Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02833

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/02833

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч- С дүүрэг, * дугаар хороо,* төвийн * тоот хаягт байрлах ШЗ ХЗХ /*/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч- * дүүрэг, * дүгээр хороо, *, * гудамж, 1*дугаар байр, * тоот хаягт оршин суух Б овогт Р О //,

Хариуцагч- * дүүрэг, * дүгээр хороо, *, * гудамж, * дугаар байр, *тоот хаягт оршин суух Б хиад овогт Н Э /*/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 280 109 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2019.07.17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х, хариуцагч Р.О, түүний өмгөөлөгч А.С, гэрч Т.Г, нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч ШЗ ХЗХ-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Р.О, Н.Э нар нь 2019.07.17-ны өдөр манай хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэн тухайн өдрөө * дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 5 000 000 төгрөгийн зээл авсан. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж байна. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 280 109 төгрөг, нийт 8 208 109 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа бөгөөд өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүү тооцоогүй гэв.

Хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжилж буй үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх Т.Г гэх хүнтэй зарын сонины дагуу мөнгө байршуулж өгнө, барьцаагүйгээр зээл олгоно гэх зарын дагуу холбогдож 201 тоот хаягт очиж уулзаж байсан. Үүний дагуу Улаанбаатар банкны дансанд 100 000 000 төгрөг байршуулах аман гэрээ хийн анх харилцаа ингэж эхэлсэн. 100 000 000 төгрөг байршуулахдаа Т.Г нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас байршуулаад би буцаагаад өгөх ёстой мөнгийг өгсөн бөгөөд хүүнд нь 9 000 000 гаруй төгрөг өгсөн. Т.Г нь чи надад мөнгө төлөх ёстой хүү чинь дутуу байна гэх шаардлага тавиад 5 000 000 төгрөг дутуу энийг төл гэх шахалт дарамтанд ороод ямар нэгэн байдлаар үүнийг төл гэж шахаад байсан учраас тухайн үед манайд ХЗХ гэх нэр төдий хоршоо байдаг, энэнд гэрээ хийгээд үүнийг төл гэж тулган шаардсан. Өөрөө бүх бичиг баримтыг гаргаж гарын үсэг зур ингэж төл гэсэн. Би өөрөө хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед дарамтанд нь ороод гарын үсэг зурсан буцаагаад 5 000 000 төгрөгийг Т.Гт өгсөн. Ийм асуудал үүссэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зөндөө мөнгө төлж илүү хохиролд орсон гэв.

Хариуцагч нарын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тухайн үед хууль тогтоомж сайн мэддэггүйн улмаас хариуцагчид төлөх ёсгүй мөнгийг төлж түүнчлэн дарамт, шахалт орж байгуулах ёсгүй гэрээг байгуулсан болохоо хожим мэдсэн. Иргэний хуулийн 282.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэснийг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Гэтэл Т.Г нь надаас нэхэж 5 000 000 төгрөгийн хүү төлөхийг шаардаж шахалт дарамт үзүүлж 2019.7.17-ны өдөр ШХ ХЗХ-ны гишүүнээр элсэх өргөдөл бичүүлж Н.Э биднээс тус бүр 50 000 төгрөгийн хураамж тушаалгасан. Бидэнд тус хадгаламж зээлийн хоршоонд элсэх ямар ч хүсэл, шаардлага байгаагүй. Улмаар зээлийн гэрээг хуурамчаар байгуулж 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн мэт баримтыг бүрдүүлсэн. Үүнийг бүрдүүлэхдээ Р.О миний Голомт банкны 1705152106 дансанд ШХ ХЗХ-ны данснаас 3 болон 2 сая төгрөгийг хувааж 2019.7.18-ны өдөр шилжүүлээд шууд бэлнээр гаргуулж Т.Г өөрөө буцааж авсан. Бодитойгоор зээл олгоогүй. Энэ мөнгөө буцаан авангуутаа * тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт гэх зүйл дээр зээл авсан 5 000 000 төгрөгийг хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авлаа гэж бичээд гарын үсэг зуруулсан нь үүнийг нотолно. Надад ямар нэг хувь, хуулбар өгөөгүй. Хүлээлгэн өгсөн гэх гарын үсэг хэнийх ч болохыг мэдэхгүй байна. Бид зээл авахаар албан ёсоор хүсэлт гаргаагүй. Т.Гийн шахалтаар түүний бэлтгэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан нь үнэн. Иймд дээрх хуурамч гэрээгээ үндэслэн надаас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 825 000 төгрөг, нийт 8 825 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд ШХ ХЗХ-тай байгуулсан 2019.7.17-ны өдрийн * дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: ШХ ХЗХ нь хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу 2017 оноос санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу хадгаламж, зээлийн үйл ажиллагаа явуулж байна. Р.О, Н.Э нар нь 2019.7.17-ны өдөр ШХ ХЗХ-д гишүүнээр элсэн орж 5 000 000 төгрөг зээлэхээр болж зээлийн гэрээ байгуулсан. Р.Оийн зүгээс ШХ ХЗХ нь Н.Э, Р.О нарыг хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээл авах хүсэлт сонирхолгүй байхад зээл олгосон гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тэд эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд бөгөөд хоршооны гишүүнээр элсэхийг хүссэн учир гишүүнээр элсэж 5 000 000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээ, гишүүнээр элсэх өргөдөл, мөнгө хүлээлцсэн баримтад тэд өөрсдөө гарын үсгээ зурсан бөгөөд тухайн үенд үнэхээр мөнгө хүлээж аваагүй байсан бол гарын үсэг зурахгүй байсан. Учир нь ямар баримт гэдэг нь тодорхой бичигдсэн байсан бөгөөд биднийг хүчээр, дарамж шахалт үзүүлж баримтад гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. Мөн хоршооны зүгээс хувийн данстай харьцаж байгаа юм шиг Р.Оийн дансанд мөнгө хийгээд дараа нь шууд бэлнээр нь буцааж авах боломжгүй. Машин шилжүүлсэн гэх Итгэл гэх хүнийг танихгүй бөгөөд ШХ ХЗХ болон Р.О, Н.Э нар нь барьцаагүй 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд * улсын дугаартай автомашиныг хэн нэгний нэр дээр шилжүүлсэн нь хадгаламж зээлийн хоршоонд хамааралгүй юм. Мөн Р.О, Н.Э нарын зээлсэн гэх 100 000 000 төгрөг ШХ ХЗХ-д хамааралгүй бөгөөд байгууллагын зүгээс Р.О, Н.Э нартай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжилсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлага 8 280 109 төгрөгийг Р.О, Н.Э нараас гаргуулж өгнө үү гэв.

Шүүх гэрч Т.Гийн мэдүүлэг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нэг бүрчлэн шинжлэн судлав.              

            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ШЗ ХЗ Хоршоо хариуцагч Р.О, Н.Э нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, хугацаа хэтэрсэн хүүний 3 280 109 төгрөг, нийт 8 280 109 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар нь эс зөвшөөрч, 2019.07.17-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч Н.Э, Р.О нар нь 2019 оны 7 сарын 17-ны өдөр ШЗ ХЗХ-д гишүүнээр элсэх хүсэлтийг, хоршооны гишүүний анкет гэх баримтын хамт гаргаж, мөн өдрөө тус бүр 50 000 төгрөгийн гишүүний хураамжийг төлж, тус хоршооны гишүүн болсон байна./хх-ийн 7-12/

Мөн өдөр буюу 2019 оны 07 сарын 17-ны өдөр талуудын хооронд * дугаартай зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр ШЗ ХЗХ нь 5 000 000 төгрөгийг, сарын 5%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар тохирчээ./хх-ийн 14-16/

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Р.Оийн Голомт банкны дансанд 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 3 000 000 төгрөгөөр, мөн 2 000 000 төгрөгөөр, нийт 5 000 000 төгрөгийг ШЗ ХЗХ нь түүний зээлийн дансаар бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн байх бөгөөд талууд мөнгө хүлээлцсэн тухай баримтад үйлдэж гарын үсэг зуруулжээ. /хх-ийн 15,16/

Хариуцагч нь өөрийн Голомт банкны 1705152106 дансаар ШЗ ХЗХ-ны данснаас 2019.7.18-ны өдөр дээрх 5 000 000 төгрөг шилжиж орж ирсэн талаар маргаагүй хэдий ч уг мөнгийг ...бэлнээр гаргуулж Т.Г өөрөө буцааж авсан. Бодитойгоор зээл олгоогүй. Энэ мөнгөө буцаан авангуутаа * тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт гэх зүйл дээр зээл авсан 5 000 000 төгрөгийг хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авлаа гэж бичээд гарын үсэг зуруулсан нь үүнийг нотолно. гэж тайлбар гаргаж маргасан нь дараах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Р.О нь Т.Г гэх хүнтэй зарын дагуу холбогдсон бөгөөд мөнгө байршуулж өгнө, барьцаагүйгээр зээл олгоно гэсэн зарын дагуу 201 тоот хаягт очиж уулзаж байсан. Үүний дагуу Улаанбаатар банкны дансанд 100 000 000 төгрөг байршуулах аман гэрээ хийн анх харилцаа ингэж эхэлсэн. 100 000 000 төгрөг байршуулахдаа Т.Г нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас мөнгийг зээлж өгөөд, дансанд байршуулаад би буцаагаад өгөх ёстой мөнгийг өгсөн Т.Г нь үндэслэлгүйгээр их мөнгө нэхэж, улмаар өмнөх зээлийнхээ хүүг төлүүлэх зорилгоор тус хоршооноос зээл авахуулж, мөнгийг авсан гэж тайлбарлажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Г тухайн үед Р.О нь зарын дагуу ирсэн гээд өдөр, шөнөгүй оффис дээр ирж сахиж суусаар байгаад мөнгө зээлж байсан бөгөөд би танил найз, нөхдөөсөө мөнгө зээлж өгөөд, мөнгийг төлж уг асуудал дууссан. Энэ мөнгө нь ШЗ ХЗХ-той ямар ч хамаагүй бөгөөд бичгээр хийсэн гэрээ гэж байгаагүй. гэж мэдүүлсэн зэргээс хариуцагч Р.О нь С.Гантөгс нарын хооронд үүссэн асуудал нь дээрх нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэхээргүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан байх ба зээлдүүлэгч ШЗ ХЗХ нь зээлийн гэрээний үүргийн дагуу зээлийн 5 000 000 төгрөгийг зээлдэгч Р.Оийн дансанд шилжүүлсэн байна.

 

Үүний дараа 2019.07.18-ны өдөр Р.О дээрх 5 000 000 төгрөгийг өөрийн данснаас бэлэн мөнгөөр зарлага гаргаж авсан болох нь хавтаст хэргийн 95-р талд авагдсан түүний Голомт банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Нөгөөтэйгүүр, хариуцагч Р.О нь зээлийн хүүнд 2019 оны 8 сарын 19-ны өдөр М.Нямдулам гэх хүний Хаан банкны 5019538588 тоот дансанд 580 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбар гаргасан хэдий ч дээрх төлбөрийг гэрээний үүрэгт төлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар зохигч талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 сарын 17-ны өдөр дууссан байх ба хариуцагч Р.О, Н.Э нар нь гэрээнд заасан зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул гэрээ болон хуульд зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг, гэрээнд заасан хүүгийн хамт шаардсан нь хуульд нийцжээ.

 

Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, ...төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...гэрээг байгуулахдаа ШЗ ХЗХ-г төлөөлөх эрхтэй этгээд биш хэрнээ гүйцэтгэх захирал гэж Т.Г нь гарын үсэг зурсан, мөн гэрээний хавсралтад зээлийн ажилтан Т.Г гэж гарын үсэг зурсан, мөн хоршооны дүрмийн 3.1.2-т заасан С дүүргийн харьяалалын бус хүмүүст зээл олгосон гэж тайлбарлаж, талуудын байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, мөн хуулийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бус хэлцэл гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь дараах үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан 140-145 дугаар талд авагдсан бичгийн баримтуудаар С.Гантөгс нь ШЗ ХЗХ-нд гэрээний мэргэжилтнээр 2018.01.01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан болох нь тогтоогдож байх ба дээрх гэрээг хоршооны өмнөөс зээлдэгчтэй байгуулсныг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийн дагуу хийгдсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагчийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд хариуцагч Р.О, Н.Э нараас үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 3 280 109 төгрөг, нийт 8 280 109 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ШЗ ХЗХ-д олгож, хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.О, Н.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 8 280 109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ШЗ ХЗХ-д олгож, хариуцагч Р.Оийн 2019.07.17-ны өдрийн * дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.О, Н.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 147 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шунхлайн ХЗХ-д олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ