Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 1044

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    Ө.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.М даргалж, шүүгч Ш.О, А.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01006 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.М-ийн хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.М миний бие нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулснаар МОХННУБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд паркийн харуулаар ажиллаж байх хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй, үндсэн болон шагналт цалингаа хасуулах зэргээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар нэг өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа хүлээн авч ажил үүрэг гүйцэтгэж байхад гэнэт “Америкийн виз мэдүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр мөнгө өгсөн хүн хууль бус юм байна бүгд залилуулах гэж байна хурдан ирээд мөнгөө аваач” гэж надтай хамт мөнгө өгсөн хүмүүс дуудсан тул ажлаа орхиж явсан. Маргааш нь шуурхай хурал хийж төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан хэмээн цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй. Паркийн харуулын албан тушаалын хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т сахилгын ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг тусгайлан заасан. Үүнд төмөр замын аюултай бүсийг орхиж ажил тасалсныг ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж тодорхой заагаагүй тул тушаал хууль зөрчсөн. Би 2018 оны 6 дугаар сард автотээврийн осолд орж хөлөндөө хүнд гэмтэл авснаас болж ажлаасаа хэдэн сар чөлөөлөгдсөн бөгөөд хөлний байдал гайгүй болж ажилдаа ороод удаагүй байсан. Ажил олгогчийг надад сахилгын шийтгэл ногдуулж байгааг ялгавартай хандаж байна гэж үзэж байна. Осолд орсны улмаас эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгүүлж байгаад шүүхэд одоо нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалыг хүчингүй болгуулах, миний биеийг урьд эрхэлж байсан паркийн харуулын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 250 000 төгрөг, жилийн эцсийн 13 дахь цалингийн урамшуулал 900 000 төгрөг, нийт 3 150 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гэнэт хөл нь өвдөөд, тасагтаа хэлнэ гэж байсан боловч өвдөөд байсан учир хэлж амжилгүй, намайг мэдэж байгаа гэж бодоод явсан. Удирдлагын хурал дээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсандаа хүнээс мөнгөө авах гэж явсан гэж хэлсэн байдаг. Гэвч Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар М.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-нэг өртөөн дээр хуваарийн дагуу ажлаа хүлээж авч, ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, тухайн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т үндэслэж ажлаас халсан. Ажил олгогч ажлаас халсан үндэслэлдээ 2017 онд М.Ө-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5-т заасан паркийн зам талбайг эзэнгүй хараа хяналтгүй орхисноос гарч болох аваар осол, сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах нөхцөлийг бүрдүүлэх зөрчил гаргасан, төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхисон гэх үндэслэлээр халж байгаа гэж дурддаг. Энэ нь тухайн гэрээний 5.3.5-т заасан нөхцөлд байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын Дээд шүүхээс гаргасан 2012 оны зөвлөмжид ажил олгогч, ажилтан хоёрын ямар үйлдлүүдийг ноцтой зөрчил гэж заах, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэг бүрчлэн хөдөлмөрийн гэрээнд зааснаар энэхүү асуудлыг авч хэлэлцэхгүй гэж заасан. Хөдөлмөрийн гэрээний 5.3.5-т ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, галт тэрэгний аюулгүй ажиллагаа болон төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, зөрчлийг эрх бүхий этгээдэд мэдээлээгүй, осол, гологдол, сүйрэл зөрчлийг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан алба хэлтсийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд үүнийг ноцтой зөрчилд тооцож, ажлаас халж болно гэж заасан байна. М.Ө-г паркийн зам талбайг эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос болж гарч болох аваар сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гэж үзсэн ч үр дагавар гараагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дахь хэсэгт заасан хууль зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, жилийн эцсийн 13 дахь цалингийн урамшуулал 900 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч М.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-нэг өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа Улаанбаатар төмөр замын аюултай бүсийг орхиж ажил тасалсан зөрчил гаргасан. Ажил хаяж явсан нөхцөл шалтгаанаа ажил олгогчид урьдчилан мэдэгдэж, чөлөө аваагүй. Тухайн өдөр ээлжийн батлагдсан хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхээр ажлын обьект, тусгай хэрэгслээ хүлээн авч, ажлын зааварчилгаа авч, гарын үсэг зурж ажлаа эхэлсэн, хэрвээ хөл нь өвдөж байсан бол ажлын зааварчилгаа авахгүйгээр, ажилдаа гарна гэж гарын үсэг зурахгүйгээр, өвчтэй байсан гэдгээ мэдэгдэх боломжтой. Ө.М-ийн ажлыг чиг үүрэг бол Улаанбаатар-нэг өртөө нь хөдөлгөөн ихтэй, төмөр замын аюултай бүс бөгөөд түүгээр нэвтэрсэн иргэдийн хөдөлгөөнийг хянах, өртөөний зам талбайд хамгаалалтад авсан ачаа, галт тэргийг гэмт халдлагаас хамгаалах, халдлага гарсан тохиолдолд таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гарсан нөхцөл байдлыг цаг алдалгүй шуурхай мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байраа эзэнгүй орхиж, гар утсаа салгаж, сураггүй алга болсон. Тэрээр паркийн зам талбайг эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос аваар сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах боломж, эрсдэлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж ажил олгогч үзсэн. Ажилтан биедээ авч явах ёстой буу, галт зэвсэг зэрэг тусгай хэрэгслүүдээ ажлын байрандаа орхиж явсан. Тухайн өдөр Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн галын ээлжийн тасгийн даргын утсанд галт тэрэгний машинч гэх нэр нь үл мэдэгдэх хүнээс паркийн харуул согтуу байна гэдэг мэдээлэл ирсний дагуу шалгахад үүрэг гүйцэтгэж байсан паркийн харуул Э.Д согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин паркийн харуул М.Ө нь ажлынхаа байрыг орхиж явсан, ажил дээрээ байхгүй байсан. М.Ө дур мэдэн ажлын байраа орхин явж, ажил тасалснаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөвшөөрч тайлбар өгсөн, ээлжийн дарга Б.Г-ын тайлбар, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын удирдан явуулсан 2018 оны 11 дүгээр сарын хурлын тэмдэглэл, Улаанбаатар-нэг паркийн харуулын тасгийн 2018 оны 11 дүгээр сард ажиллаж ээлжийн график зэрэг нотлох баримтаар нотлох баримтаар нотлогдсон. Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан Төмөр замын ажилтны сахилгын дүрмийн ажилтны хөдөлмөр зохицуулалтын 5в-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ биелүүлэх, 5ж-д төмөр замын тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгө, сэлбэг материалыг хайрлан хамгаалж, ачааны бүтэн бүтэн байдлыг хангах ёстой гэж заасан. Дүрмийн 6-д ажлын байрыг эзэнгүй орхих, бусадтай ярих зэргээр ажил цалгардуулах, гаргасан буюу илэрсэн зөрчил дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлах зэргийг хатуу хориглоно гэж заасан. Ажлын байрыг орхин явахыг хатуу хориглосон үүргийг биелүүлээгүй. Мөн Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм байгаа. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрмийн 4 дүгээр хэсгийн 18б, 18ж-д галт зэвсгийг биедээ авч явах, түүнийг батлагдсан дүрмийн дагуу хэрэглэх ёстой гэж заасан. М.Ө нь цэрэгжүүлэх хамгаалалтын албаны ажилтны хувьд батлагдсан дүрмийн дагуу хэрэглэж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгслээ биедээ авч явахаас гадна, ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд журмын дагуу ажил олгогчид хүлээлгэж өгөх ёстой. Энэ журмыг зөрчсөн. Иймд М.Ө-г ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МОХННУБТЗ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ө.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар  давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Ажил олгогчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн “...Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуул ажилтай М.Ө нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-нэг өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа хүлээн авч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа “төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан” ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцалсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Өөрөөр хэлбэл, ноцтой зөрчил бүрийн үйлдэл тухай бүрийг тухайлан нэрлэн заасан байхыг шаарддаг. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн М.Ө-тэй байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д хөдөлмөрийг харилцааг шууд зогсоох дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн хөдөлмөрийг гэрээг цуцална гэж заасан байдаг. Эдгээр дурдсан ноцтой зөрчлүүдэд М.Ө-г ажлаас халсан “Төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан” гэх ноцтой зөрчил байдаггүй. Энэхүү зөрчлийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн заагаагүй атлаа хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нэрлэн заасан зөрчил гэж үзэн ажлаас үндэслэлгүй халсан байхад анхан шатны шүүх дүгнэхдээ байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр зөвшөөрөлгүй харуулын ажлын байр, тусгай хэрэгслээ орхиж явсан зөрчил гаргасан байна”, “хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан нөхцөл болон ажлын байрны тодорхойлолтод заасан ноцтой зөрчилд хамаарах зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд бус хэтрүүлэн дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана, 129.3 дахь хэсэгт  энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан мөн "хүндэтгэн үзэх шалтгаан" гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэснийг тус тус зөрчин хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өвчтэй байсан эмнэлэгт эмчлүүлсэн магадлагаануудыг бодитой үнэлээгүйгээс гадна хариуцагчаас нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг хэдэнд гардуулж өгсөн, нэхэмжлэгчийн ажлаа хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр бүрэн тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Ө хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа дур мэдэн төмөр замын аюултай бүсийг орхиж явсан, энэ талаараа өөр, өөр тайлбар хэлдэг бөгөөд энэ нь ажил таслах, ажлын байрыг дур мэдэн хаяж явах хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Энэ талаараа удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, гар утсаа салгаж, алга болсон, ажлын тусгай хэрэгслийг өөрийн биенээс дур мэдэн салгаж, ажлын байранд орхиж явсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн ажлаас халсан гэж тайлбарлажээ. /хх25-27/

Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ээлжийн хуваарийн дагуу ажиллах үедээ паркийн харуулын ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж, тусгай хэрэгслээ харуулын байранд үлдээж явсан үйл баримтад маргаагүй.

 Харин ажлын байрыг дур мэдэн орхиж ажил тасалсан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцогдохыг гэрээнд тодорхойлж нэрлэн заагаагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны даргын 309 дүгээр тушаалаар нэхэмжлэгч М.Ө-г Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуулын ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг /хх11/ зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн паркийн харуул нь ажлын байрны чиг үүргийн дагуу төмөр замын аюултай бүсийн дэглэм журмыг сахиулах, хамгаалах, байнгын сонор сэрэмжтэй байх, нөхцөл байдлыг цаг тутам мэдээлж байх, албаны тусгай хэрэгслийг журмын дагуу хүлээлцэх, ашиглах үүрэгтэй.

            Гэвч М.Ө нь ажлын байрны тодорхойлолт, дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын байрыг дур мэдэн орхихдоо тусгай хэрэгслийг хүлээлцэлгүй эзэнгүй үлдээсэн зөрчил гаргасан нь өөрийнх нь тайлбар, Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

            Ажил олгогч Ө.М-ийн гаргасан дээрх зөрчилд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуулиар олгосон эрхийнх нь хүрээнд байх бөгөөд шүүх зөрчлийн шинж байдал, шалтгаан, үүнээс гарч болох үр дагавар зэргийг харгалзан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Иймд хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

            Нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ажлаас халсан тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан амбульториор эмчлүүлсэн тухай эмнэлгийн магадлагааг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй гэж үзэх боломжгүй. 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх олгогдсон Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл олгогдсон Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн магадлагаанууд нь Ерөнхий эмчийн гарын үсэггүй байх тул эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын дагуу олгогдсон гэж үзэхээргүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                                                                                   

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          А.М

 

                                   ШҮҮГЧИД                                           Ш.О

                                                                                               А.О