Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2019/00301

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэртэй,

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалтай,

Д.Э-ын нэхэмжлэлтэй

Н.М-д холбогдох, 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3.633.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Н.М- нь 2013 оны 9 сарын 23-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын төвд байгуулах биеийн тамирын талбайг барьж өгөөч гэсний дагуу тус талбайг 2013 оны 9 сарын 23-ны өдрөөс 10 сарын 24-нийг дуустал 31 хоногийн хугацаатай хийж дуусган сумын комисст хүлээлгэн өгсөн. Мөн тус ажлыг хийхэд 56 ширхэг уут цемент орсон бөгөөд нэг бүрийн үнэ нь 13.000 төгрөг болсон. Үүний нийт үнэ 728.000 төгрөг болсон. Мөн 8 ширхэг дүнзийг 200.000 төгрөгөөр авсан, Ажлын хөлсийг 3.500.000 төгрөгөөр тохирсон бөгөөд үүнээс Н.М- нь 1.500.000 төгрөгийг өгсөн. Иймд хариуцагч Н.М-аас ажлын хөлсний үлдэгдэл 2.000.000 төгрөг, цементын үнэ 728.000 төгрөг, дүнзний үнэ 200.000 төгрөг, шүүх хуралдаантай холбогдуулан гаргасан бодит хохирлыг болох байр хоол, унаа, тээвэр, бусад зардалд 705.000 төгрөг, нийт 3.633.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.М-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2012 оны намар Тариат сумын төвд биеийн тамирын талбай барих тендерийн ажлыг Улаанбаатар хотын Чонотын хөндий ХХК гүйцэтгэхээр болж тус компанийн захирал Д.Батбаяр Тариат сумын Засаг даргатай гэрээ байгуулсан. Миний бие Чонотын хөндий ХХК-ийн захиралтай уг ажлыг суманд хийлгэхээр тохиролцсон ба Д.Э-ад энэ тухайгаа АЗЗА компанийн захирлын өрөөнд ярьсан нь үнэн. Тухайн үед Д.Э- нь тус суманд сургуулийн биеийн тамирын талбай байгуулах ажилтай, хамтдаа хийе гэсэн. Гэхдээ бид ажлын хөлс тохироогүй. Тухайн үед мөнгөний хэрэгтэй гэсний улмаас Д.Батбаяр надад бэлнээр 4.000.000 төгрөг өгснөөс 1.500.000 төгрөгийг Д.Э-ад 100.000 төгрөгийг эхнэр Дашдаваад нь өгсөн. Үлдсэн 2.400.000 төгрөгөөс 6 тн цемент 1 тонныг нь 130.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн үнээр бодож Тариат суманд амьдардаг С.Жамбалдоржоос худалдан авч, үлдэх 1.620.000 төгрөгийг Тариат сумаас авч ажиллуулсан 4 хүний хөлсөнд өгсөн. Д.Батбаяр надад өөр хөлс мөнгө ч өгөөгүй. Тухайн ондоо намар орой болж хүйтэн орсон гээд Тариат сум ч компанийн ажлыг хүлээж аваагүй. Дараа жил нь хүлээлгэн өгсөн эсэх, дутуу зардлаа авсан эсэхийг мэдэхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2012 он, 2013 он уу гэдгийг ялгааг харах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч Н.М-аас 2.303.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-ад олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1.329.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 61.650 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Н.М-аас улсын тэмдэгийн хураамж 51.806 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-ад олгож шийдвэрлэжээ.

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 11.428 төгрөг гаргуулан улсын орлогод” гэж нэмэн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Н.М-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаярын гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Н.М-ы давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 51.806 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн буруу хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Н.М-, Д.Э- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж шүүх дүгнэсэн. Гэтэл Д.Э- нь Н.М-д хийсэн ажлаа биетээр хүлээлгэж өгөөгүй байгаа нь баримтаар харагддаг. Ийм байхад ажлын хөлс гэж 2.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь заалтыг зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдаанд дээр гэрч Д.Жаргалтогтохын мэдүүлэгийг нотлох баримтаас хасуулъя Д.Жаргалтогтох нь Н.М-тай таарамжгүй харилцаатай байгаа нь гэрчийн мэдүүлэг өгсний дараа шүүх хуралдаан танхимд Д.Э-тай ярилцаж буй байдлаас харагдаж байгаа талаар дурдаж хүсэлт тавьсан. Гэтэл шүүх энэ хүсэлтийг шийдэхгүйгээр хуралдааныг үргэлжлүүлж, гэрчийн мэдүүлгийг үнэлж шийдвэр гаргасан. Мөн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага бүрдүүлбэр хангаагүй байхад хүлэээн авч шийдсэн тул Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Д.Э-, Н.М-д холбогдуулан ажлын хөлс 2.000.000 төгрөг, цементны үнэ 728.000 төгрөг, дүнзний үнэ 200.000 төгрөг, хохиролд 705.000 төгрөг, нийт 3.633.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх асуудлаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Хэргийн баримтаас үзвэл Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Зөвлөлийн захиалгаар Чонотын хөндий ХХК нь тус суманд хэрэгжих “Эрүүл амьдрал” дэд төслийн хүрээнд сагсан бөмбөгийн гадаа талбай шинээр барьж тохижуулах ажлыг гүйцэтгэхээр болж 2012 оны 5 дугаар сарын 28-ны өдөр “ажил гүйцэтгүүлэх” гэрээ байгуулсан, Чонотын хөндий ХХК нь уг ажлыг Н.М-аар, Н.М- нь Д.Э-аар хийж гүйцэтгүүлэхээр тус тус тохиролцсон нь  тогтоогджээ.

Д.Э-, Н.М- нарын ярилцаж тохирсноор гүйцэтгэгч нь ажлыг 31 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлсөнд 3.500.000 төгрөг төлөх үүрэг хүлээж, 1.500.000 төгрөг төлсөн байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хэргийн баримтад тулгуурлан дүгнэжээ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2-т зааснаар захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй, сагсан бөмбөгийн талбайн ажил хийгдэж, ашиглаж байгаа талаархи баримт хэрэгт авагдсныг тэрээр үгүйсгэж чадаагүй тул ажлын үр дүн бий болсон гэж үзнэ.

Иймээс хариуцагч Н.М- нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэмжээнд төлөх үүрэгтэй байна.

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

56 уут цементийн үнэ 728.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй, нэхэмжлэгч Д.Э- өөрийн эд хөрөнгө буюу 56 уут цементийг сагсан бөмбөгийн талбайд хэрэглэсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна.

705.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчийн Улаанбаатар хот, Архангай аймгийн хооронд  очсон, буцсан шатахууны зардалд 303.500 төгрөг гаргуулсан шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгдсэн байна. Харин шүүх хохирол гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэлийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан “гэрээний аль нэг талын үүргээ зөрчснөөс гэрээг цуцласнаас учирсан хохирол гаргуулах” зохицуулалтаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

3. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 3 жил байна. Гэрээгээр ажлыг 2012 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн боловч ажлын үр дүнг 2013 оны хавар хүлээн авч ашиглалтад оруулсан, шаардлага гаргах хугацааны дотор нэхэмжлэгч хариуцагчаас төлбөрөө удаа дараа шаардаж байсан нөхцөл зэргийг шүүх үнэлж, нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандсан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзснийг үгүйсгэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нотлох баримтаас гэрч Д.Жаргалтогтохын мэдүүлгийг хасуулах хүсэлт гаргасныг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчийн 129/ШЗ2018/01975 дугаар захирамжаар шийдвэрлэсэн нь 2-р хавтаст хэргийн 22-р талд авагджээ. Иймд дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Э- шүүхэд анх 2.928.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, 2018.04.23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа хохиролд 705.000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлснээр нэхэмжлэлийн нийт шаардлага 3.633.000 төгрөг болжээ. /1-хх-212-р тал/ Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 11.280 төгрөг төлсөн гэж дурдсан боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайн нөхцөлд анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой байсан боловч уг нэхэмжлэлийг хариуцагчид гардуулан өгч, зохигч мэтгэлцснээр тухайн нэхэмжлэлийн талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийжээ. Анхан шатын шүүхийн дээрх ажиллагаа алдаатай хэдий ч давж заалдах шатны шүүх үүнийг залруулж, нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах боломжгүй.

4. Дээр дурдснаар хариуцагчийн “...ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, Д.Жаргалтогтохын мэдүүлгийг нотлох баримтаас хасуулах хүсэлтийг шийдвэрлээгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй атал нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн...” гэх гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 129/ШШ2017/00607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т” гэснийг хасч, “219 дүгээр зүйлийн 219.1-д” гэж, 2 дахь заалтад “57 дугаар зүйлийн 57.1“ гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.1” гэж,  “хэвээр үлдээж” гэсний дараа “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 11.428 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах,” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61.650 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ