Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02905

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2021/02905

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Х дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхим хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: * дүүрэг * дугаар хороо, * 1, * товер *1, * давхарт байрлах НӨАУ газрын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х дүүрэг, * дугаар хороо, * тоот хаягт оршин суух Б Г /РД:*/-д холбогдох

 

НӨийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт 25 806 600 төгрөг гаргуулж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай,

 

Засварын зардалд гарсан 120 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.М

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Н

хариуцагчийн төлөөлөгч О

хариуцагчийн өмгөөлөгч Д.А

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч НӨАУ газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 92 дугаар тогтоол, 2017.07.05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын *дугаар захирамжаар Б дүүргийн 8 дугаар хорооны А өрхийн эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 42 203 840 төгрөгийн үнэ бүхий барилга байгууламжийг НӨийн харилцааны газарт балансаас балансад шилжүүлсэн. Б.Г нь НӨ болох Б дүүрэг, 8 хороо, А ӨЭМТөвийн хуучин байрыг 2020.07.01-ний өдрөөс 2025.07.01-ний өдөр хүртэл 1м.кв талбайг 10 000 төгрөгөөр тооцон 108 мкв талбай бүхий байрыг 5 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд түрээсийн төлбөрийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Нийслэлийн төрийн сангийн * тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Б.Г нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул тус газраас 2021.01.08-ны өдрийн 4/26 дугаар, 2021.02.03-ны өдрийн * дугаар мэдэгдлийг хүргүүлсэн боловч шуудангаас буцаасан, хүлээж аваагүй, манай байгууллагын зүгээс мэргэжилтнүүд түүний оршин суух хаягаар очсон боловч хаалгаа тайлж өгөхгүй буцаасан байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29/32 дугаар тогтоолоор НӨөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай жагсаалд орж батлагдсан тул уг барилгын хувьчлах ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Иймд Б.Гоос 2020.07.01-ний өдрөөс 2021.03.31-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 9 720 000 төгрөг, алданги 1 479 600 төгрөг, нийт 11 199 600 төгрөгийг гаргуулж, Б.Гыг НӨийн байрнаас албадан чөлөөлүүлж шаардлага гаргасныг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Б.Г нь 2020.7.01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2021.9 сарыг дуусталх хугацаанд түрээсийн төлбөр огт төлөөгүй. Нэхэмжлэгч байгууллагын 2021.4.19-ны өдрийн 4/529 дугаартай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнд 2021.4 сараас 2021.9 сар дуустал түрээсийн төлбөр 7 484 400 төгрөгийг нэмэгдүүлж нийт түрээсийн төлбөрт 17 204 400 төгрөг, алдангид 8 602 200 төгрөг, нийт 25 806 600 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлснийг дэмжиж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан НӨ эд хөрөнгийг түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар түрээслэгч нь НӨийн барилга байгууламжид завсар шинэчлэл сайжруулалт хийхээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан зардлаар түрээсийн төлбөрийг чөлөөлүүлэх эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хэлж байгаа түрээсийн төлбөрийг төлөхгүй 2 сар ба түүнээс дээш хугацаа өнгөрч байна гэх асуудал яригдаж байгаа энэ асуудал нь тухайн үеийн удирдлагын хүрээнд зохицуулж түрээсийн төлбөрийг төлөхгүйгээр засан сайжруулалт хийсэн баримтыг гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс 119 000 000 орчим төгрөгийг засвар үйлчилгээ хийж барилга байгууламжид оруулсан. Энэ талаарх нотлох баримт хавсаргаж өгсөн. Түрээслэгч ямар үүрэгтэй вэ гэхээр зориулалтын дагуу ашиглах боломжтой эд хөрөнгийг түрээслүүлэгчид шилжүүлж өгөх үүрэгтэй. Иргэний хуульд заасны дагуу энэ үүрэг тухайн үед биелэгдэх ямар ч боломжгүй байсан учраас түрээслэгч буюу иргэн Б.Г нь ялт ч гүй тухайн барилга байгууламжид засвар үйлчилгээ хийсэн. Нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн мэдээлэлд үндэслэж яриад байх боловч үйл баримтын хувьд асуудал тухайн үед өөр байсан Иргэний хуульд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой буюу өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой барилга байгууламжийг түрээслэгчид шилжүүлж өгсөн зүйл байхгүй. 2020 оны 7 дугаар сарын гэрээнд гэрээг цуцлах зохицуулалт тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт гэрээг цуцлах үндэслэл үүсвэл түрээслэгч түрээслүүлэгчид зөрчлийг арилгах талаар гэрээг цуцлах талаар 30 хоногийн хугацаатай мэдэгдэл өгөх хэдийгээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мэдэгдэл удаа дараа хүргүүлж байсан нь хавтаст хэрэгт хавсаргасан байгаа боловч хариуцагч хүлээн авсан эсэх баримт байхгүй гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжгүй. Гэрээний хугацаа нь гэрээний 5 дугаар зүйлд заасан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр байна гэж заасан 5 жилийн хугацаанд хүчинтэй. Өөрөөр хэлбэл түрээслэгч 5 жилийн хөрөнгийг түрээсэлж ашиг олох зорилгоор түрээсэлж байгаа түүнээс биш буяны ажил хийж байгаа биш төрд үнэ төлбөргүй ажил хийж өгөх байдлаар биш. Энэхүү гэрээ нь ашиг олох зорилгоор хийсэн хэлцэл хариуцагчийн хувьд энэ хаягт аль ч байгууллагын балансад байхгүй тэр ч байтугай нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийг бүртгүүлээгүй хаягдсан байсан хөрөнгийг түрээслэх санал санаачилгыг гаргасан. Гаргахдаа засвар үйлчилгээ хийгээд зориулалтын дагуу ашиглана гэх санаачилгыг гаргасан үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч тухайн гэрээ байгуулах үеийн удирдлага зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Зардал гаргаж засан сайжруулсны дараа гэнэт удирдлага солигдсон гэх шалтгаанаар гэрээг цуцалсан мэт, хууль бусаар өмчлөлдөө байлгаж буй мэт нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэж байна гэв

 

Хариуцагч Б.Гын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч байгууллагатай 2020.07.01-ний өдөр НӨийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд тухайн түрээсийн байрыг засаж сайжруулан эмнэлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилготой байсан. Миний түрээсэлсэн А ӨЭМТ-ийн хуучин барилга нь тухайн үед аливаа этгээд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй буюу ямар ч цонх байхгүй, халуун хүйтэн ус болон дулааны шугам сүлжээ нь тасалдсан, хагарсан, үүд нь цоож байхгүй, тухайн байр нь харуул хамгаалалтгүй эзэнгүй байсны улмаас орон гэргүй хүмүүс хоног төөрүүлдэг шууд ашиглах ямар ч боломжгүй зүйлийг надад анх хүлээлгэж өгсөн. Ингээд миний бие тус барилгыг засах шаардлагатай тул нэхэмжлэгч байгууллагатай зөвшилцөн засаж сайжруулаад, засварт зарцуулсан зардлаа түрээсийн төлбөрт суутгуулан авахаар тохиролцсон. Гэтэл зассаны дараа гэнэт өмнө хэлэлцэж тохиролцсон тохиролцоо болон гэрээгээ зөрчин миний нэр дээр нэхэмжлэл гаргаж байр чөлөөлүүлэх, мөнгө түрээсийн төлбөр нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна. Талуудын байгуулсан гэрээний 1.6-д түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн нөхцөлд байна гэж заасан боловч тус хөрөнгө нь ашиглаж болох ямар ч хэвийн нөхцөлд байгаагүй тул бид зардал гаргасан. Иргэний хуулийн 332.3-т түрээслэгч нь түрээслэн авсан эд хөрөнгийг анх хүлээн авах үеийнхээс илүү чанаржуулан үлдээхээр бол түрээслүүлэгчээс нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан. Нэгэнт түрээслүүлэгчийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаа тул миний бие түрээсийн байрыг засаж сайжруулсан, зориулалтын дагуу ашиглах боломжтой болгох зорилгоор зассан, мөн зассан зүйлийг түрээсийн байрнаас салгах боломжгүй тул засварын зардалд зарцуулсан нийт 120 000 000 төгрөг буюу гарсан зардлыг НӨАУ газраас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан. Гэрээний нөхцөл үнийн зүйлд маргаангүй гэж ойлголоо. Манай талаас гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. 2-т гэрээний дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн 65 дугаар тогтоолоор тухайн НӨийн эд хөрөнгийг НӨийн ашиглалт удирдлагын газар хариуцна гэх дүрэм журмын дагуу түрээсийн гэрээ байгуулагддаг. Энэ утгаараа хариуцагчийн гэрээний зүйл заалтын дагуу засвар үйлчилгээг хариуцна гэх нөхцөлтэй. Иймээс шүүхэд гаргаж буй хариу тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн тайлбар дээр дурдсан 65 дугаар тогтоолыг үндэслэж тухайн иргэнтэй түрээсийн гэрээ байгуулсан. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт түрээслэгч нь НӨийн хөрөнгийг түрээсэлж байх хугацаандаа түүнийг бүрэн бүтэн байлгах, урсгал засварын ажлыг хариуцна, мөн 2.10 дахь хэсэгт барилга байгууламжийг мэргэжлийн газраас гаргасан зөвлөмж үнэлгээ тогтоосны үндсэн дээр завсар хийх зөвшөөрлийг НӨийн ашиглалт удирдлагын газарт урьдчилан мэдэгдэнэ гэж тус тус заасан. Мөн журмын 2.9, 2.10, 2.11 дэх нөхцөл үүссэн тохиолдолд НӨийн эд хөрөнгөд хийсэн засварын зардлыг гэрээ цуцалсны дараа түрээслэгч буцаан авахгүй гэх нөхцөл байдаг. Эдгээр бүх нөхцлийг иргэн Б.Г хүлээн зөвшөөрч харилцан тохиоролцож гарын үсэг зурж баталгаажуулж түрээсэлж эхэлсэн. Иймд тухайн барилга ажлын засварын асуудлыг түрээслэгч өөрөө хариуцах үүрэгтэй. Иймээс НӨийн газар засварын төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Үнийн дүн нэг 80 000 000 төгрөг эсхүл 120 000 000 төгрөг гэж өсгөж яриад байна. Б.Г нь байрны засвар үйлчилгээ хийхдээ НӨийн ашиглалт үйлчилгээний газарт дээрх журмын дагуу урьдчилан мэдэгдээгүй түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2, 3.5 дахь хэсэгт зааснаар барилгын гадна дотно зардлыг өөрөө хариуцна гэх заалттай эдгээр заалтуудыг Б.Г өөрөө мэдэж байгаа, өмнөх удирдлагатай харилцан тохирсон гэрээ байгуулсан тухай албан ёсны гэрээ хэлцэл байхгүй өнөөдрийн байдлаар төрийн байгууллагын хуулийн дагуу үйлдсэн зүйл алга. Мөн шүүхэд нотлох баримт ирүүлсэн барилга засварын ажил гүйцэтгэх гэрээ гэх баримт 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр буюу НӨийн ашиглалт удирдлагын газартай гэрээ байгуулахаас өмнө хугацаанд байгуулсан харагдаж байна. Захиалагч гүйцэтгэгч нар нь нэг хаягтай бүртгэгдсэн байгаа нь баримтын бодит байдалд эргэлзээ төрүүлж байна. 2019 оны 9 дүгээр сарын 6-ны сантехникийн ажил гүйцэтгэх гэрээ зөрүүтэй харагдаж байна. Эдгээр гэрээний тухай манай байгууллагад урьдчилан мэдэгдэж байгаагүй тул нэхэмжилж байгаа 120 000 000 төгрөг баримтаар нотлогдохгүй байна иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлав.

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч НӨАУ газарт нь Б.Год холбогдуулан НӨийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт түрээсийн төлбөрт 17 204 400 төгрөг, алданги 8 602 200 төгрөг, нийт 25 806 600 төгрөг гаргуулж, эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шаардсныг, хариуцагч Б.Г түрээсийн байрны засварт зарцуулсан 120 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Г нь 2020.7.01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулсан хугацаанаас хойш 2021.9 сарыг дуусталх хугацаанд түрээсийн төлбөр огт төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлж, гэрээг цуцалсан. Иймд гэрээний дагуу төлбөрийг, алдангийн хамт гаргуулж, НӨийн байрнаас албадан чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Б.Г нь хэний зөвшөөрлөөр уг байранд засвар, хийж зардал гаргасан нь тодорхойгүй, үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Засварын зардлыг гэрээний төлбөрт харилцан тооцохоор гэрээ байгуулаагүй тул зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргажээ.

Хариуцагч тал ...Тухайн байр нь Өрхийн эмнэлгийн зориулалтаар ашиглагдаж байсан байр бөгөөд бид тухайн үед бид НӨАУ газрын даргатай зөвшилцөн амаар тохиролцож, улмаар зориулалтын дагуу ашиглах боломжтой болгож, өөрсдийн зардлаар засвар хийж, түрээслэж үйл ажиллагаа явуулахаар болсон, бичгээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацаа 5 жилийн хугацаатай байгуулагдсан. Ингээд доголдолтой ашиглах боломжгүй байр байсан учраас би өөрөө засварын мөнгө гэж их мөнгө зарцуулсан. ...Засаж сайжруулаад засварт зарцуулсан зардлаа түрээсийн төлбөрт суутгуулан явахаар тохиролцсон тул хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2020 оны 7 сарын 01-ний өдөр НӨийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ӨЭМТ-ийн хуучин барилгын 108 м.кв талбай бүхий байрыг эмнэлгийн зориулалтаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон ба энэ талаар маргаагүй байна.

Дээрх гэрээ 2020 оны 7 сарын 01-ний өдрөөс 2025 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн жилийн хугацаатайгаар талуудын хооронд бичгийн хэлбэрээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээсийн төлбөрт сарын түрээсэлсэн эд хөрөнгийн 1 м.кв-ийг 10 000 төгрөг төлөхөөр тохиролцжээ. /хх-ийн 11-15/

Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

Харин нэхэмжлэгч нь ...журмын 2.10 дахь хэсэгт барилга байгууламжийг мэргэжлийн газраас гаргасан зөвлөмж үнэлгээ тогтоосны үндсэн дээр засвар хийх зөвшөөрлийг НӨийн ашиглалт удирдлагын газарт урьдчилан мэдэгдэнэ гэж заасан бөгөөд хариуцагч Б.Г нь тухайн хөрөнгийг акт үйлдэж хүлээж авсан нь болон хэний зөвшөөрлөөр, ямар тооцоо судалгаанд үндэслэж, засвар үйлчилгээ хийсэн нь тодорхойгүй үндэслэлгүйгээр мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна... гэж тайлбар гаргасан хэдий ч талуудын хооронд гэрээ байгуулагдаж, хариуцагч тал түрээсийн байрыг зориулалтын дагуу ашиглахаар засвар үйлчилгээ хийж, зардал гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан фото зургууд болон бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан гэрээний 1.6-д Түрээсэлсэн эд хөрөнгө нь цаашид ашиглаж болох хэвийн байдалд байна., 3.3-т Түрээслэгч нь НӨийн барилга байгууламжийг засвар шинэчлэл, сайжруулалтгүйгээр ашиглах боломжгүй бол өөрийн хөрөнгөөр засварлаж гаргасан хөрөнгө оруулалтыг түрээсийн зардлаас түр хугацаагаар чөлөөлүүлэх эрхтэй., 4.8-т Түрээсийн гэрээний биелэлтийг 2 тал жилийн эцэст 1 удаа дүгнэж, цаашид сунгах эсэхийг протокол үйлдэж баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд талууд тухай бүр төлбөрийн тооцоо нийлсэн актыг хийнэ. гэж тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчаас түрээсийн төлбөр шаардах эрхтэй хэдий ч гэрээний дээрх заалтуудыг хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй байна.

Тодруулбал, талуудын байгуулсан гэрээ нь 5 жилийн хугацаанд хэрэгжихээр байгуулагдсан байх ба түрээсийн зүйл болох Б дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах А ӨЭМТ-ийн хуучин барилгыг засан сайжруулсны дараа түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах нөхцөл бий болохоор байхад гэрээний үүрэг биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлахаар шаардсан нь хуульд нийцэхгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж заасан хэдий ч нэхэмжлэгч НӨАУ газар нь хариуцагч Б.Год түрээсийн зүйлийг ашиглах боломжийг олгосон гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагч Б.Гыг гэрээний үүргийг зөрчсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч НӨАУ газрын хариуцагч Б.Гоос НӨийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний үүрэгт 25 806 600 төгрөг гаргуулж, байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Б.Гын засварын зардалд 120 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Б.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг /нэхэмжлэхийн дугаар 2210906051605/ улсын орлогоос гаргуулж хариуцагч Б.Год олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ