Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 01006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...../РД:00000/- Ө.М-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: МОХНН УБТЗ холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Б.Давхарбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Мминий бие нь 2014 оны 10 сарын 16-ны өдрөөс эхлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд паркийн харуулаар хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаж байгаагүй, сахилгын шийтгэл хүлээх, үндсэн болон шагналт цалингаа хасуулж байгаагүй. Тэгтэл 2018 оны 11 сарын 18-ны өдөр Улаанбаатар 1 өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа хүлээн авч ажил үүрэг гүйцэтгэж байх үеэр Америкийн виз мэдүүлэхээр хувь хүнээр материалаа хөөцөлдүүлэхээр мөнгө өгсөн байсан бөгөөд тэр өдөр надтай хамт өгсөн хүмүүс энэ хүн хууль бус юм байна бүгд залилуулах гэж байна хурдан ирээд мөнгөө аваач гэж дуудахаар нь ингээд бүх мөнгөө алдчихаж болохгүй юмсан саяхан осолд орсон ар гэрийн амьдрал хэцүү байгаа шүү дээ гэж бодсондоо яалт ч үгүй ажлаа орхиод явсан. Гэтэл маргааш нь шуурхай хурал хийж миний асуудлыг хэлэлцэж төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан хэмээн цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь тус харуул хийдэг өдөр надаас гадна хамт харуулд гарч байсан харуул байсан бөгөөд паркийн харуулын албан тушаалын хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т сахилгын ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг тусгайлан заасан бөгөөд энд төмөр замын аюултай бүсийг орхиж ажил тасалсныг ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж тодорхой тусгаагүй тул дээрх тушаал хууль бус байна. Миний бие нь 2018 оны 6 сард автотээврийн осолд орж хөлдөө хүнд гэмтэл авсан үүнээс болж хэдэн сар ажлаа хийж чадалгүй хэвтэрт байж байгаад хөл гайгүй болонгуут нь ар гэрийн амьдрал хэцүүдээд ажилдаа ороод удаагүй байсан. Миний бие энэ байгууллагад олон жил нэг сэтгэлээр ажиллаж ирсэн гэтэл бусад ажилчдаас надтай адилхан болон надаас хүнд нөхцөл байдал үүсгэхэд ажлаас чөлөөлөхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь ажил олгогч ялгавартай хандаж байна гэж үзэж байна. Мөн миний бие нь саяхан осолд орсны улмаас эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгүүлж байгаад өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн цэрэгжүүлсэн хамгаалалт, онгой байдлын албаны даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалыг хүчингүй болгуулах, миний биеийг урьд эрэхлж байсан паркийн харуулын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,250,000 төгрөг, жилийн эцсийн 13 дах цалингийн урамшуулал 900,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ө.Мшүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн тайлбартаа: Ө.Мнамайг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалаар Ө.Мнь 2018 оны 11 сарын 18-ны өдөр УБ 1 өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа хүлээн авч үүрэг гүйцэтгэж байхдаа төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийг үндэслэн халсан нь 2017 оны 11 сарын 29-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.5-т заасан ноцтой зөрчилд тооцохоор нэг бүрчлэн заасан зөрчил биш тул ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Ө.Мнь УБТЗ-ынцэрэгжүүлсэн хамгаалалтын албанд үлээвэр хөгжимчин байсан. Энэ албанд 2006 оноос хойш тасралтгүй ажилласан. Өмнө нь ямар нэгэн захиргааны зөрчил гаргаж байгаагүй. Гэнэт ийм юм болоод ажлаасаа халагдсан. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай нөхрийн хөл нь өвдөөд, тасагтаа хэлнэ гэж байсан боловч өвдөөд байсан учир хэлж амжилгүй, намайг мэдэж байгаа юм чинь гээд явсан. Удирдлагын хурал дээр мэдүүлэг өгөхдөө айж сандарсандаа хүнээс мөнгөө авах гэж явсан гэж хэлсэн байдаг. Эдний ажлын дарамт шахалт маш их байдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ө.Мажил дээрээ байхад нь хөл нь маш их хүчтэй өвдсөний улмаас ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Гэнэт өвдөлт өгөөд, ажлын байраа орхиж явахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрч, тухайн өдөр ажлаа орхиж явсан. Гэвч УБТЗ-ынцэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар энэхүү асуудал нь хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэж үзсэн.  Ө.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-1 өртөөн дээр хуваарийн дагуу ажлаа хүлээж авч, ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, тухайн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг үндэслэж ажлаас халсан байдаг. Ажил олгогч ажлаас халсан үндэслэлдээ 2017 онд Ө.Мөнх-Өлзийтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5-т заасан паркийн зам талбайг эзэнгүй хараа хяналтгүй орхисноос гарч болох аваар осол, сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах нөхцөлийг бүрдүүлэх зөрчил гаргасан,  төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхисон гэх үндэслэлээр халж байгаа гэж дурддаг. Энэ нь тухайн гэрээний 5.3.5-т заасан нөхцөлд байхгүй. Хөдөлмөрийн тухай хууль болон Улсын дээд шүүхээс гаргасан 2012 оны зөвлөмжид ажил олгогч, ажилтан хоёрын ямар үйлдлүүдийг ноцтой зөрчил гэж заах, уг зөрчлийн тохиолдол бүрийг нэг бүрчлэн хөдөлмөрийн гэрээнд зааснаар энэхүү асуудлыг авч хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээний 5.3.5-т юу гэж заасан байдаг вэ гэхээр ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, галт тэрэгний аюулгүй ажиллагаа болон төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, зөрчлийг эрх бүхий этгээдэд мэдээлээгүй, осол, гологдол, сүйрэл зөрчлийг үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан алба хэлтсийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд үүнийг ноцтой зөрчилд тооцож, ажлаас халж болно гэж заасан байна.  Ө.Мөнх-Өлзийг халах үндэслэл болгоод байгаа зүйл нь паркийн зам талбайг эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос болж гарч болох аваар сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гэж үзээд өөрөө тайлбар дээрээ зохиогоод тавьсан. Дээрээс нь тухайн ажил олгогчийн ажлаас халж байгаа үндэслэл нь тушаал байдаг. Тухайн гарч байгаа шийдвэр буюу тушаалаар хууль зүйн фактыг тодорхойлох эрх зүйн үр дагавар гараагүй. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалаар ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж, ажил тасалсан нь өөрөө Ө.Мөнх-Өлзийн Улаанбаатар төмөр замтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд уг зөрчлийн тохиолдол бүрийг нэг бүрчлэн заасан ноцтой зөрчил биш тул ажил олгогчийн шийдвэр хууль зүйн ямар ч үндэслэлгүй байна. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.4 дахь хэсэгт заасны дагуу ямар нэгэн хууль зүйн үндэслэл болж чадахгүй байгаа учир хүнийг ажлаас халж байгаа үндэслэл болон шалтгаан нь үндэслэлгүй байна. Тийм учраас Ө.Мөнх-Өлзийг урьд эрхэлж байсан паркийн харуулын ажилд эгүүлэн томилж, жилийн эцсийн 13 дахь цалингийн урамшуулал 900,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ө.Мнь 2006 оноос эхлэн УБТЗ-ынцэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа 1 жилийн чөлөө авсан. 1 жилийн дараа дахиж хүсэлт гаргаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа буцаан томилогдсон.  Ө.М2018 оны 11 дүгээр сарын 18-ны бүтэнсайн өдөр Улаанбаатар-1 өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан. Үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ-ынаюултай бүсийг орхиж ажил тасалсан зөрчил гаргасан. Ажил хаяж явсан нөхцөл шалтгаанаа ажил олгогчид урьдчилан мэдэгдэж, чөлөө авах ёстой журмаа баримтлалгүй ажил тасалсан учраас энэ зөрчил дээр нь үндэслэж ажил олгогч тал Ө.Мөнх-Өлзийг ажлаас нь халсан. Зөрчил гаргах болсон шалтгаанаа Ө.Мтайлбарлахдаа АНУ-ын виз мэдүүлэхээр хувь хүнд материалаа хөөцөлдүүлэхээр мөнгө өгсөн байсан. Тэр хүн нь бусдын мөнгийг хулхиддаг хууль бус үйлдэл хийдэг хүн гэж надтай хамт материалаа бүрдүүлж өгсөн хүмүүс хэлж, дуудахаар нь би мөнгөө алдахгүйн тулд ажлаа орхиж явсан гэж хэлсэн. Өнөөдөр нэхэмжлэгч тал Ө.Мөнх-Өлзийгийн хөл нь өвчтэй байсан гэж аргаа өөрчлөөд ярьж байх шиг байна. Бодит байдал дээр хурал дээр ингэж тайлбар хэлсэн. Хариуцагч талын хувьд энэ тайлбар нь ажлын байраа дур мэдэн орхиж явах хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзэж байна. Ө.Мяагаад худал ярьсан гэж үзэж байгаа вэ гэхээр ажил олгогч нар өөрсдөө тогтоосон байдаг. Ямар нэгэн улсад визэнд орсон тохиолдолд эхлээд ярилцлагад орсны дараа виз гаргах эсэх асуудал шийдвэрлэгддэг. Дараагийн асуудал юу вэ гэхээр АНУ-ын визны ярилцлага амралтын өдөр буюу ням гарагт хийгддэггүй. Ийм үндэслэлээр хариуцагч тал нэхэмжлэгчийн тайлбарт няцаалт хийдэг. Ө.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ээлжийн батлагдсан хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхээр ажлын объект, тусгай хэрэгслээ хүлээн авч, ажлын зааварчилгаа авч, гарын үсэг зурж ажлаа эхэлсэн. Хэрвээ энэ хүний хөл тухайн үед өвдөж байсан бол ажлын зааварчилгаа авахгүйгээр, ажилдаа гарна гарна гэж гарын үсэг зурахгүйгээр, өвчтэй зовлонтой байсан гэдгээ мэдэгдэх боломжийг ажил олгогч өгсөн байдаг. Мэдээж харуул хамгаалалтын ажилтнуудад өдөр тутам тодорхой зааварчилгаа өгдөг. Төмөр зам онцгой объект учраас харуул хамгаалалт болоод галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой үйл ажиллагаанд дагаж мөрддөг хэвшил болсон зүйл байдаг.  Ө.Мөнх-Өлзийн ажлыг чиг үүрэг бол Улаанбаатар-1 өртөө нь хөдөлгөөн ихтэй, төмөр замын аюултай бүс бөгөөд түүгээр нэвтэрсэн иргэдийн хөдөлгөөнийг хянах, өртөөний зам талбайд хамгаалалтад авсан ачаа, вагоныг гэмт халдлагаас хамгаалах, халдлага гарсан тохиолдолд таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гарсан нөхцөл байдлыг цаг алдалгүй шуурхай мэдэгдэх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүйгээр  2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа гараад, 11 цаг 30 минутын орчимд удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байраа эзэнгүй орхиж, гар утсаа салгаж, сураггүй алга болсон. Тэрээр паркийн зам талбайг эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос аваар сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах боломж, эрсдэлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж ажил олгогч үзсэн. Ажилтан биедээ авч явах ёстой буу, галт зэвсэг зэрэг тусгай хэрэгслүүд байдаг. Түүнийгээ ажлын байрандаа орхиж явсан байдаг. Тухайн өдөр УБТЗ-ынЦэрэгжүүлэн хамгаалалт, онцгой байдлын албаны Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн галын ээлжийн тасгийн даргын утсанд галт тэрэгний машинч гэх нэр нь үл мэдэгдэх хүнээс паркийн харуул согтуу байна гэдэг мэдээлэл ирсэн байдаг. Үүний шалгахад Улаанбаатар-1 паркийн харуулыг шалгахад тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан паркийн харуул Э.Дашдорж согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Харин паркийн харуул Ө.Мнь ажлынхаа байрыг орхиж явсан, ажил дээрээ байхгүй байсан бөгөөд тусгай хэрэгслийг биеэсээ дур мэдэн салгаж, ажлын байрандаа орхисон байсныг мэдээллийг дагуу тогтоосон. Төмөр замын хэмжээнд ажлын байрыг хүнгүйгээр байлгаж болдоггүй. Харуул хамгаалалт, урьдчилан сэргийлэлт, аюулгүй байдал маш өндөр хэмжээнд яригддаг учраас ангийн дарга дараагийн ээлжийн паркийн харуулыг дуудан ажиллуулсан байдаг. Ө.Мөнх-Өлзийгийн хувьд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дур мэдэн ажлын байраа орхин явж, ажил тасалсан нь өөрийнх нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажлын байраа орхиж явсан нь миний буруу гэж бичиж өгсөн тайлбар, ээлжийн дарга Б.Ганбатын тайлбар, УБТЗ-ынцэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын удирдан явуулсан 2018 оны 11 дүгээр сарын хурлын тэмдэглэл, Улаанбаатар-1 паркийн харуулын тасгийн 2018 оны 11 дүгээр сард ажиллаж ээлжийн график зэрэг нотлох баримтаар нотлох баримтаар нотлогдож байна. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12 дахь хэсэгт зааснаар төмөр замын аюултай бүс гэдэг нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөн, ачилт, буулгалтын ажил гүйцэтгэдэг дэвсгэр газрыг хэлнэ гэж заасан. Ө.Мнь төмөр замын аюултай бүсийг хамгаалж ажиллах ажлын чиг үүрэгтэй. Ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн энэ талаар тодорхой байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.1-т заасан ажилтан аваар сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, Хөдөлмөрийн гэрээний 5.3.5-т заасан паркийн зам талбайг эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос гарч болох аваар сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг зөрчил гаргасан тул түүнийг УБТЗ-ынцэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаар тушаалаар Ө.Мнь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж, ажил тасалсан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан.  Ажлаас халсан асуудал дээр нэхэмжлэгч тал зөвхөн Хөдөлмөрийн тухай хууль байдаг гэж ойлгоод байх шиг байна. Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм гэж байгаа. Энэ дүрэм нь Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан. Дүрмийн ажилтны хөдөлмөр зохицуулалтын 5в-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын заавар, ажил үүргийн хуваариар хүлээсэн үүргээ биелүүлэх, 5ж-д төмөр замын тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгө, сэлбэг материалыг хайрлан хамгаалж, ачааны бүтэн бүтэн байдлыг хангах ёстой гэж заасан. Төмөр замын аюултай бүсэд харуул хамгаалалт нь байгаа тохиолдолд тээврийн хэрэгсэл болон ачааны бүтэн бүтэн байдлыг хамгаалах үүрэг хүлээж байгаа. Дүрмийн 6-д ажлын байрыг эзэнгүй орхих, бусадтай ярих зэргээр ажил цалгардуулах, гаргасан буюу илэрсэн зөрчил дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлах зэргийг хатуу хориглоно гэж заасан. Энэ талаар хөдөлмөрийн гэрээнд заагаагүй гэж яриад байна. Ажлын байрыг орхин явж байгаа нь хатуу хориглосон үүргийг биелүүлээгүй. Мөн Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 1 дүгээр батлагдсан төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм байгаа. Энэ хүн цэрэгжүүлсэн хамгаалалтад харьяалагдаж явдаг. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрмийн 4 дүгээр хэсгийн 18б, 18ж-д галт зэвсгийг биедээ авч явах,  түүнийг батлагдсан дүрмийн дагуу хэрэглэх ёстой гэж заасан. Ө.Мнь цэрэгжүүлэх хамгаалалтын албаны ажилтны хувьд батлагдсан дүрмийн дагуу хэрэглэж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгслээ биедээ авч явахаас гадна, ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд журмын дагуу ажил олгогчид хүлээлгэж өгөх ёстой. Энэ журам зөрчигдөөд байгаа. Мөн дүрмийн 4 дүгээр хэсгийн 19-д Хамгаалалтын албаны ажилтан нь хамгаалалтад байгаа  объект, ачаа, эд хөрөнгийг хамгаалж,  тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс байгууллага, иргэдэд хохирол учруулсан тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж хариуцлагын тогтолцоог зааж өгсөн. Эдгээр зүйл заалт, эрх зүйн хэм хэмжээнүүд зөрчигдсөн байгаа учраас Ө.Мөнх-Өлзийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.  Нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, шагналт цалин гаргуулах шаардлага байгаа. Энэ дээр Замын даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Сарын ажлын үр дүнгээр олгох шагналын үлгэрчилсэн дүрмийг шинэчлэн батлах тухай А-245 тоот тушаалын 2.13, 2.14-т заасан сахилгын арга хэмжээ авагдаж байсан. 7 дугаар сахилгын арга хэмжээтэй байх хугацаа өнгөрсөн. Гэхдээ энэ хүн тухай үед ажлаа орхиж явж байна гэдэг нь өөрөө сахилгын зөрчил гаргаж байгаа учраас сарын ажлын үр дүнгийн шагнал, жилийн ажлын үр дүнгийн шагналыг зөрчиж гаргасан бол олгохгүй байхаар заасан хуулийн зүйл заалт байдаг. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Давхарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай албанд онцлог бий. Өглөө ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилцгааг зайлшгүй авдаг. Ар гэрт нь ямар нэгэн гачигдал зовлон байвал орлон ажиллах хүнийг дуудах бололцоотой байдаг. Ө.Мөнх-Өлзийн ажлаас халагдсан шалтгаан дээр нэмж хэлэхэд тэрээр ор сураггүй алга болсон тул бид маш их хайсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд үйлдвэрлэлийн осолд бүртгэхгүй 3 зүйл байдаг. Нэгдүгээрт ажлын байран дээр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хоёрдугаарт ажлын байраа дур мэдэн орхих, гуравдугаарт технологийн горим зөрчих гэсэн зүйлүүд байдаг. Энэ гурван зүйлийн хоёрыг нь манай Ө.Мзөрчөөд явсан. Технологийн зөрчил гэдэг нь буу, тусгай хэрэгслийг зүгээр нэг байранд нь орхих биш бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг. Манай хөдөлгөөний аюулгүй байдал, аюултай бүсийн дэглэмд ямар ч хор хохирол учирч болно. Бусдад шилжүүлж болохгүй зүйлийг хийсэн. Ажлын байрыг дур мэдэн орхих гэдэг асуудлын тухайд манай ээлжийн ахлахын утас руу нэр нь үл мэдэгдэх хүн утастаад танай паркийн харуул Ө.Мсогтуу байна гэдэг мэдээлэл өгсөн. Ингээд ээлжийн ахлах маань харуулын ахлахыг дуудаж шалгуулсан. Манай УБТЗ-ынхэмжээнд мөрдөгддөг нэг зүйл нь ажлын байран дээр согтууруулах ундаа хэрэглэсэн бол ямар нэгэн байдлаар шууд ажлаас чөлөөлдөг. Ийм байдал үүсгэхгүйн тулд Ө.Мажлаа хаяад явсан. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн удирдлагын зөвлөлийн хурлын тэмдэглэл энд ирсэн байгаа. Энэ дээр ноцтой зүйлүүд яригдсан. Манай харуул хамгаалалтын ахлах байцаагч н.Эрдэнэчулуун гэж хүн бий. Ө.МАНУ-ын элчингээс намайг хүн дуудлаа. Би тийшээ явах гэнэтийн шаардлага гараад байна гэж хэлсэн байдаг. Хэрвээ энэ үгээ тухайн үед хэлсэн бол алба ойлгоно. Дор нь хүнээ дуудах боломжтой. Ингээд явсан гэж хэлдэг. Согтуу байсныг чинь гэрчилье гээд 11 дүгээр сарын 19-ний өдрөө ахиад алкохоль үнэртүүлэхийг удирдлагын зөвлөлийн хурал дээр санал тавьсан. Би тэрийг нь болиулсан. Яагаад гэвэл тухайн өдөр Ө.Мажилд биш удирдлагын зөвлөгөөний хуралд орох гэж ирсэн. Ямар нэгэн байдлаар архитай холбоотой асуудал гарвал буцаадаг тал бий. Манайх 25 жилээр тэтгэвэртэй гардаг учраас 10 гаруй жил ажиллаж, өөрийн боловсон хүчин болсон хүмүүстээ маш их итгэл найдвар өгдөг. Манай дээр 2, 3 зөрчлийг гаргасан. Ачааны хамгаалагч нар болон паркийн харуулууд утсаа салгах буюу янз бүрийн байдлаас болж хойшоо ухрахыг манай алба тэр чигээрээ хатуу цээрлэдэг. Удирдлагын зөвлөгөөний хурал дээр хүртэл элчингээс дуудагдсан гэдэг асуудал яригдсан болохоос биш өвчтэй байсан асуудлыг яриагүй. Удирдлагын зөвлөлийн хуралд манай бүх албан хаагч нар оролцож, халагдах үндэслэлийг бүрэн хангасан байна гэдэг үндэслэлээр бүх хүмүүсийн саналаар Ө.Мөнх-Өлзийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажлаас халах шийдвэр гарсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Мнь хариуцагч УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

УБТЗ-ын -ынЦэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаар тушаалаар, УБТЗ-ын -ынУлаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуул ажилтай Ө.Мөнх-Өлзийг 2018 оны 11 сарын 18-ны өдөр Улаанбаатар 1 өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа хүлээн авч үүрэг гүйцэтгэж байхдаа төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтад тусгасан ноцтой зөрчил гэдэгт ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх, хариуцлага нь зөрчилд нь тохирсон байхыг шаардана. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд ямар зөрчил хамаарах талаар хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгасан байна.

 

Нэхэмжлэгч нь байгууллагын шуурхай хуралдаанд болон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажлаа орхиж явах болсон шалтгааныг ...гадаад улс руу зорчих виз гаргуулахаар хүнд өгсөн мөнгөө залилан мэхлүүлж алдахгүйн тулд ажлын байраа орхиж явсан гэж тодорхойлсон бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж, ажлын байр орхиж явах болсон шалтгааныг ...зам тээврийн ослын улмаас гэмтээсэн хөлний гэмтэл нь ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болтол өвдсөн гэх эрүүл мэндийн шалтгаантай холбон тайлбарласан. /хх-ийн 1, 33, 34-36 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар тусгасан байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д Ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцөлийг бүрдүүлсэн, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагаа ба төмөр замын тээврийн багц дүрмийн шаардлага зөрчсөн үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй, зөрчлийг эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй, осол, гологдол, сүйрэл зөрчил үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан алба хэлтсийн дүгнэлтээр тогтоогдсон гэж тодорхойлсон байна. /хх-ийн 47 дугаар тал/

 

Зохигчид нэхэмжлэгч Ө.Мөнх-Өлийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УБТЗ-ынУлаанбаатар 1 өртөөнд ээлжийн хуваарийн дагуу паркийн харуулын ажилд гарсан, ажиллах хугацаандаа тусгай хэрэгслээ /хийн гар буу, сум, тусгай хэрэгсэл, радио станц/ харуулын пүтгэнд үлдээж, ажлын байраа зөвшөөрөл, мэдэгдэлгүй орхиж явсан зөрчил гаргасан талаар маргаагүй. /хх-ийн 10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Ө.Мнь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр УБТЗ-ынУлаанбаатар 1 өртөөнд ээлжийн хуваарийн дагуу паркийн харуулаар ажиллаж байхдаа байгууллага, удирдлагад мэдэгдэлгүйгээр зөвшөөрөлгүй харуулын ажлын байр, тусгай хэрэгслээ орхиж явсан зөрчил гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан нөхцөл болон Ажлын байрны тодорхойлолтод заасан төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах, хамгаалах, байнгын сонор сэрэмжтэй байх, ажил, албаны тусгай хэрэгсэл хүлээлцэх, ашиглах журам, үүрэгтэй нь харьцуулсан дүгнэвэл ноцтой зөрчилд хамаарах зөрчлийг гаргасан гэж үзсэн ажил олгогчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. /хх-ийн 45 дугаар тал/

 

Мөн Ө.М хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буюу өвчний улмаас ажлын байраа зөвшөөрөл, мэдэгдэлгүй орхиж явсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь  -ынЦэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаар Ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсан ч шүүхэд гомдлоо 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргажээ. Шүүхэд годмол гаргах хуульд заасан хугацаа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч өвчний улмаас гомдол гаргах хугацаа алдсан гэж тайлбарласан.

 

Хэрэгт нотлох баримтаар 2018 оны 12 дугаар 17-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн талаар Сорогзон эмнэлгийн магадалгаа, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажлаас чөлөөлсөн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадалгаа, 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн магадалгаа, 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хртэл Гурван гүүр эмнэлгийн магадалгаа, 2018 оны 06 дугаар сараас 09 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд эмчилгээ, үзлэг хийлгэж байсан талаар Амбулаториор эмчлүүлэгсдийн карт, 2018 оны оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас, гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэг шинжилгээний баримт авагдсан байна.

 

Дээрх нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгч 2018 оны 12 дугаар 17-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд 10 хоног хэвтэж эмчлүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх боловч үүнээс хойших хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, Ямар өвчний учир хугацаа алдсан нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Иймд хариуцагч УБТЗ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ө.Мөнх-Өлзийн нэхэмжлэлийг шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг баримтлан хариуцагч УБТЗ-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ө.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ө.М нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР