Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00208

 

 

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00459 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 755 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.Б

          Хариуцагч: “... банк” ХХК-д холбогдох

          32,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Түмэннастын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Түмэннаст, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчимэг, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

         Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлдээ: М.Б-э ..-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн автомашиныг 2018-05-30-ны өдөр худалдан авсан, өмчлөгч бөгөөд 2018-08-04-ний өдөр уг автомашинаар ачаа ачиж, Я.Ган-Очирт өгч явуулсан. Гэтэл энэ өдөр 19 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн нутаг Хүрэнгийн дэл гэх газарт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явж байсан ..-16 УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын автомашин “эсрэг урсгал”-д орж, ..-15 УБК улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осолд Дундговь аймгийн цагдаагийн газраас 2018-08-09-ний өдөр хэрэг үүсгэсэн. Хэрэг бүртгэлийн ажиллагаагаар замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр Ланд 200 маркийн ..-16 УНП улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, зогсоох арга хэмжээ аваагүй нь тогтоогдсон. Жолооч Я.Ган-Очир замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй,тэрээр зогсоох арга хэмжээ авах боломжгүй өгсүүр газар явж байсан нь нотлогдсон. Ослын гол шалтгаан нь Ланд-200 маркийн ..-16 УНП улсын дугаартай автомашины жолоочийн буруутай үйлдлээс болсон ба уг жолооч нас барсан. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр ..-15 УБК улсын дугаартай автомашинд 32,280,000 төгрөгийн гэмтэл учирсан, жолооч Я.Ган-Очир, зорчигч Ц.Уугантуяа, О.Алтантуяа нарт хүндэвтэр гэмтэл учирсан. ..-16 УНП улсын дугаартай автомашины жолооч нас барсан гэсэн үндэслэлээр прокурорын 2018-9-18-ны өдрийн 120 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Иргэний хуулийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд  тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр өмчлөгч нь ... банк байна. Мөн хуулийн 499.4-р ... банк гэм хорын асуудлыг хариуцан арилгах үндэслэлтэй. Уг гэм хорыг хариуцахад өмчлөгчийн гэм буруугийн хэлбэр шаардахгүй гэж үзэж байна. “... банк” ХХК нь Ж.О-ийг томилсон, машиныг шилжүүлсэн гэх үндэслэл байгаа. Иймд хохирлыг “... банк” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: 2017-02-23-ны өдөр ЗГ201742962553 дугаар бүхий барьцаат  зээлийн гэрээ байгуулан Ж.О-, хамтран үүрэг гүйцэтгэгч “Милпорт” ХХК-ийн захирал Ж.О- нар нь ... банкнаас 161,100,000 төгрөгөөр Тоёота Ланд круйзер 200 маркын тээврийн хэрэгслийн хэрэглээний лизингийн зээлийг жилийн 17.4%-н хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Тухайн барьцаат зээлийн гэрээ байгуулсан өдөр буюу 2017-02-23-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан. Зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь “... банк” ХХК-ийн нэр дээр байх бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсний дараа зээлдэгч нарт шилжих болно. Фидуцийн гэрээний 2.4.5-д Хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна гэж заасны дагуу аливаа бусад этгээдэд учруулсан хохирлыг зээлдэгч нар хариуцахаар тохирсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 183/ШШ2019/00459 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан ... банк ХХК-с 32,280,000 төгрөг гаргуулж М.Б-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 319,350 төгрөг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 319,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэсэн байна. 

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 755 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2019/00459 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул М.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас төлсөн 319 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор заажээ.

       Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Түмэннаст хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс “...Иргэний хуулийн 499.1 дэх хэсэгт зааснаар “... банк” ХХК-ийг тухайн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих боломжтой “эзэмшигч” байсан гэж үзэхгүй ...” гэж  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг маргаан нь тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас үүсэж байгаа гэм хорыг хэн хариуцах талаар талууд мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ИХ-н 499.4-т зааснаар “... банк” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. ИХ-н 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байгаа. Осол гаргасан “Ланд Круйзер” 200 маркийн улсын ..-16 УНП дугаартай автомашины эзэмшигч, өмчлөгч нь хэн бэ гэдгийг тогтоох нь ач холбогдолтой. Давж заалдах шатны шүүхээс “...Иргэний хуулийн 89.3 дахь хэсэгт зааснаар Ж.О- нь шууд эзэмшигч, үүрэг гүйцэтгүүлэгч “... банк” ХХК нь шууд бус эзэмшигч болно...” гэж дүгнэсэн. Харин хэн нь өмчлөгч болох талаар тодорхой дүгнээгүй. 2012-10-29-ний өдрийн Монгол Улсын Зам, тээврийн сайдын 59 дүгээр тушаалын хавсралт “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” тухай журмыг баталсан бөгөөд уг журмын 1.8-д иргэн, хуулийн этгээд шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд зөвхөн 16 нас хүрсэн бол түүний нэр дээр холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ гэж заасан байдаг. Энэ бүртгэл нь автотээврийн хэрэгслийн өмчлөгч буюу өмчлөгчөөр бүртгэх агуулгыг илэрхийлж байна. Тээврийн хэрэгслийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өөрийн нэрийг оруулж байгаа нь өмчийн эрх зүйн өмчлөл ил тод байх зарчимд нийцэж байгаа. Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгчөөр “... банк” ХХК-г бүртгэсэн байх тул “... банк” ХХК-г тухайн автотээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэж хууль зүйн үндэслэлтэй. Иргэний хуулийн дээрх зохицуулалтад “...эзэмшигч...” л гэж заасан бөгөөд эзэмшигчийн хувьд шууд ба шууд бус эзэмшигчийн ойлголтын аль алинд нь хамаарахаар байна. Гэсэн хэдий ч тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагыг шууд эзэмшигч хүлээх үү, эсхүл шууд бус эзэмшигч хүлээх үү эсэх нь тодорхой бус байна. Түүнчлэн Фидуцийн гэрээний дагуу “... банк” ХХК-д өмчлөл үүсэж байгаа, мөн давхар уг гэрээний дагуу “... банк” ХХК тухайн тээврийн хэрэгслийг Ж.О-т шилжүүлж, түүнийг томилж байгаа. Мөн давж заалдах шатны шүүхээс ИХ-н 499.1-д зааснаар хариуцагчийг тухайн эд хөрөнгийн ашиглалтад хяналт тавих боломжтой “эзэмшигч" байсан гэж үзэх боломжгүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс ИХ-н 499.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүхээс огт дүгнээгүй. Тухайн эд хөрөнгөд ашиглалтад тавих боломжтой эсэх нь ИХ-н 499.3-т хамаарах асуудал тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд огт хамааралгүй юм. Хэрэгт авагдсан баримтаар тухайн тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон, Ж.О-т тээврийг хэрэгслийг шилжүүлж, түүнийг томилсон тул гэм буруугаас үл хамаарах хариуцлага хүлээх зарчмын дагуу нэхэмжлэлийг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       М.Б-э нь 2018-11-20-ны өдөр нэхэмжлэл гаргаж, “... банк” ХХК-иас 32,280,000 төгрөг шаардаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...Ж.О- Ланд Круйзер 200 маркийн улсын ..-16 УНП дугаартай автомашин жолоодон явахдаа 2018-08-04-ний өдөр зам тээврийн осол гаргаж Я.Ган-Очирын жолоодож явсан миний өмчлөлийн автомашинд хохирол учруулсан... Ж.О-ийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч нь “... банк” ХХК тул хохирлыг хариуцах ёстой...” гэжээ.

       Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “... Ж.О-, “Милпорт” ХХК нар  2017-02-23-ны өдөр 161,100,000 төгрөгийн зээл авахдаа Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлд фидуцийн гэрээгээр барьцаалсан... фидуцийн гэрээний 2.4.5-р эд хөрөнгийг эзэмших ашиглах явцад бусдад учруулсан хохирлыг зээлдэгч бүрэн хариуцахаар заасан байна...” гэжээ.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.    

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. “... банк” ХХК-ийг Ланд Круйзер 200 маркийн улсын ..-16 УНП дугаартай автомашины өмчлөгч гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

      а/. Өмчлөх эрх хууль болон гэрээний үндсэн дээр үүсэх бөгөөд маргаан гарсан тохиолдолд өмчлөгчийг шүүх тогтооно.

       Бүртгэлийн байгууллагын чиг үүрэгт аливаа хөрөнгийг бүртгэх, гэрчилгээ дугаар олгох, шилжилт, хөдөлгөөн хийх, улсын бүртгэлээс хасах үйл ажиллагаа хамаарна.

       Иймд Ланд Круйзер 200 маркийн, ..-16 УНП улсын дугаар автомашинтай холбоотой  Автотээврийн үндэсний төвийн 2019-01-10-ны өдрийн 185 дугаартай лавлагаа, мөн Зам тээврийн сайдын 2012 оны 59 дүгээр тушаал /хожим 2018-09-06-ны өдрийн 192-р тушаалаар хүчингүй болсон/ нэхэмжлэлийг хангах нөхцөл болохгүй бөгөөд энэ тухай хяналтын гомдол Иргэний хуулийн 111 дүгээр зүйлд нийцээгүй байна. 

       б/. Барьцаа мөн эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь тус тус үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд салгаж үл болох эрх юм.  

      Хэрэгт, Ж.О-, “Милпорт” ХХК болон “... банк” ХХК нарын хооронд байгуулагдсан тээврийн хэрэгслийн хэрэглээний лизингийн зориулалттай 2017-02-23-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ”, мөн өдөр Ж.О-, “... банк” ХХК нарын хооронд байгуулагдсан “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” авагдсан байна.

      М.Б-ийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Милпорт” ХХК оролцоогүй буюу дурдсан хоёр гэрээний талаар мэтгэлцээгүй байхад зөвхөн “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г нэхэмжлэлийг хангах үндэслэл болгох нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4, 231.1.6 дахь хэсэг, 87 дугаар зүйлийн 87.1, 312 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчинө.

       2. Нэхэмжлэгч “Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г үндэслэн хариуцагчийг өмчлөгч гэж маргасан тул энэ талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийснийг буруутгах боломжгүй байна. 

       Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс нь эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй. Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

      Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2018-08-04-ний өдөр зам тээврийн осол болох үед  Ланд Круйзер 200 маркийн улсын ..-16 УНП дугаартай автомашин хариуцагчийн эзэмшилд байгаагүй нь тогтоогдсон байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 89 дүгээр зүйлийн 89.3, 235 дугаар зүйлийн 235.2 дахь хэсгийн агуулгыг зөрчөөгүй байна.   

      Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.  

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 755 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Түмэннастын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ