Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01657

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01657

 

 

ШХ ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01452 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ШХ ХЗХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.О-, Н.Э- нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 8,280,109 төгрөг гаргуулах үндсэн, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Хариуцагч Р.О-, Н.Э- нар нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр манай хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэн тухайн өдрөө №19071701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийн зээл авсан. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,280,109 төгрөг, нийт 8,208,109 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх Т.Г-тэй зар сонины дагуу мөнгө байршуулж өгнө, барьцаагүйгээр зээл олгоно гэх зарын дагуу холбогдож уулзсан. Үүний дагуу Улаанбаатар банкны дансанд 100,000,000 төгрөг байршуулах амаар гэрээ хийсэн. 100,000,000 төгрөг байршуулахдаа Т.Г- нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас байршуулаад би буцаагаад өгөх ёстой мөнгийг хүүд нь 9,000,000 гаруй төгрөг өгсөн. Т.Г- нь нэмж хүүд 5,000,000 төгрөг төл гэж шаардсан. Би өөрөө хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед дарамтад нь ороод гарын үсэг зурсан буцаагаад 5 000 000 төгрөгийг Т.Г-т өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга:

Т.Г- нь надаас нэхэж 5,000,000 төгрөгийн хүү төлөхийг шаардаж шахалт дарамт үзүүлж 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ШХ ХЗХ-ны гишүүнээр элсэх өргөдөл бичүүлж Н.Э- биднээс тус бүр 50,000 төгрөгийн хураамж тушаалгасан. Бидэнд тус хадгаламж зээлийн хоршоонд элсэх хүсэл байгаагүй. Улмаар зээлийн гэрээг хуурамчаар байгуулж 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн мэт баримтыг бүрдүүлсэн. Үүнийг бүрдүүлэхдээ Р.О- миний Голомт банкны 1705152106 дансанд ШХ ХЗХ-ны данснаас 3,000,000 төгрөг болон 2,000,000 төгрөгийг хувааж 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлээд шууд бэлнээр гаргуулж Т.Г- өөрөө буцааж авсан. Бодитойгоор зээл олгоогүй. Энэ мөнгөө буцаан авангуутаа 19071701 тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт гэх зүйлд зээл авсан 5,000,000 төгрөгийг хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авлаа гэж бичээд гарын үсэг зуруулсан нь үүнийг нотолно. Надад ямар нэг хувь, хуулбар өгөөгүй. Хүлээлгэн өгсөн гэх гарын үсэг хэнийх ч болохыг мэдэхгүй байна. Бид зээл авахаар албан ёсоор хүсэлт гаргаагүй. Т.Г-ийн шахалтаар түүний бэлтгэсэн гэрээнд гарын үсэг зурсан тул ШХ ХЗХ-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Р.О-, Н.Э- нар нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ШХ ХЗХ-д гишүүнээр элсэн орж 5,000,000 төгрөг зээлэхээр зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Р.О- ШХ ХЗХ нь Н.Э-, Р.О- нарыг хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээл авах хүсэлт сонирхолгүй байхад зээл олгосон гэх тайлбарласан нь үндэслэлгүй. Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд бөгөөд хоршооны гишүүнээр элсэхийг хүссэн учир гишүүнээр элсэж 5,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээ, гишүүнээр элсэх өргөдөл, мөнгө хүлээлцсэн баримтад тэд өөрсдөө гарын үсгээ зурсан. Учир нь ямар баримт нь тодорхой бичигдсэн байсан бөгөөд бид хүчээр, дарамж шахалт үзүүлж баримтад гарын үсэг зуруулсан зүйлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р.О-, Н.Э- нараас 8,280,109 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ШХ ХЗХ-нд олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Р.О-, Н.Э- нарын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №19071701 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,500 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 147,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ШХ ХЗХ-нд олгосугай. шийдвэрлэсэн байна.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн ба нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв бодитой талаас нь үнэлж дүгнээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Р.О- анх зарын дагуу 100,000,000 төгрөгийг байршуулж, хүүд 9,000,000 гаруй төгрөг төлсөн, нэмж 5,000,000 төгрөг төлөх ёстой гэж хоршоонд элсүүлсэн. Мөнгө байршуулсны хүүд авах мөнгөө ШХ ХЗХ-ноос зээл авсан мэтээр бүх баримтыг үйлдэж зохиомол байдлыг бий болгож зээлийн гэрээ байгуулж зээл гэж шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Р.Оюун-Эрдэнийн дансанд шилжүүлсэнээ буцаагаад Т.Г- өөрөө бэлнээр буцааж авсан. Гэтэл бодит байдалд 8,280,109 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй. Т.Г- нь гэрчээр оролцохдоо худал мэдүүлэг өгсөн тул үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй. Мөн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан учир төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэж байгаа хэдий ч тухайн зээлийн гэрээг байгуулахын өмнө Т.Г-өөр хариуцагч Р.О- дансандаа мөнгө байршуулсан гэх нөхцөл байдалтай холбоотой халхавчилсан гэрээ эсэхийг дүгнэлгүй, зээлийг бодитойгоор хүссэн эсэхийг тодруулалгүй зээлийн гэрээг үндэслэн хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Т.Г-ийг хариуцагчаар татах эрх нь нээлттэй байсан. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо ...Т.Г- нь ШХ ХЗХ-ны данснаас биш өөрийн хамаарал бүхий ах, дүүсээс цуглуулж 100,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн гэж дурдсан бөгөөд иргэн хоорондын зээлийн маргаанд ШХ ХЗХ-той хамааралгүй болох нь нотлогдож байна. Анхан шатны шүүх хуралдаанд Т.Г-ийг гэрчээр оролцуулсан нь үндэслэлгүй гэж хариуцагч талаас маргасан. Гэтэл гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй. Хариуцагч тал 5,000,000 төгрөгийг ШХ ХЗХ-оос зээлсэн боловч бэлнээр буцааж Т.Г-өд өгсөн гэх боловч энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн Т.Г- нь хадгаламж зээлийн хоршоотой зээлийн гэрээ байгуулж ажилладаг учраас ШХ ХЗХ-оос иргэн хооронд зээлийн гэрээ байгуулж болохгүй гэсэн шаардлага тавьдаггүй учраас иргэн хоорондын харилцаанд Шунхлан Хишиг ХЗХ нь ямар нэгэн хариуцлага хүлээх үндэслэл байхгүй.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Шунхлайн Хишиг хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Р.О-, Н.Э- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,280,109 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч, уг гэрээний дагуу мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нар нь дээрх хадгаламж зээлийн хоршоонд гишүүнээр элсэх тухай өргөдөл өгч, хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэх тухай гэрээ байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авсан тухай баримтыг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээ, мөнгө хүлээн авсан тухай баримт, Хаан банкны хуулга зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх 13-16/

 

3. Хариуцагч талаас дээрх гэрээний дагуу мөнгийг хүлээн аваагүй, Т.Г-тэй сонины зарын дагуу Улаанбаатар банкан дахь миний дансанд 100,000,000 төгрөг байршуулахаар амаар гэрээ хийсэн. 100,000,000 төгрөг миний дансанд байршуулаад хүүд нь 9,000,000 гаруй төгрөг өгсөн. Т.Г- нь нэмж хүүд 5,000,000 төгрөг төл гэж шаардсан. Би өөрөө хуулийн мэдлэггүйгээс болоод тухайн үед дарамтад нь ороод дээр дурдсан хадгаламж зээлийн хоршоотой зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Надад шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг Т.Г-т буцаагаад бэлнээр нь гаргаж өгсөн гэж тайлбарласнаас өөрөөр нотлох баримтаар татгалзлаа нотлоогүй байна.

 

4. Нэхэмжлэгч нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар зөвхөн гишүүддээ үйлчилдэг байгууллага бөгөөд гишүүдийн бүртгэл, түүний өөрчлөлтийн талаар мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн, хариуцагч нарыг хоршооны гишүүн мөн гэж үзэх хангалттай, эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтаа шүүхэд ирүүлж мэтгэлцээгүй байна.

 

5. Талуудын хооронд хийгдсэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 тоот зээлийн гэрээ нь Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн дээр дурдсан үндэслэлүүдээр хоршооны гишүүнтэй хийсэн зээлийн гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ.

 

5.а. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн гэдгийг хариуцагч нар нотлоогүй байх тул хэлцлээр шилжүүлсэн уг мөнгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд, нэхэмжлэгчийн шаардсан алдангийг гаргуулах хуульд заасан үндэслэлгүй болно.

 

6. Мөн хариуцагч нараас нэхэмжлэгч талд холбогдуулан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 тоот зээлийн гэрээг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8-д заасан дүр үзүүлэн хийсэн, мөн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, өөр хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч уг шаардлагаа нотлох баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2022/01452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Р.О-, Н.Э- нараас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ШХ ХЗХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,280,109 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын хариуцагчаас 147,500 гэснийг хариуцагч нараас 94,950 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ