Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/00286

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00286

 

 

Ш х-ХЗХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02833 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш х-ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Р.О, Н.Э нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,280,109 төгрөг гаргуулах үндсэн, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунжаргал, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Бүрнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Р.О, Н.Э нар нь 2019.07.17-ны өдөр манай хадгаламж зээлийн хоршооны гишүүнээр элсэн тухайн өдрөө №19071701 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, 5,000,000 төгрөгийн зээл авсан. Хоршооны зүгээс зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлж, хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж байна. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,280,109 төгрөг, нийт 8,208,109 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга: Анх Т.Гантөгс гэх хүнтэй мөнгө байршуулж өгнө, барьцаагүйгээр зээл олгоно гэх зарын дагуу холбогдож 201 тоот хаягт очиж уулзаж, Улаанбаатар банкны дансанд 100,000,000 төгрөг байршуулахаар тохиролцсон бөгөөд мөнгийг Т.Гантөгс нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данснаас байршуулаад би буцаагаад өгөх ёстой мөнгийг өгсөн. Хүүнд нь 9,000,000 гаруй төгрөг өгсөн. Т.Гантөгс нь чи надад мөнгө төлөх ёстой, хүү дутуу байна гэх шаардлага тавиад тухайн үед манайд ХЗХ гэх нэр төдий хоршоо байдаг, гэрээ байгуул гэж тулган шаардсан. Би өөрөө хуулийн мэдлэггүйгээс тухайн үед дарамтанд нь ороод гарын үсэг зурсан бөгөөд буцаагаад 5,000,000 төгрөгийг Т.Гантөгсөд өгсөн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэснийг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. Гэтэл Т.Гантөгс нь надаас 5,000,000 төгрөгийн хүү төлөхийг шаардаж шахалт дарамт үзүүлж, Ш х-ХЗХ-ны гишүүнээр элсэх өргөдөл бичүүлж, Н.Э биднээс тус бүр 50,000 төгрөгийн хураамж тушаалгасан. Бидэнд тус хадгаламж зээлийн хоршоонд элсэх ямар ч хүсэл, шаардлага байгаагүй. Улмаар зээлийн гэрээг хуурамчаар байгуулж 5,000,000 төгрөгийг зээлдүүлсэн мэт баримт бүрдүүлсэн. Үүнийг бүрдүүлэхдээ Р.О миний Голомт банкны 1705152106 дансанд Ш х-ХЗХ-ны данснаас 3 болон 2 сая төгрөгийг хувааж 2019.7.18-ны өдөр шилжүүлээд шууд бэлнээр гаргуулж Т.Гантөгс өөрөө буцааж авсан. Бодитойгоор зээл олгоогүй. 19071701 тоот гэрээний мөнгө хүлээлцсэн тухай баримт гэх зүйл дээр зээл авсан 5,000,000 төгрөгийг Хаан банкны 5046304216 тоот дансаар хүлээн авлаа гэж бичээд гарын үсэг зуруулсан нь үүнийг нотолно. Надад гэрээний нэг хувь, хуулбарыг өгөөгүй. Хүлээлгэн өгсөн гэх гарын үсэг хэнийх болохыг мэдэхгүй байна. Бид зээл авахаар албан ёсоор хүсэлт гаргаагүй. Т.Гантөгсийн шахалтаар түүний бэлтгэсэн гэрээн дээр гарын үсэг зурсан нь үнэн. Иймд Ш х-ХЗХ-тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 19071701 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хүчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан, зээл авах хүсэл сонирхолгүй байхад зээл олгосон гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Тэд эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд бөгөөд хоршооны гишүүнээр элсэхийг хүссэн учир гишүүнээр элсүүлж 5,000,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн гэрээ, гишүүнээр элсэх өргөдөл, мөнгө хүлээлцсэн баримтад тэд өөрсдөө гарын үсгээ зурсан бөгөөд тухайн үед үнэхээр мөнгө хүлээж аваагүй байсан бол гарын үсэг зурахгүй байсан. Ямар баримт гэдэг нь тодорхой бичигдсэн байсан бөгөөд дарамж шахалт үзүүлж баримтад гарын үсэг зуруулсан зүйл огт байхгүй. Мөн хоршооны зүгээс Р.О-ийн дансанд мөнгө хийгээд дараа нь шууд бэлнээр буцааж авах боломжгүй. Машин шилжүүлсэн Итгэл гэх хүнийг танихгүй. Талууд барьцаагүй зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 8830 УБЗ улсын дугаартай автомашиныг хэн нэгний нэр дээр шилжүүлсэн нь хадгаламж зээлийн хоршоонд хамааралгүй. Мөн хариуцагч нарын зээлсэн гэх 100,000,000 төгрөг Ш х-ХЗХ-д хамааралгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.О, Н.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 8 280 109 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш х-ХЗХ-д олгож, хариуцагч Р.О-ийн 2019.07.17-ны өдрийн №19071701 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 147 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.О, Н.Э нараас улсын тэмдэгтийн хураамжинд 147 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХЗХ-д олгож, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Мөнгө байршуулсны хүүнд авах мөнгөө Ш х-ХЗХ-ноос зээл авсан мэтээр бүх баримтыг үйлдэж, зохиомол байдал бий болгон зээлийн гэрээ байгуулж, зээл гэж шилжүүлсэн 5,000,000 төгрөгөө Т.Гантөгс өөрөө бэлнээр буцааж авсан. Т.Гантөгс шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо худал мэдүүлэг өгсөн байдаг. Гэтэл талуудын хооронд зээл олгох гэрээ байгуулагдсан учир зээлээ төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэж, хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хадгаламж зээлийн хоршооны дүрмийн 8.7.1.2-д заасан бүрэн эрхийн дагуу хоршооны дарга н.Гантуул нь гэрээний мэргэжилтэн Т.Гантөгстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, гишүүдтэй зээлийн гэрээ байгуулах эрх олгосон. Хэрэгт авагдсан дансны хуулгыг харвал хувийн бизнес эрхэлдэг болохоор өдөр болгон их хэмжээний орлого, зарлага гардаг харагдсан. Иймд зөвхөн зарлага гарсныг хараад Т.Гантөгс буцаагаад мөнгийг авсан гэж хэлэх нь учир дутагдалтай. Гэрчийн мэдүүлгийн тухайд анхан шатны шүүх хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийн дагуу хариуцагчийн хүсэлтээр Т.Гантөгсийг гэрчээр оролцуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хяналаа.

 

2. Зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч Ш х-ХЗХ нь хариуцагч Р.О, Н.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүү 3,280,109 төгрөг, нийт 8,280,109 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлажээ. /хх 1-2/

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлаа бусдын бизнесийн үйл ажиллагааны орлого, зарлагатай холбоотой баримт бүрдүүлэх зорилгоор Г.Гантөгс гэдэг хүнтэй харилцаж, хадгаламж зээлийн хоршоогоор халхавчилж зээлдүүлсэн мэт гэрээ байгуулан 5,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгөө бэлнээр буцааж авсан гэж тайлбарлан, нэхэмжлэгч Ш х-ХЗХ-той 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ. /хх 35-38/

5. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед авагдсан гэрчийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох боломжгүй байна.

Учир нь зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээнээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр асуугдсан гэрч Т.Гантөгс нь гүйцэтгэх захирлын хувьд хадгаламж зээлийн хоршоог төлөөлөн уг гэрээг байгуулж, гарын үсэг зурсан /хх 13-14/, харин уг зээлийн гэрээний хавсралт буюу зээлийг эргэн төлөх хуваарьт зээлийн ажилтныг төлөөлж гарын үсэг зурсан /хх-14 дэх хуудасны ар тал/ байна.

Түүнчлэн, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан өдөр Т.Гантөгс, Т.Гантуул нарын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, улмаар Т.Гантөгсөд хадгаламж зээлийн хоршоог төлөөлж зээл олгох эрх олгосон үйл баримт тогтоогдсон байна. /хх142-145, 140/

Иймд нэхэмжлэгч Ш х-ХЗХ-г төлөөлж зээл олгох эрхийнхээ хүрээнд зээл олгосон Т.Гантөгсийн өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, түүнийг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, маргааны үйл баримтын талаар ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хөндлөнгийн этгээд гэж үзэх боломжгүй юм.

6. Харин хэлцлийн хүчин төгөлдөр бус эсэх нөхцөл байдалтай холбогдуулан түүнээс гарах үр дагавартай холбоотой асуудлыг хариуцаж болохуйц гуравдагч этгээд байж болохоор байхад анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтэд үндэслэн Т.Гантөгсийг гэрчээр асууж, гэрчийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь учир дутагдалтай, маргааны үйл баримтыг бүрэн тогтоосон гэж үзэхэд эргэлзээтэй болжээ.

7. 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ нь хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хуулийн зохицуулалтуудад нийцүүлэн зохих журмын дагуу байгуулагдсан эсэх, эсхүл өөр бусад зорилгоор байгуулагдсан эсэх нөхцөл байдлыг тодруулахад тухайн гэрээ байгуулагдахын өмнө хийгдсэн хэлцэл, нотлох баримтуудад дүгнэлт өгөх ёстой. Энэ талаар баримтуудыг хариуцагч талаас нотлох баримтаар шүүхэд гаргасан боловч талууд уг баримтуудтай холбогдуулан мэтгэлцээгүй байна.

Түүнчлэн, уг баримтуудад нэр заагдсан этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эсэх, эсхүл гэрчээр оролцуулах эсэх нөхцөл байдлыг тодруулсны дараа зохигчдын хооронд байгуулагдсан зээлийг гэрээг бодитойгоор зээл хүссэн эсэх, эсхүл хариуцагч Р.О, Т.Гантөгс нарын хооронд үүссэн өөр бусад эрх зүйн харилцааг халхавчилсан гэрээ эсэхийг дүгнэх, мөн тухайн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх боломжтой болох юм.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/02833 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ