Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Д.Эын нэхэмжлэлтэй иргэний

                                                          хэргийн тухай

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2017/00573 дугаар шийдвэртэй

Д.Эын нэхэмжлэлтэй

Н.Мд холбогдох

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 918 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэний давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.Энхбаяр, нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгч нарын гаргасан тайлбарт: “Н.М нь 2013.09.23-ны өдөр “АЗЗА” ХХК-ий захирал Баясгалангийн өрөөнд Д.Этай уулзаад Архангай аймгийн Тариат сумын төвд биеийн тамирын талбай байгуулахаар тохиролцсны дагуу Д.Э уг талбайг 2013.09.23-2013.10.24-нийг хүртэл 31 хоногийн хугацаатай барьж дуусган сумын комисст хүлээлгэн өгсөн. Д.Э анх 5 000 000 төгрөгөөр тухайн биеийн тамирын талбайг байгуулъя гэсэн боловч Н.М нь уг ажлын хөлсийг 3 500 000 төгрөг гэсний үндсэн дээр тэд ажлын хөлсийг 3 500 000 төгрөгөөр тохиролцсон байдаг. Ажлын хөлсөнд урьдчилсан байдлаар 1 500 000 төгрөгийг өгөөд үлдэгдлийг ажлын үр дүнг хүлээн авсны дараа өгнө гэж тохиролцсон. Ажлын гүйцэтгэлийн явцад Н.М Д.Эад 1 500 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2 000 000 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлөөгүй бөгөөд одоо нэхэмжилж байгаа. Н.М Д.Эад 1 500 000 төгрөг өгснийг Д.Э ажлын хөлсний урьдчилгаа гэж ойлгосон. Мөн биеийн тамирын талбайг байгуулахад Н.М нь ажлын гүйцэтгэлд нөлөөлөхөөр ямар нэгэн бараа материал гаргаагүй. Тэгээд Д.Э нь өөр тоглоомын талбай байгуулах зорилгоор хадгалж байсан 56 уут цементээ гаргаж Мөнхсайханы хийлгэсэн биеийн тамирын талбайг байгуулахад ашигласан. Иймд Н.Мы хийлгэсэн биеийн тамирын талбайд оруулсан өөрийн цементийн үнээ нэхэмжилж байгаа. Уг ажлыг хийхэд 56 уут цемент орсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 13 000 төгрөг, нийт үнэ нь 728 000 төгрөг болсон. Тийм учраас цементийн үнэ 728 000 төгрөг, 8 ширхэг дүнзний үнэ 200 000 төгрөг нэмэгдээд нийт 2 918 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах ёстой гэж үзэж байна. Дүнз ажил гүйцэтгэх гэрээтэй холбоогүй, урьд нь өгсөн байдаг. Н.М Д.Э нарын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил  гүйцэтгэх гэрээ байсан. Хүйтэн орсон учраас дараа жилийн 1 дүгээр сард сумын Засаг дарга ажлын үр дүнг хүлээж авсан. Гүйцэтгэсэн ажлаа сумын Засаг даргад Д.Э өөрөө хүлээлгэн өгсөн. “Чонотын хөндий” ХХК,  Н.М нар 2012 онд гэрээ хийсэн боловч Д.Э биеийн тамирын талбайг 2014.09 сард хийсэн байдаг. Энэ нь гэрч Баттуяагийн мэдүүлгээр нотлогддог. Гэрээний маргаантай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг нь үнэн. Ажил 2014 онд хийгдсэн учраас гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Өнгөрсөн хугацаанд Д.Э нь Н.Маас мөнгөө авахаар хэд хэдэн удаа утсаар ярьж байсан. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа яригдах тохиолдолд Д.Э нь Н.Маас гэрээний үүргийг хэд хэдэн удаа шаардаж байсан тул хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79.1-д зааснаар тасалдсан. Үүргийн гүйцэтгэлийг хойшлуулснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолох Иргэний хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсгийг шүүх анхааран үзэхийг хүсч байна.  Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацааг яриад байгаа нь хариу тайлбараа хүлээн зөвшөөрч байна гэсэн утга санаа харагдаж байна. Тухайн ажлыг хэзээ гүйцэтгэсэн нь гэрчийн мэдүүлгээр зөрүүтэй байгаа. Биеийн тамирын талбай байгуулах ажлыг “АЗЗА” ХХК-ий зургаан хүнээр Д.Э хийлгэсэн. Хариуцагч тал хоёр хүнээр ажил гүйцэтгүүлсэн гэж ярьж байна. Энэ талаар Баттуяа гэдэг хүн хамт ажил гүйцэтгэж байсан учраас тодорхой мэдүүлдэг. Хэрэв хоёр хүнээр ажил гүйцэтгүүлсэн бол ажил гүйцэтгэх хугацаа хойшлогдоно. Д.Э нь “Чонотын хөндий” ХХК байдаг талаар мэдээгүй. Хариуцагч тал “Н.М хариуцагч биш, Н.М, Д.Э нарын хооронд гэрээ байгуулагдаагүй” гэж ярьж байна. Д.Э, Н.М нар харилцан тохиролцсныг Н.М хариу тайлбартаа бичсэн төдийгүй энэ нь АЗЗА ХХК-ий захирал Баясгалангийн тодорхойлолт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрчид хууль сануулдаг. Чонотын хөндий ХХК Н.Маар Тариат суманд биеийн тамирын талбай хийлгэхээр тохиролцсны үндсэн дээр Н.М нь Д.Эаар уг ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон гэдэг нь хамгийн энгийн байдлаар харагдаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний маргаан үүссэн гэж үзэж байна. Архангай аймгийн Тариат сумын “Эрүүл амьдрал” биеийн тамирын талбайг Д.Э байгуулж эдийн баялгийг бүтээсэн гэдгийг нотолсон уг талбайг байгуулахад ажилласан Баттуяа гэдэг хүний мэдүүлэг байдаг. Д.Эын гүйцэтгэсэн ажил гэдэг нь үнэн учраас үлдэгдэл мөнгийг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 344.1-д зааснаар ажлын хөлсний хэмжээ, төлөх арга, журам, хугацааг талууд харилцан тохиролцож болно. Мөн уг хуулийн 346.1-д зааснаар талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө. Гэтэл 3 500 000 төгрөгийн хөлсийг өнөөдрийг хүртэл бүрэн төлөөгүй байгааг үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж байна. Тиймээс үлдэгдэл мөнгөө нэхэмжилж байна. Хариуцагч талаас цуглуулсан нотлох баримт хангалтгүй байна. Хариуцагч Н.М өөрөө өнөөдрийн шүүх хуралдаанд ирж үнэн худлыг нотлох ёстой байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 1.2-д зааснаар Д.Э зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр  шүүхэд хандсан. Тухайн ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэлээр аман хэлбэрээр хийгдсэн байна. Мөн Иргэний хуулийн 195.1-д зааснаар  гэрээний саналыг тэр дор нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулагдсан байна гэж үзэж байна. Гэрээ байгуулсан учраас энэ хоёр хүний хооронд шаардах эрх үүсч байна. Шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудыг шүүх шударгаар үнэлж иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалахыг хүсч байна.” гэжээ.

 

Хариуцагч болон түүний төлөөлөгчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2012 оны намар Тариат сумын төвд биеийн тамирын талбай байгуулах тендерийн ажлыг Улаанбаатар хотын Чонотын хөндий ХХК гүйцэтгэхээр болж тус компаний захирал Д.Батбаяр Тариат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Миний бие Чонотын хөндий ХХК-ийн захиралтай уг ажлыг хийхээр тохиролцсон ба Д.Эад энэ тухайгаа АЗЗА компаний захирлын өрөөнд ярьсан нь үнэн. Тухайн үед Д.Э нь тус суманд сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажилтай, хамтдаа хийе гэсэн. Гэхдээ бид ажлын хөлс тохироогүй. Тухайн үед мөнгөний хэрэгтэй гэхээр нь Д.Батбаярын надад бэлнээр өгсөн 4 000 000 төгрөгөөс 1 500 000 төгрөгийг Д.Эад, 100 000 төгрөгийг эхнэр Дашдаваад нь өгсөн. Үлдсэн 2 400 000 төгрөгөөс 780 000 төгрөгөөр нь Тариат суманд амьдардаг С.Жамбалдоржоос 1 тонныг нь 130 000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн үнээр бодож 6 тонн цемент худалдан авч, үлдэх 1 620 000 төгрөгийг Тариат сумаас авч ажиллуулсан дөрвөн хүний хөлсөнд өгсөн. Д.Батбаяр надад өөр хөлс мөнгө ч өгөөгүй. Тухайн ондоо намар орой болж хүйтэн орсон гээд Тариат сум ч компаний ажлыг хүлээж аваагүй. Дараа жил нь хүлээлгэн өгсөн эсэх, дутуу зардлаа авсан эсэхийг мэдэхгүй. Тэр үед Д.Э яг адилхан гадаа талбай байгуулж байсан. Маргаан болоод байгаа биеийн тамирын талбай дээр Д.Э ажлын хүч оруулаагүй, хэлцэл хийгээгүй. 8 ширхэг дүнз мод нь биеийн тамирын талбайд ороогүй. Намайг Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Хануй Инж хороололд хувийн орон сууц барихад Д.Э нь найз нөхдийн харилцаатай байхдаа 8 ширхэг дүнзийг бэлэглэж байсан учраас энэ маргаантай холбоогүй. Гэхдээ бэлгээ буцаана гэвэл өөр хэрэг байх. Энэ нь цаг хугацааны хувьд тухайн үйл явдлаас бүр өмнө болж өнгөрсөн асуудал. Биеийн тамирын талбай байгуулахад 8 ширхэг дүнз хэрэглэсэн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдоогүй байдаг. Энэ тухай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөөн хэлэлцэх хугацаанд ач холбогдол өгч байгаа. Гурван жилийн хугацаанд Н.Маас Д.Э нь ямар нэгэн байдлаар тухайн хохирлыг гаргуулъя гэж нэхэмжилсэн талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Гэрч Ч.Баттуяагийн мэдүүлэгт Н.М, Д.Э хоёр юу ярилцсан талаар мэдэхгүй гэсэн байдаг. Тийм учраас бүрэн нотолж байгаа гэрчийн мэдүүлэг биш. Мөн Батгэрэл гэдэг гэрчийн мэдүүлэг байгаа.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2017/00573 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар хариуцагч Н.Маас 2 718 000 /хоёр сая долоон зуун арван найман мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч Н.Маас 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 650 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэний давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 573 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Манай үйлчлүүлэгч Д.Э болон Н.М нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсныг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрсөн байна. Гэрчийн мэдүүлэг, хариуцагч Н.Мы тайлбар, нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийг үзвэл тэдний хооронд биеийн тамирын талбайг хийж гүйцэтгэх ажлын төлбөрт 3 500 000 төгрөг тохирсон нь харагдаж байна. ”Чонотын хөндий” ХХК-ийн захирал Н.Мд 5 сая төгрөг өгсөн гэж ярьдаг. Мөн “Чонотын хөндий” ХХК нь 12 сая төгрөгөөр Тариат суманд биеийн тамирын талбай байгуулах төсөлд шалгарсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн нотлох баримтаар нотлогддог. Нийт 12 сая төгрөгийн төсөвтэй биеийн тамирын талбайг “Чонотын хөндий” ХХК нь Н.Маар, Н.М нь нэхэмжлэгч Д.Эаар хийлгэсэн байдаг. Үүнийг шүүхээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Энэхүү гэрээ нь хариу төлбөртэй гэрээ юм. Анхан шатны шүүх энэ гэрээг байгуулагдсан гэж үзсэн бол тухайн эдийн баялгийг бүтээснийх нь үнэ хөлсийг зохих нотлох баримтыг үндэслэн гаргаж өгөх нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн ажлын хөлсний талаарх хэсэгт А.Баясгалангийн мэдүүлгийг ажил гүйцэтгэх гэрээний хөлс тохиролцсныг нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хэсгээр буюу 2 718 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг төлөв.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Э нь 2017.05.08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч Н.Маас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 918 000 төгрөг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...хариуцагч биш, ...хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, ...гэрээ байгуулагдаагүй” гэсэн тайлбар гаргажээ.

 

Маргааны зүйл болох сагсан бөмбөгийн гадаа талбайг Д.Э 2013.09.23-2013.10.24-нийг хүртэл 31 хоногийн хугацаатай барьж дуусган сумын комисст хүлээлгэн өгсөн гэсэн бол Н.М 2012 онд намар орой болж хүйтэн орсон гээд Тариат сум ч компаний ажлыг хүлээж аваагүй, дараа жил нь хүлээлгэн өгсөн эсэх, дутуу зардлаа авсан эсэхийг мэдэхгүй гэжээ. Харин гэрч Ч.Баттуяа АЗЗА компаний захирал А.Баясгалантай Д.Э, Н.М хоёр 2014.09 сарын үед гэрээ хийж захирлын өрөөнд байсан /хх-107/ гэсэн бол, гэрч С.Батгэрэл 2013, 2014 оны үед байх Д.Э, Н.М хоёр Тариат суманд биеийн тамирын хоёр талбайг тус тусдаа байгуулж байсан /хх-109/ гэжээ. Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын зөвлөл болон Чонотын хөндий ХХК-ий хооронд 2012.05.28-ны өдөр тус суманд хэрэгжих “Эрүүл амьдрал” дэд төслийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулагджээ. /хх-116/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1-д заасан зохицуулалтыг баримталжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан. Зохигчдын тайлбар болон гэрчүүдийн мэдүүлэгт сагсан бөмбөгийн гадаа талбайг хэзээ ашиглалтад оруулсан талаар зөрүүтэй байгааг шүүх анхаараагүй, уг талбай хэзээ ашиглалтад орсон, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын зөвлөл талбайг хэдийд хүлээн авсан нь тодорхой бус, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С “Тариат сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс уг биеийн тамирын талбайг хүлээн авсан комиссын актыг нотлох баримтаар шүүхийн журмаар гаргуулан авах” хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөх талаар Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д заасан ба сагсан бөмбөгийн гадаа талбайг хүлээлгэн өгсөн хугацаа хангалттай бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

Ажлын үр дүнг хэзээ хүлээлгэн өгсөн талаар шүүх эрх зүйн үүднээс нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийж чадаагүй байна.

Сагсан бөмбөгийн гадаа талбайг хэзээ ашиглалтад оруулсан, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын зөвлөл тухайн талбайг хэдийд хүлээж авсан нь тодорхой бус байгаа, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар дүгнэлт хийх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүнг хэзээ хүлээлгэн өгснөөс шалтгаалан хөөн хэлэлцэх хугацаа тоологдох юм.

 

Түүнчлэн зохигчдын тайлбар болон гэрч Ч.Баттуяагийн мэдүүлгээс үзвэл Д.Э, Н.М нар А.Баясгалангийн өрөөнд ажил гүйцэтгэх гэрээний талаар тохиролцсон байх ба нэхэмжлэгч Д.Э А.Баясгалангаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Дээр дурдснаас үзвэл шүүх зохигчдын хоорондох маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг зөв хэрэглэсэн эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд давж заалдах шатны шүүх дүгнэх боломжгүй, хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2017/00573 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61 600  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

                ШҮҮГЧИД                                      Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                                      Д.БЯМБАСҮРЭН