Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2019/00427

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр    

   Дугаар 184/ШШ2019/00427

               Улаанбаатар хот

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, .....тоот хаягт оршин суух, .... овогт М.С /РД:...../-ийн

 

Хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон болохыг тогтоолгож, төрөөс 17,932,000 төгрөг гаргуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, Н.Б, төрийг төлөөлж гуравдагч этгээдээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А, иргэдийн төлөөлөгч Д.М, Ё.Х, Л.Э, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

                     

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...М.С намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийг үйлдсэн байна хэмээн 2012 оны 9 сарын 11-ний өдөр хохирогчийн гомдлыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Намайг бусдын мөнгийг залилан мэхэлж аваагүй хэмээн бодит байдлаа мэдүүлсээр байхад үл итгэн 2012 оны 9 сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 28 хоног цагдан хорьсон. Ингээд 2010 оны 10 сарын 10-ны өдөр бусдын батлан даалтад гараад 2014 оны 3 сарын 24-ний өдрийг хүртэл шалгагдсан болно. Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 3 сарын 24-ний өдрийн 351 дугаартай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд би маш их сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөгөөр тооцон 3,932,000 төгрөг, эрүүгийн хэргийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг, нийт 17,932,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Төрийг төлөөлж гуравдагч этгээд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.С нь О.Б-гаас 10 хувийн хүүтэйгээр 2011, 2012 онуудад 196,000,000 төгрөгийг зээлж аваад залилан мэхэлсэн эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдсан байдаг. М.С-д 2012 оны 9 сарын 23-ны өдрөөс эхлэн таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Эрүүгийн хуульд зааснаар удаа дараа гэмт хэрэг үйлдсэн, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг таслан сэргийлэх арга хэмжээ авахаар заасан байсан. Ингээд таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үндэслэлтэй байсан. Хохирогч нь сэжигтэнтэй зээлийн гэрээ хийсэн байдаг. Ингээд 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хойш зээлийн хүү болох 68,000,000 төгрөгийг төлнө гэж гэрээ хийсний дагуу хохирогч нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүссэн. Хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хохирогчийн гаргасан хүсэлтийг үндэслээд яллагдагчид ашигтай байсан учраас хэрэгсэхгүй болгосон. Ийм учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан төлбөрт нэхэмжилж байгаа мөнгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Н.Б гэдэг өмгөөлөгч М.С-той хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ хийсэн гэдэг ч эрүүгийн хэрэгт огт байхгүй. Мөн эрүүгийн хэрэгт нь төлбөр төлсөн баримт байгаагүй. Гэтэл энэ иргэний хэрэгт хоёр баримт гараад ирсэн байгаа. Өмгөөллийн гэрээ хийсэн өдөр 5,000,000 төгрөгийг төлнө гэж заасан байгаа боловч энэ мөнгийг төлсөн баримт эрүүгийн хэрэгт байгаагүй. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад хоёр удаагийн үйлдлээр 10,000,000 төгрөгийг өгсөн гэх баримт дээр М.С гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг боловч хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл дээр сүүлийн 5,000,000 төгрөгийг манай дүү малчны зээл аваад төлсөн би энэ талаар мэдэхгүй байна гэдэг тайлбарыг хэлсэн байдаг. Тийм учраас нотлох баримт нь үндэслэлгүй байна. Ийм учраас өмгөөллийн хөлс гэх 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй гэж заасан байдаг. Тийм учраас сэтгэл санааны хохирлыг ямар хэмжигдэхүүнээр хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй. Мөн 5 настай хүүхэд нь алга болсон гэж байгаа боловч энэ талаарх баримт мөн байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

М.С нь хууль бусаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгож, төрөөс 17,932,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.С нь шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ: “...28 хоног цагдан хоригдож, жил хагасын хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол учирсан. Цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөгөөр тооцон 3,932,000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөллийн хөлсөнд төлсөн 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг, нийт 17,932,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулна” хэмээн шаардав. 

 

Гуравдагч этгээдээр төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор тайлбар гаргасан ба “...гэм бурууг шалгах ажиллагаа хуулийн дагуу байсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” хэмээн тайлбарлав.

 

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн … дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тус тус нотлогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.6-д заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна. /хх-3,4/

 

Хохирол арилгуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.3-т заасан хугацаанд М.С гаргасан болох нь Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 3 сарын 24-ний өдрийн 351 дүгээр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тогтоогдов. /хх-113,114/

 

М.С-д холбогдуулан иргэн О.Б-гийн гомдлоор 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн 201201031610 дугаартай хэрэг үүсгэн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 03 сарын 12-ны өдрийн 254 дугаар захирамжаар сэжигтнээр 14 хоног цагдан хорьж, 2012 оны 09 сарын 25-ны өдөр яллагдагчаар татан, 2012 оны 09 сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 254/А дугаар захирамжаар яллагдагчаар 14 хоног цагдан хорьж, 2012 оны 10 сарын 10-ны өдрийн 254/Б дугаар захирамжаар түүний цагдан хорих арга хэмжээг өөрчлөн даалтад гаргаж, Дүүргийн 2 дугаар Прокурорын газрын 2014 оны 3 сарын 24-ний өдрийн 351 дүгээр тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдов. /хх-55-61,113-114/

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т: “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан тул хүсэлт гаргагч учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Эрүүгийн гэмт хэргийг шалгаж, тогтоох, яллагдагчаар татах, баривчлах, цагдан хорих арга хэмжээ авах, ял шийтгэх, ялыг эдлүүлэх эрх бүхий байгууллагын ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэдий ч тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд түүний эрх зөрчигдсөн гэж үзэж, эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т: “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын ажиллагаа зохих ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй.

 

М.С-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон, энэ нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт учир энэ талаар мэтгэлцэх шаардлагагүй, улмаар хариуцагч оролцохгүй тул хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 45.3.1.1-45.3.1.6-д нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохирлын талаар заасан ба хүсэлт гаргагчийн шаардаж буй хохирлоос аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого болон хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс зэрэг хамаарна.

 

М.С нь хөдөлмөрийн гэрээний дагуу тогтмол цалин хөлс авдаг талаар баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нь уг баримтыг гаргаж өгөх боломжгүй талаар тайлбарлаж байх тул түүнийг тогтмол цалин хөлс, орлого олж байсан гэж үзэх боломжгүй. Иймээс тухайн үед тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөгийг ажлын 21.5 хоногт хувааж цагдан хоригдсон 28 хоногоор тооцон гаргуулах нь зүйтэй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 140,400 төгрөг байхаар тогтоосон ба үүнийг 28 хоногт тооцон 182,846 төгрөг /(140,400:21.5)х28=182,846/-ийг гаргуулах нь үндэслэлтэй.

 

Эрүүгийн хэрэгт М.С-гийн өмгөөлөгчөөр Н.Б оролцон нэхэмжлэгчийн төрсөн хүү Ц.Г-тай 2012 оны 09 сарын 17-ны өдөр, 10,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулжээ. /хх-135/

 

Дээрх гэрээний дагуу 2012 оны 10 сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг өмгөөлөгч Н.Б-д хүлээлгэж өгсөн баримт авагдсан байна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Өмгөөллийн тухай хуулинд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээс хууль зүйн туслалцаа үзүүлсэн хөлсийг авахдаа батлагдсан загвар бүхий санхүүгийн анхан шатны баримт үйлдэж хүлээн авах, эсхүл харилцах дансаар хүлээн авах талаар зохицуулаагүй байна. Энэ тохиолдолд уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм. /хх-133/

 

Харин 2012 оны 3 сарын 07-ны өдөр батлагдаж, 2013 оны 4 сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т зааснаар өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээд ажлын байртай, банкинд харилцах данстай байхаар хуульчилсан байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдийн үйлчлүүлэгчээсээ авч буй хөлс төлбөр нь эрх бүхий этгээдэд ойлгомжтой, тодорхой байхыг хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлж буй өмгөөлөгчид үүрэг болгосон гэж үзэхээр байна. Гэтэл 2014 оны 5 сарын 12-ны өдөр өмгөөлөгч Н.Б нь үйлчилгээний хөлс төлбөрөө дансаар бус, бэлнээр авсан гэх баримт үйлдсэн байгаа нь эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг./хх-134/

 

Хууль зүйн туслалцаа үзүүлж буй мэргэжлийн хуульчийн хувьд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчдээ хууль тогтоомжийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх, зөвлөх үүрэгтэй ба хуулийн дээрх зохицуулалтыг үйлчлүүлэгч мэдээгүйн улмаас тухайн иргэнийг буруутгах боломжгүй боловч энэ нь шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт /бэлэн мөнгө хүлээлцсэн гэх/-ыг “эргэлзээгүй”, “үнэн зөв” гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тиймээс М.С-гийн өмгөөллийн хөлсөнд шаардсан 10,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эдийн бус хохирлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 45.4.1-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэхээр зохицуулсан. Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.

 

Нэхэмжлэгч өөрийн сэтгэл санаанд учирсан хохиролд 4,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч энэхүү шаардлага нь баримтаар нотлогдоогүй, хуулийн дээрх заалтад хамаарахгүй болно.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогод 182,846 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгчийн хөлсөнд 5,000,000 төгрөг, нийт 5,182,846 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,749,154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2-т заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 5,182,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,749,154 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.УРАНЗУЛ

 

 

                        ШҮҮГЧ                                 Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

                                                                      Б.ХИШИГБААТАР