Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 755

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00459 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 32 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Х.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward загварын автомашиныг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан хууль ёсны өмчлөгч. 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр уг автомашинаар ачаа ачиж, Я.Ган-Очирт өгч явуулсан бөгөөд уг өдрийн 19 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг Хүрэнгийн дэл гэх газарт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явж байсан 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгал руу орж, 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward загварын тээврийн хэрэгслийн халз урд талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осолд Дундговь аймгийн цагдаагийн газраас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 182200257 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэсэн. Хэрэг бүртгэлийн ажиллагаагаар замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр Ланд 200 маркийн 33-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Одончимэг нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн, Ж.Одончимэг нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдсон, жолооч Я.Ган-Очир нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, жолооч Я.Ган-Очир нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй өгсүүр газар явж байсан нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна, уг ослын гол шалтгаан нь Ланд-200 маркийн 33-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Одончимэгийн буруутай үйлдлээс үүдэн гарсан гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward загварын автомашинд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр 32 280 000 төгрөг гарснаас уг ослын улмаас автомашиныг жолоодож явсан Я.Ган-Очир, зорчигч Ц.Уугантуяа, О.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, хохирол гарсан. Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас зам тээврийн осол гаргасан 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Одончимэг нь нас барсан тул 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

Дундговь аймгийн прокурорын уг тогтоолоор 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Одончимэгийг хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн тасгийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч О.Алтантуяа, Я.Ган-Очир нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайг тогтоосон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээх боловч 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр Хаан банк гэсэн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар Хаан банк уг гэм хорын асуудлыг хариуцан арилгах үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн, гэм хор шууд учруулаагүй уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Хаан банк гэм хорыг хариуцах ёстой гэж үзэж байгаа тул гэм хор учирсан үйл явдалд тээврийн хэрэгслийн өмчлөгч Х банк гэм буруутай байх нь шаардлагагүй бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр шаардахгүй гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгсэлд 32 280 000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Хохирогчийн тухайн машиныг жолоодож явсан н.Ган-Очир нэхэмжлэгчийн автомашинд сууж явсан 2 зорчигч тэдгээрийн биед хүндэвтэр хохирол учирсан. Хэрэгт авагдсан баримтаар буруутай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Х ХХК  байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт шууд гэм хорын жолооч хариуцах заалт байгаа. Х ХХК  нь Ж.Одончимэгт томилсон, шилжүүлсэн гэх үндэслэл байгаа. Иймээс бусдад учруулсан гэм хорыг Х ХХК  хариуцах үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн Ж.Одончимэг нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан Хаан банкнаас тээврийн хэрэгслийн зээл авсан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн 161 000 000 төгрөгийн зээл аваад тоёота ланд круйзер 200 маркийн автомашин авсан. Фидуцийн гэрээ байгуулж авсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулсан нь зээлдэгч Одончимэг болон “Милл порт” ХХК нь Хаан банкинд зээлсэн зээлийн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл нь үндсэн зээлдэгч буюу н.Одончимэгийн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцсон. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 201742962553 дугаартай фидуцийн гэрээгээр заагдсан. Энэ фидуцийн гэрээний 2.4.5-д хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж талууд тохиролцсон байгаа. Зээлдэгч болон хамтран хариуцагч нар төлөх ёстой. Х ХХК-ийн хувьд тухайн зээлийг төлүүлэх зорилгоор банкны нэр дээр бүртгэсэн. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаад байгаа асуудал байхгүй. Гэрчилгээ банкны нэр дээр боловч фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөрийг Х ХХК  төлөх үндэслэл байхгүй. Банк өөрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг автомашиныг банкны жолооч унаж яваад бусдад гэм хор учруулсан бол Хаан банк хариуцлага хүлээх нь зайлшгүй асуудал. Гэтэл тухайн тохиолдолд тээврийн хэрэгслийг зээлээр авсан зээлдэгч унаж явсан, Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга бөгөөд энэ аргын дагуу зээлийн гэрээний дагуу тухайн зээлдэгчийн өмч байгаа. Фидуцийн гэрээтэй холбоотой Х ХХК-ийн нэр дээр олон тээврийн хэрэгсэл гардаг. Эдгээрийг фидуцийн гэрээгээр авсан банкны зээлдэгч хариуцдаг. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэгт гэж яриад байгаа нь буруу учраас нэхэмжлэгчийн тайлбар, шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-иас гэм хорын хохиролд 32 280 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Б /ДЖ76042011/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 319 350 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 319 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас 32 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй гэж үзэж байна. Х ХХК  нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201742962553 дугаартай барьцаат зээлийн гэрээг зээлдэгч Ж.Одончимэг, "Милпорт" ХХК-иуд нь байгуулж улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ФД201742962553 дугаар бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээг тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч этгээд Ж.Одончимэгтэй байгуулсан. Х ХХК-ийн хувьд Ж.Одончимэг, "Милпорт" ХХК-иудтай байгуулсан Фидуцийн гэрээний 2.2-т "Хөрөнгийн эзэмшил, ашиглалт: Хөрөнгийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгчийн эзэмшил, ашиглалтад байлгах бөгөөд энэ гэрээнд заасан хязгаарлалтын хүрээнд эзэмшиж ашиглана.", 2.4.5-т "Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна." гэж талууд гэрээгээр харилцан гохиролцож уг барьцааны зүйлийг ашиглах, эзэмших явцад бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд барьцаалуулагч буюу Ж.Одончимэг хариуцахаар гэрээгээр урьдчилан талууд тохиролцсон болно. Фидуци нь Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь өөрийн өмчлөлийн зүйлээ өр, зээлийн баталгаа болгож, өмчлөлд уг эд хөрөнгийн шилжих эрхийг хязгаарлах, барьцааны зүйлийг баталгаажуулах үүднээс үүрэг гүйцэтгүүлэгчийн нэр дээр зээлийн гэрээний хугацаанд түр шилжүүлэх нөхцөл байдал үүссэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт: "...2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ буюу тээврийн хэрэгслийн хэрэглээний лизингийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээг давхар байгуулсан..." гэж дүгнэсэн атлаа мөн үндэслэл хэсэгт "...нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв." гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүй, татгалзал нь үйл баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээнд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээний үндсэн үүргийг биелүүлэх зорилгоор фидуцийн гэрээг байгуулж тээврийн хэрэгслийн гэрчилгээг түр хугацаанд буюу зээлийн гэрээ дуусгавар болох хүртэл Х ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэл хангагдах хүртэл хугацаанд нэр дээр шилжүүлсэн асуудлыг анхан шатны шүүх огт хайхрахгүй банкны өөрийн өмч гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй. ...Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг эзэмшилдээ байлгах хугацаанд түүний үр шимийг олж авах эрхтэй бөгөөд нэгэнт үр шимийн хүртэж байгаа этгээд нь уг эд хөрөнгө эзэмших явцдаа бусдын эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулвал бүрэн хариуцах үүрэгтэй болно. Зам тээврийн осол гаргасан жолооч Ж.Одончимэгийн жолоодож явсан Ланд 200 маркийн 33-16 УНП улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол гарах үед Хаан банкны нэр дээр бүртгэлтэй байгаа боловч Хаан банкны зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн барьцаалагч буюу Х банк Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 499.4 дэх хэсэгт заасан эзэмшигчийн нэгэн адил тээврийн хэрэгслийг захиран зарцуулах, ашиглах эрхгүй, эрх бүхий эзэмшигч болон Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заадтад заасан гэм хорын хохирлыг Хаан банк хариуцах үүрэггүй бөгөөд уг үүргээс чөлөөлөгдөх эрх бүхий этгээд гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 32 280 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг Хүрэн дэл гэх газарт 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 20 цагийн орчим 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашиныг жолоодож явсан Ж.Одончимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж Я.Ган-Очирын жолоодож явсан М.Б-ийн өмчлөлийн 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас биедээ гэмтэл авч, эмчилгээ хийлгэж байгаад 2018 оны 8 дугаар сарын 04-ний өдөр нас барсан, ослын улмаас эсрэг урсгалаар зорчиж байсан 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн автомашиныг жолоодож явсан Я.Ган-Очир, уг автомашины зорчигч Ц.Уугантуяа, О.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан үйл баримт хэргийн 34-38 дах талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 182200257 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Дундговь аймгийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаар хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол, 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас М.Б-ийн өмчлөлийн 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн автомашинд 32 280 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэргийн 39-54 дэх талд авагдсан “Уваа уул аудит” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 01/39 дугаар хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогджээ.    /хх-39-54 дэх тал/

 

Хэргийн баримтаас үзвэл Х ХХК, Ж.Одончимэг, хамтран үүрэг гүйцэтгэгч “Милпорт” ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201742962553 дугаар барьцаат зээлийн гэрээ, ФД201742962553 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулагдсан, дээрх фидуцийн гэрээний үндсэн дээр буюу 161 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар Х ХХК  нь 33-16 УНП улсын дугаартай Ланд круйзер-200 маркийн автомашины хязгаарлагдмал эрхтэй өмчлөгч болсон болох нь хэргийн 57-65 дах талд авагдсан 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201742962553 дугаар барьцаат зээлийн гэрээ, ФД201742962553 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаангүй.

 

Талууд осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан тул уг хохирлыг хариуцагч төлөх эсэх талаар маргасан байна.   

 

Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч Ж.Одончимэг нь үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Ланд круйзер-200 маркийн автомашиныг Х ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд фидуцийн гэрээний хугацаанд талууд Ж.Одончимэгийн эзэмшил, ашиглалтад уг автомашиныг байлгахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй байна.               /хэргийн 63-65 дугаар тал/

 

Энэ тохиолдолд уг гэрээний зүйлийн хувьд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч Ж.Одончимэг нь шууд эзэмшигч, үүрэг гүйцэтгүүлэгч Х ХХК  нь шууд бус эзэмшигч болно.

 

Ийнхүү үүрэг гүйцэтгэгчийн эзэмшилд байхдаа уг автомашин осолд орсон тул Хаан банк ХХК-ийг хяналт тавих үүрэг хүлээсэн хохирлыг хариуцах этгээд гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийг тухайн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих боломжтой “эзэмшигч” байсан гэж үзэх боломжгүй.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчид, маргааны үйл баримтад хамааралгүй, хариуцах ёсгүй этгээдэд хариуцлага хүлээлгэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагч “Х” ХХК-иас 32 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Б-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэм хорын хохиролд 32 280 000 төгрөг гаргуулах тухай М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэм хорын хохиролд 32 280 000 төгрөг гаргуулах тухай М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 319 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ