Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00909

 

 

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00909

 

 

МАЭЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/01112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: МАЭЗ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монхангай трейд ХХК-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 14,036,345 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Бадрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: МАЭЗ ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Монхангай трейдХХК-тай барилгын засварын ажил хийх ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр уг гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан.

Гэрээнд заасны дагуу засварын ажлыг цаг тухайд нь хийж гүйцэтгэсэн боловч хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулахгүй байна.

Иймд хариуцагч Монхангай трейд ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний дагуу ажлыг хүлээн авахад хийж гүйцэтгэсэн ажил хагас дутуу, гэрээт ажлын тавигдах шаардлагад нийцэхээргүй өнгө үзэмж чанар стандартын доголдолтой эргэн засварлах шаардлагатай байсан тул бидний зүгээс ажлыг хүлээн аваагүй.

2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талууд уулзалт хийж ажлын гэрээг дүгнэсэн байдаг. Уг протоколоор засварлах шаардлагатай ажлуудыг талууд хэлэлцэн тохиролцож үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэж өгнө гэж итгэн манай компаниас 15,066,940 төгрөг шилжүүлсэн. Протоколд гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажлыг засварлан дуусаж талууд байлцан гүйцэтгэлийн акт үйлдсэний дараагаар үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж тохиролцсон боловч МАЭЗ ХХК нь өмнөх ажлын адил хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажилласан ба ажлаа хүлээлгэн өгөөгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс ямар нэгэн үр дүн гараагүй, одоо цас орчихсон байгаа учир эдний ажлыг бүрэн гүйцэд хийсэн гэж дүгнэх боломжгүй, хийсэн гэх ажлын дээврийн цасыг арилгаж байгаад зураг авахаар хагарсан, цуурсан байдалтай харагдаж байдаг. Манайх мөнгийг өгөхгүй биш өгнө, гэхдээ чанартай ажил хийж өгөхийг шаардсан. Чанарын шаардлага хангахгүй материалаар ажлыг хийж гүйцэтгэснээс дээврээс барилгын өрөөнүүд рүү ус гоожиж байна. Үүнээс үзэхэд талуудын гэрээнд барилгын дүрэм нормыг хангаж ажиллана гэж заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй, зургийн дагуу ажлаа гүйцэтгээгүй, ажлыг үе шат болгоноор хүлээлгэж өгөөгүй, ажлаа дутуу хийсэн атлаа хүлээж ав гэдэг шаардлага гаргадаг.

Нэхэмжлэгч нь 34,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар татаж авсан байдаг. Ингэснээрээ нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болсон.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монхангай трейд ХХК-аас 14,036,345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МАЭЗ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Монхангай трейд ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 228,132 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МАЭЗ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228,132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Гүйцэтгэгч нь гэрээний 6.1.3-т зааснаар ажлын гүйцэтгэлийг чанарын өндөр төвшинд гүйцэтгэх, гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч талаас нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бөгөөд гэрээний дагуу ажлыг хүлээн авахад хийж гүйцэтгэсэн ажил нь хагас дутуу, гэрээт ажлын тавигдах шаардлагад нийцэхээргүй өнгө үзэмж, чанар стандартын доголдолтой, эргэн засварлах шаардлагатай байсан тул бидний зүгээс тухайн ажлыг хүлээн аваагүй.

Ингээд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр талууд уулзалт хийж гэрээг дүгнэсэн. Уг протоколоор засварлах шаардлагатай ажлуудыг талууд хэлэлцэн тохиролцож үлдэгдэл ажлаа хийж гүйцэтгэж өгнө гэж итгэн манай компаниас 15,066,940 төгрөг шилжүүлсэн.

Протоколд гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажлыг засварлан дуусгаж талууд байлцан гүйцэтгэлийг Барилгын тухай хуульд заасны дагуу акт үйлдсэний дараагаар үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ гэж тохиролцсон боловч МАЭЗ ХХК нь өмнөх ажлын адил гүйцэтгэсэн ажил хагас дутуу, өнгө үзэмж чанар стандартын доголдолтой ажил хийгээд ажлаа хүлээлгэн өгөөгүй.

4.2. Шүүхээс Нэхэмжлэгч нь 34,923,942 гаргуулах нэхэмжлэлээ татан авснаас хойш талуудын хооронд байгуулсан протоколын дагуу дахин нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан бөгөөд үүнийг бид үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлд ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагчаас гаргуулах тухай гэсэн үндэслэл гаргасан бөгөөд шүүхээс протоколын дагуу дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэн байгаа нь угтаа бол ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан юм.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээтэй холбоотой нэхэмжлэлээ татан авснаар нэхэмжлэгч субьектив эрхээсээ татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгон шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Энэ тухай Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 тогтоол гарсан байдаг.

4.3. Нэхэмжлэгч талаас 3 ширхэг фото зургаас өөр гэрээний ажлыг бүрэн гүйцэтгэсэн, хүлээлгэж өгсөн, гүйцэтгэсэн ажлын хэмжээ зэргийг нотлох ямар нэг баримт гаргаж өгөөгүй.

Хариуцагчийн зүгээс гүйцэтгэсэн ажлын чанарын доголдолтой холбоотой баримтуудыг хүргүүлсэн боловч огноо тодорхойгүй гэдэг шалтгаанаар үнэлээгүй нь үндэслэлгүй юм. Тухайлбал, бид гүйцэтгэсэн ажлын чанартай холбоотой илэрч буй зөрчлүүдийг харуулж одоогийн байгаа байдлын талаар тайлбарт нь дурдан шүүхэд нотлох баримтаар хүргүүлээд огноог тодорхой болгох зорилгоор гар утсандаа үзлэг хийлгэх хүсэлт гаргахад шүүгч хангаагаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 2021 оны 07 дугаар сарын 04, 2021 оны 08 дугаар сарын 04-ний огноотой зургуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэх боловч 2021 оны 08 дугаар сарын 04 гэсэн огноотой зураг байдаггүй төдийгүй 2021 он гэдгийг гараар бичсэн байдаг.

Дээрх зургууд нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн протоколоор хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэхийг харуулаагүй ямар үр дүн гарсан эсэх нь тодорхойлох боломжгүй гэрэл зургууд юм.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь ажлыг хүлээн авснаас хойших хугацааны доголдлыг арилгасан, ийнхүү арилгасан шаардлага гаргаж байсантай холбоотой баримтыг ирүүлсэнгүй гэжээ. Энэ нь зөвхөн нэхэмжлэгч талын байр суурийг хамгаалсан, нэг талыг баримталж хэргийг зөвхөн нэг талаас нь харсанд гомдолтой байна. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотлох үүрэгтэй, гэтэл нэхэмжлэгч тал нь манай компанид гэрээ дүгнэсэн протоколын дараа ямар ажлыг хэрхэн гүйцэтгэсэн талаар ямар ч албан бичиг, хүсэлтийг гаргаж байгаагүй.

Гэрээний дагуу үе давхаргын будаг будах ажил тус бүрээр хүлээлгэн өгч акт үйлдэн тус бүрд хяналт хийсэн тэмдэглэлийг баталгаажсан ажлын журналд хийхээр заасан хэдий ч гүйцэтгэгч талаас ямар нэг ажил дуусган хүлээлгэж өгөхөөр хүсэлт гаргаж байгаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр иргэний хэргийн анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч МАЭЗ ХХК нь хариуцагч Монхангай трейд ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 14,036,345 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дор дурдсан хэргийн үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

3.1. Талууд 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр МАЭЗ ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Миний хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1,290 м.кв талбайн засварын ажлыг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 25 хоногийн хугацаанд гүйцэтгэх, Монхангай трейдХХК нь ажлын хөлсөнд 30,133,889 төгрөг төлөхөөр тохиролцсон /хх 8-11/,

3.2. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, МАЭЗ ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Миний хайпермаркет-1 барилгын дээврийн баруун талын 1,460 м.кв талбайн засварын ажлыг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 20 хоногийн хугацаанд гүйцэтгэх, Монхангай трейдХХК нь 28,072,691 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон /хх 12/,

3.3. Талууд дээрх 2 гэрээг дүгнэж, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тэмдэглэл үйлдсэн ба уг тэмдэглэлд хийсэн ажлын үр дүнгийн зарим доголдлын талаар Зүүн баруун талын жигүүр дээврийн залгаас заадсууд нийтээрээ хөндийрсөн, дээврийн голын өндөр хэсгийн баруун зүүн талын жигүүр оёор уулзвар дээр хийгдсэн будаг хөндийрсөн, голын дээврийн зүүн талын хэсгийн усны хаялга салж унасан, торнууд дээр будагны үе зарим хэсгээрээ дутуу хийгдэж тор ил гарч жигд бүрхэгдээгүй гэж тодорхойлж,

тэмдэглэлд гарын үсэг зурагдсанаар захиалагч ажлын 3 хоногт ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 15,066,940 төгрөгийг МАЭЗ ХХК-д шилжүүлэх, харин 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг дээр дурдсан доголдлыг бороогүй 7 хоногийн дотор хийж гүйцэтгэн, талууд байлцаж гүйцэтгэлийн акт үйлдсэний дараа ажлын 7 хоногт шилжүүлэхээр тус тус тохиролцсон /хх 13/,

3.4. Улмаар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 15,066,940 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлжээ /хх 20/.

 

4. Талуудын хооронд дээрх байдлаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн дагуу хариуцагчийн захиалгаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Нарны зам дагуу байрлах Миний хайпермаркет-1 барилгын дээврийн зүүн талын 1,290 м.кв талбай, мөн баруун талын 1,460 м.кв талбай бүхий дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчийн хоорондох гэрээг дүгнэсэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлээр тогтоогджээ.

Дээрх тэмдэглэлд дурдагдсан гүйцэтгэсэн ажлын чанар, доголдолд үндэслэж хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж буй боловч энэ нь түүнийг ажлын үр дүнг хүлээж аваагүй гэж үзэх үндэслэл болохгүйгээс гадна Иргэний хуулийн 349, 352 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй байна.

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

 

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдол арилгасантай холбогдох зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах шаардлагыг гаргаагүй.

Анхан шатны шүүх хариуцагч нь гэрээний үлдэгдэл төлбөр 14,036,345 төгрөгийг ажлын үр дүнгийн ямар доголдолтой холбогдуулан татгалзаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Харин гэрээнд заасан баталгаат хугацаанд гарсан ажлын үр дүнгийн доголдлын талаар тэрээр шаардлага гаргахад энэ шийдвэр, магадлал нөлөөлөхгүйг дурдвал зохино.

 

4.3. Захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх хариуцагчаас 14,036,345 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь 34,923,942 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ татан авснаас хойш талуудын үйлдсэн тэмдэглэлийн дагуу дахин нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

5.1. Мөн хариуцагч талаас ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг нотлохоор гар утсанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлээгүй орхигдуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2023/01112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Т.БАДРАХ