Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 645

 

 

М.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00427 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгож, төрөөс 17 932 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э,

Прокурор Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.С  намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийг үйлдсэн хэмээн 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн гомдлыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Намайг бусдын мөнгийг залилан мэхэлж аваагүй хэмээн бодит байдлаа мэдүүлсээр байхад үл итгэн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хорьсон. Ингээд 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын батлан даалтад гараад 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шалгагдсан болно. Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаартай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд би маш их сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 400 төгрөгөөр тооцон 3 932 000 төгрөг, эрүүгийн хэргийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг, нийт 17 932 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М.С  нь О.Болормаагаас 10 хувийн хүүтэйгээр 2011, 2012 онуудад 196 000 000 төгрөгийг зээлж аваад залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан байдаг. М.С-д   2012 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эрүүгийн хуульд зааснаар удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заасан байсан. Ингээд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байсан. Хохирогч нь сэжигтэнтэй зээлийн гэрээ хийсэн байдаг. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хүү болох 68 000 000 төгрөгийг төлнө гэж гэрээ хийсний дагуу хохирогч нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хохирогчийн гаргасан хүсэлтийг үндэслээд яллагдагчид ашигтай байсан учраас хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан төлбөрт нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгч Н.Б нь М.С-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн гэдэг ч эрүүгийн хэрэгт огт байхгүй. Мөн эрүүгийн хэрэгт нь төлбөр төлсөн баримт байгаагүй. Гэтэл иргэний хэрэгт хоёр баримт гараад ирсэн байгаа. Өмгөөллийн гэрээ хийсэн өдөр 5 000 000 төгрөгийг төлнө гэж заасан байгаа боловч энэ мөнгийг төлсөн баримт эрүүгийн хэрэгт байгаагүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хоёр удаагийн үйлдлээр 10 000 000 төгрөгийг өгсөн гэх баримт дээр М.С  гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг боловч хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл дээр сүүлийн 5 000 000 төгрөгийг манай дүү малчны зээл аваад төлсөн би энэ талаар мэдэхгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Тийм учраас нотлох баримт нь үндэслэлгүй байна. Ийм учраас өмгөөллийн хөлс гэх 10 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Тийм учраас сэтгэл санааны хохирлыг ямар хэмжигдэхүүнээр хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй. Мөн 5 настай хүүхэд нь алга болсон гэж байгаа боловч энэ талаарх баримт мөн байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 5 182 846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-д   олгож, нэхэмжлэлээс үлдэх 12 749 154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу өмгөөллийн хөлсний 10 000 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Эрүүгийн хэрэгт М.С-ийн өмгөөлөгчөөр Н.Б нь мөрдөн байцаалтын эхэн үеэс эхлэн ажиллаж эхэлсэн байдаг ба өмгөөлөгч нь М.С-ийн төрсөн хүү Ц.Ганжуурданжууртай 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 10 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан байдаг. Өмгөөлөгч нь энэхүү гэрээнд заасан 10 000 000 төгрөгийг 2 тасалж буюу 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бэлнээр хүлээн авснаа баталгаажуулж тасалбар бичиж өгсөн байдаг. Анхан шатны шүүх нь М.С-ийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өмгөөлөгчид хүлээлгэн өгсөн 5 000 000 төгрөгийн баримт нь эргэлзээтэй байна хэмээн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон хэмээн нэхэмжлэгч талаас үзэж байгаа болно. Анхан шатны шүүхээс 2012 оны 3 дугаар сарын 07 ны өдөр батлагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байхаар хуульчилсан, хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, өмгөөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн үйлчлүүлэгчээсээ авч буй хөлс төлбөр нь эрх бүхий этгээдэд ойлгомжтой тодорхой байхыг хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчид үүрэг болгосон байна гэх үндэслэлээр өмгөөллийн хөлсний 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд нь ажлын байртай, банкинд харилцах данстай байна хэмээн заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь өмгөөлөгчийг банкинд харилцах данстай байна хэмээн заасан боловч өмгөөллийн хөлсийн бэлнээр авахыг хориглосон заалт биш гэж үзэж байна. Хууль зүйн туслалцаа авч буй этгээд нь өмгөөллийн хөлсөө бэлнээр өгөх асуудал гардаг ба энэ тохиолдолд өмгөөлөгч нь өмгөөллийн хөлс авснаа тасалбараар баталгаажуулдаг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч М.С  нь хууль бусаар цагдан хоригдсон 28 хоногийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөгөөр тооцож 3 932 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10 000 000 төгрөг, нийт 17 932 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.С-г иргэн О.Б-с удаа дараа үргэлжилсэн үйлдлээр 196 234 000 төгрөг залилан мэхэлсэн хэрэгт сэжиглэн эрүүгийн журмаар шалгасан байх ба Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 391 дүгээр тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдоогүй гэх үндэслэл зааж хэрэгсэхгүй болгожээ.                                                              

                                                                           /хэргийн 1 дүгээр хавтасны 5-9 дах тал/

 

М.С-д   2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 201201031610 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн улмаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 254 дүгээр шүүгчийн захирамжаар 14 хоног сэжигтнээр, 2012 оны 9 дүгээр сарын 27-ний өдрийн 254/Б шүүгчийн захирамжаар 14 хоног яллагдагчаар цагдан хорьсныг 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 254/Б дугаар шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтанд өгсөн үйл баримт тогтоогдсон байна.                                                                          /хэргийн 1 дүгээр хавтасны 55-59 дах тал/

 

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дугаар зүйлийн 1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах талаар заасан байх боловч уг ажиллагаагаар яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцдог тул хуулийн дагуу явагдсан ажиллагаа хамаарна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй.

 

2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.11, 45.3.1.6-д нэхэмжлэгчийн амьжиргааны эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хуульд заасан эх үүсвэрээс нөхөн олгодог байна.

 

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тодорхой боловсрол тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалингийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогчийн болон ажилтны эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах улсын хэмжээний төлөөлөл бүхий Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт Үндэсний хороо тогтооно гэжээ.

 

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хороо, 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 01 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 140 400 төгрөг байхаар тогтоосон байна. Нэхэмжлэгч М.С  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 140 400 төгрөгөөр тодорхойлон цагдан хоригдсон 28 хоногоор үржүүлэн 3 932 000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг өдрийн хөдөлмөрийн хөлс болох 6 530 төгрөгөөр цагдан хоригдсон 28 хоногт үржүүлэн 182 846 төгрөгөөр хангасан нь зөв байв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй байна.

 

Иргэн О.Б эрх бүхий байгуулагад гомдол гаргаснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс М.С-г эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасныг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан иргэний эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх журамтай. Хуульд тусгайлан заасан тохиолдол нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээдэд холбогдох хариуцлага эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгаж болохоор зохицуулжээ.

 

Сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлан зохицуулалт байхгүй өөрөөр хэлбэл шүүхэд эрх олгогдоогүй, хуульд заагаагүй үндэслэлээр сэтгэл санаанд учирсан эдийн бус гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх боломжгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг нэхэмжилснийг үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.

 

Өмгөөлөгч Н.Б эрүүгийн хэрэгт М.С-ийн өмгөөлөгчөөр оролцохдоо 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг хүлээн авснаас сүүлийн өмгөөллийн хөлсөнд авсан             5 000 000 төгрөгийн баримтыг эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэж 5 000 000 төгрөг гаргуулсныг буруутгах боломжгүй. Учир нь уг нотлох баримт нь өөр бусад баримтаар давхар нотлогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцсон нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ                                                                                         

                          ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ