Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 129/ШШ2017/00573

 

    129/ШШ2017/00573

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг, Цогт-Уулын 13-07 тоотод оршин суух, Х овгийн Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1964 онд төрсөн, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг, Цэнгэг хороолол, Хануй инжийн орон сууцанд оршин суух, Х овгийн Н.М-д холбогдох

2.918.000 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, Э.С, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэн нар оролцов.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Н.М нь 2013 оны 09 сарын 23-ны өдөр надтай уулзаад Архангай аймгийн Тариат сумын төвд хийх биеийн тамирын талбайг хийгээд өгөөч гэсний дагуу тус талбайг 2013 оны 09 сарын 23-ны өдрөөс 10 сарын 24-нийг дуустал 31 хоногийн хугацаатай хийж дуусган сумын комисст хүлээлгэн өгсөн. Мөн тус ажлыг хийхэд 56 ширхэг уут цемент орсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 13.000 төгрөг болсон. Үүний нийт үнэ 728.000 төгрөг болсон. Ажлын хөлсийг 3.500.000 төгрөгөөр тохирсон бөгөөд үүнээс Н.Мөнхсайхан нь 1.500.000 төгрөгийг өгсөн. Одоо ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөг, 8 ширхэг дүнзний үнэ 200.000 төгрөг, нийт 2.918.000 төгрөгийг хариуцагч Н.М гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: 2012 оны намар Тариат сумын төвд биеийн тамирын талбай барих тендерийн ажлыг Улаанбаатар хотын Чонотын хөндий гэдэг ХХК гүйцэтгэхээр болж тус компаний захирал Д.Б Тариат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Миний бие Чонотын хөндий ХХК-ийн захиралтай уг ажлыг суманд хийлгэхээр тохиролцсон ба Д.Эрдэнэбатад энэ тухайгаа АЗЗА компаний захирлын өрөөнд ярьсан нь үнэн. Тухайн үед Д.Э нь тус суманд сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажилтай, хамтдаа хийе гэсэн. Гэхдээ бид ажлын хөлс тохироогүй. Тухайн үед мөнгөний хэрэгтэй гэсний улмаас Д.Б надад бэлнээр 4.000.000 төгрөг өгснөөс 1.500.000 төгрөгийг Д.Э-д 100.000 төгрөгийг эхнэр Д-д нь өгсөн. Үлдсэн 2.400.000 төгрөгөөс 6 тн цемент 1 тонныг нь 130.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн үнээр бодож Тариат суманд амьдардаг С.Ж-с худалдан авч, үлдэх 1.620.000 төгрөгийг Тариат сумаас авч ажиллуулсан 4 хүний хөлсөнд өгсөн. Д.Батбаяр надад өөр хөлс мөнгө ч өгөөгүй. Тухайн ондоо намар орой болж хүйтэн орсон гээд Тариат сум ч компаний ажлыг хүлээж аваагүй. Дараа жил нь хүлээлгэн өгсөн эсэх, дутуу зардлаа авсан эсэхийг мэдэхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э Н.М нар нь Тариат суманд тоглоомын талбайг барихаар “АЗЗА” ХХК-ий захирал Баясгалангийн өрөөнд тохиролцсон. Д.Э анх 5.000.000 төгрөгөөр тухайн тоглоомын талбайг баръя гэсэн боловч Н.М нь уг ажлын хөлсийг 3.500.000 төгрөгөөр хийлгэе гэсний үндсэн дээр тэд уг ажлыг 3.500.000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Ажлын гүйцэтгэлийн явцад Н.М Д.Э-д 1.500.000 төгрөгийг төлж үлдэгдэл 2.000.000 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлөөгүй бөгөөд одоо нэхэмжилж байгаа. Мөн тоглоомын талбайг барихад Н.М нь ямар нэгэн ажлын гүйцэтгэлд нөлөөлөхөөр эд материал, бараа гаргаагүй. Д.Э-т нь өөрт байсан материалыг ашиглан тоглоомын талбайг барьсан. Тийм учраас материалын үнэ 918.000 төгрөг нэмэгдээд нийт 2.918.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой гэж үзэж байна. Н.М Д.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил  гүйцэтгэх гэрээ байсан. Ажлын үр дүнг хүйтэн орсон учраас дараа жилийн 1 дүгээр сард сумын Засаг дарга хүлээж авсан. Гүйцэтгэсэн ажлаа сумын Засаг даргад Д.Э-т өөрөө хүлээлгэн өгсөн. Ажлын хөлсийг амаар урьдчилсан байдлаар 1.500.000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг ажлын үр дүнг хүлээлгэн авсны дараа өгнө гэж тохиролцсон. “Ч” ХХК,  Н.М нар 2012 онд гэрээ хийсэн боловч Д.Э- Н.М-ны хийлгэсэн тоглоомын талбай барих ажлыг 2014 оны 9 дүгээр сард хийсэн байдаг. Энэ нь гэрч Баттуяагийн мэдүүлгээр нотлогддог. Ажил 2014 онд хийгдсэн учраас 3 жилийн  хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Өнгөрсөн хугацаанд Д.Эрдэнэбат нь хэд хэдэн удаа Н.М-с мөнгөө авахаар утсаар  ярьж байсан. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа яригдах тохиолдолд Д.Э нь Н.М-с гэрээний үүргийг хэд хэдэн удаа шаардаж байсан тул уг хугацаа Иргэний хуулийн 79.1 дүгээр зүйлд зааснаар тасалдсан. Тоглоомын талбай барих ажлыг “А” ХХК-ий 6 хүнээр Д.Эрдэнэбат хийлгэсэн. Хариуцагч талаас 2 хүнээр ажил гүйцэтгүүлсэн гэж ярьж байна. Энэ талаар Баттуяа гэдэг хүн хамт ажил гүйцэтгэж байсан учраас тодорхой ярьж мэдүүлдэг.  Хэрэв 2 хүнээр ажил гүйцэтгүүлсэн бол ажил  гүйцэтгэх хугацаа хойшлогдоно. Н.Мөнхсайхан Д.Э-д 1.500.000 төгрөг өгснийг Д.Э ажлын хөлсний урьдчилгаа өгсөн гэж ойлгосон. Д.Э нь “Ч” ХХК байдаг талаар мэдээгүй. Хариуцагч тал гэрээ байгуулаагүй гэж байна. Д.Э, Н.М нар харилцан тохиролцсныг Н.Мөнхсайхан хариу тайлбартаа бичсэн байдаг. Харилцан тохиролцсон нь АЗЗА ХХК-ий захирал Баясгалангийн тайлбараар, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Чонотын хөндий ХХК-ий захирал Н.М-р Тариат суманд хүүхдийн тоглоомын талбай хийлгэхээр тохиролцсоны үндсэн дээр Н.М нь Д.Э-р уг ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон гэдэг нь хамгийн энгийн байдлаар харагдаж байна. Д.Эрдэнэбатыг уг ажлыг хийсэн гэдгийг нотолсон тоглоомын талбайг барихад ажилласан Баттуяа гэдэг хүний мэдүүлэг байдаг. Д.Эрдэнэбатын хийсэн зүйл гэдэг нь үнэн учраас үлдэгдэл мөнгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 344.1 дүгээр зүйлд зааснаар ажлын хөлсний хэмжээ төлөх арга журам хугацааг талууд харилцан тохиролцож болно гэсэн. Мөн уг хуулийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. Гэтэл 3.500.000 төгрөгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байна гэдэг нь үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Тиймээс үлдэгдэл мөнгөө бүрэн нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан, хариуцагч биш, гэрээ байгуулагдаагүй гэж ярьж байна. Гэрээ байгуулсан асуудал гэрчийн мэдүүлэг болон  “АЗЗА” ХХК-ий захирал Баясгалангийн өрөөнд хийсэн уулзалтын талаар Баясаа захирлын өгсөн тайлбарт байгаа. Хариуцагч Н.М болон нэхэмжлэгч Д.Э-ын хооронд Архангай аймгийн Тариат сумын “Эрүүл амьдрал” хүүхдийн тоглоомын талбай барилцахаар тохиролцсон, хэдий хир хугацаанд хийхээр тохиролцсон тухай гэрчийн мэдүүлгээр хангалттай тогтоогдож байгаа. Гэрчид хууль сануулдаг. Хөөн хэлэлцэх хугацаан дээр Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хойшлуулснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох хуулийн зохицуулалт байдаг. Гэрээний маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг нь үнэн. 2016 оноос удаа дараа Н.Мөнхсайханаас  гэрээний хариу тайлбарыг өгөөч гэсэн шаардлага гаргасныг гэрч  Баттуяа нотолж байгаа. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг яриад байгаа нь хариу тайлбараа хүлээн зөвшөөрч байна гэсэн утга санаа явагдаж байна. Тухайн нөхцөл байдал 2013 он, 2014 онд гарсан эсэх нь гэрчийн мэдүүлгээр зөрүүтэй байгаа. Хэрэг явдал нэхэмжлэгчийн төлөөлөгч Сайнсанаагийн тайлбартаа хэлсэн хугацаанд болсон. Нэхэмжлэгч хариуцагчийн хооронд гэрээний маргаан үүссэн гэж үзэж байна. Архангай аймгийн Тариат сумын “Эрүүл амьдрал” хүүхдийн тоглоомын талбайг Д.Эрдэнэбат барьж хүүхдийн тоглоомын талбай буюу эдийн баялагийг бүтээсэн. Энэ нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа.  Хариуцагч талаас цуглуулсан нотлох баримт хангалтгүй байна. Хариуцагч Н.Мөнхсайхан өөрөө өнөөдрийн шүүх хуралд ирж үнэн худлыг нотлох ёстой байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 1.2 дугаар зүйлд зааснаар Д.Эрдэнэбат зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр  шүүхэд хандсан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэлээр аман хэлбэрээр хийгдсэн байна. Мөн Иргэний хуулийн 195.1-д зааснаар  гэрээний саналыг тэр дор нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан байна  гэж үзэж байна. Гэрээ байгуулсан учраас энэ хоёр хүний хооронд шаардах эрх үүсэж байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтыг шүүх шударгаар үнэлж иргэний эрх ашиг сонирхлыг хамгаалахыг хүсэж байна. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг шүүх анхааран үзэхийг хүсэж байна. Нэхэмжлэгч  56 уут цемент, 1 уут цементийг 13.000 төгрөгөөр тооцсон,  8 ширхэг дүнзний үнэ, мөн ажлын хөлс 2.000.000 төгрөг нийлээд 2.918.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай байна. Дүнзний үнэ ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй, урьд нь өгч байсан байдаг. Тухайн ажлыг гүйцэтгэхэд Н.Мөнхсайхан нь ажил гүйцэтгэх ямар ч бараа материал  нөөцгүй байсан. Тэгээд Д.Эрдэнэбат нь өөр тоглоомын талбай барих зорилгоор хадгалж байсан 56 уут цементээ гаргаж Мөнхсайханы хийлгэсэн тоглоомын талбайг барихад ашигласан. Н.Мөнхсайханы тоглоомын талбайд оруулсан өөрийн цементийн үнээ нэхэмжилж байгаа. Д.Эрдэнэбат нь Н.Мөнхсайханд 3.500.000 төгрөгийн ажлын хөлсөөр тоглоомын талбай барьсан. Үүнээс 1.500.000 төгрөг Н.Мөнхсайханаас авсан. Одоо үлдэгдэл ажлын хөлсөө нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэгд Н.Мөнхсайхан нь хариуцагч биш, хоёрт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гуравт Н.Мөнхсайхан, Д.Эрдэнэбат нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байна. Тиймээс Н.Мөнхсайхан Д.Эрдэнэбатын өмнө ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй. Цаг хугацааны хувьд 2012 онд “Чонотын хөндий” ХХК-тай гэрээ байгуулсан тэр ондоо ажлаа хийж дуусгасан. Гэрээ байгуулсанаас хойш бүтэн хоёр жилийн дараа ажил гүйцэтгэнэ гэдэг юу л бол. Д.Эрдэнэбат гэдэг хүн яг адилхан гадаа талбай барьж байсан. Маргаан болоод байгаа тоглоомын талбай дээр Д.Эрдэнэбат гэдэг хүн ажлын хүч оруулаагүй. Тухайн талаар хэлэлцээр хийгээгүй, 8 ширхэг дүнз мод нь барилгын талбайд ороогүй. Н.Мөнхсайханыг Эрдэнэбулган сумын 4-р багийн Хануйн Инж хороололд хувийн орон сууц барихад Д.Эрдэнэбат нь найз нөхдийн холбоотой байхдаа 8 ширхэг дүнзийг бэлэглэж байсан учраас уг маргаантай холбоогүй. Гэхдээ бэлэгээ буцаана гэвэл өөр хэрэг байх. Цаг хугацааны хувьд болсон үйл явдлаас бүр өмнө болж өнгөрсөн асуудал. Тоглоомын талбай барихад хэрэглэсэн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй байдаг. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 56 уут цемент нь Д.Эрдэнэбат гэдэг хүнээс аваагүй барилгын материал нийлүүлж худалддаг Жамбалдоржоос тухайн үеийн зах зээлийн ханшаар бодож авсан. Н.Мөнхсайхан Д.Эрдэнэбатаас огт цемент аваагүй. Н.Мөнхсайхан тоглоомын талбайг 2011 он 2012 он гэсэн хоёр оны хооронд барьсан гэж ойлгож байгаа. Хөөн хэлэлцэх хугацаанд ач холбогдол өгч байгаа. 2011 он ч бай 2012 он ч бай 3 жилийн хугацаанд Н.Мөнхсайханаас Д.Эрдэнэбат нь ямар нэгэн байдлаар тухайн хохирлыг гаргуулъя гэж нэхэмжилсэн талаар хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэж үзэж байна. Гэрч Ч.Баттуяагийн мэдүүлгээр Н.Мөнхсайхан, Д.Эрдэнэбат хоёр юу ярьсан тухай мэдэхгүй гэсэн байдаг. Тийм учраас бүрэн нотолж байгаа гэрчийн мэдүүлэг биш. Мөн Батгэрэл гэдэг гэрчийн мэдүүлэг байгаа. Өнөөдрийн энэ маргаан болоод байгаа тоглоомын талбайг Батбаяр гэдэг  хүн барихаар гэрээ байгуулсан байсан. Д.Эрдэнэбат гэдэг хүн Мөнхсайхантай зууралдах асуудал биш юм. Н.Мөнхсайхан нь Д.Эрдэнэбатад 1.500.000 төгрөгийг тухайн үед мөнгөний хэрэгтэй байна гэсэн учраас өгсөн. Мөнгийг зээлсэн гэж үзэж байна. Зээлсэн  мөнгөө буцаан аваагүй. Н.Мөнхсайхан нь “Чонотын хөндий” ХХК-ий талбайг барьчихаад хүлээлгэж өгөөгүй. Тухайн үед Засаг дарга нь хүлээж авах тал дээр асуудал үүсгэсэн байдаг. Уг талбайг барьж дуусгасан. Н.Мөнхсайхан сүүлд нь Батгэрэл гэх залуу сагсны шитийг дуусгаж, ашиглалтанд оруулсан гэв.

 

            Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Н.М-с 2.918.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг доорхи үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Э-ын ажил гүйцэтгүүлсэн хөлс болон ажил гүйцэтгэхэд оруулсан өөрийн материалын үнэ нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч Н.Мөнхсайхан хөлс тохирч ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэж маргаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр С.Батгэрэл, Ч.Баттуяа нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч нарт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг болон хуульд заасан хариуцлагыг тайлбарлаж өгсөн тул гэрчүүдийн мэдүүлгийг, мөн гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлсэн А.Баясгалангийн тодорхойлолт нь бусад нотлох баримтаар няцаагдаж үгүйсгэгдээгүй тул уг тодорхойлолтыг тус тус хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гэж үзсэн.  

Тухайн үед Архангай аймгийн Тариат суманд Д.Эрдэнэбат сургуулийн биеийн тамирын талбай барих ажил гүйцэтгэх байсан нь гэрч С.Батгэрэлийн “тэр үед Эрдэнэбатыг сургуулийн хойно ажиллаж байгаа гэж ярьж байсныг нь мэднэ” гэх, гэрч Ч.Баттуяагийн “Бид нар сургуулийн биеийн тамирын талбайг дуусгаж тоглоомын талбайг 80 хувьтай гүйцэтгээд цалин хөлс дээрээ маргаад тэр ажлыг цааш хийгээгүй орхисон” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд зохигч тайлбар гаргах, мэтгэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агар-Эрдэнийн “Д.Эрдэнэбат Тариат суманд сургуулийн хүүхдийн заал барих ажилтай байсан”, хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаярын “Д.Эрдэнэбат нь Тариат суманд мөн задгай биеийн тамирын талбай барьсан” гэсэн тайлбаруудаар тогтоогддог.

Зохигч Тариат суманд биеийн тамирын талбай барих ажлын талаар АЗЗА ХХК-ийн захирал А.Баясгалангийн өрөөнд ярьсан гэдэгтэйгээ маргаагүй, тухайн үед хариуцагч Н.Мөнхсайхан Архангай аймгийн Тариат суманд хүүхдийн биеийн тамирын талбайг Д.Эрдэнэбатаар бариулахаар тохиролцсон нь  Д.Эрдэнэбатын “Н.Мөнхсайхан Архангай аймгийн Тариат суманд хийгдсэн биеийн тамирын талбайг хийгээд өгөөч гэсний дагуу би уг талбайг барьсан” гэх, хариуцагч Н.Мөнхсайханы “тухайн үед Д.Эрдэнэбат нь тус суманд сургуулийн талбай барих ажилтай, хамтдаа хийе гэсэн” гэх тайлбар,  гэрч С.Баттуяагийн “бид нар Эрдэнэбаттай цалин хөлсөө тохироод ажиллаж эхэлсэн. Архангай аймгийн Тариат суманд сургуулийн биеийн тамирын талбай болон хүүхдийн тоглоомын талбай бариулна гэж авч явсан. Эрдэнэбат бид нарыг удирдаж зааварладаг байсан. Мөнхсайхантай харьцаж байгаагүй. Мөнхсайхан, Эрдэнэбат хоёр хоорондоо ойлголцохгүй бие бие рүүгээ бидэнд өгөх цалинг чихээд тэгээд бид нар ажиллахаа больсон. Бид нар сургуулийн биеийн тамирын талбайг дуусгаж тоглоомын талбайг 80 хувьтай гүйцэтгээд цалин хөлс дээрээ маргаад тэр ажлыг цааш хийгээгүй орхисон.” гэсэн мэдүүлэг, А.Баясгалангийн “...энэ үедээ Мөнхсайхантай манай өрөөнд орж ирж Мөнхсайхан нь Тариат сумын биеийн тамирын талбайн ажлын тендерт ялж хийхээр болоод Эрдэнэбатаар хийлгүүлэхээр ярилцсан” гэсэн тодорхойлолтоор тогтоогддог тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.5-д зааснаар зохигчийг гэрээ байгуулсан гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдал буюу зохигчийн тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан талуудын мэтгэлцээн, тайлбар, гэрч С.Баттуяагийн мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Д.Эрдэнэбат, хариуцагч Н.Мөнхсайхан нар Архангай аймгийн Тариат суманд биеийн тамирын зориулалт бүхий талбай барьж байгуулахаар тохиролцож тэдний хооронд амаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Хариуцагч Н.Мөнхсайхан 2012 оны намар биеийн тамирын талбай барих ажлыг хийсэн гэж, нэхэмжлэгч 2013 оны 09 сарын 23-нд уг ажлыг хийгээд өгөөч гэсний дагуу хийсэн гэж зохигч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон ажил гүйцэтгэсэн цаг хугацааг өөр өөр тайлбарладаг, ажил гүйцэтгэсэн болон гүйцэтгэлийг хүлээн авсан цаг хугацааг тодорхойлсон нотлох баримт хэрэгт авагдаагүй . Маргаан бүхий ажлыг гүйцэтгэж байсан гэрч Ч.Баттуяагийн “2014 оны 09 сард бид нарыг ажиллуулах гээд манай АЗЗА компаний захирал Баясгалантай Эрдэнэбат, Мөнхсайхан 2 гэрээ хийж байсан” гэсэн, гэрч С.Батгэрэлийн “2013, 2014 оны үед байх Д.Эрдэнэбат, Н.Мөнхсайхан хоёр Тариат суманд биеийн тамирын талбайг тус тусдаа барьж байсан” гэсэн мэдүүлгээр ажил гүйцэтгэх гэрээний дагуу Тариат суманд биеийн тамирын талбай байгуулах ажлыг 2014 онд гүйцэтгэсэн байх ба нэхэмжлэгч Д.Эрдэнэбат нь Иргэний хуулийн 75.2.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгчийн “... ажлын хөлсийг 3.500.000 төгрөгөөр тохирсон. Үүнээс Н.Мөнхсайхан нь 1.500.000 төгрөг өгсөн”, хариуцагчийн “... тухайн үед 1.500.000 төгрөгийг Д.Эрдэнэбатад, 100.000 төгрөгийг эхнэр Дашдаваад нь өгсөн” гэсэн тайлбар, А.Баясгалангийн “Эрдэнэбат нь ажлын хөлсөө таван сая гэсэн, Мөнхсайхан нь 3,5 сая гэж ярилцаж байсан“ гэсэн тодорхойлолтоос үзэхэд зохигчийг ажлын хөлсний талаар тохиролцсон гэж үзэх боломжтой. Мөн талууд ажлын үр дүнгийн /сагсан бөмбөгийн шит бүхий хүүхдийн биеийн тамирын талбайг байгуулах/ талаар ижил төсөөлөлтэй байсан нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогддог, энэ талаар талууд маргаагүй.  

Нэхэмжлэгч Д.Э ажлын хөлсийг 3.500.000 төгрөгөөр тохирсон, одоо 2.000.000 төгрөгийн ажлын хөлс авах ёстой гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нар зохигч ажлын хөлсөө 3.500.000 төгрөгөөр тохиролцсон нь А.Баясгалангийн гаргасан тодорхойлолтоор тогтоогдоно гэж тайлбарладаг боловч А.Баясгалангийн тодорхойлолтонд “Эрдэнэбат нь ажлын хөлсөө таван сая гэсэн, Мөнхсайхан нь 3,5 сая гэж ярилцаж байсан. Яг яаж тохиролцсоныг мэдэхгүй” гэсэн тул уг тодорхойлолтыг ажлын хөлсний хэмжээг нотолсон нотлох баримт гэж үзэхгүй. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч “Д.Эрдэнэбат ажлын үр дүнг Тариат сумын Засаг даргад хүлээлгэн өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажлын үр дүнг захиалагч болох Н.Мөнхсайхан хүлээн авахаар, ажил гүйцэтгэгч захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэхээр мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл, хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөхөөр заасан байтал Д.Эрдэнэбат нь биеийн тамирын талбайг хариуцагч Н.Мөнхсайханд хүлээлгэн өгөөгүй нь шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар тогтоогддог. Иймд ажлын хөлс 2.000.000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

Д.Э нь М-ны захиалгаар биеийн тамирын талбайн ажил гүйцэтгэхдээ өөрийн материал болох 56 уут цементээр ажлыг гүйцэтгэсэн ба уг цементийн үнийг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хариуцагч Н.Мөнхсайхан хүлээн зөвшөөрдөггүй. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа хэний материалаар ажил гүйцэтгэх эсэх талаар талууд хэрхэн тохирсон нь тодорхойгүй, нэхэмжлэгч өөрийн 56 уут цементээр ажил гүйцэтгэсэн гэдгээ нотлох баримтаар нотолж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийн энэхүү шаардлага болох цементийн үнэ 718.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах боломжгүй юм.  

Иймд Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар хариуцагч Н.Мөнхсайханаас ажлын хөлс 2.000.000 төгрөг, гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд нийлүүлсэн цементийн үнэ 718.000 төгрөг /нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын нэхэмжлэлд бичсэн цементийн үнийн дүн алдаатай байсан гэж тайлбарласан/ нийт 2.718.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэрч С.Б “Н.Мөнхсайхан ахын биеийн тамирын талбай барих ажил хэдий хугацаанд үргэлжилснийг би сайн мэдэхгүй”, гэрч Ч.Баттуяа “Эрдэнэбат Архангай аймгийн Тариат суманд сургуулийн биеийн тамирын талбай болон хүүхдийн тоглоомын талбай бариулна гэж авч явсан. Бид нар сургуулийн биеийн тамирын талбайг дуусгаж тоглоомын талбайг 80 хувьтай гүйцэтгээд цалин хөлс дээрээ маргаад тэр ажлыг цааш хийгээгүй орхисон” гэж мэдүүлсэн ба гэрч Ч.Баттуяа нь тухайн цаг хугацаанд Архангай аймгийн Тариат суманд баригдаж байсан 2 биеийн тамирын талбайд ажиллаж байснаа, уг 2 биеийн тамирын талбай барих ажлын эхэлсэн болон үргэлжилсэн хугацааг тодорхой мэдүүлсэн байх тул гэрч Ч.Баттуяагийн мэдүүлгийг ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаарх ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 8 ширхэг дүнзний үнэ 200.000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ “дүнз ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй, урьд өмнө Эрдэнэбат Мөнхсайханд өгч байсан юм байлаа” гэж тайлбарласан.  Нэхэмжлэгч нь Н.Мөнхсайханд өгсөн дүнзний үнээ нэхэмжилж байгаа тул түүнийг хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүргийг шаардаж байна гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаярын тайлбарласан  “8 ширхэг дүнзийг 10-аад жилийн өмнө Д.Эрдэнэбат нь Н.Мөнхсайханыг хувийн орон сууц барихад бэлэглэсэн байдаг” гэсэн цаг хугацаатай нэхэмжлэгч тал маргаагүй тул худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан үндэслэлээр буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Н.Мөнхсайханаас 8 ширхэг дүнзний үнэ 200.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Эрдэнэбатын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэд шүүх хуралдааны товыг 2017 оны 11 сарын 10-ны өдөр утсаар мэдэгдэж тэрээр “шүүх хуралдааны товыг мэдлээ” гэсэн атлаа шүүх хуралдаанд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчмаар явагддаг бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Агар-Эрдэнэ, Э.Сайнсанаа нар өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаагүйг дурьдав.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар хариуцагч Н.М-с 2.718.000 /хоёр сая долоон зуун арван найман мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Н.М-с 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Э-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.650 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.БАЙГАЛМАА