Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2020/00311

 

Ө.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01006 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1044 дугаар магадлалтай,

Ө.М-гийн нэхэмжлэлтэй,

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Б.Д, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ө.М-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Миний бие 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулснаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд паркийн харуулаар ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ёс зүйн алдаа дутагдал гаргаагүй, үндсэн болон шагналт цалингаа хасуулах зэргээр сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар нэг өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа хүлээн авч ажил үүрэг гүйцэтгэж байхад гэнэт Америкийн виз мэдүүлэх ажлыг гүйцэтгүүлэхээр мөнгө өгсөн хүн хууль бус юм байна бүгд залилуулах гэж байна хурдан ирээд мөнгөө аваач гэж надтай хамт мөнгө өгсөн хүмүүс дуудсан тул ажлаа орхиж явсан. Маргааш нь шуурхай хурал хийж төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан хэмээн цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын 2018 оны 11 сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалаар ажлаас халсан нь үндэслэлгүй. Паркийн харуулын албан тушаалын хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т сахилгын ноцтой зөрчилд ямар зөрчлийг тооцохыг тусгайлан заасан. Үүнд төмөр замын аюултай бүсийг орхиж ажил тасалсныг ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж тодорхой заагаагүй тул тушаал хууль зөрчсөн. Би 2018 оны 6 дугаар сард автотээврийн осолд орж хөлөндөө хүнд гэмтэл авснаас болж ажлаасаа хэдэн сар чөлөөлөгдсөн бөгөөд хөлний байдал гайгүй болж ажилдаа ороод удаагүй байсан. Ажил олгогчийг надад сахилгын шийтгэл ногдуулж байгааг ялгавартай хандаж байна гэж үзэж байна. Осолд орсны улмаас эмнэлэгт удаа дараа хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгүүлж байгаад шүүхэд одоо нэхэмжлэл гаргаж байгаа болно. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 309 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан паркийн харуулын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 250 000 төгрөг, жилийн эцсийн 13 дахь цалингийн урамшуулал 900 000 төгрөг, нийт 3 150 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Ө.М- нь 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар-нэг өртөөн дээр хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа Улаанбаатар төмөр замын аюултай бүсийг орхиж ажил тасалсан зөрчил гаргасан. Ажил хаяж явсан нөхцөл шалтгаанаа ажил олгогчид урьдчилан мэдэгдэж, чөлөө аваагүй. Тухайн өдөр ээлжийн батлагдсан хуваарийн дагуу үүрэгт ажлаа гүйцэтгэхээр ажлын обьект, тусгай хэрэгслээ хүлээн авч, ажлын зааварчилгаа авч, гарын үсэг зурж ажлаа эхэлсэн, хэрвээ хөл нь өвдөж байсан бол ажлын зааварчилгаа авахгүйгээр, ажилдаа гарна гэж гарын үсэг зурахгүйгээр, өвчтэй байсан гэдгээ мэдэгдэх боломжтой. Ө.М-гийн ажлыг чиг үүрэг бол Улаанбаатар-нэг өртөө нь хөдөлгөөн ихтэй, төмөр замын аюултай бүс бөгөөд түүгээр нэвтэрсэн иргэдийн хөдөлгөөнийг хянах, өртөөний зам талбайд хамгаалалтад авсан ачаа, галт тэргийг гэмт халдлагаас хамгаалах, халдлага гарсан тохиолдолд таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, гарсан нөхцөл байдлыг цаг алдалгүй шуурхай мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүйгээр 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд удирдах албан тушаалтанд мэдэгдэлгүй ажлын байраа эзэнгүй орхиж, гар утсаа салгаж, сураггүй алга болсон. Тэрээр паркийн зам талбайг эзэнгүй, хараа хяналтгүй орхисноос аваар сүйрэл, хулгай, гэмт халдлага гарах боломж, эрсдэлийг бий болгох нөхцөлийг бүрдүүлсэн гэж ажил олгогч үзсэн. Ажилтан биедээ авч явах ёстой буу, галт зэвсэг зэрэг тусгай хэрэгслүүдээ ажлын байрандаа орхиж явсан. Ө.М- дур мэдэн ажлын байраа орхин явж, ажил тасалснаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зөвшөөрч тайлбар өгсөн, ээлжийн дарга Б.Ганбатын тайлбар, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт, онцгой байдлын албаны даргын удирдан явуулсан 2018 оны 11 дүгээр сарын хурлын тэмдэглэл, Улаанбаатар-нэг паркийн харуулын тасгийн 2018 оны 11 дүгээр сард ажиллаж ээлжийн график зэрэг нотлох баримтаар нотлох баримтаар нотлогдсон. Дүрмийн 6-д ажлын байрыг эзэнгүй орхих, бусадтай ярих зэргээр ажил цалгардуулах, гаргасан буюу илэрсэн зөрчил дутагдлыг нуун дарагдуулах, эвлэрэн хаацайлах зэргийг хатуу хориглоно гэж заасан. Ажлын байрыг орхин явахыг хатуу хориглосон үүргийг биелүүлээгүй. Мөн Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолоор батлагдсан төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм байгаа. Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрмийн 4 дүгээр хэсгийн 18б, 18ж-д галт зэвсгийг биедээ авч явах, түүнийг батлагдсан дүрмийн дагуу хэрэглэх ёстой гэж заасан. Ө.М- нь цэрэгжүүлэх хамгаалалтын албаны ажилтны хувьд батлагдсан дүрмийн дагуу хэрэглэж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгслээ биедээ авч явахаас гадна, ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд журмын дагуу ажил олгогчид хүлээлгэж өгөх ёстой. Иймд Ө.М-г ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01006 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ө.М-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1044 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ө.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Хариуцагч байгууллага нь ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийг гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаа зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдэхүй байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой нь холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдоп бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна. Гэтэл 2017 оны 11 сарын 29-ний өдрийн Ө.М-тэй байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-д хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хөдөлмөрийг гэрээг цуцална гэж заасан байдаг. Эдгээр дурдсан ноцтой зөрчлүүдэд Ө.М-г ажлаас халсан “Төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан” гэх ноцтой зөрчил огт байдаггүй бөгөөд энэхүү зөрчлийг хөдөлмөрийн гэрээндээ нэрлэн зайгаагүй байж хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох нэрлэн заасан зөрчил гэж үзэн ажлааас үндэслэлгүй халсан байхад анхан шатны шүүх дүгнэхдээ “...байгууллагын удирдлагад мэдэгдэлгүйгээр зөвшөөрөлгүй харуулын ажлын байр, тусгай хэрэгслээ орхиж явсан зөрчил гаргасан байна”, “хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан нөхцөл болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ноцтой зөрчилд хамаарах зөрчил гаргасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд бус давуулан дүгнэлт хийж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн Хөдөлмөрийн тухайн хуулийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана”, 129.3-т “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно”, 129.3-т заасан "хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, ...өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно гэж заасныг тус тус зөрчин хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өвчтэй байсан эмнэлэгт эмчлүүлсэн магадлагаануудыг ерөнхий эмчийн гарын үсэг байхгүй гэх үндэслэлээр бодитой үнэлээгүйгээс гадна хариуцагчаас нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг хэдэнд гардуулж өгсөн, нэхэмжлэгчийн ажлаа хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ө.М-, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажил олгогч Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны дарга 2018.11.20-ны өдөр 309 тоот тушаал гаргаж, Улаанбаатар цэрэгжүүлсэн хамгаалалтын ангид паркийн харуул ажилтай Ө.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэл болгон 2018.11.18-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ төмөр замын аюултай бүсийг эзэнгүй орхиж ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэжээ.

Ажлын байрны тодорхойлолтод, Ө.М-гийн эрхэлж байсан паркийн харуулын ажлын үндсэн чиг үүрэг нь паркийн зам дээр тавигдсан, хамгаалалтад хүлээн авсан ачаа, вагоныг гэмт халдлагаас хамгаалах, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган төмөр замын аюултай бүсийн дэглэмийн журмыг сахиулах, хамгаалалтын гэрээнд тусгагдсан бусад үүргийг гүйцэтгэнэ гэжээ.

Ө.М- 2018.11.18-ны өдөр хуваарийн дагуу 09 цагт ажлаа хүлээн авч 12 цагийн туршид ажиллах байсан атлаа 11.30 минутын үед албаны холбогдох албан тушаалтанд мэдэгдэхгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүй ажлын байр болон зэвсэг хэрэгслийг орхин явсан болох нь тогтоогдсон бөгөөд уг зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан “ажилтан нь аваар сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргах нөхцлийг бүрдүүлсэн...” ноцтой зөрчил гэж үзснийг үгүйсгэх үндэслэлгүй, энэ талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах бөгөөд нэхэмжлэгч Ө.М- хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй хугацаа хэтрүүлсэн тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/01006 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1044 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ө.М-гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ