Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00661

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1043 дугаар магадлалтай,

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Л.Н, Ц.С, “С” ХХК, “Са” ХХК-иудад холбогдох,

“Зээлийн гэрээ”-ний үүрэгт 349 366 644.45 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол батлан даагч “С” ХХК, “Са” ХХК-иудаар төлбөрийг төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Г.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Н, Ц.С нар нь “У” ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 294 000 000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй зээлсэн. Анх зээл авахад орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байсан. “С” ХХК-ийн эзэмшлийн газрыг болон худалдаж авсан орон сууцны гэрчилгээг гарсны дараа барьцаалах нөхцөлтэй барьцааны гэрээг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан. Үүнээс хойш орон сууцны гэрчилгээ гарсны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон. Зээлийн барьцааны гэрээ байгуулаад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, 165 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулах зорилгоор баталгаа болгож барьцаалсан. “Са” ХХК болон “С” ХХК-иар зээлийн үүргийг батлан даалгах шийдвэр гаргасан.

Учир нь тухайн үед зээлдэгчийн орлогыг тодорхойлохдоо, зээлдэгч нь өөрөө энэ хоёр компанид үйл ажиллагаа явуулдаг, компанийн орлогыг зээлдэгчийн орлоготой нийцүүлж тооцсон ба ийм агуулгаар тус хоёр компаниар батлан даалт гаргуулан зээл олгосон нөхцөл байдал байдаг. Хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн зөрчлийг үүсгэсэн. Анх зээлийн гэрээг байгуулахад тодорхой эргэн төлөлтийн хуваарьтай, үүнийг зөрчсөн тохиолдолд гэрээний үүргийн зөрчилд тооцохоор талууд тохиролцсон. 2016 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн. Энэ хугацаанд хариуцсан эдийн засагч, банкны тусгай активын ажилтан нараас хариуцагч нартай холбогдож зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахдаа эргэн төлөлтийн зөрчлөө арилгах хугацаа, боломж олгосон. Хариуцагч нар нь өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг зарж зээлийн төлбөрийг барагдуулна гэдэг. Зээлийн зөрчил арилаагүй, зөрчил хэвээр үргэлжилж байна. Банкнаас энэ хугацаанд удаа дараа зээлийн төлбөрөө төлөх мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн боловч зээлдэгч нараас зээлийн төлбөрийг төлөөгүй. Сүүлдээ биечлэн уулзалт хийхээс зайлсхийдэг, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан.

Тиймээс банкнаас зээлийн эргэн төлөлт төлүүлэх ажиллагаанд үр дүн гарахгүй байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлсэн. Зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Н, Ц.С нараас нийт 349 366 644.45 төгрөгийг гаргуулах, хариуцагч Л.Н, Ц.С нар сайн дураараа үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн батлан даалт гаргасан батлан даагч болох “С” ХХК, “Са” ХХК-иар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 16 дугаар байр, 1 тоот, 165 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрнө. Утай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ОСЗГ9201/150611 дугаартай гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттайгаар 294 000 000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19.2 хувь /сарын 1.6/-ийн хүүтэйгээр зээлдэн авч, зээлээр худалдан авч буй тухайн орон сууцны гэрчилгээг гаргуулах гаргуулах хүртэл түр хугацаагаар “С” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах газрыг түр барьцаалсан.

Энэ барьцаатай холбоотойгоор “С” ХХК болон түүний толгой компани болох “Са” ХХК нартай батлан даалтын гэрээ байгуулсан. “У” ХХК-д нийт зээлийн төлбөрт 147 986 000 төгрөг төлсөн. Сард 5 006 000 төгрөгийн төлөлт хийх, графикийн дагуу төлөлт хийж байсан. 2017 оноос бизнес үйл ажиллагаа доголдсоноос болж сар бүрийн график төлөлтөө төлж чадаагүй нь үнэн.

“У” ХХК нь зээлийн барьцаанд “С” ХХК-ийн газрыг түр барьцаалсан байсан бөгөөд 8 дугаар сард байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар, уг газрыг барьцаанаас чөлөөлсөн. Тухайн үед газраа барьцаалахдаа “С” ХХК-иар батлан даалт хийлгэх болсон. “С” ХХК нь охин компани байсан учраас толгой компани “Са” ХХК-ийг оролцуулах шаардлагатай юм байна гээд “Са” ХХК болон “С” ХХК-тай тус тус батлан даалтын гэрээ хийж байсан.

Орон сууцыг худалдан авахад дотоод засал хийгдээгүй байсан. Орон сууцыг худалдан авсны дараа, өөрийн хөрөнгөөр 100 гаруй сая төгрөгийн дотоод засал хийсэн. Энэ баримтуудыг “У” ХХК-д гаргаж өгсөн. Орон сууцыг анх 442 500 000 төгрөгөөр худалдан авсан. Байрыг худалдан авснаас хойш 100 гаруй сая төгрөгийн засвар хийж, уг орон сууцны нийт өртөг 550 сая төгрөгт хүрсэн байна. “У” ХХК-иас нэхэмжилж байгаа үнийн дүн барьцаа хөрөнгөөс илүү үнийн дүн гарч ирж байна. Нэхэмжилж байгаа 349 000 000 төгрөгийн үнийн дүн, нэмэгдүүлсэн хүү, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Тус компанийн газрыг чөлөөлж өгсөн. Тус банк нь өөрсдөө зээлтэй байгаа учир батлан даагч “С” ХХК-ийг чөлөөлүүлэх саналтай байна гэжээ.

Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.С миний бие нь эхнэр Л.Нгийн хамт Утай 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулан орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн авсан. Манай компани нь цементийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017 оноос хойш барилгын салбар уналтад орсон учир зээлийн график төлөлтөд хүндрэл гарсан. Банкны зээлээ төлөхийн тулд байр болон үйлдвэрлэлийн зориулалттай газраа зах зээлийн үнээс хямдаар түргэн борлуулах бүх арга хэмжээг авч байна. Энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байгаа талаар банкны эдийн засагч болон удирдлагуудад утсаар болон бичгээр тайлбар өгсөн. Байр болон газраа зарж борлуулаад банкны зээлээ төлнө, графикт зээлийг төлөхгүй гэх шалтгаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч “Са” ХХК-ийн төлөөлөгч Х.Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Са” ХХК нь зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу авсан зээл хүүг хугацаанд нь төлж барагдуулахыг баталж 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Н, Ц.С нараас 349 366 644.45 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх төлбөрийг батлан даагч “Са” ХХК-иар төлүүлнэ үү гэжээ. Нэхэмжлэгч нь батлан даагчид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нараас 349 366 644.45 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн агуулгаас харахад дээрх хариуцагч нараас 327 076 387 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэсэн байгаа нь эдгээр үнийн дүнгүүд зөрүүтэй байдлуудаас тухайн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа болох нь, хариуцагч нар үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг батлан даагч “Са” ХХК-иар төлүүлэх гэсэн байх тул энэ нь утга агуулгаараа шүүх нэхэмжлэгчийн ийнхүү хүссэнээр нь болзолтойгоор хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь батлан даагчид гэрээний үүргийн дагуу, мөн хуульд заасны дагуу тус тус ийнхүү шаардлага хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд өөрөө гаргах үүргээ биелүүлээгүй, энэ нь нотлогдохгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, мөн батлан даагчид холбогдуулан шүүхэд шаардлага гаргахын өмнө түүнд өөрт нь хандаж үүргээ биелүүлэхийг шаардсан тухай нотлох баримтыг ирүүлээгүй байгаагаараа Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 3.1, 4.2.2, 4.2.3, 5.1.1, 5.1.3, 5.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээ цуцалж, мөн зээлдэгч үүргээ биелүүлээгүй байгааг батлан даагчид мэдэгдэж шаардсан байхаас гадна зээлдэгч уг үүргээ биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй нь илт тодорхой болсон энэ тохиолдолд энэ үүрэг үүсэхээр байх бөгөөд ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч болгох хуулийн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа 3 удаа нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 3 шаардлага гаргасан байна.

Зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар маргахгүй. Зээлийн гэрээний харилцаа үүсэхдээ зээлдэгч нь зээлдүүлэгчээс орон сууц худалдан авах гэж орон сууцны зээлийг авсан. Тухайн худалдан авсан орон сууцны гэрчилгээ гараагүй байсантай холбогдуулаад түр хугацаагаар зээлийн барьцаанд өөр зүйл барьцаалж, зээл авсан. Зээлдэгч Л.Н, Ц.С нарт үл хөдлөх хөрөнгө байгаагүй учраас өөрсдийн эзэмшлийн компани болох “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалсан. Ц.С нь тус компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, хүүхэд нь захирлаар ажилладаг. 294 000 000 төгрөгийн барьцаанд тус компанийн газар эзэмших эрхийг барьцаалсан байдаг. 450 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авсан, бодит байдал дээр байранд засвар хийж 550.000.000 төгрөгийн хөрөнгө бий болсон. Энэ хөрөнгийг худалдан авахдаа банкнаас 294 000 000 төгрөгийн зээл авсан. Орон сууцыг зээлээр худалдан авахын тулд урьдчилгаа мөнгө 30 хувийг өгөх төлөх ёстой гэсэн шаардлагын дагуу 150 000 000 төгрөгийг төлж, 450 000 000 төгрөгөөр худалдан авсан гэдэг нь нотлогдож байна.

Орон сууц засвартай, засваргүй байсан хамаагүй барьцаа хөрөнгө 450 000 000 төгрөгийн үнэтэй, талууд барьцаа хөрөнгийг 463 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа орон сууцаа барьцаалж, банк “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг чөлөөлсөн. “С” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлсөнтэй холбоотойгоор батлан даагч “С” ХХК болон “Са” ХХК-ийн батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болж байна.

“С” ХХК нь газар эзэмших эрхийг түр хугацаагаар анх барьцаалахдаа нэхэмжлэгчийн дурдсанаар компанийн үйл ажиллагааны орлого бусад хөрөнгүүдийг үндэслээд батлан даалт гаргуулсан юм гэж байна гэж ойлгогдох боловч, хэрэгт батлан даалтын гэрээнээс өөр “С” ХХК, “Са” ХХК-ийн орлогыг тодорхойлсон баримт байхгүй. Тухайн үед тус компаниуд үйл ажиллагаа явуулж байсан. Орлого тодорхойлсон баримт байхгүй байгаа учраас газар эзэмших эрх гэдэг зүйл, газар бол төрийн өмч хэн нэгэн этгээдийн өмч биш, энэ утгаараа 294 000 000 төгрөгийн барьцаа хангахгүй байна гэдэг утгаар “С” ХХК газар эзэмших эрхтэй холбогдуулан батлан даалт гаргаад явж байсан. “С” ХХК нь батлан даалтын гэрээ байгуулахад “Са” ХХК нь толгой компани байсан учраас давхар батлан даалтын гэрээ байгуулах болсон. Газар эзэмших эрх чөлөөлөгдсөн тохиолдолд батлан даалтын гэрээ дуусгавар болно. Өнөөдрийг хүртэл тухайн компани үр ашиггүй, орлогогүй байхад батлан даагч болгож үүргийг хариуцуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Орон сууцны зээл олгож байгаа харилцаанд худалдан авсан орон сууц нь хангалттай барьцаа байдаг. Орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг зээлдэгч өөрөө худалдан авсан этгээддээ төлсөн. 70 хувийг санхүүжүүлснээс хойш зээлдэгч нар нь 140 гаруй сая төгрөг төлсөн. 70 хувийн үүргийг хангалттай хангана гэж үзэж банк барьцаалсан. Барьцаа нь хангалттай учир дахин батлан даалтын асуудал яригдах шаардлага байхгүй гэж үзэж байна. 349 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Барьцаа нь 463 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 3 удаа нэмэгдүүлэхдээ эцсийн байдлаар зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалсан гэж үзэж байна. Гэрээ цуцалсан, цуцлаагүй нь ойлгомжгүй. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байсан ба хэдэн төгрөгийн зээл авч, одоо хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл гээд байгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болсон асуудлуудаа тодорхой болгох ёстой, тодорхой болгоогүйгээс болоод, хариуцагч тал мэтгэлцэх боломж хангагдахгүй байна.

Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан шаардлага хангагдаагүй. Энэ хангагдаагүй үндэслэлээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Гэрээ цуцалсан, цуцлаагүйгээс үүдээд гэрээ цуцалсан бол хэзээ цуцалсан, гэрээгээ цуцлаад үүргээ биелүүлэх шаардлагыг зээлдэгч нарт хэзээ гаргасан нь тодорхойгүй байна. Зээлдэгч зээлийн өр төлбөрөө төлөхгүй, төлөх боломжгүй бол эдгээр баримтад үндэслэн батлан даагчид хандаж, гэрээний үүргийг, гэрээний дагуу шаардах эрх үүснэ.

Гэвч батлан даагчид энэ тухайгаа огт мэдээгүй, хандаагүй, гэрээ цуцлах тухайгаа мэдэгдээгүй. Батлан даагч гэсэн асуудлыг нэмэгдүүлсэн шаардлагаар оруулж ирсэн нь хууль зөрчсөн. Иргэний хуульд батлан даалтын гэрээний тухай маш тодорхой дурдсан. Иргэний хуульд заасны дагуу батлан даагчаас шаардах эрх хэзээ яаж үүсэх вэ гэдэг асуудлыг зохицуулсан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хоёр дахь шаардлага үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой, тодорхойгүй байгаа учраас 349 366 644 төгрөгөөс хэд нь үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл хэд байгаа гэдгийг тодорхойлж харж чадахгүй байна. Анх нэхэмжлэл гаргаж байхдаа үндсэн зээл үлдэгдэл 280 430 478 төгрөг гэсэн байсан. Үндсэн зээлийн төлбөр өнөөдрийг хүртэл энэ дүнгээр явж байгаа юу, тийм бол төлөгдсөн дүн ямар хамааралтай байдлаар хасагдаж байгаа нь тодорхойгүй байна. Үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар яригдахгүй, гэрээний хугацаа дууссан тэр цаг хугацаанаас тооцогдох тул шаардах эрхгүй. Зээлдэгч нар бизнесийн үйл ажиллагаагүй болж зөрчил үүссэн. Энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэж өгнө үү.

Талууд харилцан тохиролцсон гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой. Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний үндсэн гол зорилго нь гэрээнүүдийн 1.1, зээлийн батлан даалтын гэрээний 1.1, энэ бүх нөхцөл байдлаас харахад зээлдэгч зээлээ төлөөгүй бол барьцаагаар зээлээ хангуулна, барьцаагаар хангагдахгүй бол нөхөн хариуцлагыг батлан даагч хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар хариуцагч Л.Н, Ц.С нараас 299 503 607,31 /хоёр зуун ерэн есөн сая таван зуун гурван мянга зургаан зуун долоон төгрөг гучин нэгэн мөнгө/ хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэлээс 49 863 037,14 төгрөг шаардлага болон “Са” ХХК, “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Н, Ц.С нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн Л.Нгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 16 дугаар байрны 1 тоотын 165 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 519 034 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Н, Ц.С нараас 1 655 468 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “У” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1043 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “2 519 034 төгрөгийг” гэснийг “1 904 783 төгрөгийг” гэж өөрчлөн, “үлдээж” гэсний дараа “илүү төлсөн 544 050 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 407 266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Уны нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Н, Ц.С “С” ХХК, “Са" ХХК нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 219 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1043 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Шүүх Иргэний хуулийн 221.1, 225.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг хэрэглээгүй талаар.

1.1. Арилжааны банк нь нийгэмд мөнгийг илүүдэлтэй газраас авч дутагдалтай газарт нийлүүлж зуучлах, ингэснээр мөнгө хэрэгцээтэй газраа шилжин эргэлтэд орсноор нийгэм дэх эд хөрөнгө, хөрөнгийн эрх чөлөөтэй шилжиж арилжаалагдах боломж буюу “санхүүгийн хөрвөх чадвар /Liquidity/”-ыг нийгэмд бий болгож байдаг. Түүний үзүүлж буй зээлийн үйлчилгээ нь хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хийгддэг тул Иргэний хуульд 451-453 дугаар зүйлд тухайлан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлээс ялгаж зохицуулсан. Мөн хуулийн 451.3 дахь хэсэгт “Банк...-с олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна” гэж заасанчлан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зээлийн зохицуулалтууд нь Иргэний хуулийн тусгай ангийн нэгэн адил тооцогдоно. Иймээс хуульд тухайн хуулийн этгээдийн үйл ажиллагааны онцлогтой холбоотойгоор хуулийн 22.3[1], 24.3[2]-д “Зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд хүү тооцож төлнө” буюу зээлдэгч зээлээ төлөхгүй байвал банк гэрээгээ цуцлаад хүү төлөх үүргээс чөлөөлөгдөж болохгүй, зээлдэгч зээлээ төлсөн эсэхээс үл хамааран банк нь хадгаламж эзэмшигчиддээ хүүг үл маргах журмаар, “гэрээ цуцлах, татгалзах” зэрэг элдэв тайлбар, шалтаггүй төлсөөр байдаг тул зээл төлөхгүй байх нь зээлдэгчид давуу байдал бий болгож болохгүй гэх агуулгыг зохицуулсан тул “хэзээ хүртэл хүү тооцох вэ” гэх асуудлыг Иргэний хуулийн ерөнхий ангийн “гэрээнээс татгалзах” гэх зүйлээр зохицуулахгүй юм.

Мөн Банк, эрх бүхий этгээдийн ... зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “гэрээнээс татгалзах” гэх нэр томъёог ашиглаагүй, зөвхөн зээлийн гэрээг “цуцлах” тухай зохицуулсан байдаг. Учир нь бусдын мөнгөн хөрөнгийг гэрээ байгуулж шилжүүлэн авснаар зээлдэгчид тухайн мөнгөний санхүүгийн үр шим шилждэг тул уг гэрээнээс талууд татгалзаж “анхны байдалдаа” орох боломжгүй, буцаан төлж дуусах хүртэл хугацаанд мөнгөний үр шимийг ашигласны төлбөр-хүүг төлөх ёстой тул гэрээг зөвхөн цуцлах тухай ойлголт яригддаг.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг “гэрээг цуцалж... зээлийн төлбөр гаргуулах” байдлаа тодорхойлсоор байтал шүүх “гэрээнээс татгалзах” зохицуулалт хэрэглэсэн нь илэрхий буруу юм.

2.2. Мөн арилжааны банкнаас олгох зээлийн үйл ажиллагааны онцлогийг санхүүгийн талаас нь ойлгохгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийн зохицуулалтад ач холбогдол өгөөгүй, Иргэний хуулийн хамааралгүй ерөнхий зохицуулалтыг хэрэглэх шалтгаан болсон.

Арилжааны банкнаас олгох зээлийн харилцааны онцлог нь тайлбарын өмнөх хэсэгт дурдсанаас гадна олон нийтийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг, зээлийн үйл ажиллагааны эрсдэл нь хадгаламж эзэмшигчдийн ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй тул банк нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасны дагуу Монгол банкнаас баталсан активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам[3]-ын дагуу хадгаламж эзэмшигчдийг хамгаалах зорилгоор зээл төлөгдөөгүйгээс учирч болох эрсдэлийн санг байгуулж ажилладаг.

Уг сангийн зориулалт нь банкны аль нэг зээл хугацаа хэтрэхэд, хэтэрсэн хугацаанаас нь хамаарч түүнээс учирч болох алдагдлыг нөхөх зорилгоор урьдчилан өөрийн ашиглаж буй хөрөнгөөсөө тодорхой мөнгө тусгаарлаж бэлэн байлгах явдал байдаг.

Дээрх санг байгуулсантай холбоотой үүсдэг санхүүгийн үр дагаврыг жишээ байдлаар зээлдэгчийн 280 сая төгрөгийн зээл 2017 оны 4 дүгээр сараас хугацаа хэтэрсэн гэж тооцон харуулбал:

Огноо

Зээлийн ангилал байгуулах эрсдэлийн сангийн хувь хэмжээ

Мөнгөн дүн

Уг ангилалд

байх хугацаа

Мөнгийг сан байгуулахгүйгээр бусдад 19.2 хувиар зээлдүүлсэн бол уг хугацаанд олох байсан орлого

2017.05.18

Анхаарал хандуулах 5%

14 000 000

2 сар

448 000

2017.07.18

Хэвийн бус 25%

70 000 000

3 сар

3 360 000

2017.10.18

Эргэлзээтэй 50%

140 000 000

6 сар

13 440 000

2018.04.18

Муу 100%

280 000 000

12 сар

53 760 000

Нийт

 

 

 

71 008 000

Харин Банк нөгөө талдаа уг мөнгийг зээлдэгчид зээлдүүлэхийн тулд хадгаламж эзэмшигчдийн банкинд байршуулсан эх үүсвэрээс ижил дүнтэй мөнгийг хэрэглэж байгаа бөгөөд уг мөнгөнд хадгаламжийн хүү төлж байгаа. Хадгаламжийн хүү 14 хувь гэж үзвэл 280 сая төгрөгт зөвхөн 1 жилийн хугацаанд гэхэд 39.2 сая төгрөгийн хүү төлж байгаа.

Дээрхээс үзвэл 280 сая төгрөгийн зээл 1 жилээс дээш хугацаа хэтрэхэд шүүхэд хандаж 1 жилийн дараа зээлийн маргааныг шүүх шийдвэрлэх хүртэл хугацаанд банк 2 дахин их буюу 560 сая төгрөгийн эх үүсвэрээ ашиглах боломжгүй болж, сүүлийн 1 жилийн хугацаанд /53 760 000+39 200 000=/ 92 960 000 төгрөгийн орлогоо алдаж байна. Энэ дүн бол хууль тогтоомжийн дагуу заавал хийгдэх ёстой санхүүгийн гүйлгээний бодит дүн тул үүнийг хууль зүйн шинжтэй тооцоолол гэж хэлэх боломжтой юм.

Ингээд дээрх алдаж буй орлогоосоо сүүлийн 1 жилийн хугацааны хүүг банк нэхэмжлэхэд “гэрээг цуцалж шүүхэд хандсан тул түүнээс хойш хүү тооцохгүй” гэх байдлаар Иргэний хуулийн хэрэглэх ёсгүй, хамааралгүй ерөнхий зохицуулалтыг хэрэглэсэн нь банк эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний онцлог, агуулга онцлогийг зөв тодорхойлж чадаагүй, уг шалтгаанаар Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3, 24.3 дэх хэсгийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Товчдоо дээр дурдсан шалтгаанаар Банк, эрх бүхий хуулийн этгээдийн эрхлэх ... зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дээрх заалтууд байдаг, зээл төлөгдөхгүй бол Банк эрсдэлийн сан байгуулж алдагдалд орж байдаг, зээлдэгч зээл, хүүг төлсөн эсэхээс хамааран уг зээлийг олгоход ашигласан мөнгө буюу хадгаламжийн хүүг төлсөөр байдаг гэх зэрэг агуулгыг шүүх ойлгохгүйгээр нарийвчилсан харилцааг хэт ерөнхий зохицуулалтад үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Хоёр. Хариуцагч “Са” ХХК, “С” ХХК нарт холбогдох зээлийн төлбөрийг батлан даагчаар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болох талаар.

Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч Л.Н, Ц.С нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэжээ.

Иргэний хуулийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан бөгөөд хариуцагч Л.Н, Ц.С нартай байгуулсан Зээлийн гэрээнд зааснаар үүрэг биелүүлэх хугацаа өнгөрсөн бөгөөд хугацаанд нь хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй нь харагддаг, хариуцагч нарын хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар Л.Н, Ц.С нар нь гэрээнд заасан хугацаанд үүргийг гүйцэтгээгүй, цаашид гүйцэтгэж чадахгүй болох нь давхар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус гэж дүгнэн, нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх зээлдэгч нар нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус гэж дүгнэсэн хэрнээ хэрэв энэ нөхцөл байдал “тодорхой” болбол нэхэмжлэгч нь батлан даагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийг шаардан дахин нэхэмжлэл гаргах эрхтэй талаар огт дүгнэлт хийгээгүй, тодорхойгүй нөхцөл байдалд хэт нэг талыг барьж, хариуцагчийн ямар ч баримтгүй татгалзлыг хүлээн зөвшөөрч шийдвэр гаргасан  нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 281.1, 458.1, 460.1 дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1043 дугаартай магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах талаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

“У” ХХК нь иргэн Л.Н, Ц.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 349 366 644.45 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй бол батлан даагч “Са констракш” ХХК, “Са” ХХК-иудаар төлбөрийг төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Л.Н, Ц.С нараас 299 503 607.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, хариуцагч “С” ХХК, “Са” ХХК-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой заалтад өөрчлөлт оруулсан байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх банкны зээлийн үйл ажиллагаатай холбоотой, тусгайлсан харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, ...Иргэний хуулийн 281.1., 458.1., 460.1. дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүйгээс үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. ...тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

“У” ХХК нь иргэн Л.Н, Ц.С нартай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ОСЗГ9201/150611 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ” байгуулж, 294 000 000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хүүгийн хамт эргүүлэн төлөх үүрэг хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангахаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсан ар гудамжны 16 дугаар байрны 1 тоот 165 м.кв талбай бүхий хувийн сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулжээ.

Гэрээний дагуу зээлдүүлэгч зээлийн мөнгийг шилжүүлсэн, зээлдэгч хүлээн авсан талаар маргаагүй, зээлдэгч нь хуваарийн дагуу эргэн төлөлтийг хийж байгаад 2016 оны 02 дугаар сараас хуваарийг зөрчиж, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, зээлдүүлэгч “У” ХХК зөрчлийг арилгах, гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж, мэдэгдсэн боловч зээлийн эргэн төлөлтийн ажиллагаанд үр дүн гараагүй  үндэслэлээр гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ хийгдсэн, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтад нийцсэн байна.

“Орон сууцны зээлийн гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.2-т “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банк гэрээг цуцалж, зээл, хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ”, 10.3.-т “гэрээний 10.2.-т заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг эргэн төлүүлэх арга хэмжээ  авах...”-аар харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтыг үндэслэн гэрээг цуцалж, гэрээний үлдэгдэл төлбөрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг шүүх нэгэнт цуцлагдсан гэрээнд үүрэг тооцохгүй гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3., 24.3.-т заасан “...зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй”, “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэх заалт нэхэмжлэлийн энэ шаардлагад хамаарахгүй, шүүх зээлдэгчийн гэрээний хугацаанд төлөх төлбөрийг нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад үндэслэж шийдвэрлэсэн тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэх гомдол үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, 460.2.-т үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэжээ.

Зээлийн батлан даалтын гэрээний 5.1.1.-д зааснаар Банк нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс, эсхүл Зээлийн гэрээнд заасны дагуу Зээлийн гэрээг дангаар цуцалсан өдрөөс эхлэн Батлан даагчаас энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж тохиролцсноос үзэхэд талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д заасан батлан даагч нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон гэж үзэх үндэстэй тул батлан даагчаас хамтран үүрэг гүйцэтгүүлэхээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхгүй.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг бусдад худалдан борлуулахаар зуучлагчтай гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон, батлан даагчийн хариуцах нөхөх хариуцлага тодорхойгүй байх тул хэрэгт цугларсан баримтад үндэслэн батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлсэн бөгөөд тухай бүрт нэмэгдүүлсэн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасан хэмжээгээр төлсөн байхад давж заалдах шатны шүүх нийт нэхэмжилсэн үнийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нэгтгэн тооцож, үлдэх төлбөрийг илүү төлсөн гэж үзэн нэхэмжлэгчид буцаан олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ.

Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1043 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2019/00674 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.А нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “У” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД