Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 00674

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын талбай 11, өөрийн байранд байрлах, “Улаанбаатар хотын банк” ХХК /РД:2637545/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2-р 40 мянгат гудамж, 3 дугаар байрны 48 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй .одоо Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан Инглеш гарден 16 дугаар байрны 1 тоотод оршин суух, 49 настай, эмэгтэй, Тайж овгийн Лувсангийн Нарантуяа /РД:ЦГ69122269/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан Инглеш гарден 16 дугаар байрны 1 тоотод оршин суух, 49 настай, эрэгтэй, Боржигон овгийн Цэрэндоржийн Сайханбаяр /РД:ХБ69102019/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 26-08 тоот хаягт байрлах, “Санби констракшн” ХХК /РД:5718317/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 26-8 тоот хаягт байрлах, “Санби” ХХК /РД:5025591/-д тус тус холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 349.366.644,45 төгрөг гаргуулах, хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх төлбөрийг батлан даагч “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК-иар төлүүлэх, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Т.Батжаргал, хариуцагч Л.Нарантуяа, “Санби Констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бат-Энх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Золбоо нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар нь “Улаанбаатар хотын банк” ХХК-тай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу 294.000.000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлсэн. Анх зээлийг авахад орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй байсан. “Санби констракшн” ХХК-ийн эзэмшлийн газрыг болон худалдаж авсан орон сууцны гэрчилгээ гарсны дараа барьцаалах нөхцөлтэй барьцааны гэрээг 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хийгдсэн. Үүнээс хойш орон сууцны гэрчилгээ гарсны дараа гэрээнд нэмэлт өөрчлөлт орсон. Зээлийн барьцааны гэрээ байгуулаад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороонд байрлах, 165 м.кв талбайтай орон сууцыг барьцаалж, орон сууцыг үүргийн гүйцэтгэлээр хангуулах зорилгоор баталгаа болгож барьцаалсан. “Санби” ХХК болон “Санби констракшн” ХХК-иар зээлийн үүргийг батлан даалгах шийдвэр гаргасан. Учир нь тухайн үед зээлдэгчийн орлогыг тодорхойлохдоо, зээлдэгч нь өөрөө энэ хоёр компанид үйл ажиллагаа явуулдаг, компанийн орлогыг зээлдэгчийн орлоготой нийцүүлж тооцсон ба ийм агуулгаар тус хоёр компаниар батлан даалт гаргуулан зээл олгосон нөхцөл байдал байдаг.

Хариуцагч нар нь 2016 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлтийн зөрчлийг үүсгэсэн. Анх зээлийн гэрээг байгуулахад тодорхой эргэн төлөлтийн хуваарьтай, эргэн төлөлтийн хуваарийн сарын төлөлт ч юм уу, эргэн төлөлтийг зөрчсөн тохиолдолд энэ нь гэрээний үүргийн зөрчил гэж тооцохоор талууд гэрээндээ харилцан тохиролцсон. 2016 оны 02 дугаар сараас зээлийн эргэн төлөлт зөрчигдсөн. Энэ хугацаанд хариуцсан эдийн засагч, банкны тусгай активын ажилтан нараас хариуцагч нартай холбогдож зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардахдаа эргэн төлөлтийн зөрчлөө арилгах хугацаа, боломжийг олгосон. Хариуцагч нар нь өөрсдийн өмчлөлийн хөрөнгийг зарж зээлийн төлбөрийг барагдуулна гэдэг тайлбарыг 2017 онд өгсөн энэ тайлбарлаа 2018, 2019 он хүртэл өгсөн хэвээр байсан. Зээлийн зөрчил арилаагүй, зөрчилтэй хэвээр үргэлжилж байна. Банкнаас энэ хугацаанд удаа дараа зээлийн төлбөрөө төлөх мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн боловч зээлдэгч нараас зээлийн төлбөрийн төлөлт хийгдээгүй. Сүүлдээ биечлэн уулзалт хийхээс зайлсхийдэг, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс татгалздаг зэрэг нөхцөл байдлууд байсан. Тиймээс банкнаас зээлийн эргэн төлөлт төлүүлэх ажиллагаанд үр дүн гарахгүй байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагыг 3 удаа нэмэгдүүлсэн. Сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдүүлсэн.

 Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэгдүгээрт нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас нийт 349.366.644,45 төгрөгийг гаргуулах, хоёрдугаарт хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар сайн дураараа үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн батлан даалт гаргасан батлан даагч болох “Санби констракшн” ХХК, “Санби” ХХК-иар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 16 байр, 1 тоот, 165 м.кв орон сууцыг албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгчээс төлсөн төлбөрийг тооцооллоор хэрэгт  баримтаар  гаргаж өгсөн ... гэв.

Хариуцагч  Л.Нарантуяа хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банктай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ОСЗГ9201/150611 дугаартай гэрээ байгуулж орон сууц худалдан авах зориулалттайгаар 294.000.000 төгрөгийг 168 сарын хугацаатай, жилийн 19.2 хувь /сарын 1.6/-ийн хүүтэйгээр зээлдэн авч, зээлээр худалдан авч буй тухайн орон сууцны гэрчилгээг гаргуулах гаргуулах хүртэл түр хугацаагаар “Санби констракшн” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороонд байрлах газрыг түр барьцаалсан. Энэ барьцаатай холбоотойгоор “Санби констракшн” ХХК болон түүний толгой компани болох “Санби” ХХК нартай Улаанбаатар хотын банк батлан даалтын гэрээ байгуулсан байдаг.

... Тухайн үед “Санби констракшн” ХХК болон “Санби” ХХК нь БНХАУ-аас импортоор цемент татан оруулан, өөрийн орны зах зээлд борлуулалт хийдэг байсан. Дотоодын цементний үйлдвэр ашиглалтад орсноос хойш буюу 2017 оноос хойш импортоор цемент татан оруулж ирэхээ больсон. Учир нь гаалийн татвар маш их өндөр болж, компанийн  бизнесийн үйл ажиллагаа зогссон. “Улаанбаатар хотын банк” ХХК-д нийт зээлийн төлбөрт 147.986.000 төгрөг төлсөн. Сард 5.006.000 төгрөгийн төлөлт хийх, графикийн дагуу төлөлт хийж байсан. 2017 оноос бизнес үйл ажиллагаа доголдсоноос болж сар бүрийн график төлөлтөө төлж чадаагүй нь үнэн.

“Улаанбаатар хотын банк” ХХК нь  зээлийн барьцаанд “Санби констракшн” ХХК-ийн газрыг түр барьцаалсан байсан бөгөөд 8 дугаар сард байрны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар, уг газрыг барьцаанаас чөлөөлсөн. Тухайн үед  газраа  барьцаалахдаа “Санби констракшн” ХХК-иар батлан даалт хийлгэх болсон.  “Санби констракшн” ХХК нь   охин компани байсан учраас толгой компани “Санби” ХХК-ийг оролцуулах шаардлагатай юм байна гээд “Санби” ХХК болон “Санби констракшн” ХХК-иар тус тус батлан даалтын гэрээ хийж байсан. Орон сууцыг худалдан авахад дотоод засал хийгдээгүй байсан. Тухайн үед “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн эдийн засагч н.Ариунаа өөрийн биеэр ирж, байрны зургийг авч, баталгаажуулсан. Орон сууцыг худалдан авсны дараа, өөрийн хөрөнгөөр 100 гаруй сая төгрөгийн дотоод засал хийсэн. Энэ баримтуудыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д гаргаж өгсөн. Орон сууцыг анх 442.500.000 төгрөгөөр худалдан авсан. Байрыг худалдан авснаас хойш 100 гаруй сая төгрөгийн засвар хийж, уг орон сууцны нийт өртөг  550 сая төгрөгт  хүрсэн байна. “Улаанбаатар хотын банк” ХХК-иас нэхэмжилж байгаа үнийн дүн барьцаа хөрөнгөөс илүү үнийн дүн гарч ирж байна. Нэхэмжилж байгаа 349.000.000 төгрөгийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмэгдүүлсэн хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч “Санби констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. “Санби Констракшн” ХХК-ийн төлөөлж байгаагийн хувьд  банк тус компанийн газрыг чөлөөлж өгсөн. Тус банк нь өөрсдөө ч зээлтэй байгаа учир батлаг даагч “Санби констракшн” ХХК-ийг  чөлөөлүүлэх саналтай байна гэв.

Хариуцагч Ц.Сайханбаяр хариу тайлбартаа:

Ц.Сайханбаяр миний бие нь эхнэр Л.Нарантуяагийн хамт Улаанбаатар хотын банктай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулан орон сууц худалдан авах зорилгоор 284 сая төгрөгийг 168 сарын хугацаатай, 19,2 хувийн хүүтэй зээлсэн. Манай компани нь цементийн бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2017 оноос хойш барилгын салбар уналтанд орж цемент нийлүүлсэн зуурмагын үйлдвэр болон хувь хүмүүсээс авлагаа авч чадалгүй удааширч өгөхгүй байснаас болж зээлийн график төлөлтөнд хүндрэл гарсан.

Банкны зээлээ төлөхийн тулд байр болон үйлдвэрлэлийн зориулалттай газраа зах зээлийн үнээс хямдаар түргэн борлуулах бүхий л арга хэмжээг авч “Зармэдээ”, “Шуурхай зар” сонин, “Remax”, “Сарангоулд Актив” зэрэг үл хөдлөх хөрөнгө зуучлалын төвүүдтэй гэрээ хийж хамтран ажиллаж байна. Энэ нь зөвхөн цаг хугацааны асуудал болоод байгаа талаар банкны эдийн засагч болон удирдлагуудад утсаар болон бичгээр тайлбар өгсөн. Байр болон газраа зарж борлуулаад банкны зээлээ төлж график төлөлтөндөө ороход бэлэн байна. Миний зүгээс банкны зээлийг төлөхгүй гэх ямар ч шалтаг шалтгаан байхгүй болно гэжээ.

Хариуцагч “Санби” ХХК хариу тайлбартаа:

... “Санби” ХХК нь зээлдэгч нарын зээлийн гэрээний дагуу авсан зээл хүүг хугацаанд нь төлж барагдуулахыг баталж 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зээлийн батлан даалтын гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас 349.366.644,45 төгрөгийг гаргуулах, хариуцагч нар нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд дээрх төлбөрийг батлан даагч “Санби” ХХК-иар төлүүлэх гэжээ.

Нэхэмжлэгч нь батлан даагчид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нараас 349.366.644,45 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлийн агуулгаас харахад дээрх хариуцагч нараас 327.076.387 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэсэн байгаа нь эдгээр үнийн дүнгүүд зөрүүтэй байдлуудаас тухайн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа болох нь,

хариуцагч нар үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг батлан даагч “Санби” ХХК-иар төлүүлэх гэсэн байх тул энэ нь утга агуулгаараа шүүх нэхэмжлэгчийн ийнхүү хүссэнээр нь болзолтойгоор хэргийг шийдвэрлэх хууль эрх зүйн үндэслэлгүй байх тул,

нэхэмжлэгч нь батлан даагчид гэрээний үүргийн дагуу, мөн хуульд заасан дагуу тус тус ийнхүү шаардлага хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл энэхүү нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд өөрөө гаргах үүргээ биелүүлээгүй, энэ нь нотлогдохгүй тул юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй, мөн батлан даагчид холбогдуулан шүүхэд шаардлага гаргахын өмнө түүнд өөрт нь хандаж үүргээ биелүүлэхийг шаардсан тухай нотлох баримтыг ирүүлээгүй байгаагаараа Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн, мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1, 3.1, 4.2.2, 4.2.3, 5.1.1, 5.1.3, 5.2.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн тул үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээ цуцалж, мөн зээлдэгч үүргээ биелүүлээгүй байгааг батлан даагчид мэдэгдэж шаардсан байхаас гадна зээлдэгч уг үүргээ биелүүлэхгүй, биелүүлэх боломжгүй нь илт тодорхой болсон энэ тохиолдолд энэ үүрэг үүсэхээр байх бөгөөд ийнхүү шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч болгох хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бат-Энх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нарын өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд тайлбаруудыг нэгдсэн байдлаар гаргаж байна. Хариуцагч нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбаруудыг дэмжин оролцож байна. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа 3  удаа нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 3 шаардлага гаргасан байна.

Зээлдэгч зээлдүүлэгч нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, үүнд маргаан байхгүй. Зээлийн гэрээний харилцаа үүсэхдээ зээлдэгч нь зээлдэгчээс орон сууц худалдан авахаар, орон сууцны зээлийг авсан. Тухайн худалдан авсан орон сууцны гэрчилгээ гараагүй байсантай холбогдуулаад түр хугацаагаар зээлийн барьцаанд өөр зүйл барьцаалж, зээл авсан. Зээлдэгч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нарт үл хөдлөх хөрөнгө байгаагүй учраас өөрсдийн эзэмшлийн компани болох “Санби констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг  барьцаалсан.

Ц.Сайханбаяр нь тус компанийн үсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч,  хүүхэд нь захирлаар  ажилладаг. 294.000.000 төгрөгийн барьцаанд тус компанийн газар эзэмших эрхийг барьцаалсан байдаг. 450.000.000 төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авсан, бодит байдал дээр байранд засвар хийж 550.000.000 төгрөгийн хөрөнгө бий болсон. Энэ хөрөнгийг худалдан авахдаа банкнаас 294.000.000 төгрөгийн зээл авсан. Орон сууцыг зээлээр худалдан авахын тулд урьдчилгаа мөнгө 30 хувийг өгөх төлөх ёстой гэсэн шаардлагын дагуу 150.000.000 төгрөгийг төлж, 450.000.000 төгрөгөөр худалдан авсан гэдэг нь нотлогдож байна. Орон сууц засвартай, засваргүй байсан хамаагүй барьцаа хөрөнгө 450.000.000 төгрөгийн үнэтэй, талууд барьцаа хөрөнгийг 463.000.000 төгрөгөөр үнэлж барьцаалсан байна. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа орон сууцаа барьцаалж, банк “Санби констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг чөлөөлсөн.

... “Санби констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлсөнтэй холбоотойгоор батлан даагч “Санби констракш” ХХК болон “Санби” ХХК-ийн батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болж байна. “Санби констракшн” ХХК нь газар эзэмших эрхийг түр хугацаагаар анх барьцаалахдаа нэхэмжлэгчийн дурдсанаар компанийн үйл ажиллагааны орлого бусад хөрөнгүүдийг үндэслээд батлан даалт гаргуулсан юм гэж байна гэж ойлгогдох  боловч,хэрэгт батлан даалтын гэрээнээс өөр “Санби констракшн” ХХК ,“Санби” ХХК-ийн орлогыг тодорхойлсон ямар нэг баримт байхгүй. Тухайн үед тус компаниуд үйл ажиллагаа явуулж байсан. Орлого тодорхойлсон баримт байхгүй байгаа учраас газар эзэмших эрх гэдэг зүйл, газар бол төрийн өмч хэн нэгэн этгээдийн өмч биш, энэ утгаараа 294.000.000 төгрөгийн барьцаа хангахгүй байна гэдэг утгаар  “Санби констракшн” ХХК газар эзэмших эрхтэй холбогдуулан батлан даалт гаргаад явж байсан. “Санби констракшн” ХХК нь батлан даалтын гэрээ байгуулахад “Санби” ХХК нь толгой компани байсан учраас давхар батлан  даалтын гэрээ байгуулах болсон. Газар эзэмших эрх чөлөөлөгдсөн тохиолдолд батлан даалтын гэрээ дуусгавар болно. Өнөөдрийг хүртэл тухайн компани үр ашиггүй, орлогогүй байхад батлан даагч болгож үүргийг хариуцуулах гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Орон сууцны зээл олгож байгаа харилцаанд худалдан авсан орон сууц нь хангалттай барьцаа байдаг. Орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг зээлдэгч өөрөө худалдан авсан этгээддээ төлсөн. 70 хувийг санхүүжүүлснээс хойш зээлдэгч нар нь 140 гаруй сая төгрөг төлсөн. 70 хувийн үүргийг хангалттай хангана гэж үзэж банк барьцаалсан. Барьцаа нь хангалттай учир дахин батлан даалтын асуудал яригдах шаардлага байхгүй гэж үзэж байна. 349.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн  шаардлага гаргасан. Барьцаа нь 463.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 3 удаа нэмэгдүүлэхдээ эцсийн байдлаар зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээгээ цуцалсан гэж үзэж байна. Гэрээ цуцалсан, цуцлаагүй гэдэг асуудал нь ойлгомжгүй. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байсан ба хэдэн төгрөгийн зээл авч, одоо хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл гээд байгаа юм. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болсон асуудлуудаа  тодорхой болгох ёстой, тодорхой болгоогүйгээс болоод, хариуцагч тал мэтгэлцэх боломж хангагдахгүй байна. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт заасан шаардлага хангагдаагүй. Энэ хангагдаагүй үндэслэлээр мөн хуулийн 65.1.11, 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Гэрээ цуцалсан, цуцлаагүйгээс үүдээд гэрээ цуцалсан бол хэзээ цуцалсан, гэрээгээ цуцлаад үүргээ биелүүлээч гэдэг шаардлагаа зээлдэгч нарт хэзээ гаргасан гэдэг нь тодорхойгүй байна. Зээлдэгч зээлийн өр төлбөрөө төлөхгүй, хамгийн гол нь төлөх боломжгүй бол эдгээр үндэслэл баримтад тулгуурлан батлан даагчид хандаж, гэрээний үүргийг, гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Гэвч батлан даагчид энэ тухайгаа огт мэдээгүй, хандаагүй, гэрээ цуцлах тухайгаа мэдэгдээгүй.

Батлан даагч гэсэн асуудлыг нэмэгдүүлэн шаардлагаар оруулж ирсэн нь   хууль зөрчсөн. Иргэний хуульд батлан даалтын гэрээний тухай маш тодорхой дурдсан. Иргэний хуульд заасны дагуу батлан даагчаас шаардах эрх хэзээ яаж үүсэх вэ гэдэг асуудлыг зохицуулсан Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хоёр дахь шаардлага үндэслэлгүй байна.

 Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байх ёстой, тодорхойгүй байгаа учраас 349.366.644 төгрөгөөс яг хэд нь  үндсэн зээлийн үлдэгдэл, хүүгийн үлдэгдэл хэд байгаа гэдгийг тодорхойлж харж чадахгүй байна. Анх нэхэмжлэл гаргаж байхдаа үндсэн зээл үлдэгдэл 280.430.478 төгрөг гэсэн байсан.

Үндсэн зээлийн төлбөр өнөөдрийг хүртэл энэ дүнгээр явж байгаа юу, тийм бол төлөгдсөн дүн ямар хамааралтай байдлаар хасагдаж байгаа нь тодорхойгүй байна. Үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэмэгдүүлсэн хүү гэдэг асуудал яригдахгүй, гэрээний хугацаа дууссан тэр цаг хугацаанаас тооцогдоно. Гэтэл нэмэгдүүлсэн хүүний асуудал яригдаж байгаа нь үндэслэлгүй, үүнийг  шаардах эрхгүй байна.

Зээлдэгч нарын бизнес нь 2017 оноос хойш дотоодын цементийн үйлдвэр ашиглалтад орсноор бизнесийн үйл ажиллагаагүй болж зөрчил үүсэх болсон. Энэ нөхцөл байдлыг харгалзаж шүүхийн шийдвэрээр үнийн дүн хэрэгсэхгүй болгож, нэмэгдүүлсэн хүүг хасаж, хүүнээс тодорхой хэмжээгээр хөнгөвчлөх байх гэж хүсэж байна. Барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай асуудлыг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэх байх, талууд харилцан тохиролцсон гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах ёстой гэсэн асуудал яригдана. Энэ нь шүүхийн шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хийгдэн ёстой зүйл байх. Зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний үндсэн гол зорилго нь гэрээнүүдийн 1.1 дэх заалт, зээлийн батлан даалтын гэрээний 1.1 дэх заалт, энэ бүх нөхцөл байдлаас харахад зээлдэгч зээлээ төлөөгүй бол барьцаагаар зээлээ хангуулна, барьцаагаар хангагдахгүй бол нөхөн хариуцлагыг батлан даагч хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй, тодорхой хуулийн зөрчилтэй байна ... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

“Улаанбаатар хотын банк” ХХК нь хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр, “Санби констракшн” ХХК-д тус тус холбогдуулан зээлийн үүрэгт үндсэн зээл 280.438.478,77 төгрөг, зээлийн хүү 19.049.300.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 15.827.70 төгрөг нийт 299.503.607.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж 16-1 тоотод байрлах 165 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлага гаргасан. /х.х-ийн 1-2 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн  шаардлагаа 13.480.924.69  төгрөгөөр, 10 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 14.091.855.08 төгрөгөөр, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 22.290.256.45 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, нийт 349.366.644,45 төгрөгийг хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас гаргуулах,  хамтран хариуцагчаар “Санби” ХХК-ийг татаж, хариуцагч нар дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  батлан даагч “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК-иар төлүүлэх, барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар зайсан гудамж 16 дугаар байрны 01 хаягт байрлалтай 165 м.кв талбайтай хувийн орон сууцыг  албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /х.х-ийн 52-53, 64-65, 120-124 тал/

Хариуцагч болон тэдгээр өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөхдөө “... нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулах, хуулийн дагуу хариуцагчийн хариуцвал зохих дүнгээр төлбөрийг төлөх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх ...”,

 ... Батлан даагч нарт зээлдэгч нар зээлийн үүргээ биелүүлэхгүй байгаа  тухай болон гэрээ цуцалсан тухайгаа мэдэгдээгүй, зээлдэгч нар өр төлбөрөө төлөх боломжгүй бол батлан даагчид хандаж, зээлдэгчийн үүргийг гэрээний дагуу төлөхийг шаардах, уг шаардлага гаргах эрх банк үүсэх, энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн баримтгүй, батлан даагч нараас ... шууд шаардаж байгааг зөвшөөрөхгүй ...” гэх тайлбарыг гарган мэтгэлцэж байна. /х.х-ийн 137-143 тал/

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын  зарим хэсгийг хангаж,  харин “Санби” ХХК болон “Санби Констракшн” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, талуудын хооронд дараах гэрээ байгуулагдсан байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” нь хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нартай 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр №ОСЗГ9201/150611 “Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Улаанбаатар хотын банк” нь  Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нарт 294 000 000 төгрөгийг жилийн 19.20 хувийн хүүтэй, 168 сар /14 жил/-ын хугацаатайгаар зээлдүүлсэн байна. /х.х-ийн 6-12 тал/

2. Анх шүүхэд 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гарган, уг гэрээний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 280.438.478,77  төгрөг, хүү 19.049.300,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15827.70 төгрөг нийт 299.503.607,31 төгрөг шаардсан. /х.х-ийн 1-2 тал/

3. “Улаанбаатар хотын банк” ХХК, Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр, “Санби Констракшн”  ХХК-ийн  хооронд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “орон сууцны барьцааны гэрээ”, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “орон сууцны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, орон сууцны зээлийн барьцааны гэрээнүүд тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Л.Нарантуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 16 дугаар байрны 01 тоотын 165 м.кв талбайтай орон сууц, “Санби Констракшн” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Монруд” ХХК-ийн урд талын 4107 м.кв газрыг тус тус барьцаалсан байна. /х.х-ийн 6-18 тал/

4. “Улаанбаатар хотын банк” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  “Санби Констракшн” ХХК болон “Санби” ХХК-тай ЗБДГ9201/150611, 9202/150611  тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулж, батлан даагч нар нь 294.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг батлан даажээ. /х.х-ийн 13-18, 105-106 тал/

Банкнаас зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Талуудын хооронд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр “орон сууцны барьцааны гэрээ”, 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “орон сууцны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр, орон сууцны зээлийн барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр байх тул зохигчийн хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Хариуцагч нар 294.000.000 төгрөгийг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.       

“Улаанбаатар хотын банк” ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нь 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2029 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр үндсэн зээл болон зээлийн хүүд  5.006.076,12  төгрөгийг төлж зээлийг дуусгахаар тохирсон байгаа боловч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй болох, зохигчийн тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-10, 54, 66, 124 тал/

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын  гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2, 458 дугаар зүйлийн 458.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, харин хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөөгүйгээс маргаан үүсчээ.

Зээлдэгч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүй учир нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т заасан шаардлагад нийцжээ. 

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн, гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул банк гэрээний 10.2-д “зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдолд банк гэрээг цуцлаж, зээл, хүүгийн төлбөрийг үл маргах журмаар төлүүлнэ” гэж, мөн 10.2.2.-т “зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө бүрэн буюу хэсэгчлэн төлөөгүй 90 хоног хугацаа хэтэрсэн бол гэрээг цуцлах, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, үүргийн биелэлт шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа зээлийн гэрээ, зээлийн  гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарь, зээлийн  тооцоолол зэргээр хариуцагч нар 2018 оны 04 дүгээр сарын 02-ны байдлаар үндсэн зээл, зээл 280.438.478,77 төгрөг, хүү 19.049.300,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.827.70 төгрөг буюу 299.503.607,31 төгрөг төлөөгүй болох тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон тооцооллыг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй.

Мөн хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр, “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК нар зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцоолсон нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хариу тайлбар гаргаж маргаагүй  болно.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 6.2, 6.3, 6.4-т   зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. 

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч өөрийн тайлбараа  нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан “Орон сууцны зээлийн гэрээ”-ний банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарьт зааснаар зээлдэгч нь банкны зээл, хүүгийн төлбөрийг сар бүр тодорхой хэмжээгээр төлөх үүрэг хүлээсэн боловч 2016 оны 02 дугаар сараас  зээлийн  гэрээний хавсралтанд заасан зээл төлөх хуваарийг зөрчиж  байсан  байх  ба  нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар бүрэн нотлогдож байна.

Хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний хавсралтанд заасан зээл төлөх хуваарийг зөрчиж, уг гэрээний 6.4.3, 10.3-т заасан гэрээг цуцлах үндэслэлийг бий болгосон байна.

Дээрх зөрчил нь талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний аравдугаар зүйлийн “гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах” болон  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2.-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

Гэрээг цуцлах хуульд болон гэрээнд заасан нөхцөл бүрдсэн болох нь хэрэгт авагдсан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан тухай тус банкны мэдэгдлүүдээр тогтоогдож байна. /х.х-ийн 73-74, 107-113 тал/

Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсныг хариуцагч үгүйсгэхгүй байгаагаас гадна, банк гэрээг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эсэргүүцээгүй болно.

Зээлийн гэрээний хугацаа 2029 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дуусах боловч хариуцагч нарыг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөр төлөх хуваарь зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрээг цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардаж, шүүхэд 04 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцласнаар мөн хуулийн 205.1-д заасан үр дагавар үүснэ.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг цуцлаж, гэрээний үр дагаврыг тооцож, нэхэмжилсэн тул нэгэнт цуцлагдсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 04 дүгээр сарын 02-ны байдлаар үндсэн зээл 280.438.478,77 төгрөг, зээлийн хүү 19.049.300,83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15.827,70 төгрөг буюу 299.503.607,31 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж, харин 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хүртэл хугацааны хүү 49.863.037,14 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа  нэмэгдүүлж зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 49.863.037,14  төгрөгийг нэхэмжилж байгааг, мөн “зээлийн гэрээг цуцлах шаардлага” гаргасныг шүүх зээлийн гэрээний 10.2.2,10.3 дахь хэсэгт заасны дагуу банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, цуцлах хүртэл гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолон шаардсан гэж үзсэн болно.

Хариуцагч Л.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь  татгалзсан нь үндэслэлгүй, ... барилгын салбар уналтанд орж байсан, бизнес доголдсон нь зээлийн төлөлтийг графикийн дагуу төлөлт хийж чадахгүйд хүрсэн гэх тайлбар нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын хувьд зээлийн гэрээг цуцласан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойшх хугацааны зээлийн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүсэхгүй, харин зээлийн гэрээ цуцлах хүртэл хугацааны хүүг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн болно.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

Иймд хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас 299.503.607,31 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 49.863.037,14 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд хүчин төгөлдөр тул хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй  тохиолдолд  нэхэмжлэгчийн  нэхэмжлэлийн шаардлага болох барьцааны зүйл болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэлтэй Л.Нарантуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсан, Ар зайсан гудамж 16 дугаар  байрны 01 хаягт байрлалтай 165 м.кв талбайтай хувийн орон сууцыг албадан дуудлага худалдах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчдын тайлбар болон хэрэгт баримтаар авагдсан “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4/3878 тоот албан бичиг зэргээс үзэхэд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн орон сууцны зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар барьцаалсан “Санби Констракшн” ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Монруд” ХХК-ийн урд талд байрлалттай 4108 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай газрыг барьцаанаас  чөлөөлсөн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 155 тал/

Нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нартай байгуулсан орон сууцны зээлийн гэрээнийн үүргийг хангуулах зорилгоор мөн өдөр хариуцагч “Санби Констракшн” ХХК, “Санби” ХХК-иудтай ЗБДГ9201/150611, 9202/150611 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулж, батлан даагч нар нь 294.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг батлан даасан болох нь хэргийн баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байна.

Батлан даалтын гэрээний 1.2-т “Зээлдэгч нь банкнаас авсан зээлийн үндсэн өр, хүү нэмэгдүүүлсэн хүүгийн төлбөрийг төлүүлэхээр батлан даагчаар батлан даалт  гаргуулахыг хүссэн бөгөөд батлан даагч нь уг гэрээний нөхцөлөөр зээлийн үндсэн өр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн буюу хэсэглэн хариуцахаар ... харилцан тохиролцжээ.

Хариуцагч “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК нь Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар нь Улаанбаатар хотын банктай байгуулсан дээрх орон сууцны зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлсэн мөнгөө, хүүгийн хамт буцаан төлөх үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй тохиолдолд “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК нар өөрийн хөрөнгөөр төлж барагдуулахаар тохирч, батлан даалтын гэрээ байгуулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээх бөгөөд нөхөх хариуцлага гэдэг нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний хүлээх хариуцлага, төлбөрийг батлан даагч үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гэрээнд заасан хэмжээ, нөхцлийн дагуу бүрэн нөхөн гүйцэтгэхийг ойлгоно.  

Батлан даалтын гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилготтойгоос гадна үндсэн үүргийн байдлаас шууд хамааралтай байдаг байна.       

Түүнчлэн Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ” гэж заасан үүргээ Улаанбаатар хотын банк биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байхын зэрэгцээ хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал бий болсон нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт аваагүй байна.

Иймд хариуцагч /батлагч даагч/ “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК-д холбогдох хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлбөрийг батлан даагч/ “Санби “ХХК, “Санби Констракшн” ХХК-иар төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.    

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-т зааснаар хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас 299.503.607,31 /хоёр зуун ерэн есөн сая таван зуун гурван мянга зургаан зуун долоон төгрөг гучин нэгэн мөнгө/ хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэлээс 49.863.037,14 төгрөг шаардлага болон “Санби” ХХК, “Санби Констракшн” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан  хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нар нь төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206042089 дугаарт бүртгэгдсэн Л.Нарантуяагийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж 16 дугаар байрны 1 тоотын 165 м.кв талбайтай хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг  хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.519.034 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Нарантуяа, Ц.Сайханбаяр нараас 1.725.668 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар хотын банк” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ