Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01827

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2022/01827

 

 

 

М.П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/02464 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.П-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Т-д холбогдох,

Гэм хорын хохиролд 4,808,334 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

М.П- нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 05 минутын орчим Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастаас Дэнжийн 1000 явах замд Тоёота каймри /Toyota Camry/ маркийн 4612 УНД улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодон явахдаа замын хашлага даван нэхэмжлэгч Ц.Т-г дайрч эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан. Уг ослын улмаас нэхэмжлэгчийн зүүн хөлийн шилбэний яс хугарч, мах арьс нь хоёр давхар өмдийг цоолон ил гарсан, зүүн нүдний дотор яс хугарсан, нуруу зүүн тал руугаа мурийсан, улмаар 420 хоногийн турш хугарсан хөл, толгойн өвдөлтөд эм ууж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ГССҮТ-д толгойны томографын зураг авхуулахад өөрчлөлтүүд их гарсан, хугарсан хөлийн зургийг авхуулахад ясанд бороо үүсээгүй, ясыг ойртуулах хагалгаанд орох хэрэгтэй гэсэн хэдий ч одоо болтол эмчлүүлээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр дурангийн шинжилгээнд ороход ходоодны ам дутуу хаагддаг болсон нь мэдрэлтэй холбоотой гэж тайлбарласан.

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр зүрхний хэт дуран авиад үзүүлэн эмчилгээ авсан бөгөөд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд цээж харуулахад зүрх зүүн тал руугаа томорсон гэсэн ба осол болох үед зүүн талаараа шидэгдэн унасан. Нэхэмжлэгч М.П-гийн биеийн эсэргүүцэл муудаж толгой өвддөг болсон бөгөөд дархлаа муудсаны улмаас Ковид-19 өвчнөөр 2 удаа өвчилж эмчилгээ хийлгэсэн. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гарсан гэмт хэргийн эрүүгийн анхан шатны шүүх хуралдаан 2021 оны 09 дугаар сарын 20-ны өдөр болсон. Уг хуралдаанаар 2021 оны 09 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх эм, тариа унааны зардалд 2,006,510 төгрөг гаргуулж М.П-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд бусад хохирлыг иргэний хуульд заасан журмын дагуу нэхэмжлэн ав гэж шийдвэрлэсэн. Энэ хугацаанд Ц.Т- нь М.П-гийн эмчилгээ хийлгэсэн төлбөрт 3 удаагийн шилжүүлгээр 2,800,000 төгрөг өгсөн байдаг.

2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаас хойших эмчилгээнд М.П-гийн 1 сарын цалин 800,000 төгрөг, 3 сар эмчилгээ хийгдсэн листтэй байсан 75 хувиар бодогдсон. Үлдэгдэл 25 хувь нь 200,000 төгрөг, 3 сарын 600,000 төгрөг, эхнэр А.О- нь түнийг асрахаар 3 сарын чөлөө авсан тул 1 сарын 650,000 төгрөгийн цалингаар тооцож 3 сарын 1,950,000 төгрөг, өмгөөлөгч Б.Э-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өгөх өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл авсан 2 өдрийн эм тарианы мөнгө 417,740 төгрөг, 2022 оны 01 дүгээр сард авсан эмний төлбөр 171,074 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 03 сар хүртэл авсан эм тариа 437,020 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баянхонгор аймаг дахь Бага шаргалжуут буюу БУЗ ХХК сувилалд 10 хоног сувилуулсан. Эхнэр А.О- асарч явсан. Замын зардал 1 хүний 1 талдаа 43,600 төгрөг 2 талдаа 87,200 төгрөг, 2 хүний зардалд нийт 174,400 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 7 хоног эхнэрийн хамт Төв аймаг Баянчандмань сум дахь хүүхдийн шарга амралтад 7 хоносон. Зардал 2 хүний 40,000 төгрөг, 7 хоногийн төлбөр 2 хүний 140,000 төгрөг нийт 180,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Эрхжаргал зүрхний эмнэлэгт зүрхний бичлэг хийлгэж эмчилгээ авсны 50,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр өвчин намдаах Япон тариа Залтирон гэх тариаг 158,000 төгрөгөөр авсан ба нийт 4,780,234 төгрөг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 31 хуудас баримт гаргуулан авахад нийт 15,500 төгрөг, нийт 4,808,334 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. Осолд орсны улмаас ямар гэмтэл авсан, уг гэмтэлтэй холбоотойгоор ямар гэм хор учирсан эсэх нь тодорхойгүй, түүнийгээ нотолсон нотлох баримт нь хуулийн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй байна. Замын хашлага давж хүнд гэмтэл учруулсан, мах, арьс цоорсон гэсэн шинжээчийн дүгнэлтээр шилбэний шаант яс, бүсэлхий, тархинд гэмтэл авсан гэж бичсэн. Дахин шинжилгээ хийхэд шаант ясны гэмтэл тогтоогдсон, тархины хаван бусад гэмтлүүд нь авто ослоос болсон гэмтэлтэй шалтгаант холбоогүй гэсэн дүгнэлт гарсан бөгөөд үүнтэй холбоотойгоор авто осолд орсны улмаас өвдөж байгаа гэж хэлэхэд эмчилгээний карт дээр эмч гэмтлээс гаралтай өвдөж байна гэх байдлаар бичээд цаашид мэдрэлийн эмчид хандаж оношоо тавиараа гэсэн. Ингэхдээ тархины хавантай холбоотой ийм эм тариа, дусал хэрэглэнэ гэх байдлаар бичсэн. Үүний дагуу дээрх эм тариаг аваад дээрх гэмтэл учирсан гэж үзэн хохирлоо нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн замын зардал, хугарсан хөлтэй холбоотой шаардлага нь баримтаар нотлогдоогүй. Түүнчлэн асаргаатай холбоотой гаргасан хүсэлт эх хувиараа байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба гурван сарын цалин буюу 3 сар эмчилгээ хийгдсэн листтэй байсан 75 хувиар бодогдсон шаардлагаа баримтаар нотлоогүй, мөн чөлөө хүссэн өргөдөл, түүнтэй холбоотой цалингийн асуудлыг шийдвэрлүүлэх талаар нотлох баримт нь шаардлага хангаагүй.

Нэхэмжлэгч М.П- нь өмгөөлөгчийн хөлс 800,000 төгрөг гэж нэхэмжилсэн байх ба үүнээс 500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төв аймгийн Баянчандмань сум дахь амралтын газар амарсан гэх баримт, эмчилгээтэй холбоотой баримтууд нь бүхэлдээ шаардлага хангахгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад толгой, нуруу өвдөж байна гэсэн тул нэмэлт шинжилгээ хийсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл буюу шаант ясны хугарал бүхий гэмтэл учирсан гэж гарсан. Уг дүгнэлтээр 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр толгойн компьютер томографын хариунд илэрсэн тархины хаван, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн бүсэлхийн рентген зургийн хариунд илэрсэн бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаантай архаг өөрчлөлтүүд гэж мөн нүдний эмчийн үзлэгээр нүдний торлогийн хуулрал тогтоогдоогүй болно гэх дүгнэлтүүд гарсан. Иймд дээрх зардлууд нь гэмт хэргийн улмаас хохирсон гэмтэлтэй шалтгаант шалтгаант холбоогүй, өөр бусад өвчинтэй холбоотойгоор эмчлүүлж, сувилуулсан шаардлага байхаас гадна нэхэмжлэгч нь нэмэлт шинжээчийн дүгнэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн гомдол гаргаж байгаагүй. Нийт 50,000,000 төгрөгийн сэтгэл санааны болон бусад хохирлыг нэхэмжилж байна гэдэг байдлаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэл гаргаж байсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т-гаас 4,191,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 617,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Т-гаас улсын тэмдэгтийн хураамжид 82,800 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаартай дүгнэлтээр тархи, хаван, бүсэлхийн нугалмын мурийлт өөрчлөлтүүд нь тухайн үед үүссэн гэмтэлтэй шалтгаант холбоогүй, өвчний шалтгаант архаг өөрчлөлтүүд байна гэснийг анхаараагүй. Уг өвчинтэй холбоотойгоор эмчилгээ, сувилгаа хийлгэснийг гэмтэлтэй холбоогүй гэж дүгнэсэн атлаа хохирол, гэм хорыг арилгах үндэслэлтэй гэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн эхнэр А.О-ийн чөлөө хүссэн өргөдөл, цалин олгох хүснэгт зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчаас 4,191,134 төгрөг гаргуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Эхнэр А.О- сувилагчаар Н- эмнэлэгт ажилладаг. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эмчилгээний зардлыг гаргаж шийдсэн. Би Чингэлтэй дүүрэгт амьдардаг гэтэл Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн дарга хурандаа н.Мөнхболд гэх хүн хэрэгт нөлөөлсөн. Би өөрийгөө сайн мэдэхээс биш өмгөөлөгч намайг мэдэхгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хашлага давж ирж намайг мөргөсөн. Би нисэлттэй унахдаа гэмтэл авсан. Намайг Улаанбаатар хотод чимээ шуугиан их байгаа тул хөдөө гарч амьдар гэсэн тул одоо хөдөө амьдарч байна. Миний хөл одоо болтол эдгэрээгүй хадаастай хэвээрээ байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч М.П- нь хариуцагч Ц.Т-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,808,334 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нь гэмтэлтэй холбоогүй хохирол нэхэмжилсэн, мөн нотлох баримтгүй тул зөвшөөрөхгүй маргажээ.

/хх1-5, 52/

 

2. Хариуцагч Ц.Т- нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Хайлаастаас Дэнжийн 1000 явах замд Тоёота камри /Toyota Camry/ маркийн 4612 УНД улсын дугаартай автомашиныг жолоодож нэхэмжлэгч М.П-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/531 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ДШМ/1060 дугаартай магадлалаар 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар Ц.Т-д холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-гаас эрүүл мэндийн хохиролд 2,006,510 төгрөгийг гаргуулан хохирогч М.П-д олгохоор шийдвэрлэжээ./хх38-42, 113-118/

 

3. Нэхэмжлэгч нь эхнэр А.О-ийг өөрийг нь асарч сувилж ажлаа хийгээгүй гэсэн үндэслэлээр 3 сарын хугацаанд авах байсан цалин, өмгөөллийн хөлс, эмчилгээний төлбөр, рашаан сувилал, амралтын зардал зэргийг нэхэмжилсэн байх ба, анхан шатны шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байна.Тухайлбал, хэргийн 56-89 дүгээр хуудсанд зохигчийн хүсэлтээр эрүүгийн хэргээс ирүүлсэн баримтууд нь уншиж судлах боломжгүй байдлаар хуулбарлагдсан байгааг залруулж дахин шаардаагүй байна.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хуулийн шаардлага хангасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн эхнэр А.О- нь нэхэмжлэгчийн гэр бүлийн хамаарал бүхий хүн мөн эсэх, Намду мандал гэх эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, нийгмийн даатгал төлдөг эсэх, хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгууллагаас чөлөө авч нэхэмжлэгчийг асарсан эсэх, ажил хөдөлмөрөө эрхлээгүйтэй холбоотой ажлын цагийн бүртгэл, цалингийн баримт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой үндсэн баримтуудгүй, зөвхөн байгууллагын тодорхойлолт, цалингийн хүснэгт гэсэн байгууллагын хуулбар үнэн тэмдэг бүхий хуулбар баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэжээ./хх 9-12/

 

4.а. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна

 

Анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, дүгнэлт хийх боломжгүй, маргаанд ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2022/02464 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ц.АЛТАНЦЭЦЭ