Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2018/00810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Т.Батсүх, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М.С-ийн

Засгийн газрын нөөц сангаас 17,932,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0253/, Н.Б /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0201/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, прокурор Б.О,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Н.Бгийн гомдлоор тус өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д зааснаар онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг цагдан хорьсон. Нийт 28 хоног цагдан хорьж, батлан даалтад гараад 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 351 дугаартай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140,400 төгрөгөөр тооцон 3,932,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4.000.000 төгрөг, нийт 17.932.000 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.С нь 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 28 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Өмнө нь үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт сэжигтэн яллагдагч шүүгдэгч, удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, үйл байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорино гэж заасан. М.С өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан мөн тухайн үед онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан учир хуульд заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо М.С нь хохирогчтой гэрээ байгуулж, хохирогч нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан байдлыг харгалзан үзэж өгнө үү. Нэхэмжлэгч өмгөөллийн үйл ажиллагааны зардал нэхэмжилсэн байдаг. Өмгөөллийн гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байдаг. Тус гэрээний 4.3 дахь хэсэгт өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд урьдчилан 5,000,000 төгрөгийг талууд гарын үсгээ зурмагц төлнө гэсэн байдаг. Харин төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн байна. Гэрээнд н.Ганжуурданжуур гэх хүн гарын үсэг зурсан нь гэрээг хүчин төгөлдөр эсэх мөн тухайн үед гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн өмгөөлөл хууль зүйн туслалцааны гэрээнүүд нь хоорондоо яг ижилхэн байгаа юм. Мөн М.С нь үйл ажиллагаа явуулж байсан тухай баримт нь нотлох баримтын шаардлагыг төдийлөн хангаагүй. Улсын дээд шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвлөмжид эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас хохирсон тохиолдолд зардал нөхөх гээд тухайн үед ажил эрхэлдэггүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21,5 хоногт хувааж зардлыг нөхөх гэж тусгасан  нь нэхэмжлэгч 140,400 төгрөгийг 28 хоногтоо үржүүлж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдсанаар нэр төр сэтгэл санааны хохирол учирсан гэдэг. Энэ талаар тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор Б.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: М.С нь 28 хоногоор цагдан хоригдсон хугацааны төлбөрийг ажилгүй байсан хугацаагаа гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 3,339,000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Үүнд дараах тайлбарыг хэлж байна. М.С нь 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар иргэн О.Б удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгийг нь авч хүүг нь өсгөж өгнө гэж 196,234,000 төгрөгийг хууран мэхэлж, итгэл эвдэх замаар авч, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед “Млоус” ХХК-ийн нийтийн байранд манаачаар ажиллаж, тухайн хаягт нь оршин суудаг байснаар М.С нь бүртгэгдсэн хаягтаа байнгын байрлах эсэх нь тодорхой бус оргон зайлж болзошгүй гэх үндэслэл, Увс аймгийн сум дундын шүүхээс 2005 оны 4 дүгээр сарын 27, 2006 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус тус ял шийтгэл авч байсан учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. М.Сгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Нэхэмжлэгчийн орлогын талаарх гэрчүүдийн мэдүүлэгт өдөрт Драгон төвд ороомог хийж заран 30,000 төгрөгийн ашигтай ажилладаг гэж бодож байна, мөн М.Сгийн ажиллаж байсан компани сард 500,000 төгрөгийн цалин өгдөг байснаас 200,000 төгрөгийн байрны түрээсэнд авч гэр дээр нь 300,000 төгрөг өгдөг, мөнгө хэрэг болохоор нь өгдөг  байсан гэх мэдүүлгүүдээс харахад Драгон төвд хэдэн төгрөгийн орлоготой болох нь мөн “Лоус” ХХК-иас тогтмол цалин авдаггүй байсан тул төлбөрийг тооцох боломжгүй байна. Өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлын хувьд Үндсэн хуулийн 55.1, 55.2, 16.14-д зааснаар хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 41.1-д өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй, 35.2.7, 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус тусгасан. Иймээс М.С эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авч сайн дураараа өмгөөллийн хөлс төлсөн тул тус төлбөрийг төрөөс гаргуулах үндэслэлгүй байна. Эрүүгийн хавтаст хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн гэрээг хавсаргаагүй, уг мөнгийг өмгөөлөгчид бүрэн төлсөн гэх баримт байхгүй, өмгөөллийн хөлсний талаар сэжигтэн яллагдагчийн мэдүүлэгт тусгагдаагүй байгааг анхаарч үзнэ үү. Сэтгэл санааны хохирол гаргуулах тухайд хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд болон дараа нь хэрхэн ямар хор хохирол учирсан тухай баримт байхгүй. М.С нь эрүүгийн хэрэгт шалгагдаад хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь хохирогч талтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэн О.Б нар нь харилцан тохиролцож бусдад өндөр хүүтэй мөнгө зээлсэн тухай нотлох баримтуудаар тогтоогдсон боловч эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсэгт заасныг журамлаж яллагдагчид ашигтай байдлаар эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэргийн хэрэгсэхгүй болгосон боловч М.Сг шалгах хууль зүйн үндэслэлтэй байсан нь тогтоогдсон байгаа. Төрийн албан тушаалтны хууль бус ажиллагаанаас үүдэлтэй бол хохирлыг барагдуулдаг ч энэ байдал огт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.С хууль бусаар цагдан хоригдсоны улмаас амьжиргааны эх үүсвэр болж байсан орлогод 3,932,000 төгрөг, өмгөөллийн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4,000,000 төгрөг, нийт 17,932,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.6-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргах ба нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг болох нь түүний  иргэний үнэмлэх, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-4-5/

Нэхэмжлэгч хохирлыг арилгуулах нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 45.8.3-т заасан хугацаанд гаргасан болох нь Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тогтоогдож байна. /хх-113-114/

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ М.С нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хоригдсон, өмгөөллийн гэрээг байгуулсан этгээд нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, өмгөөллийн гэрээ, төлбөр төлсөн баримтыг нөхөн хийсэн байх боломжтой, амьжиргааны эх үүсвэр болж байсан орлогод 3,932,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг гарсан баримт байхгүй хэмээн тайлбарлаж байна.  

М.Сд холбогдуулан иргэн О.Бгийн гомдлоор 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн 201201031610 дугаартай хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар иргэн О.Бгаас удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр 196,244,000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнээр тооцож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 254 дугаар захирамжаар М.Сг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь тогтоогдож байна. /хх-55/

М.Сг 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татан иргэн О.Бгийн 196,234,000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр өсгөж өгнө гэж залилан мэхэлж, итгэл эвдэж авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар ял сонсгон, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 254/А дугаар захирамжаар яллагдагч М.Сг үргэлжлүүлэн цагдан хорьж, мөн өдрөөс эхлэн яллагдагчаар 14 хоног цагдан хорьсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. /хх-56, 30/

Яллагдагч М.Сгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 254/Б дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Ж.Б, Т.Э нарын батлан даалтад гаргасан байна. /хх-57-61, 64-65/

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаартай тогтоолоор М.С нь хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч тогтоогдохгүй бөгөөд М.Сгийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр 201201031610 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх-113/  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 45.1.1-д зааснаар М.Сд холбогдуулсан хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тул учирсан хохирлыг төлүүлэх эрх нэхэмжлэгчид үүснэ. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 45.2.1-д заасанчлан хууль бусаар яллагдагчаар татагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилах үүрэгтэй. Иймээс М.С учирсан хохирлоо арилгуулахаар төр буюу Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.

Нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохирлын тухайд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх иргэний эрхийг баталгаатай болгох үүднээс хуульд эд хөрөнгийн ямар хохирлыг төлүүлэхийг тодорхой зааж өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 45.3 дугаар зүйлийн 45.3.1.1-45.3.1.6-д заасан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх ба нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирлоос аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого болон хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс хамаарч байна.

М.С нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж цалин хөлс авдаг талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Драгон төв дээр ороомог хийж заран тогтмол орлого олдог талаар Г.Б, Ц.Ч, Ч.Г, Г.О нарын тодорхойлолт гэх баримтууд /хх-136, 138-140/ нь нотариатаар гэрчлэгдээгүй мөн энэ талаар бусад бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул М.Сг орлого олж байсан үйл баримт тогтоогдохгүй гэж үзнэ. Иймээс тухайн үед тогтоосон хөдөлмөрийн хөлсний сараар тогтоосон доод хэмжээг ажлын 21.5 хоногт хувааж цагдан хоригдсон 28 хоногоор тооцон гаргуулах нь зүйтэй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сард 140,400 төгрөг байхаар тогтоосон ба үүнийг 28 хоногт тооцон 182,846 төгрөг /(140,400:21.5)х28=182,846/-ийг гаргуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэгт М.Сгийн өмгөөлөгчөөр Н.Б оролцон, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгчийн хүү Ц.Г байгуулан, хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдох ба хариуцагч өмгөөлөгчөөр Н.Б оролцож байсан үйл баримтын талаар маргахгүй байна. /хх-133-135/

Харин эдийн бус хохирлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 45.4.1-д эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэхээр заасан байна. Гэвч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан байгаа нь нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 4,000,000 төгрөг гаргуулах нөхцөл хамаарахгүй. Өөрөөр хэлбэл энэ нь хуульд тусгайлан заасан нөхцөл гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д заасныг баримтлан, цалин хөлс, амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлогод 182,846 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 10,000,000 төгрөг, нийт 10,182,846 төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,749,154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг дурдаж байна.

Хавтаст хэргийн 5-13, 137, 139-141-т авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан  Монгол Улсын Засгийн газраас 10,182,846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,749,154 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ

 

ШҮҮГЧ                                   Л.ОЮУНЦЭЦЭГ