Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2022/02518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Сайнбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.У,

Нэхэмжлэгч: Т.Д нарын нэхэмжлэлтэй ,

Хариуцагч: “ГБ” ХХК-д холбогдох

00-00 УБВ, 00-00 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай “ГБ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч З.У, Т.Д нарын өмгөөлөгч Г.Чинбат, С.Ялалт,

Хариуцагч ГБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анударь,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цогзолмаа нар оролцов.

/Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өмгөөлөгчдийн хүсэлтээр түүний эзгүйд шийдвэрлэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.У нь ГБ ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж, 670.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг, жилийн 22,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БГ3305111907-1 тоот барьцааны гэрээ байгуулж WBALM31010E200788 тоот арлын дугаартай, 00-07 УБВ тоот улсын дугаартай BWM Z-4 маркийн цагаан өнгийн автомашиныг, түүнчлэн мөн өдөр БГ3305111907-2 тоот барьцааны гэрээ байгуулж, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, 92-18 УНП тоот улсын дугаартай, Lexus LX570 маркийн хар өнгийн автомашиныг тус тус барьцаалсан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын зүгээс ГБ ХХК-тай автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ, эсхүл фидуцийн гэрээ байгуулаагүй бөгөөд ГБ ХХК-ийн өмчлөлд автомашины бүртгэлийг шилжүүлэх тухай тохиролцоо хийгээгүй, ГБ ХХК-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн байсныг ч мэдээгүй юм.

Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ГБ ХХК-нд зээлээ төлж барагдуулж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/5876 тоот “Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай” албан бичгийг хүлээн авч, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр Автотээврийн улсын бүртгэлийн төвд хандтал уг тээврийн хэрэгслүүд нь ГБ ХХК-ийн нэр дээр байгаа учир албан бичгийг солиулж, огноог засах, ГБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулж авчрах шаардлага тавьсан.

ГБ ХХК-ийн Тусгай активын хэлтсийн ажилтантай холбогдож, дээрх шаардлагын дагуу баримт бичгийг гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөхөөс татгалзаж, бичиг хийж өгөх боломжгүй гэсэн.

ГБ ХХК-тай “Барьцааны гэрээ” байгуулсан болохоос өмчлөл шилжүүлэх гэрээ, хэлцэл байгуулаагүй. Түүнчлэн нэгэнтээ зээлийн төлөлтийг хийж барагдуулсан байхад ГБ ХХК-ийн зүгээс дээрх хөрөнгүүдийг өгөхгүй, шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус үйлдэл юм.

ГБ нь хуульд заасан үндэслэлээр өмчлөх эрхийг олж аваагүй, ГБ -ийн зүгээс эдгээр тээврийн хэрэгслийг шударгаар олж аваагүй байх тул тус тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчид нь З.У болон Т.Д нар юм. 

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх байдлаар барьцааны эрх үүсдэг. Өмчлөх эрхийг шилжүүлж байж цахим мэдээллийн санд бүртгүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

Түүнчлэн үндсэн шаардлага буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний үүрэг дуусгавар болдог. Хавтаст хэргийн 23, 27 дугаар талд авагдсан 2020.09.04-ний өдрийн 01 тоот Зээл төлж барагдуулсан тухай акт, 09/5876 тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоот болон бусад баримтуудаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. 

Иймд 00-07 УБВ улсын дугаартай WBALM31010E200788 тоот арлын дугаартай, BMW Z-4 0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр З.У-ыг, 00-00 УНН улсын дугаартай 000000 тоот арлын дугаартай, Lexus LX570 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Д-г тогтоож, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагч тал хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.У нь 2018 оны 06 сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2018 оны 06 сарын 14-ний өдөр ЗГ/330800734 тоот кредит картын гэрээ байгуулж  5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Зээлийн гэрээний биелэлт хангагдаагүй, өрийн үлдэгдэлтэй, уг барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүрэг хангадаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Автомашины бүртгэл нь Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох журам, 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Зам тээврийн яамны сайдын  59 дүгээр тушаал, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 192 дугаар тушаал гэх зэргээр зохицуулагдаж байсан бөгөөд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, өмчлөгчдийн зөвшөөрсний дагуу 2 автомашиныг ГБ ХХК өмчлөлдөө бүртгүүлсэн. Барьцаалагч өөрөө өмчлөгч байж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй.

Зээл төлж барагдуулсан тухай акт нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийнх байдаг. Дансны хуулгаас үзэхэд тус 60,000,000 төгрөг нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гүйлгээгээр хийгдсэн байдаг. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр манай нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч нар төлбөрийн үлдэгдэлтэй. Өр төлбөрөө хаалгаагүй. Зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайд гаргасан Хөдлөх хөрөнгийг бид зарж борлуулах гэж байна. Зараад хүндээ өгчихсөн чинь та нар бидний өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй бол яах юм бэ? баталгаа болгож албан бичиг бичиж өгнө үү гэх хүсэлтийн дагуу гаргасан акт. 2019 оны 12 сарын 26-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдийн талуудын уулзалтын тэмдэглэлүүд байдаг. Тус уулзалтын тэмдэглэлээс үзэхэд 60,000,000 төгрөг болон үлдэгдэл төлбөрийг хэрхэн гүйцэтгэх бэ? гэхэд газраа зарна, бэлэн 6,000 евро төлнө, кредит картын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг нь биелүүлнэ гэдэг. Голомт банкны зүгээс төлбөр төлөгдөхөөс өмнө авто тээврийг чинь шийдээд баримт үйлдээд өгье гэсэн болохоос биш, энэ баримтыг үйлдсэнээр тухайн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн зүйл биш юм. Тиймээс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул барьцаанаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

                3. Хариуцагч тал нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.У нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/330800734 тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг бэлэн хүү 42 хувь, бэлэн бус хүү 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.

ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 4 төрлийн эд хөрөнгүүдийг барьцаалсан.

З.У нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2021 оны 10 сарын 25-ны өдрийн байдлаар 393,117,331.48 төгрөгийн өр төлбөртэй байна.

Иймд З.У-аас ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.48 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү.

ГБ ХХК-ийн зүгээс З.У-д 2020 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зээлийн өр төлбөрийг бүрэн төлж дууссан тохиолдолд 50,000,000 төгрөгийг чөлөөлөхөөс татгалзах зүйлгүй гэж мэдэгдэл хүргүүлж байсан. Уг мэдэгдлийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буюу уулзалт хийсэн өдрөө хүргүүлсэн ба тухайн уулзалтаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байсан бол мэдэгдэл хүргүүлэхгүй байх байсан. Акт нь З.У-ын хүсэлтээр гаргасан албан бичиг байгаа юм. Манай зүгээс та авто машинаа зарж борлуулж байгаа бол үндсэн үүргүүдээ биелүүлээрэй  гэдэг шаардлагыг тавьж акт гаргаж өгсөн.

ГБ ХХК-иас хүргүүлсэн мэдэгдэлд зээлийн үлдэгдэл нийт 387,459,973.20 төгрөг байна. Зээлийн өр төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулна уу гэсэн байдаг. Тиймээс 60,000,000 төгрөг төлөөд зээлийн харилцаа дууссан зүйл байхгүй. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээс үзэхэд зээлдэгч нь машинаа 60.000.000 төгрөгт, 3 га газрыг 170,000,000 төгрөгт, 6.000 Евро буюу 140,000,000 төгрөгөөр зээлийг хаана гэж уулзалтаар тохиролцсон байдаг.

Акт нь зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг илтгэхгүй. Энэ нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийн дагуу баталгаа болгож гаргаж өгсөн баримт. Тиймээс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэв.

            4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ...ГБ ХХК-ийн холбогдох этгээдүүд нийт 60,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхөөр уулзалт хийсэн. Энэ саналыг З.У зүгээс хүлээн зөвшөөрч 2020 оны 09 сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг баримтжуулж 2020.09.04-ний өдөр 01 тоот Зээл төлж барагдуулсан тухай акт, 09/5876 тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоотыг З.У-д гаргаж өгсөн.

60,000,000 төгрөгийг төлж зээлийг бүхэлд нь хаасан дүнгийн хэмжээний хувьд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25.2 дахь заалтын дагуу зээлийн тооцооллыг хуульд нийцүүлэн бодож гаргасан дүн байдаг. Гэрээний 3 сарын хугацаа дууссан өдрөөс хойшхи хугацааны төлөлтийг дээрх заалтын дагуу үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцоолол хийгдсэн. Ингээд тооцоолж үзээд 60,000,000 төгрөг төлсний үндсэн дээр зээлийн харилцааг дуусгавар болгохоор талууд акт үйлдсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь зохицуулалттай нийцэж байгаа юм.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зохицуулалт, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараар гэрээний хугацаа дууссан өдрөөс хойш төлж байгаа төлөлтүүдийг үндсэн зээлээс хасч тооцох ёстой.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот зээл төлж барагдуулсан тухай актад үүнээс хойш төлөгдөх үндсэн зээл болон хүүгийн талаар дурдаагүй байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар тус зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж байгаа юм. Үүнийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Голомт банкны 01/5876 тоот Авто тээврийн үндэсний төвд бичсэн Барьцаа чөлөөлүүлэх тухай албан тоотоор баталгаажуулж өгч байна. Үүнд: ЗГ330511907 тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн тул дээрх барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байгааг мэдэгдэж байна гэсэн байна.

Дээр дурдсан акт албан бичгүүдээр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон гэдэг нь хангалттай нотлогдож байна.

Мөн З.У-тай хамт н.Э гэдэг хүн хамт байсан. 50, 50 хувиар нь хувааж төлөхөөр болсон бол З.У-ын зүгээс өөрийн төлөх ёстой төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэж үзэж байна.

ЗГ/330800734 тоот кредит картын гэрээний үүрэгт 22,775,604.40 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт З.У-ын имэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. Тус тэмдэглэлд ГБ 2019 онд З.У-д хүргүүлсэн албан захиа бий. Амжилтгүй гүйлгээний алдааны улмаас миний гүйлгээний мөнгө нэмэгдээд байна. Үүнийг засч өгнө үү, мөнгийг аваагүй байхад танай байгууллага мөнгө нэмээд байна гэдэг талаар ГБ -д хандаж байсан. Албан захидлаар хариу ирүүлээд байгаа нь ГБ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа нь харагдаж байна. Гэтэл ГБ нь энэ нөхцөл байдлаа засварлаж өгөөгүй байж өнөөдрийг хүртэл хугацаанд кредит картдаа хүү тооцчихсон. З.У-ын зүгээс 7.692.161.99 төгрөгөөс 3 удаагийн 1.000.000 төгрөг буюу 3.000.000 төгрөгийг аваагүй. Энэ алдаатай гүйлгээний улмаас 5.000.000 төгрөгөөс хэтэрсэн нөхцөл байдал үүссэн.

Алдаатай гүйлгээний асуудлыг З.У хариуцахгүй. Системийн алдаатай холбоотой үйлдлийг ГБ өөрсдөө хариуцах ёстой. Нэгэнт үүнийг шалгаад алдаатай гүйлгээний улмаас З.Ундрамын кредит картад 3.000.000 төгрөгийн гүйлгээ гарсан гэдэг нь бичилт хийгдэж, зээл бодогдож байгаа бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээл олгоогүй байж, зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй. Тиймээс уг 3.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Мөн 500 доллараар 2 удаагийн гүйлгээ гарахад З.У ГБ мөнгө аваагүй. Тухайн үед ГБ -ын системийн алдаанаас болоод үүссэн нөхцөл байдал юм. Тиймээс З.У-ын зүгээс 3.000.000 төгрөг буюу 1000 доллар болох нийт 5.000.000 төгрөгийг аваагүй гэж маргадаг. Системийн алдаагаа засаад өгчих юм бол би кредит картын төлбөрөө шударгаар төлөөд кредит картын өр төлбөрийн асуудлаа дуусгая гэхээр Голомт банк системийн алдаагаа засварлаж өгөхгүй байж, хүү тооцоод байсан учир З.У-ын зүгээс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөн хууль бусаар бодогдсон хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл, автомашин худалдах, худалдан авах гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.06.27-ны өдрийн ЗГ3305111907 дугаартай Зээлийн гэрээ, 2018.06.28-ны өдрийн БГ3305111907-1, БГ3305111907-2 дугаартай Барьцааны гэрээ,  0079 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021.01.28-ны өдрийн З.У-ын өмнө өмчилж байсан тээврийн хэрэгслийн лавлагаа, 9218 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021.01.28-ны өдрийн Т.Д-ийн өмнө өмчилж байсан тээврийн хэрэгслийн лавлагаа, 2020.09.04-ний өдрийн 01 тоот зээл төлж барагдуулсан тухай акт, З.У-ын ГБ ХХК-нд гаргасан хүсэлт, 2020.09.04-ний өдрийн 09/5876 тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар 107, 2018.06.26-ны өдрийн 11/47, 11/48 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, З.У-ын имэйл хаягаас ГБ ХХК-тай харилцсан тухай баримт, 2019.11.04-ний өдрийн автомашин худалдах худалдан авах гэрээ, 2019.09.07-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах тухай гэрээ, 2019.06.03-ны өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтыг өгсөн.

6. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.08.12-ны өдрийн 318 дугаар ГБ -ын гүйцэтгэх захирлын тушаал, итгэмжлэл, хариу тайлбар, 2018.06.27-ны өдрийн ЗГ3305111907 дугаартай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, 2018.06.28-ны өдрийн БГ3305111907-1, БГ3305111907-2 дугаартай Барьцааны гэрээ, 0000 УБВ, 0000 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 2021.03.22-ны өдрийн хүү тооцооллын хүснэгт, 2021.04.09-ны өдрийн нэмэлт хариу тайлбар, 2020.09.04-ний өдрийн 09/5875 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018.06.14-ний өдрийн ЗГ/330800734 дугаартай Кредит картын гэрээ, 2018.06.28-ны өдрийн ЗБ3305111907 дугаартай Ипотекийн гэрээ, 2018.06.28-ны өдрийн БГ3305111907-3 дугаартай Барьцааны гэрээ, 2018.06.27-ны өдрийн БДГ3305111907-1 дугаартай Батлан даалтын гэрээ, 2018.06.27-ны өдрийн БДГ3305111907-2 дугаартай Батлан даалтын гэрээ, 2018.06.27-ны өдрийн БДГ3305111907-3 дугаартай Батлан даалтын гэрээ, 000469785 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2021.03.24-ний өдрийн хүү тооцооллын хүснэгт, 2021.03.24-ний өдрийн зээлийн картны тооцооллын хүснэгт, 2021.03.24-ний өдрийн дансны хуулга, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн тухай нэхэмжлэл, 2021.10.25-ны өдрийн хүү тооцооллын хүснэгт, 2021.11.23-ны өдрийн сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, З.У-ын 2020.08.11-ний өдрийн ГБ-ны тусгай активын хэлтэст гаргасан хүсэлт, 2020.08.28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, 2020.08.05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтыг өгсөн.

            7. Шүүхээс талуудын хүсэлтээр болон шүүхийн журмаар 2021.11.02-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, 2021.11.25-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, ГК кэстл ХХК-ийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2018.06.20-ны өдрийн Т.Д-ээс З.У-д олгосон итгэмжлэл 2022.05.20-ны өдрийн А-6/558 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг бүрдүүлсэн.

            Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.У, Т.Д  нар нь ГБ ХХК-нд холбогдуулж 00-00УБВ, 00-00УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шаардлагын үндэслэлээ барьцааны гэрээгээр барьцаалсан 2 автомашиныг ГБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх тохиролцоо хийгдээгүй, худалдах худалдан авах, фидуцийн гэрээ зэрэг аливаа хэлбэрээр өмчлөлд шилжүүлэх гэрээ хийгдээгүй байхад ГБ ХХК автомашинуудыг үндэслэлгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан,

Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, энэ нь 2020.09.04-ний өдрийн 01 тоот зээл төлж барагдуулсан тухай акт, 2020.09.04-ний өдрийн 09/5876 тоот Барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг, зээлийн төлбөр төлсөн дансны хуулга болон бусад баримтуудаар нотлогдоно гэж тайлбарлаж байна.

2. Хариуцагч ГБ ХХК нь барьцаалагч өөрөө өмчлөгч байж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй, өмчлөгч өөрөө банкинд шилжүүлэхийг зөвшөөрсөн, тухайн үед үйлчилж байсан сайдын тушаал, автотээврийн хэрэгслийн бүртгэл, улсын дугаар олгох журмын дагуу барьцааны эрхээ баталгаажуулах үүднээс өмчлөгчөөр бүртгүүлсэн, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

3. Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3.1 Нэхэмжлэгч З.У нь 2018.06.27-ны өдөр ГБ ХХК-тай ЗГ3305111907 дугаартай зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 3 сарын хугацаатай зээлсэн байна.

Тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З.У-ын 0000УБВ улсын дугаартай BMW Z-4 0 маркийн автомашиныг, Т.Д-ийн 0000 УНП улсын дугаартай Lexus LX570 0 маркийн автомашиныг тус тус ГБ ХХК-нд барьцаалж барьцааны гэрээ байгуулсан болох нь БГ3305111907-1, БГ3305111907-2 дугаартай барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

3.2 Нэхэмжлэгч З.У нь 0000 УБВ улсын дугаартай BMW Z-4 0 маркийн автомашины, Т.Д нь 0000 УНП улсын дугаартай Lexus LX570 0 маркийн автомашиныг өмчлөгч байсан нь тээврийн хэрэгслийн лавлагаа, дээрх барьцааны гэрээ, талуудын тайлбараар нотлогдож байна.

ГБ ХХК нь дээрх барьцааны гэрээг үндэслэн автомашинуудыг өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан 0000УБВ, 0000 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээ, ГБ ХХК-с Автотээврийн үндэсний төвд явуулсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гаргуулах тухай албан бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ тухайд болон З.У, Т.Д нарыг тухайн автомашины өмчлөгч байсан гэдэгт хариуцагч маргаагүй.

3.3 Дээрх БГ3305111907-1, БГ3305111907-2 дугаартай барьцааны гэрээгээр болон өөр бусад байдлаар ГБ ХХК нь тухайн 2 автомашины өмчлөгчөөр бүртгүүлснийг зөвтгөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд өмчлөлдөө шилжүүлэн авсан нь хууль болон хэлцлийн дагуу үйлдэл болохыг хариуцагч тал баримтаар нотлоогүй байна.

Хууль болон барьцааны гэрээнд заасны дагуу ГБ ХХК нь ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрхтэй буюу ГБ ХХК-нд тухайн 2 автомашины хувьд барьцааны эрх үүссэн байна. Иймд барьцааны эрх үүссэнээс бус өмчлөх эрх үүсээгүй, ГБ ХХК нь автомашинуудыг үндэслэлгүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

3.4 Хариуцагч нь барьцаалагч өмчлөгч байж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар “бусад хэлбэрээр” гэдэгт хамаарах учраас боломжтой, барьцааны гэрээг баталгаажуулах үүднээс өмчлөгчөөр бүртгүүлсэн гэх боловч энэ тайлбар нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хууль, гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг худалдах, арилжих болон бусад хэлбэрээр өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд уг хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх хэвээр хадгалагдана гэжээ.

Түүнчлэн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно гэж,

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний 2.5-д Барьцааны баталгаажилт: Барьцаалагч нь энэхүү гэрээний дагуу үүссэн барьцааны эрхийг баталгаажуулах зорилгоор хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг үйлдэж бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын цахим мэдээллийн санд бүртгүүлнэ гэж тус тус зааснаас дүгнэхэд ГБ ХХК нь барьцааны эрхээ баталгаажуулах зорилгоор автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэх үндэслэлгүй байна.

3.5 Иймд хууль болон хэлцлийн дагуу 0000 УБВ улсын дугаартай BMW Z-4 0 маркийн автомашин болон 9218УНП улсын дугаартай Lexus LX570 0  автомашины өмчлөх эрх ГБ ХХК-д шилжээгүй, ГБ ХХК машины өмчлөгчөөр бүртгүүлснийг зөвтгөх үйл баримт тогтоогдохгүй байх тул З.У, Т.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

4. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын гэрээний үүрэг дуусгавар болсон, барьцаанаас чөлөөлөгдсөн гэж тайлбарлан, холбогдох нотлох баримтыг үндэслэл болгож буйд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

5. Хариуцагч Голомт банк ХХК нь З.У, Т.Д нарт холбогдуулж ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

6. Шүүх дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

6.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэжээ.

6.2 Нэхэмжлэгч З.У, Т.Д нар нь өөрсдийн өмчлөлд байх ёстой гэж үзэн 2 автомашины өмчлөгчөөр тогтоолгох, бүртгэлийг буцаан шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын гол үндэслэлээ барьцааны гэрээ байгуулснаар автомашиныг өмчлөх эрх шилжих, барьцаалагч барьцааны зүйлийн өмчлөлдөө шилжүүлж авах үндэслэлгүй, тухайн автомашинууд нь анхнаасаа нэхэмжлэгч нарын өмчлөлд байсан тул ГБ хууль бус өмчлөлөөс шаардаж байна гэж тодорхойлсон.

Харин, нэхэмжлэгч талаас талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээ, үүргийн гүйцэтгэлтэй холбоотой, гэрээний үүргийн биелэлт болон барьцааны эрх дуусгавар болгох, барьцаанаас чөлөөлүүлэх зэрэг сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох шаардлага гаргаагүй.

Түүнчлэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлага буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл, барьцааны эрх хөндөгдөхгүй байна.

6.3 Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцааны эрх хэвээр хадгалагдах бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг, барьцааны эрхэд нөлөөлөхгүй.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тооцож дуусгавар болгох шаардлага гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д заасныг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хамтруулан шийдвэрлэхээс татгалзах нь зүйтэй гэж үзэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 753,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн хөлс 1,042,322.97 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,492,086.66 /1,950,270.39+70,200+331,216.27+70,200+70,200/  төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж Голомт банк ХХК-нд олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасныг баримтлан З.У-ыг  00-00 УБВ улсын дугаартай WBALM31010E200788 тоот арлын дугаартай, BMW Z-4 0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр, Т.Д-г 00-00 УНП улсын дугаартай 000 тоот арлын дугаартай, Lexus LX570 0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тус тус тогтоож, тухайн тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг ГБ ХХК-д даалгасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар З.У, Т.Д нарт холбогдуулан гаргасан ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.49 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай ГБ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 753,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, шинжээчийн хөлс 1,042,322.97 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,492,086.66 /1,950,270.39+70,200+331,216.27+70,200+70,200/  төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж ГБ ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    У.САЙНБИЛЭГ