Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2022/02676

 

 

 

 

 

 

 

 

2022 06 08

101/ШШ2022/02676

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М т ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,036,345 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, тайлбарт: 

Тус компани 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М т ХХК-тай барилгын засварын ажил хийх ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ-д нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан. Гэрээнд заасны дагуу засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн боловч М т ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөр 34,923,942 төгрөгийг төлж барагдуулахгүй байсан тул бид 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 05 дугаар сард хариуцагчийн зүгээс нэхэмжлэлээ татаад авчих, гэрээгээ дүгнээд төлбөрийг чинь барагдуулъя гэсэн тул нэхэмжлэлээ татан авсан. Хариуцагч дахин бага хэмжээний засвар хийж өгвөл шууд мөнгийг чинь төлж барагдуулна гэсэн тул арга буюу 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрээ дүгнэсэн протокол үйлдэн уг протоколын дагуу үлдэгдэл засварыг хийж дуусгасан. Гэтэл хариуцагч 14,036,345 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна. Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв. 

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарт:

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь захиалгын дагуу Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо Нарны зам дагуу Миний хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1290 м.кв дээврийг шинэчлэн засварлах, нэмэлт гэрээгээр баруун талын 1460 м.кв дээврийн засварын ажлыг тус тус чанарын өндөр түвшинд гүйцэтгэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, ажлыг хүлээн авахад гүйцэтгэсэн ажил хагас дутуу, гэрээт ажлын шаардлагад нийцэхгүй өнгө үзэмж, чанар стандартын доголдолтой, эргэн засварлах шаардлагатай байсан тул бидний зүгээс ажлыг хүлээн аваагүй. Гэрээний 4.2.2-т заасны дагуу гэрээт ажил дуусч актаар хүлээлцсэний дараа ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлэхээр тохирсон. Гэвч нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үндэслэлээр үр дүнгүй хийсэн ажлаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээсээ татгалзаж дахин ажлаа хийж гүйцэтгэхээр болсон. Ингээд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талууд уулзалт хийж ажлын гэрээг дүгнэсэн. Уг уулзалтын протоколоор засварлах шаардлагатай ажлуудыг талууд хэлэлцэн тохиролцож үлдэгдэл ажлаа хийж өгнө гэж итгэн манай компаниас 15,066,940 төгрөг шилжүүлсэн. Протоколд гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажлыг дуусгаж талууд байлцан гүйцэтгэлийн акт үйлдсэний дараа шилжүүлнэ гэж тохирсон боловч М ХХК өмнөх ажлын адил хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажил хийгээд ажлаа хүлээлгэн өгөөгүй хаяад явсан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хэргийн нотлох баримт:

а.Нэхэмжлэгчийн нотлох баримт: ажил гүйцэтгэх гэрээ 2019.08.24 №1/3-ж-16, ажил гүйцэтгэх гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 2019.09.25 №1/3-ж-21, ажил гүйцэтгэх гэрээнүүд дүгнэсэн протокол 2021.05.10, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/0 дүгээр захирамж, Хаан банкны депозит дансны хуулга, фото зургууд.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн нэмэлт гэрээний дагуу барилгын дээврийн засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн тул үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгчийг ... хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажил хийгээд ажлаа хүлээлгэн өгөөгүй хаяад явсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1/3-ж-16 тоот ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Миний хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1290 м.кв дээврийг шинэчлэн засварлах засварын ажил гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 30,133,889 төгрөг төлөх, засварын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 25 хоногийн хугацаанд хийхээр, мөн талууд 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1/3-ж-21 тоот нэмэлт гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь баруун талын 1460 м.кв дээврийн засварын ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 28,072,691 төгрөг төлөх, засварын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд хийхээр тус тус тохиролцжээ.

  

5.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба талууд дээр дурдсанаар хүсэл зоригоо илэрхийлэн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, мөн хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй.

  

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.Талууд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн уулзалтаар ажил гүйцэтгэх гэрээ болон нэмэлт гэрээг дүгнэж протокол үйлдсэн байх ба нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээс зүүн баруун талын жигүүр дээврийн залгаас заадсууд нийтээрээ хөндийрсөн, дээврийн голын өндөр хэсгийн баруун зүүн талын жигүүр оёор уулзвар дээр хийгдсэн будаг хөндийрсөн, голын дээврийн зүүн талын хэсгийн усны хаялга салж унасан, торнууд дээр будагны үе зарим хэсгээрээ дутуу хийгдэж тор ил гарч жигд бүрхэгдээгүй байсныг баталгаажуулсан, мөн нэхэмжлэгч уг доголдлыг бороо орохгүй 7 хоногт засахаар хариуцагчтай харилцан тохиролцжээ. 

 

7.Мөн протоколд гарын үсэг зурснаас хойш ажлын 3 хоногийн дотор хариуцагч 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,066,940 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохирсны дагуу нэхэмжлэгчийн Хаан банкин дахь  тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр М т125 зүүн дээвэр засвар үлдэгдэл гүйлгээний утгаар 15,066,940 төгрөгийн орлого хийгдсэн байна.

 

8.Дээр дурдсан үйл баримтуудыг зохигч маргаагүй, харин протоколд тусгагдсан доголдлыг нэхэмжлэгч арилгасан эсэхэд маргаж мэтгэлцсэн.

 

а.Захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах шаардлагыг Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгчид гаргах эрхтэй бөгөөд протоколоос үзэхэд хариуцагч нь ийм шаардлагыг нэхэмжлэгчид гаргасан байна.

 

б.Нэхэмжлэгчийн зүгээс доголдол засварлах ажлыг 2021 оны 07-08 дугаар сард хийж дуусгасан гэх тайлбар гаргаж, 2021 он, 7 сарын 4, 8 сарын 4 гэсэн огноо бүхий засварын ажлын явц, үр дүнг харуулсан фото зургууд шүүхэд гаргасныг хариуцагч баримт гаргаж үгүйсгээгүй, өмнөх ажлын адил хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажил хийгээд ажлаа хүлээлгэн өгөөгүй хаяад явсан гэх тайлбар гаргасан ч холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй.

 

в.Талууд доголдол арилгах хугацааг бороо ороогүй 7 хоног гэж тогтоосон байх ба тухайн хугацаанд ажил гүйцэтгэгч доголдлыг арилгах арга хэмжээ аваагүй тохиолдолд Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3 дахь хэсгийн зохицуулалтаар захиалагч өөрөө доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, эсхүл ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй. Гэвч талуудын тогтоосон доголдол арилгах хугацаа дуусгавар болсноор захиалагч ямар үр дагавар хэрхэн бий болсон гэж үзсэн нь хэргийн баримтаар тодорхойгүй байна.

 

г.Үүнээс гадна ажил гүйцэтгэх гэрээний 4.3 дахь хэсэгт ажлын хөлсний дүнгийн 10 хувь болох 3,013,388 төгрөгийг, нэмэлт гэрээний 4.3 дахь хэсэгт ажлын хөлсний дүнгийн 10 хувь болох 2,807,269 төгрөгийг тус тус баталгаат хугацааны барьцаа болгон захиалагчийн дансанд байршуулахаар заасан ба нэхэмжлэгч тухайн төлбөрийг хариуцагчийн дансанд байршуулсан, хүлээн аваагүй гэж тайлбарласан.

 

Баталгаат хугацаа нь үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн бараа, ажил, үйлчилгээний чанар, аюулгүй байдалд гаргаж өгсөн хугацаа байдаг ба ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгчийн хүлээсэн үүргийн хариуцлагад түүний ажлын хөлснөөс нийт 5,820,657 төгрөгийг олгоогүй үлдээсэн байна.

 

9.Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, хариуцагч нь гэрээт ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажлын үр дүнгийн ямар доголдлыг арилгаагүйгээс шалтгаалан нэхэмжлэгчид өгөхөөс татгалзаж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ гэрээний үүргийн хариуцлага буюу баталгаат хугацаатай холбон олгоогүй ажлын хөлсний 10 хувьтай хэрхэн уялдах нь тодорхойгүй байна. Ажлын үр дүнг өмчлөлдөө хүлээн авах үүргийн хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгч доголдлыг арилгаагүйгээс түүнд ямар зардал гарах, эсхүл ажлын үр дүн ямар хэмжээнд буурахыг тодорхойлох боломжтой юм.

 

10.Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Ж.Э нар 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож тус хойшилсон шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах санал гаргасан болно. Мөн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас Ж.Эрдэнэцэцэг нар ирж байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийж тэмдэглэлд тусгасныг дурдах нь зүйтэй.

  

12.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх тул нэхэмжлэгчийн төлсөн 228,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг дүнг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М т ХХК-аас 14,036,345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М т ХХК-аас 228,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА