Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1043

 

 

 

 

 

 

 

 

 

                                             “УБХБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “УБХБ” ХХК-ийн хариуцагч Л.Н, Ц.С, “СК ” ХХК, “С” ХХК нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг болох 349 366 644,45 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Н, Ц.С нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх төлбөрийг батлан даагч “С” ХХК, “СК ” ХХК-иар төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Т.Батжаргал, хариуцагч  , хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Л.Н, Ц.С нар нь УБХБ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 294 000 000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлсэн. Анх зээл авахад орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байсан. “СК ” ХХК-ийн эзэмшлийн газрыг болон худалдаж авсан орон сууцны гэрчилгээ гарсны дараа барьцаалах нөхцөлтэй барьцааны гэрээг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Үүнээс хойш орон сууцны гэрчилгээ гарсны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон. Зээлийн барьцааны гэрээ байгуулаад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, 165 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулах зорилгоор баталгаа болгож барьцаалсан. “С” ХХК болон “СК ” ХХК-иар зээлийн үүргийг батлан даалгах шийдвэр гаргасан. Учир нь тухайн үед зээлдэгчийн орлогыг тодорхойлохдоо, зээлдэгч нь өөрөө энэ хоёр компанид үйл ажиллагаа явуулдаг, компанийн орлогыг зээлдэгчийн орлоготой нийцүүлж тооцсон ба ийм агуулгаар тус хоёр компаниар батлан даалт гаргуулан зээл олгосон нөхцөл байдал байдаг. Хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн зөрчлийг үүсгэсэн. Анх зээлийн гэрээг байгуулахад тодорхой эргэн төлөлтийн хуваарьтай, үүнийг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргийн зөрчилд тооцохоор талууд тохиролцсон. 2016 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн. Энэ хугацаанд хариуцсан эдийн засагч, банкны тусгай активын ажилтан нараас хариуцагч нартай холбогдож зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахдаа эргэн төлөлтийн зөрчлөө арилгах хугацаа, боломж олгосон. Хариуцагч нар нь өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг зарж зээлийн төлбөрийг барагдуулна гэдэг. Зээлийн зөрчил арилаагүй, зөрчил хэвээр үргэлжилж байна. Банкнаас энэ хугацаанд удаа дараа зээлийн төлбөрөө төлөх мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн боловч зээлдэгч нараас зээлийн төлбөрийг төлөөгүй. Сүүлдээ биечлэн уулзалт хийхээс зайлсхийдэг, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан. Тиймээс банкнаас зээлийн эргэн төлөлт төлүүлэх ажиллагаанд үр дүн гарахгүй байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлсэн. Зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Н, Ц.С нараас нийт 349 366 644,45 төгрөгийг гаргуулах, хариуцагч Л.Н, Ц.С нар сайн дураараа үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн батлан даалт гаргасан батлан даагч болох “СК ” ХХК, “С” ХХК-иар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 16 дугаар байр, 1 тоот, 165 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Н хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрнө. УБХБтай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ОСЗГ9201/150611 дугаартай гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттайгаар 294 000 000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19.2 хувь /сарын 1.6/-ийн хүүтэйгээр зээлдэн авч, зээлээр худалдан авч буй тухайн орон сууцны гэрчилгээг гаргуулах гаргуулах хүртэл түр хугацаагаар “СК ” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах газрыг түр барьцаалсан. Энэ барьцаатай холбоотойгоор “СК ” ХХК болон түүний толгой компани болох “С” ХХК нартай батлан даалтын гэрээ байгуулсан. УБХБ ХХК-д нийт зээлийн төлбөрт 147 986 000 төгрөг төлсөн. Сард 5 006 000 төгрөгийн төлөлт хийх, графикийн дагуу төлөлт хийж байсан. 2017 оноос бизнес үйл ажиллагаа доголдсоноос болж сар бүрийн график төлөлтөө төлж чадаагүй нь үнэн. УБХБ ХХК нь зээлийн барьцаанд “СК ” ХХК-ийн газрыг түр барьцаалсан байсан бөгөөд 8 дугаар сард байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар, уг газрыг барьцаанаас чөлөөлсөн. Тухайн үед газраа барьцаалахдаа “СК ” ХХК-иар батлан даалт хийлгэх болсон. “СК ” ХХК нь охин компани байсан учраас толгой компани “С” ХХК-ийг оролцуулах шаардлагатай юм байна гээд “С” ХХК болон “СК ” ХХК-тай тус тус батлан даалтын гэрээ хийж байсан. Орон сууцыг худалдан авахад дотоод засал хийгдээгүй байсан. Орон сууцыг худалдан авсны дараа, өөрийн хөрөнгөөр 100 гаруй сая төгрөгийн дотоод засал хийсэн. Энэ баримтуудыг УБХБ ХХК-д гаргаж өгсөн. Орон сууцыг анх 442 500 000 төгрөгөөр худалдан авсан. Байрыг худалдан авснаас хойш 100 гаруй сая төгрөгийн засвар хийж, уг орон сууцны нийт өртөг 550 сая төгрөгт хүрсэн байна. УБХБ ХХК-иас нэхэмжилж байгаа үнийн дүн барьцаа хөрөнгөөс илүү үнийн дүн гарч ирж байна. Нэхэмжилж байгаа 349 000 000 төгрөгийн үнийн дүн, нэмэгдүүлсэн хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “СК ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тус компанийн газрыг чөлөөлж өгсөн. Тус банк нь өөрсдөө зээлтэй байгаа учир батлан даагч “СК ” ХХК-ийг чөлөөлүүлэх саналтай байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Сшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.Сминий бие нь эхнэр Л.Н-гийн хамт УБХБ-тай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулан орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн авсан. Манай компани нь цементийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017 оноос хойш барилгын салбар уналтад орсон учир зээлийн график төлөлтөд хүндрэл гарсан. Банкны зээлээ төлөхийн тулд байр болон үйлдвэрлэлийн зориулалттай газраа зах зээлийн үнээс хямдаар түргэн борлуулах бүх арга хэмжээг авч байна. Энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байгаа талаар банкны эдийн засагч болон удирдлагуудад утсаар болон бичгээр тайлбар өгсөн. Байр болон газраа зарж борлуулаад банкны зээлээ төлж график зээлийг төлөхгүй гэх шалтгаан байхгүй болно гэжээ.

 

Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “С” ХХК нь зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу авсан зээл хүүг хугацаанд нь төлж барагдуулахыг баталж 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Н, Ц.С нараас 349 366 644,45 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх төлбөрийг батлан даагч “С” ХХК-иар төлүүлнө үү. Нэхэмжлэгч нь батлан даагчид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нараас 349 366 644,45 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн агуулгаас харахад дээрх хариуцагч нараас 327 076 387 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэсэн байгаа нь эдгээр үнийн дүнгүүд зөрүүтэй байдлуудаас тухайн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа болох нь, хариуцагч нар үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг батлан даагч “С” ХХК-иар төлүүлэх гэсэн байх тул энэ нь утга агуулгаараа шүүх нэхэмжлэгчийн ийнхүү хүссэнээр нь болзолтойгоор хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нь батлан даагчид гэрээний үүргийн дагуу, мөн хуульд заасан дагуу тус тус ийнхүү шаардлага хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд өөрөө гаргах үүргээ биелүүлээгүй, энэ нь нотлогдохгүй. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, мөн батлан даагчид холбогдуулан шүүхэд шаардлага гаргахын өмнө түүнд өөрт нь хандаж үүргээ биелүүлэхийг шаардсан тухай нотлох баримтыг ирүүлээгүй байгаагаараа Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 3.1, 4.2.2, 4.2.3, 5.1.1, 5.1.3, 5.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээ цуцалж, мөн зээлдэгч үүргээ биелүүлээгүй байгааг батлан даагчид мэдэгдэж шаардсан байхаас гадна зээлдэгч уг үүргээ биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй нь илт тодорхой болсон энэ тохиолдолд энэ үүрэг үүсэхээр байх бөгөөд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч болгох хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 3 шаардлага гаргасан байна. Зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргахгүй. Зээлийн гэрээний харилцаа үүсэхдээ зээлдэгч нь зээлдэгчээс орон сууц худалдан авах гэж орон сууцны зээлийг авсан. Тухайн худалдан авсан орон сууцны гэрчилгээ гараагүй байсантай холбогдуулаад түр хугацаагаар зээлийн барьцаанд өөр зүйл барьцаалж, зээл авсан. Зээлдэгч Л.Н, Ц.С нарт үл хөдлөх хөрөнгө байгаагүй учраас өөрсдийн эзэмшлийн компани болох “СК ” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалсан. Ц.С нь тус компанийн үсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хүүхэд нь захирлаар ажилладаг. 294 000 000 төгрөгийн барьцаанд тус компанийн газар эзэмших эрхийг барьцаалсан байдаг. 450 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авсан, бодит байдал дээр байранд засвар хийж 550.000.000 төгрөгийн хөрөнгө бий болсон. Энэ хөрөнгийг худалдан авахдаа банкнаас 294 000 000 төгрөгийн зээл авсан. Орон сууцыг зээлээр худалдан авахын тулд урьдчилгаа мөнгө 30 хувийг өгөх төлөх ёстой гэсэн шаардлагын дагуу 150 000 000 төгрөгийг төлж, 450 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдэг нь нотлогдож байна. Орон сууц засвартай, засваргүй байсан хамаагүй барьцаа хөрөнгө 450 000 000 төгрөгийн үнэтэй, талууд барьцаа хөрөнгийг 463 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа орон сууцаа барьцаалж, банк “СК ” ХХК-ийн газар эзэмших эрхийг чөлөөлсөн. “СК ” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлсөнтэй холбоотойгоор батлан даагч “СК ” ХХК болон “С” ХХК-ийн батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болж байна. “СК ” ХХК нь газар эзэмших эрхийг түр хугацаагаар анх барьцаалахдаа нэхэмжлэгчийн дурдсанаар компанийн үйл ажиллагааны орлого бусад хөрөнгүүдийг үндэслээд батлан даалт гаргуулсан юм гэж байна гэж ойлгогдох боловч,хэрэгт батлан даалтын гэрээнээс өөр “СК ” ХХК ,”С” ХХК-ийн орлогыг тодорхойлсон баримт байхгүй. Тухайн үед тус компаниуд үйл ажиллагаа явуулж байсан. Орлого тодорхойлсон баримт байхгүй байгаа учраас газар эзэмших эрх гэдэг зүйл, газар бол төрийн өмч хэн нэгэн этгээдийн өмч биш, энэ утгаараа 294 000 000 төгрөгийн барьцаа хангахгүй байна гэдэг утгаар “СК ” ХХК газар эзэмших эрхтэй холбогдуулан батлан даалт гаргаад явж байсан. “СК ” ХХК нь батлан даалтын гэрээ байгуулахад “С” ХХК нь толгой компани байсан учраас давхар батлан даалтын гэрээ байгуулах болсон. Газар эзэмших эрх чөлөөлөгдсөн тохиолдолд батлан даалтын гэрээ дуусгавар болно. Өнөөдрийг хүртэл тухайн компани үр ашиггүй, орлогогүй байхад батлан даагч болгож үүргийг хариуцуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Орон сууцны зээл олгож байгаа харилцаанд худалдан авсан орон сууц нь хангалттай барьцаа байдаг. Орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг зээлдэгч өөрөө худалдан авсан этгээддээ төлсөн. 70 хувийг санхүүжүүлснээс хойш зээлдэгч нар нь 140 гаруй сая төгрөг төлсөн. 70 хувийн үүргийг хангалттай хангана гэж үзэж банк барьцаалсан. Барьцаа нь хангалттай учир дахин батлан даалтын асуудал яригдах шаардлага байхгүй гэж үзэж байна. 349 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Барьцаа нь 463 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 3 удаа нэмэгдүүлэхдээ эцсийн байдлаар зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалсан гэж үзэж байна. Гэрээ цуцалсан, цуцлаагүй нь ойлгомжгүй. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байсан ба хэдэн төгрөгийн зээл авч, одоо хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл гээд байгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болсон асуудлуудаа тодорхой болгох ёстой, тодорхой болгоогүйгээс болоод, хариуцагч тал мэтгэлцэх боломж хангагдахгүй байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлага хангагдаагүй. Энэ хангагдаагүй үндэслэлээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэрээ цуцалсан, цуцлаагүйгээс үүдээд гэрээ цуцалсан бол хэзээ цуцалсан, гэрээгээ цуцлаад үүргээ биелүүлэх шаардлагыг зээлдэгч нарт хэзээ гаргасан нь тодорхойгүй байна. Зээлдэгч зээлийн өр төлбөрөө төлөхгүй, төлөх боломжгүй бол эдгээр баримтад үндэслэн батлан даагчид хандаж, гэрээний үүргийг, гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Гэвч батлан даагчид энэ тухайгаа огт мэдээгүй, хандаагүй, гэрээ цуцлах тухайгаа мэдэгдээгүй. Батлан даагч гэсэн асуудлыг нэмэгдүүлэн шаардлагаар оруулж ирсэн нь хууль зөрчсөн. Иргэний хуульд батлан даалтын гэрээний тухай маш тодорхой дурдсан. Иргэний хуульд заасны дагуу батлан даагчаас шаардах эрх хэзээ яаж үүсэх вэ гэдэг асуудлыг зохицуулсан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хоёр дахь шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой, тодорхойгүй байгаа учраас 349 366 644 төгрөгөөс хэд нь үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл хэд байгаа гэдгийг тодорхойлж харж чадахгүй байна. Анх нэхэмжлэл гаргаж байхдаа үндсэн зээл үлдэгдэл 280 430 478 төгрөг гэсэн байсан. Үндсэн зээлийн төлбөр өнөөдрийг хүртэл энэ дүнгээр явж байгаа юу, тийм бол төлөгдсөн дүн ямар хамааралтай байдлаар хасагдаж байгаа нь тодорхойгүй байна. Үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар яригдахгүй, гэрээний хугацаа дууссан тэр цаг хугацаанаас тооцогдох тул шаардах эрхгүй. Зээлдэгч нарын бизнесийн үйл ажиллагаагүй болж зөрчил үүссэн. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэж өгнө үү. Талууд харилцан тохиролцсон гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой. Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний үндсэн гол зорилго нь гэрээнүүдийн 1.1, зээлийн батлан даалтын гэрээний 1.1, энэ бүх нөхцөл байдлаас харахад зээлдэгч зээлээ төлөөгүй бол барьцаагаар зээлээ хангуулна, барьцаагаар хангагдахгүй бол нөхөн хариуцлагыг батлан даагч хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н, Ц.С нараас 299 503 607,31 хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэлээс 49 863 037,14 төгрөг шаардлага болон “С” ХХК, “СК ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Н, Ц.С нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн Л.Н гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 16 дугаар байрны 1 тоотын 165 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч УБХБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 519 034 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Н, Ц.С нараас 1 655 468 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагаас 49 863 037.14 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацааны нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч УБХБ нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Зээлийн гэрээг цуцлаагүй байсан бөгөөд зээлийн гэрээг цуцалсан талаар үг, өгүүлбэр нэхэмжлэлд тусгагдаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "банк гэрээг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эсэргүүцээгүй болно”, мөн “Нэхэмжлэгч УБХБ ХХК 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна" гэж үйл баримтыг илтэд буруу дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгч талын хүсэл зоригийг буруу тайлбарласан. Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Н, Ц.Снартай байгуулсан Зээлийн гэрээг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр цуцалсан бөгөөд цуцлах хүртэл хугацаанд зээлдэгч Л.Н, Ц.С нар нь зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь ийнхүү шаардах эрхтэй байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх Зээлийн гэрээ цуцалсан хугацааг анхаарч үзээгүй бөгөөд хэт нэг талыг барьж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нөгөөтэйгүүр банк, зээлдэгч нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 10.2, 10.2.2-т заасан зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банк гэрээг цуцалж, зээл, хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан нь гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь зээлдэгчийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор зээлийн гэрээг цуцлах нь банкны эрх болохоос банкны хүлээсэн заавал хэрэгжүүлэх үүрэг биш юм. Гэтэл гэрээг цуцлахгүйгээр гэрээний үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах боломж байхад заавал банкыг гэрээг цуцласан байх ёстой гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч “С” ХХК, “СК ” ХХК нарт холбогдох зээлийн төлбөрийг батлан даагчаар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо " хариуцагч Л.Н, Ц.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна” гэжээ. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан бөгөөд хариуцагч Л.Н, Ц.Снартай байгуулсан зээлийн гэрээнд зааснаар үүрэг биелүүлэх хугацаа өнгөрсөн бөгөөд хугацаанд нь хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй нь харагддаг, хариуцагч нарын хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар Л.Н, Ц.Снар нь гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй, цаашид гүйцэтгэж чадахгүй болох нь давхар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус гэж дүгнэн, нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус гэж дүгнэсэн атлаа хэрэв энэ нөхцөл байдал “тодорхой” болвол нэхэмжлэгч нь батлан даагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардан дахин нэхэмжлэл гаргах эрхтэй талаар огт дүгнэлт хийгээгүй, тодорхойгүй нөхцөл байдалд хэт нэг талыг барьж, хариуцагчийн нотлогдоогүй татгалзлыг зөвшөөрч шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь анх 299 503 607.31 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 3 удаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 349 366 644.45 төгрөгийг шаардсан бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч буюу нийт 1 904 783.23 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр байсан. Анх нэхэмжлэл гаргахдаа 1 725 668 /1 655 468+70 200/ төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн бөгөөд нэхэмжлэлийн нийт үнийн дүнд нийт 249 315.23 төгрөгийг нэмж төлөх байсан ч нэхэмжлэгчээс илүү дүнгээр буюу нийт 793 366 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн байна. Иймд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгчээс илүү төлсөн 544 050.77 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан гаргахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 281.1, 458.1, 460.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бай тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            УБХБ ХХК нь хариуцагч Л.Н, Ц.С, СК  ХХК-д тус тус холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 299 503 607 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 349 366 644 төгрөг болгон нэмэгдүүлсэн, мөн хамтран хариуцагчаар С ХХК-ийг татан, хариуцагч нар зээлийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч СК  болон С ХХК-иас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаарджээ.

            Хариуцагч Л.Н, Ц.Снар нь зээлийн төлбөрийн үүрэгтэйг  үгүйсгээгүй боловч төлбөрийн дүнг бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласан, харин хариуцагч СК  болон С ХХК өөрт холбогдох шаардлагыг зөвшөөрөөгүй маргасан байна.

            Нэхэмжлэгч УБХБ ХХК нь хариуцагч Л.Н, Ц.Снартай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ОСЗГ9201/150611 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч 294 000 000 төгрөгийг 168 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь уг зээлийг жилийн 19.2 хувийн хүүтэйгээр гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээсэн байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар байгуулагдаж, зээлийн гэрээний үүрэг талуудад үүссэн байна.

            Зээлийн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ  зээлдүүлэгч биелүүлсэн, харин зээлдэгч тал зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зөрчсөн нь зохигчдын тайлбар, төлбөр төлсөн талаарх  нэхэмжлэгчийн тооцооллоор тогтоогдож байх бөгөөд зээлдүүлэгч гэрээний 10.3 дахь заалтыг үндэслэн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцалж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны байдлаар үндсэн зээл 280 438 478,77 төгрөг, хүү 19 049 300,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15 827,70 төгрөг, нийт 299 503 607,31 төгрөгийг хариуцагчаас шаардсан агуулга бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч Ц.Стөлбөр төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрсөн, хариуцагч Л.Н үндсэн зээл, хүүг төлөхийг зөвшөөрсөн боловч нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх татгалзлын үндэслэлээ тайлбарлаж, баримтаар нотлоогүй бөгөөд талууд гэрээний  5.4, 7.2.4 дэх заалтаар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээл, зээлийн хүү,  нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй

            Мөн гэрээний 10.3-т Банк гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлийг тогтоосон, зээлдүүлэгч нь зээлдэгч Л.Нд гэрээний үүргийн зөрчлөө арилгаж, төлбөрөө төлөхийг 2016 оны 4 дүгээр сарын 6, 2016 оны 8 дугаар сарын 29, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус тус мэдэгдэж байсан нь хэрэгт баримтаар авагдсан байх бөгөөд зөрчлийг арилгаагүй тохиолдолд зээлийн гэрээг банкны санаачилгаар цуцлах нөхцөл бүрдэж байгааг удаа дараа сануулж байжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөр гэрээ нэг талын санаачилгаар цуцлагдсан гэж дүгнэн тухайн үеийн тодорхойлсон төлбөрийн дүн болох 299 503 607,31 төгрөгөөр нэхэмжлэлийг хангаж, нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, гэрээний 10.3 дахь заалтад нийцэх бөгөөд шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч УБХБ ХХК, хариуцагч Л.Н, Ц.С, СК  ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны барьцааны гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр орон сууцны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ тус тус байгуулагдсан нь хэрэгт баримтаар авагдсан, эдгээр гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна.

Иймд хүчин төгөлдөр гэрээний дагуу барьцааны хөрөнгө болох Л.Н гийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамж, 16 дугаар байрны 01 тоот 165 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх хангасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Мөн нэхэмжлэгч УБХБ ХХК нь 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “СК ” ХХК болон “С” ХХК-тай ЗБДГ9201/150611, 9202/150611 тоот батлан даалтын гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Л.Н, Ц.С нар нь тус банкны өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийг зөрчвөл тус компаниуд нь  төлбөрийг өөрийн хөрөнгөөр төлж барагдуулахаар тохирч, Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний үүрэг хүлээжээ.

Гэрээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.2 дахь хэсгээр тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд үүргээ биелүүлэхийг шаардах эрх талуудад үүснэ.

Зээлдэгч Л.Н, Ц.Снар нь зээлдүүлэгчийн шаардсаны дагуу төлбөрийг барагдуулах талаар бодитой арга хэмжээ авч байгаагаа тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд гаргажээ.

Мөн зээлдэгч нар нь барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг дуусгах хүсэл зоригоо илэрхийлсэн, талуудын харилцан тохиролцож тогтоосон барьцааны хөрөнгийн үнэлгээ нь төлбөрийг барагдуулахад хүрэлцэхүйц гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрхээс үзвэл зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн Л.Н, Ц.С нарыг төлбөрийн чадваргүй, үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж үзэж батлан даагчийн хөрөнгөөр тэдний гэрээгээр хүлээсэн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн гэж үзэхээргүй байх бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг үнэлэн нөхөх хариуцлага бүхий батлан даагчаас төлбөрийг шууд гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн “СК ” ХХК болон “С” ХХК-иудаас төлбөр гаргуулах нэхэмжлэлийн энэ хэсгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийг зөрчихгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Харин шүүх нэхэмжлэгчээс 349 366 644,45 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад 1 904 783,23 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу төлөхөөр байхад 2 519 034 төгрөгийг төлж, илүү 544 050 төгрөг төлсөнийг шүүх лбуцаан олгоогүй байх тул давж заалдах гомдлын энэ хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 519 034 төгрөгийг” гэснийг “1 904 783 төгрөгийг” гэж өөрчлөн, “үлдээж” гэсний дараа “илүү төлсөн 544 050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 407 266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.МӨНХЗУЛ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ