Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 210/ма2023/00972

 

 

 

 

 

 

 

 

    2023           04            14                                        210/МА2023/00792

 

 

З.Ундрам, Т.Дүүрэн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/00531 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нарын хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан гаргасан 00-07 УБВ, 92-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах үндсэн, ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Чинбат, С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, Б.Ганбат, Б.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: З.Ундрам нь “Голомт банк” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж, 670,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр БГ3305111907-1 тоот барьцааны гэрээ байгуулж WBALM31010E200788 тоот арлын дугаартай, 00-07 УБВ улсын дугаартай BWM Z-4 маркийн цагаан өнгийн автомашиныг, түүнчлэн мөн өдөр БГ3305111907-2 тоот барьцааны гэрээ байгуулж, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, 92-18 УНП улсын дугаартай, Lexus LX570 маркийн хар өнгийн автомашиныг тус тус барьцаалсан. Нэхэмжлэгч нарын зүгээс “Голомт банк” ХХК-тай автомашин худалдах, худалдан авах гэрээ, эсхүл фидуцийн гэрээ байгуулаагүй бөгөөд “Голомт банк” ХХК-ийн өмчлөлд автомашины бүртгэлийг шилжүүлэх тухай тохиролцоо хийгээгүй, “Голомт банк” ХХК-ийн нэр дээр бүртгэл хийгдсэн байсныг мэдээгүй. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Голомт банк” ХХК-д зээлээ төлж барагдуулж, улмаар 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 09/5876 тоот барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичгийг хүлээн авч, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэхээр Автотээврийн улсын бүртгэлийн төвд хандтал уг тээврийн хэрэгслүүд нь “Голомт банк” ХХК-ийн нэр дээр байгаа учир албан бичгийг солиулж, огноог засах, “Голомт банк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлага тавьсан. “Голомт банк” ХХК-ийн тусгай активын хэлтсийн ажилтантай холбогдож, дээрх шаардлагын дагуу баримт бичгийг гаргаж өгөхийг хүссэн боловч гаргаж өгөхөөс татгалзаж, бичиг хийж өгөх боломжгүй гэсэн. “Голомт банк” ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан болохоос өмчлөл шилжүүлэх гэрээ, хэлцэл байгуулаагүй, тээврийн хэрэгслийг шударгаар олж аваагүй байх тул тус тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчид нь З.Ундрам болон Т.Дүүрэн нар юм. Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх байдлаар барьцааны эрх үүсдэг. Өмчлөх эрхийг шилжүүлж байж цахим мэдээллийн санд бүртгүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй.

1.1. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсноор барьцааны гэрээний үүрэг дуусгавар болдог. Хавтаст хэргийн 23, 27 дугаар талд авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот зээл төлж барагдуулсан тухай акт, 09/5876 тоот барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоот болон бусад баримтуудаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон. Иймд WBALM31010E200788 тоот арлын дугаартай, 00-07 УБВ улсын дугаартай BMW Z-4 0 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр З.Ундрамыг, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, 92-18 УНП улсын дугаартай Lexus LX570 маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр Т.Дүүрэнг тогтоож, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: З.Ундрам нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээл авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/330800734 тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Зээлийн гэрээний биелэлт хангагдаагүй, өрийн үлдэгдэлтэй, уг барьцаа хөрөнгүүд нь зээлийн гэрээний үүрэг хангадаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт, өмчлөгчдийн зөвшөөрсний дагуу 2 автомашиныг “Голомт банк” ХХК өмчлөлдөө бүртгүүлсэн. Барьцаалагч өөрөө өмчлөгч байж болохгүй гэсэн хориглосон заалт байхгүй.

2.1.Зээл төлж барагдуулсан тухай акт нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийнх байдаг. Дансны хуулгаас үзэхэд тус 60,000,000 төгрөг нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн гүйлгээгээр хийгдсэн байдаг. Монгол банкны шинжээчийн дүгнэлтээр манай нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлдэгч нар төлбөрийн үлдэгдэлтэй. Өр төлбөрөө хаалгаагүй. Зээлдэгч нь 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манайд гаргасан хүсэлт болон 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрүүдийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар 60,000,000 төгрөг болон үлдэгдэл төлбөрийг төлнө гэдэг. “Голомт банк” ХХК-аас төлбөр төлөгдөхөөс өмнө авто тээврийг чинь шийдээд баримт үйлдээд өгье гэсэн болохоос биш, энэ баримтыг үйлдсэнээр тухайн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэсэн зүйл биш юм. Тиймээс зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тул барьцаанаас чөлөөлөх эрх зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: З.Ундрам нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ3305111907 тоот зээлийн гэрээ байгуулж 670,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээл авсан. Мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ЗГ/330800734 тоот кредит картын гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн зээлийг бэлэн хүү 42 хувь, бэлэн бус хүү 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Т.Дүүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байршилтай, үйлчилгээ, конторын зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, WBALM31010E200788 тоот арлын дугаартай, 00-07 УБВ улсын дугаартай BMW Z-4 0 маркийн З.Ундрамын өмчлөлтэй, тээврийн хэрэгсэл, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, 92-18 УНП улсын дугаартай Lexus LX570 маркийн, Т.Дүүрэнгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл, “Гүүд кэстл” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэргийг барьцаалсан. З.Ундрам нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар ЗГ3305111907 дугаарын гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 208,176,104.47 төгрөг, хүү 139,316,703.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,848,918.66 төгрөг, нийт 370,341,727.09 төгрөг, ЗГ300800734 гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 7,691,861.99 төгрөг, хүү 8,105,131.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,978,60.58 төгрөг, нийт 22,775,604.40 төгрөг, 2 гэрээний нийт дүн 393,117,331.49 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байх тул З.Ундрамаас ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331.48 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээс хангуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: З.Ундрам 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 670,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн бөгөөд энэ төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлж дууссан. “Голомт банк” ХХК-ийн холбогдох этгээдүүд нийт 60,000,000 төгрөгийг төлсөн нөхцөлд зээлийн гэрээний харилцааг дуусгавар болгож, барьцаа хөрөнгүүдийг чөлөөлж өгөхөөр уулзалт хийсэн. Энэ саналыг З.Ундрамын зүгээс хүлээн зөвшөөрч 2020 оны 09 сарын 04-ний өдөр 60,000,000 төгрөгийг төлсөн. Үүнийг баримтжуулж 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 01 тоот зээл төлж барагдуулсан тухай акт, 09/5876 тоот барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан тоотыг З.Ундрамд гаргаж өгсөн. 60,000,000 төгрөгийг төлж зээлийг бүхэлд нь хаасан дүнгийн хэмжээний хувьд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн тооцооллыг хуульд нийцүүлэн бодож гаргасан дүн байдаг. Гэрээний 3 сарын хугацаа дууссан өдрөөс хойшхи хугацааны төлөлтийг дээрх заалтын дагуу үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцоолол хийгдсэн. Ингээд тооцоолж үзээд 60,000,000 төгрөг төлсний үндсэн дээр зээлийн харилцааг дуусгавар болгохоор талууд акт үйлдсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь зохицуулалттай нийцсэн. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот зээл төлж барагдуулсан тухай актад үүнээс хойш төлөгдөх үндсэн зээл болон хүүгийн талаар дурдаагүй байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дахь хэсэгт зааснаар тус зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Үүнийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Голомт банк” ХХК-ийн 01/5876 тоот Автотээврийн үндэсний төвд бичсэн барьцаа чөлөөлүүлэх тухай албан тоотоор нотлогддог. З.Ундрам, Т.Эрдэнэбулган нар зээлийн үлдэгдлийг 50, 50 хувиар нь хувааж төлөхөөр болсон бол З.Ундрамын зүгээс өөрийн төлөх ёстой төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан гэж үзэж байна.

ЗГ/330800734 тоот кредит картын гэрээний үүрэгт 22,775,604.40 төгрөг нэхэмжилсэн. Хавтаст хэрэгт З.Ундрамын и-мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэлээр “Голомт банк” ХХК буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд байгаа нь харагдаж байна. Гэтэл “Голомт банк” ХХК нь энэ нөхцөл байдлаа засварлаж өгөөгүй байж өнөөдрийг хүртэл хугацаанд кредит картад хүү тооцсон. З.Ундрамын зүгээс 7,692,161,99 төгрөгөөс 3 удаагийн 1,000,000 төгрөг буюу 3,000,000 төгрөгийг аваагүй. Энэ алдаатай гүйлгээний улмаас 5,000,000 төгрөгөөс хэтэрсэн нөхцөл байдал үүссэн. Алдаатай гүйлгээний асуудлыг З.Ундрам хариуцахгүй. Системийн алдаатай холбоотой үйлдлийг Голомт банк өөрсдөө хариуцах ёстой. Нэгэнт үүнийг шалгаад алдаатай гүйлгээний улмаас З.Ундрамын кредит картад 3,000,000 төгрөгийн гүйлгээ гарсан гэдэг нь бичилт хийгдэж, зээл бодогдож байгаа бол Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээл олгоогүй байж, зээл олгосон гэж үзэх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар WBALM31010E200788 тоот арлын дугаартай, 00-07 УБВ улсын дугаартай, BMW Z-4 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр З.Ундрамыг, JTJHY00W184015060 тоот арлын дугаартай, 92-18 УНП улсын дугаартай, Lexus LX570 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Т.Дүүрэнг тус тус тогтоож, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг З.Ундрам, Т.Дүүрэн нарт буцаан шилжүүлэхийг “Голомт банк” ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар ЗГ3305111907, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд З.Ундрамаас нийт 229,120,084.52 төгрөг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 163,997,247 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүрэг болох 212,661,202.26 төгрөгийг З.Ундрам нь төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, 525 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, “Гүүд кэстл ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,750 төгрөг зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 753,300 төгрөг, хариуцагч “Голомт банк” ХХК-аас төлсөн 2,492,086.66 /1,950,270.39+331,216.27+70,200+70,200+70,200/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Голомт банк” ХХК-аас 753,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нарт, нэхэмжлэгч З.Ундрамаас 1,443,950 төгрөгийг гаргуулж, “Голомт банк” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн хөлс 1,042,322.97 төгрөгийн 521,161.4 төгрөгийг нэхэмжлэгч З.Ундрамаас, 521,161.4 төгрөгийг хариуцагч “Голомт банк” ХХК-аас тус тус гаргуулж, шинжээч М.Мөнх-Өлзийд /Хаан банк 5007701128 тоот данс/ олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Хариуцагч "Голомт банк" ХХК нь нэхэмжлэгч 3.Ундрамтай 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тохиролцооны дагуу зээл төлж барагдуулсан тухай актыг үйлдэж, уг актад "Голомт банк" ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг албан бичигт "Мөнгийг бэлнээр хүлээлгэн өгч энэхүү актад гарын үсэг зурж баталгаажуулмагц Голомт банкны тал барьцаа чөлөөлсөн талаарх бичгийг үйлдэж эх хувиар нь зээлдэгчид олгохоор тохиролцов" гээд мөн "Энэ нь зээл төлж барагдуулсныг нотлох хангалттай баримт болно" гэж тодорхой тусгасан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 09/5876 тоот барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай" албан бичгийг "Голомт банк" ХХК гаргаж өгсөн. Уг албан бичигт "ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгдсэн тул дээрх барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлж байгааг мэдэгдэж байна" гэж өмнөх тохиролцооны дагуу бүр тодорхой тусгасан. Гэвч "Голомт банк" ХХК-ийн зүгээс уг тохиролцоог зөрчиж ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг нэхэмжилж байгаа бөгөөд түүнээс гадна барьцаанаас чөлөөлсөн авто тээврийн хэрэгслүүдээр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин нэхэмжлэгчийн зүгээс "Голомт банк" ХХК нь тохиролцоог зөрчсөн ч ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүрэг нэгэнт дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч талын уг тайлбарт дүгнэлт өгөхгүйгээр "Голомт банк" ХХК зээл шаардсан "Мэдэгдэл" өгч байсан, шинжээчийн дүгнэлтээр зээлийн үлдэгдэлтэй байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. "Голомт банк" ХХК нь угаасаа нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиролцоог зөрчиж зээл шаардсан, мөн шинжээчээс хуулийн зүйл, заалт асуугаагүй, зөвхөн тооцоолол асуусан бөгөөд шинжээч асуусан асуултад хариулсан тооцоолол ирүүлсэн. Гэтэл уг нөхцөл байдалд дүгнэлт өгөхгүйгээр, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тохиролцоогоор өрийн үлдэгдлийг шилжүүлж авсан. Харин анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн судлахгүйгээр "Зөвхөн үндсэн зээлийг шилжүүлж авсан" гэж дүгнэж тооцооллыг буруу хийсэн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тохиролцоогоор үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг хийж баталгаажуулсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч "Голомт банк" ХХК-ийн зүгээс 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй бөгөөд гагцхүү дээр дурсан тооцооллын дагуу мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй. Гэтэл уг нөхцөл байдалд шүүхийн зүгээс дүгнэлт өгөхгүйгээр "Голомт банк" ХХК-ийн шаардлагын дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шийдвэрлэсэн нь алдаатай болсон. Нэхэмжлэгч 3.Ундрам нь "Голомт банк" ХХК-тай байгуулсан ЗГ/330800734 тоот дугаартай кредит картын гэрээний дагуу 2018 оноос эхлэн 1201013890 тоот данснаас 100,000,000 гаруй төгрөг ашиглаж, буцааж шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Энэхүү хугацаанд ямар ч зөрчил гаргаж байгаагүй бөгөөд цаг тухайд нь эргэн төлөлтийг шилжүүлж, зөрчил үүсгээгүй нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдоно. Харин зөрчил нь 3.Ундрамаас "Голомт банк" ХХК руу и-мэйл бичиж, данснаасаа мөнгө авч чадаагүй тухайгаа, мөнгө аваагүй байхад зээл нь нэмэгдсэн талаар гомдол гаргасан үеэс эхэлж байгаа. “Голомт банк" ХХК-ийн системийн алдааны улмаас 3.Ундрамын кредит картын гүйлгээ 3,000,000 төгрөгөөр нэмэгдэж, зээлийн эрхээс хэтэрсэн болохыг "Голомт банк" ХХК өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг мөнгө аваагүй болохоо нотолсонгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Харин нэхэмжлэгчийн зүгээс кредит картын зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэдгээ и-мэйл, түүнд үзлэг хийсэн баримтаар нотолсон. Харин "Голомт банк" ХХК уг гэрээний дагуу зээл олгосон болохоо хангалттай баримтаар нотлоогүй, уг и-мэйлд ирүүлсэн хариу захиаг тайлбарлаагүй, системийн алдаагүй байсан гэдгээ нотлоогүй байхад шүүх дан ганц дансны хуулгыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. Нотлох баримт хуваарилах зарчмын хүрээнд нэгэнт зээл авсан, аваагүй талаар маргаж байгаа, мөн дансны хуулганд бичигдсэн гүйлгээ нь алдаатай гэж маргаж, түүнийг Голомт банкны и-мэйлээр өөрсдөө зөвшөөрсөн нь нотлогдож байгаа энэ нөхцөлд хариуцагч "Голомт банк" ХХК-ийн зүгээс өөрсдөө зээл олгосон гэдгээ нотлох үүрэгтэй. Уг ЗГ/330800734 тоот дугаартай кредит картын гэрээний дагуу нэхэмжлэгчийн зүгээс 2,925,571 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин бусад хэсгийг дээр дурдсаны дагуу "Голомт банк" ХХК-ийн алдааны улмаас аваагүй бөгөөд уг санал, гомдлыг шийдвэрлээгүйгээс хүү, нэмэгдүүлсэн хүү тооцогдсон гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлээс 2,925,571 төгрөгийг хангаж үлдэх хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: “Голомт банк” ХХК нь зээлдэгч мөн болохыг зөвшөөрч байгаа. Харин анхан шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж хууль бус эзэмшлээс гаргуулах тухай агуулгыг шийдвэрт тусгасан. Гэтэл автомашины зээлийн онцлог нь тухайн автомашины эзэмшил, ашиглалт, бүх хадгалалт, өмчлөх эрхтэй холбоотой эрх нь жолоочид байдаг. Банкны зүгээс хууль заасны эрхээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулаагүй. Зээлийн гэрээний үүргээс тодорхой хэмжээний мөнгө төлөгдсөн учраас банкнаас барьцааны зүйлээ чөлөөлүүлэх хүсэлт өгч байгаа. Хэрвээ уг шаардлагыг хангах байсан бол хэсэгчилж барьцааны үүрэг дуусгавар болсон гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх ёстой байсан. “Голомт банк” ХХК нь Монголбанкны шинжээчийн дүгнэлтэд санал нэг байна. “Голомт банк” ХХК-ийн зүгээс хэтрүүлсэн хүү авахгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулна, бусдаас татгалзаж байгаа. Өр шилжих тухай шүүхэд гаргасан. Тухайн өр шилжихэд гэрээ хэлцэл хийж, нотариатаар баталгаажуулж хэлбэрийн шаардлагыг хангах ёстой. Гэтэл үндсэн үүрэг үүсэж байгаа зээлийн гэрээний харилцаа нь хуульд зааснаар бичгээр байгуулах ёстой. Нэхэмжлэгчээс зээл төлсөн гэх акт буюу хэргийн 83 дугар талд авагдсан тэмдэглэлийг үндэслэж өр шилжсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Харин өр шилжүүлж байгаа бол талууд гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулж, тамга тэмдэг дарагдах ёстой. Монголбанк ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллаар хүү тооцож, төлбөрийг тогтоох ёстой. “Голомт банк” ХХК-аас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл төлбөр 387,459,973 төгрөг, уг төлбөрөөс 60,000,000 төгрөгийг төлбөл 2 машинаа суллаж авч болно гэсэн мэдэгдлийг илгээсэн байгаа. Зээлийн төлбөрийг бүрэн төлж дуусгасан талаар баримт байх ёстой. Зээлийн гэрээг дуусгавар болгох этгээд Б.Энхтүвшин биш. “Голомт банк” ХХК-аас зээл олгохдоо зээлийн хорооноос зээл олгох эрхийг шийдвэрлэж байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр суллах бичгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа. Гэтэл бодит байдал өгөөгүй. Талуудын тохиролцоод байгаа 60,000,000 төгрөгийг төлөлт нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэгдэж, төлөлтийг хийсний дараа суллах бичгийг өгсөн. Гэтэл манай талаас зээлдэгч З.Ундрамд өгсөн мэдэгдэлд 387,000,000 төгрөг байна. Шинжээчийн дүгнэлтэд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Иргэний хуулийн 216 дүгээр зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын баримтлах ёстой, энэ хугацаанаас хойш төлсөн төлөлтийг үндсэн төлөлтөөс хасаж тооцсон гэж дүгнэсэн. Түүнийг шүүхээс дүгнэхдээ өр шилжих тооцоололтой хольж хэрэглэсэн. Барьцааны өмчлөлийн шилжүүлж байгаа процесс нь банкны баталгаажилт буюу баталгааны зүйлийг өөр хүнд дамжуулан шилжүүлэхгүй, зарахгүй байх зорилгоор шилжүүлж авч байгаа. Харин уг шилжүүлж авч байгаа нь Автотээврийн үндэсний төвийн журмаар өмчлөгч өөрөө очиж шилжүүлдэг. Түүнээс биш банканд мэдэгдэхгүйгээр шилжүүлдэггүй. Нэхэмжлэгч талаас мэдэхгүй байхад шилжүүлсэн, очиход мэдлээ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Өмчлөгч өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шилжүүлэх боломжгүй. Хуулийн хэрэглээний хувьд зөрүүтэй байгаа учраас бусдаар зөвшөөрч байгаа гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд 2018 оны 06 сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож БГ3305111907-1 тоот барьцааны гэрээ, БГ3305111907-2 тоот барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээнүүдийн дагуу улсын бүртгэлийн 00-07 УБВ, 92-18 УНП улсын дугаартай автомашинуудыг "Голомт банк" ХХК-ийн барьцаанд бүртгэж, цахим мэдээллийн санд бүртгүүлсэн. Хариуцагч нь барьцааны зүйлийг өмчлөлдөө шилжүүлэн авсан харилцаа байхгүй буюу үүсээгүй бөгөөд шүүхийн зүгээс өмчлөл, эзэмшил, ашиглалтын харилцааны зааг ялгааг тайлбарласан хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй. Тодруулбал, 3.Ундрам, Т.Дүүрэн нар нь Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч гэдэгтэй талууд маргаагүй. Үүнтэй холбоотойгоор талууд барьцааны гэрээний 2.3-д заалт нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5.1-д заасантай нийцсэн. Харин хариуцагчийн зүгээс барьцааны гэрээний 2.5-д заасны дагуу барьцааны баталгаажилт хийсэн. Энэ нь Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасантай нийцэх буюу барьцаа хөрөнгийн өмчлөл шилжихтэй холбогдсон асуудлыг зохицуулаагүй, зөвхөн барьцааны баталгаажилттай холбоотой хийгдсэн үйлдэл юм. Шийдвэрийн 4.4.2 дахь хэсэгт “...зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна." гэх дүгнэлтийг хийсэн атлаа барьцаа хөрөнгө болох 00-07 УБВ, 92-18 УНП улсын дугаартай автомашины барьцааны эрх дуусгавар болсон байна гэх агуулгын зөрүүтэй дүгнэлтийг хийсэн. Хариуцагч талаас барьцааны зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, барьцааны эрх дуусгавар болоогүй талаар байр суурийг илэрхийлж холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч шүүхийн зүгээс "Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.3-т зааснаар барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн бол барьцааны эрх дуусгавар болох тул дээрх тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангахгүй орхив." гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, шүүх 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 09/5876 дугаартай албан бичгийг 2 өөр үнэлж, ялгаатай тайлбарласан нь үндэслэлгүй байна. Шүүхийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Монголбанкны шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн. Уг зээлийн гэрээнүүдтэй холбоотойгоор Монголбанкны шинжээч болон шүүхээс томилогдсон шинжээч нар тус тус дүгнэлт гарган тооцоолол хийсэн ба шүүхийн зүгээс эдгээрийг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байна. Дээрхтэй холбоотойгоор шүүх "ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 82,000,000 төгрөгөөс тал хувийг буюу тэнцүү хэмжээгээр 3.Ундрам, Т.Эрдэнэбулган нар хариуцах нь зүйтэй" гэж дүгнэсэн. Ингэхдээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч Т.Эрдэнэбулган нь өрийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн боловч энэ нөхцөл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журам хэрэгжсэн эсэх дээр үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Тодруулбал, "хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ." гэж заасны дагуу ЗГ3305111907 тоот зээлийн гэрээг хийсэн хэлбэрээр өр шилжүүлсэн баримт байхгүй. Гэтэл шүүхийн зүгээс “Голомт банк” ХХК, З.Ундрам, Т.Эрдэнэбулган нарын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр уулзсан уулзалтын тэмдэглэлийг үнэлсэн байгаа нь үндэслэлгүй. Нөгөө талаас шүүх тус хэсгийн дүгнэлтдээ "...батлан даагч Т.Эрдэнэбулган нь өрийг шилжүүлэн авсан гэж үзэх Үндэслэлтэй байна." гэсэн боловч уг маргааны шаардлагын хувьд Т.Эрдэнэбулган нь батлан даагчийн хувьд үүрэг хүлээх агуулга байгаагүй. Тиймээс Т.Эрдэнэбулганы хувьд өрийг шилжүүлэн авсан гэж үзэхэд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу батлан даагчийнхаа хувьд нөхөх эсхүл хамтран хариуцлага хүлээх эсэхийг тодорхойлоогүй байна. Түүнчлэн шүүх ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний хувьд нийт 294,661,202,26 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй гэж дүгнэхдээ Т.Эрдэнбулганаас 41,000,000 төгрөг 3.Ундрамаас 212,661,202.26 төгрөгийг гаргуулна гэсэн боловч эдгээрийн нийлбэр дүн нь 253,661,202.26 төгрөг байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Өр шилжүүлэх хэлэлцэл хийгдээгүй гэж байна. Тухайн зээлийн гэрээнд гурван тал гарын үсэг зурсан, шалтгаанаа мөн адил дурдсан, уг зээлээ хувааж ашиглах гэж байгаа учраас Т.Эрдэнэбулган зээлийн гэрээний тал хувийг хариуцахаар болж өр шилжүүлсэн нь харагдаж байгаа. Зээлдэгчийн хувьд тухайн хүнийг эрхгүй этгээд гэж тодорхойлох боломжгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулахыг шаарддаг. Зээлийн гэрээ болон өр шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж гарын үсэг зурсан. Тухайн хэлцэлд хувааж авсан гэж тодорхой заасан байхад яагаад нэг хүнээс 100 хувь төлбөрийг нэхэмжилж байгаа талаар тодорхой тайлбарлаж чадаагүй. Иймээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан шаардлагыг хангаж талууд гарын үсэг зурж, бичгээр тодорхойлон өрийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх өр шилжүүлсэн дүгнэлтийг зөв хийсэн боловч өр шилжүүлснээс хойш өөр хүний нэрд шилжүүлсэн хүүг З.Ундрамаар гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй. Хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг өнөөдөр хүртэл эс зөвшөөрч маргаж байсан. Гэтэл өнөөдрийн хуралдаанд үндсэн шаардлагыг зөвшөөрч байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаатай гарсан гэж байна. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцааны эрх баталгаажуулна гэх агуулгыг Автотээврийн үндэсний төвд бүртгэлтэй гэрээг шилжүүлэхийг хэлэхгүй. Цахим мэдээллийн санд оруулснаар барьцааны эрх баталгааждаг. Уг эрх баталгаажсан дарааллаар үүргийн гүйцэтгэл хангагдана. Харин тухай хөрөнгийг зарж чадахгүй, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл тээврийн хэрэгслийг шилжүүлэх гэхээр “Голомт банк” ХХК-ийн бүртгэлтэй холбоотой Автотээврийн бүртгэлд саад учирсан болж худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн тээврийн хэрэгслээ шилжүүлж чадахгүй, өмчлөгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул анхан шатны шүүхээс зөв үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж үзэж байна. 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээлийг төлж дууссан тухай актад зөвхөн хэсэгчилсэн байдлаар төлсөн гэх нэг ч өгүүлбэр байхгүй. Харин уг актаар зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөгийг төлж дуусна гэдэг нь гэрээний үүрэг дуусгавар болсон нь батлагдаж байгаа. Мөн уг актад зээлийг хэсэгчилж төлснөөр барьцаа хөрөнгийг хэсэгчилж төлөх тухай мөн адил дурдаагүй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу зээлийг төлж дууссан болохыг хангалттай нотолж байгаа. Уг барьцаа хөрөнгө чөлөөлсөн тухай албан тоотод зээл бүхэлдээ төлөгдөж, гэрээний үүрэг дууссан учраас барьцаа хөрөнгийг чөлөөлж байна гэсэн агуулга тусгагдсан. Дээрх баримтууд нь мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой үүргийг гүйцэтгэлд хамгийн сүүлд нь 60,000,000 төгрөгийг төлж дуусгаж байгаа үйл баримтад зээлийн үлдэгдэл төлбөр болон хүүгийн талаар дурдаагүй учраас Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.4, 236.5 дахь хэсэгт заасан зохицуулалтаар гэрээний үүрэг дуусгавар болсон. Банкны зүгээс хариуцлагагүй байдлаар тухайн албан тоотыг нэхэмжлэгч З.Ундрам, “Голомт банк” ХХК-ийн зүгээс уулзааж тооцоо нийлж 60,000,000 төгрөг төлснөөр гэрээний үүргээ дуусгая гэж тохиролцоод, акт үйлдэж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх бичгийг явуулсан байдаг. “Голомт банк” ХХК нь барьцаа чөлөөлөх тухай албан бичиг өгсөн боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар 2 тээврийн хэрэгслээ барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийн хангуулъя, энэ гэрээний үүрэг дуусгавар болоогүй, барьцаа хөрөнгөөр гаргуулъя гэж байгаа нь тохиролцооноос буцаах шинжийг агуулж байна. “Голомт банк” ХХК-ийн системийн алдаанаас болсон нь тухайгаа хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Иймээс хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үүргийг биелүүлсэн тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгуулна гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нар нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан гаргасан 00-07 УБВ, 92-18 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн өмчлөгчөөр тогтоолгох, тээврийн хэрэгслүүдийн бүртгэлийг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ЗГ3305111907, ЗГ330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 393,117,331 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. “Голомт банк” ХХК болон З.Ундрам нар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь зээлдэгч З.Ундрамд 670,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө оруулалтын зориулалтаар 3 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

3.2. Мөн “Голомт банк” ХХК, З.Ундрам нарын хооронд 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/330800734 дугаартай кредит картын гэрээ байгуулж, зээлдүүлэгч “Голомт банк” ХХК нь зээлдэгч З.Ундрамд 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй, сарын бэлэн бус 2 хувийн хүүтэй, бэлэн 3,5 хувийн хүүтэй байхаар тохирч, кредит карт эзэмшихээр харилцан тохиролцжээ. /хх-76-78/

3.3. Дээрх ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар З.Ундрамын өмчлөлийн 00-07 УБВ улсын дугаартай BMW Z-4 маркийн автомашин, Т.Дүүрэнгийн өмчлөлийн 92-18 УНП улсын дугаартай, Lexus LX570 маркийн автомашин болон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, 525 м.кв талбайтай, 136007/0106 нэгж талбарын дугаартай, орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, “Гүүд кэстл” ХХК болон “Эрдэнэ үйлдвэр” ХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,780 төгрөг зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнүүдийг байгуулж барьцаалуулан, улсын бүртгэлд бүртгүүлж[D1] , “Голомт банк” ХХК-д дээрх 2 тээврийн хэрэгслийг өмчлөлд шилжүүлжээ. /хх82-92/[D2] 

4. Зохигчид Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 158 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт тус тус заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

5. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд барьцааны зүйл болох тээврийн хэрэгслүүдийг “Голомт банк“ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй байхад банк өөрийн өмчлөлд шилжүүлэн авч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан өмчлөгч болсныг үндэслэлгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

6. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хэргийн 23 дугаар талд Голомт банкны тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин, З.Ундрам нарын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр зээл төлж барагдуулах тухай актыг үйлдэж, уг актаар “...талуудын хооронд 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг төлж, ...Голомт банкны тал барьцаа чөлөөлсөн талаархи бичгийг үйлдэх”-ээр тохиролцсон байх ба “Голомт банк” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Автотээврийн үндэсний төвд барьцаа хөрөнгө чөлөөлөх тухай албан бичиг хүргүүлсэн байна.

6.1. Улмаар БГ3305111907-1, БГ3305111907-2 тоот барьцааны гэрээний үүрэг дуусгавар болж, барьцаа хөрөнгийг зээлдэгчийн хүсэлтийн дагуу тээврийн хэрэгслүүдийг “Ливингпелп” ХХК, П.Хишигбаяр нарын нэр дээр шилжүүлсэн/2хх29-30/ үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй.

6.2. Иймд барьцааны эрх дуусгавар болсон байх тул арлын WBALM31010E200788 дугаартай, улсын бүртгэлийн 00-07 УБВ дугаартай BMW Z-4 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч З.Ундрамд, арлын JTJHY00W184015060 дугаартай, улсын бүртгэлийн 9218 УНП дугаартай Lexus LX570 маркийн автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Дүүрэнд тус тус буцаан шилжүүлэхийг хариуцагч “Голомт банк” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд давж заалдах гомдол гаргаагүй болно.

6.3. Харин барьцааны эрх дуусгавар болсонтой холбоотойгоор барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй байгааг зөвтгөж шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж өөрчлөлт оруулав.

7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

7.1. Хэргийн 83 дугаар талд Голомт банкны найман шарга тооцооны төвийн захирал Б.Баатаржав, З.Ундрам нарын хооронд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр уулзаж уулзалтын тэмдэглэл үйлдсэн бөгөөд уг баримтад “...зээлдэгч З.Ундрамын ЗГ/3305111907 тоот зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн дараах өрийг хэрхэн барагдуулах талаар хэлэлцэж, өрийн үлдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар З.Ундрам нийт 287,481,441.68 төгрөг, Т.Эрдэнэбулган нийт 287,481,441.68 төгрөг гэж хувааж ашигласан, үүссэн өрийг хуваан тус бүр 241,882,825.06 төгрөгийн үндсэн зээлийн өрийг түүнд тооцогдох хүүний хамт төлөхөөр тохиролцсон” гэж тусгажээ. Нэхэмжлэгч З.Ундрам нь дээрх баримтыг үндэслэн зээлийн гэрээний өр төлбөрийн тал хувийг Т.Эрдэнэбулганд шилжүүлсэн гэх агуулгаар маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

7.2. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ, 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч, үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус хуульчилжээ.

7.3. Дээр тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд нэхэмжлэгч З.Ундрам нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн уулзалтын тэмдэглэлээр зээлийн эргэн төлөгдөх орлогыг зээлдэгч З.Ундрам, батлан даагч Т.Эрдэнэбулган нар хувааж ашигласан. Үүссэн өрийг хуваан тус бүр 241,882,852 төгрөг” гэж дурдсан, гэвч З.Ундрам, “Голомт банк” ХХК, Т.Эрдэнэбулган нарын хооронд зээлийн өр шилжих тохиролцоо хийгдээгүй, банкинд төлөх өрийг Т.Эрдэнэбулган хариуцан төлөхөөр хэлцэл хийгдээгүй, өөрөөр хэлбэл, өр шилжүүлсэн гэх байдлаа хуульд нийцүүлэн шилжүүлж өгсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

7.4. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.8 дахь хэсэгт зааснаар өрийг шилжүүлэх нөхцөлд хууль буюу гэрээнд заасны дагуу хэлбэрийн шаардлага хангасан гэрээг байгуулах учиртай. Нэхэмжлэгч З.Ундрам нь уулзалтын тэмдэглэл гэх баримтаар өрийг шилжүүлсэн байдал нь хууль зөрчсөн байхаас гадна зээлийн гэрээний өрийг шилжүүлж байгаа тохиолдолд зээлийн гэрээний гол буюу ерөнхий нөхцөлийг тусгай ёстой. Гэтэл энэ талаар талууд тохиролцоогүй учраас өрийг шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

7.5. Иймд нэхэмжлэгчийн зээлийн гэрээ дуусгавар болсон, өр шилжсэн гэх хариу тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул хариуцагч “Голомт банк” ХХК нь нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нараас ЗГ3305111907 болон ЗГ/330800734 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн биелэлтийг хуульд заасны дагуу шаардах эрхтэй. Анхан шатны шүүх зээлийн өрийг хувааж хариуцахаар тохирч, батлан даагч Т.Эрдэнэбулган нь өрийг шилжүүлэн авсан гэж дүгнэсэн нь буруу байгааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

8. Шүүх ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн өрийн үлдэгдэл 82,000,000 төгрөгийг З.Ундрам, Т.Эрдэнэбулган нар тэнцүү хэмжээгээр хариуцах үүрэгтэй гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг буюу “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр томилогдсон Монголбанк нь “...нэхэмжлэгч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 82,000,000 төгрөг, хүү 179,379,948.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,281,253.70 төгрөг, нийт 294,661,202.26 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, мөн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ/330800734 тоот кредит картын зээлийн хүүгийн тооцооллыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар тооцоолоход үндсэн зээл 7,925,571.94 төгрөг, хүү 7,881,636.66 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 651,673.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 371,439.41 төгрөг, нийт 16,830,321.67 төгрөгийн үлдэгдэлтэй байна” гэж тус тус дүгнэжээ. /2хх-ийн 49-52-р тал[D3] /

9.1. Талууд уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдааны явцад кредит картын зээлийн үүрэгт нийт 16,458,882.26 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байх тул шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг талуудын зарчимд нийцүүлэн хэвээр үлдээнэ.

 

9.2. Хариуцагч “Голомт банк” ХХК нь ЗГ3305111907 тоот зээлийн гэрээний үүрэгт 370,341,727.09 төгрөг, ЗГ/330800734 тоот зээлийн гэрээний үүрэгт 16,458,882.26 төгрөг, нийт 386,800,609.35 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 6,316,722.14 төгрөгөөр багасгаж байгаа талаар тайлбар гаргажээ.

[D4] 

9.3. Зээлдэгч зээлсэн мөнгөө, тогтоосон хүүгийн хамт гэрээний хугацаа дуусах хүртэл тохиролцсон хуваарийн дагуу төлснөөр гэрээний хугацаа дуусгавар болоход төлбөр бүрэн барагдах байтал энэ үүргээ биелүүлээгүй, гэрээний хуваарь зөрчигдсөнөөс үндсэн зээлийн төлбөр хасагдаагүй, үүнээс шалтгаалж сар тутамд төлөх зээлийн хүүгийн хэмжээ буураагүй, түүнчлэн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг гэрээ болон хуулиар хүлээдэг тул нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нар нь ЗГ3305111907 болон ЗГ/330800734 тоот 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 311,120,084 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй.

9.4. Зээлийн хүү нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр бөгөөд зээлийн гэрээ дуусгавар болсон гэх үндэслэл нь хууль болон гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

10. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас 2 зээлийн гэрээний төлбөрт нийт 311,120,084 төгрөг /294,661,202+16,458,882/-ийг гаргуулан хариуцагч “Голомт банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81,997,247 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

10.1. Түүнчлэн, шүүх зээлийн хүүг гаргуулахдаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлаагүйг залруулан шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж, сөрөг нэхэмжлэлийг хангасантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг тус тус оруулахаар тогтов.

11. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасны дагуу барьцааны зүйл болох Т.Дүүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах, 525 м.кв талбайтай, 136007/0106 нэгж талбарын дугаартай, орон сууцны зориулалттай эзэмших эрхийн газар, “Гүүд кэстл” ХХК болон “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний орлого 1,657,756,780 төгрөг зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2023/00531 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...101 дүгээр зүйлийн 101.1” гэснийг “160 дугаар зүйлийн 160.3” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Ундрам, Т.Дүүрэн нараас 311,120,084 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 81,997,247 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “1,443,950“ гэснийг “1,713,550” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,443,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлсөн 2,193,736 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

Д.ЦОГТСАЙХАН