 

 

 

 

 

2023 04 17 210/МА2023/00804

 

 

М.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/00766 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: М.П-

Хариуцагч: Ц.Т-

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохирол 4,802,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.П-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчимд Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Хайлаастаас Дэнжийн 1000 руу явдаг замд Тоёота камри маркийн, 46-12 УНД улсын дугаартай автомашиныг Ц.Т- нь согтуугаар жолоодон явахдаа замын хашлага давж намайг мөргөж, миний биед хүнд гэмтэл учруулсан. Ослын улмаас миний зүүн хөлийн шилбэний яс хугарсан, зүүн нүдний дотор яс хугарсан, нуруу зүүн тал руугаа мурийсан. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд хугарсан хөл, толгой өвдөж, эм уусан.

2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дурангийн шинжилгээнд орсон бөгөөд ходоодны ам дутуу хаагддаг болсон байна гэсэн дүгнэлт гарсан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Гэмтэл согог судлалын төвд толгойн томограф хийлгэхэд өөрчлөлт их гарсан. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зүрхний эход үзүүлж зүрхний эмчилгээ авсан, мөн зүрх зүүн тал руугаа томорсон байна гэсэн. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хугарсан хөлийнхөө зургийг авхуулахад хөлд бороол үүсээгүй байсан.

1.2 Миний нэг сарын цалин 800,000 төгрөг. 3 сар эмчилгээ хийлгэж листтэй байсан тул 75 хувиар цалин бодогдсон. Үлдэгдэл цалин 200,000 төгрөгийг 3 сараар бодохоор 600,000 төгрөг болж байна. Эхнэр А.О- Намуун мандал эмнэлэг-т ажилладаг бөгөөд намайг асрахаар 3 сар ажлаасаа чөлөө авсан.

Иймд ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин 600,000 төгрөг, эхнэр А.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин орлого 1,950,000 төгрөг, өмгөөллийн хөлс 642,500 төгрөг, эм тарианы зардал 1,233,834 төгрөг, сувилал, эмчилгээний төлбөр болон унааны зардал 354,400 төгрөг, нотариатын зардал 6,300, каноны төлбөр 15,500 төгрөг, нийт 4,808,334 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Осолд орсны улмаас ямар гэмтэл авсан, уг гэмтэлтэй холбоотойгоор ямар гэм хор учирсан, түүнийг нотлох баримт хуулийн шаардлага хангасан эсэх зэрэг үндэслэл ойлгомжгүй байна. Замын хашлага давж хүнд гэмтэл учруулсан гэж, мах арьс цоорсон гэсэн шинжээчийн дүгнэлтээр шилбэний шаант яс, бүсэлхий гэмтэл авсан, тархинд гэмтэл авсан гэж бичсэн байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр шаант ясны гэмтэл тогтоогдсон. Дахин шинжилгээ хийхэд тархины хаван бусад гэмтлүүд нь авто ослоос болсон гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан.

М.П- нь настай хүн учраас хууч өвчтэй байх магадлалтай, толгой өвддөг гэх асуудал нь осолтой хамааралгүй. Үүний дагуу дээрх эм тариаг аваад ийм гэмтэл учирсан хохирлоо нэхэмжилж байгаа үндэслэлгүй.

2.2 Эхнэр А.О-ийн цалингийн хувьд нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэргийг гаргаж өгөөгүй байна. Хувийн эмнэлгийн тодорхойлолтоор нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Өмгөөллийн зардал 800,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг төлсөн гэж ярьж байсан, бүрэн өгөөгүй. 4,808,334 төгрөгөөс эмчилгээтэй холбоотой зардал буюу зүрхний эхо, зүрхтэй холбоотой эм тариа авсан, тархины хавантай холбоотойгоор хэрэглэсэн эм, тариа нь гэмт хэргийн улмаас хохирсон гэмтэлтэй холбоогүй, бусад өвчинтэй холбоотой буюу шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон өвчнүүдтэй холбоотой эм, тариануудыг авсан баримтуудыг хэрэгт хавсаргаж нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Нэмэлт шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоогүй, өөр бусад өвчинтэй холбоотойгоор эмчлүүлж, сувилуулсан шаардлага байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Хоёр тал харилцан тохиролцох хэрэгтэй юм болов уу. Нэхэмжилсэн мөнгөний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т-гаас 2,550,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.П-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,258,334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Т-гаас улсын тэмдэгтийн хураамж 55,750 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,258,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. М.П- хариуцагч Ц.Т-гийн учруулсан хүнд гэмтлийн урхаг, үр дагаврыг арилгахаар эмчилгээ, сувилгаа хийлгэсээр байгаа. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Шүүх ...нэхэмжлэгчийн нэхэмжилсэн зардлууд нь зүүн шилбэний шаант ясны ил хугарлыг эмчлэхтэй холбоотой биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

5.2 Анхан шатны шүүх мөн шийдвэрийнхээ 7.2, 7.3 дахь хэсэгт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоос өмнөх зардал, төлбөрийг нэхэмжилж болохгүй мэтээр дүгнэн Баянхонгор аймаг дахь Баян ундарга амралт, сувилалд 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр очиж сувилуулсантай холбоотой зардал, төлбөрийг хангах шаардлагаас хассан, нотариат, каноны зардлын баримт болон хүүхдийн Шарга амралтын төлбөрийн баримт зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг тухайн байгууллагаар үйлчлүүлсэн болохыг, цаашлаад энэ нь гэмт хэргийн улмаас учирсан зардал гэж үзэх боломжгүй гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлд нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 2,258,334 төгрөгийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

6.1 Анхан шатны шүүх 2,258,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Учир нь, тухайн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй шалтгаант холбоогүй. Шинжээчийн болон нэмэлт дүгнэлтээр толгойны өвчин осолтой шалтгаант холбоогүй, архаг хууч өвчин гэсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд толгой, зүрх өвддөг учраас эмчилгээ, сувилгаа хийлгэж, салхинд гарсан гэж тайлбарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч М.П- нь хариуцагч Ц.Т-д холбогдуулан зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин 600,000 төгрөг, эхнэр А.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин орлого 1,950,000 төгрөг, өмгөөллийн хөлс 642,500 төгрөг, эм тарианы зардал 1,233,834 төгрөг, сувилал, эмчилгээний төлбөр болон унааны зардал 354,400 төгрөг, нотариатын зардал 6,300, бичиг баримт хуулбарласан зардал 15,500 төгрөг, нийт 4,802,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч Ц.Т- нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, Сурагчийн 14 дүгээр гудамжны 219 тоот хашааны урд замд Тоёота камри маркийн, 46-12 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчин, нэхэмжлэгч М.П-г мөргөж, түүний биед хүнд гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх.20-27/

 

3.1 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ДШМ/1060 дугаар магадлалаар хариуцагч Ц.Т-г гэм буруутайд тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна./хх 38-42, 113-118/

 

4. Дээрх зам тээврийн ослын улмаас М.П- нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй, энэ хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмжийг сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний 75 хувиар бодож тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч дутуу авсан цалин буюу үндсэн цалин 800,000 төгрөгийн 25 хувь болох 200,000 төгрөг, нийт 3 сарын хугацааны 600,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. /хх 6/

 

4.1 Мөн нэхэмжлэгчийн уг гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн шалтгааны улмаас түүний эхнэр А.О- нэхэмжлэгч М.П-г асрах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалингүй чөлөө авсан болох нь Намду мандал ХХК-ийн тодорхойлолт, цалин олгох хүснэг, чөлөө авах хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүх А.О-ийн ажилгүй байсан 3 сарын цалин 1,950,000 төгрөгийг хариуцагч хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчид нийт 2,550,000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хуульд заасны дагуу гэм хор учруулсан этгээд хохирлыг арилгахад гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс бусдад гэм хорын хохирол учирсан, эдгээрийн хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

5.1 Хэргийн 13-19 дугаар талд авагдсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул нотолгооны чадвараа алдана.

 

Хэргийн 78-79 дүгээр талд нэхэмжлэгч болон Б.Э нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан гэх Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нотлох баримтаар авагдсан. Уг гэрээнд ажлын хөлсний хэмжээг заагаагүй байхаас гадна нэхэмжлэгчээс хууль зүйн туслалцааны хөлсөнд 642,500 төгрөгийг Б.Эрдэнэбаатарт төлсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд анхан шатны шүүх дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

5.2 Хэрэгт авагдсан эм тарианы зардал 1,233,834 төгрөг, сувилал, эмчилгээний төлбөр болон унааны зардал 354,400 төгрөг төлсөн гэх баримтууд нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлийг нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгахгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Харин нэхэмжлэгчид гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардахтай холбоотой нотариатын төлбөрт 6,300 төгрөг, баримт хуулбарласны төлбөрт 15,500 төгрөг, нийт 21,800 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, ebarimt гэх баримтаар /хх 34, 44/ тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь хохиролд 21,800 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас нийт 2,571,800 төгрөг гаргуулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангана.

 

7. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийг дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

8. Нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нийт 4,808,334 төгрөг гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх хуралдаанд 4,802,534 төгрөг болгон багасгасан байхад анхан шатны шүүх багасгасан үнийн дүнгээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь буруу байх тул залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/00766 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 2,550,000 гэснийг 2,571,800 гэж, 2,258,334 гэснийг 2,230,734 гэж,

2 дахь заалтын 55,750 гэснийг 56,099 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

М.БАЯСГАЛАН