Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 459

 

 

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 183/ШШ2019/00459

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Я даргалж, шүүгч Ж.С, Б.С нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монел, ...-р гудамжны... тоотод оршин суух, М.Б -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, стадион оргил-1, Х ХХК-д холбогдох,

гэм хорын хохиролд 32.280.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, иргэдийн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.У нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Бнь 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward загварын автомашиныг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр худалдан авсан хууль ёсны өмчлөгч. 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр уг автомашинаар ачаа ачиж, Я.Ган-Очирт өгч явуулсан бөгөөд уг өдрийн 19 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн нутаг Хүрэнгийн дэл гэх газарт Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд явж байсан ...УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгал руу орж, 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward загварын тээврийн хэрэгслийн халз урд талаас нь мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг осолд Дундговь аймгийн цагдаагийн газраас 2018 оны 08 дугаар сарын 9-ний өдөр 182200257 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг үүсгэсэн. Хэрэг бүртгэлийн ажиллагаагаар замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр Ланд 200 маркийн ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна, Ж.О нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна, жолооч Я.Ган-Очир нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна, жолооч Я.Ган-Очир нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй өгсүүр газар явж байсан нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна, уг ослын гол шалтгаан нь Ланд-200 маркийн ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явсан Ж.Оийн буруутай үйлдлээс үүдэн гарсан гэх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward загварын автомашинд хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан ба уг дүгнэлтээр 32.280.000 төгрөг гарснаас уг ослын улмаас автомашиныг жолоодож явсан Я.Ган-Очир, зорчигч Ц.Уугантуяа, О.Алтантуяа нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл, хохирол гарсан юм. Түүнчлэн уг зам тээврийн ослын улмаас зам тээврийн осол гаргасан ...УНП улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.О нь нас барсан тул 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаар прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан.

   Дундговь аймгийн прокурорын уг тогтоолоор ...УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Оийг хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, замын цагдаагийн тасгийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч О.Алтантуяа, Я.Ган-Очир нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэм буруутайг тогтоосон. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг хүлээх боловч ...УНП улсын дугаартай Ланд круйзер 200 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгчөөр Хаан банк гэсэн байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар Хаан банк уг гэм хорын асуудлыг хариуцан арилгах үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн гэм хор шууд учруулаагүй уг тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Хаан банк гэм хорыг хариуцах ёстой гэж үзэж байгаа тул гэм хор учирсан үйл явдалд тээврийн хэрэгслийн өмчлөгч Хаан банк гэм буруутай байх нь шаардлагагүй бөгөөд тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм буруугийн хэлбэр шаардахгүй гэж үзэж байна. Уг тээврийн хэрэгсэлд 32 280 000 төгрөгийн үнэлгээ хийгдсэн. Хохирогчийн тухайн машиныг жолоодож явсан н.Ган-Очир уг нэхэмжлэгчийн машинд сууж явсан 2 зорчигч тэдгээрийн биед хүндэвтэр хохирол учирсан. Хэрэгт авагдсан баримтаар буруутай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Хаан банк ХХК байгаа. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт шууд гэм хорын жолооч хариуцах заалт байгаа. Хаан банк ХХК нь Одончимэгт томилсон, шилжүүлсэн гэх үндэслэл байгаа. Иймээс бусдад учруулсан гэм хорыг Хаан банк ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан ямар нэгэн байдлаар гэм буруугийн хэлбэр шаардагдахгүй, зөвхөн өмч хөрөнгө хариуцлага хүлээлгэх агуулгатай заалт учир энэ хариуцлагыг Хаан банк ХХК бүрэн төлөх үүрэгтэй. Фидуцийн гэрээнд хариуцахгүй гэсэн заалтын дагуу манай банк хариуцахгүй гэж тайлбарлаад байна. Тэгэхээр энд гэрээнээс үүсэх үүрэг, хариуцлагын асуудал, гэрээний бус зөрчлөөс үүсэх үүрэг, хариуцлагын асуудал гэсэн хоёр хуулийн зохицуулалт гарч байна. Өмчлөл бол фидуцийн гэрээний дагуу банкинд үүссэн банкны өмчлөл гэдэгт маргахгүй байх. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалт тухайн өмчлөгчийн хариуцлага байна гэж зааснаар хариуцлага бол заавал хүлээлгэх гэдэг нь хуулиар үүсэж байгаа үүрэг. Банкны зүгээс бол фидуцийн гэрээнд оруулсан заалтаар энэ хариуцлагаас мултарч байгаа хэлбэр бол  хуулиас давсан арга хэмжээ байна. Тиймээс гэрээний бус үүрэг буюу зөрчлөөс үүссэн үүргийн дагуу тухайн эд хөрөнгийн өмчлөл хэн дээр байна түүнд үүссэн хариуцлагын асуудал Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т заасан үндэслэлээр хариуцлага зайлшгүй хүлээх ёстой гэж үзэж байна гэв.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: иргэн Ж.О нь 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан Хаан банкнаас тээврийн хэрэгслийн зээл авсан байдаг. Тухайн тээврийн хэрэгслийн 161 000 000 төгрөгийн зээл аваад тоёота ланд круйзер 200 маркийн автомашин авсан. Фидуцийн гэрээ байгуулж авсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулсан нь зээлдэгч Одончимэг болон “Милл порт” ХХК нь Хаан банкинд зээлсэн зээлийн төлбөрөө бүрэн төлж дууссаны дараа тухайн тээврийн хэрэгсэл нь үндсэн зээлдэгч буюу н.Одончимэгийн нэр дээр шилжүүлэхээр талууд тохиролцсон байгаа. 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 201742962553 дугаартай фидуцийн гэрээгээр заагдсан. Энэ фидуцийн гэрээний 2.4.5-д хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөнд учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж талууд тохиролцсон байгаа. Зээлдэгч болон хамтран хариуцагч нар төлөх ёстой. Хаан банк ХХК-ны хувьд тухайн зээлийг төлүүлэх зорилгоор банкны нэр дээр бүртгэсэн байгаа. Тухайн тээврийн хэрэгслийг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаад байгаа асуудал байхгүй. Гэрчилгээ банкны нэр дээр боловч фидуцийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа төлбөрийг Хаан банк ХХК-ны зүгээс төлөх үндэслэл байхгүй. Банк өөрийн үйл ажиллагаанд хэрэглэдэг автомашиныг банкны жолооч унаж яваад бусдад гэм хор учруулсан бол Хаан банк хариуцлага хүлээх нь зайлшгүй асуудал. Гэтэл тухайн тохиолдолд тээврийн хэрэгслийг зээлээр авсан зээлдэгч унаж явсан, Фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга бөгөөд энэ аргын дагуу зээлийн гэрээний дагуу тухайн зээлдэгчийн өмч байгаа. Фидуцийн гэрээтэй холбоотой Хаан банк ХХК-ны нэр дээр олон тээврийн хэрэгсэл гардаг. Эдгээрийг фидуцийн гэрээгээр авсан банкны зээлдэгч хариуцаж явдаг. Гэтэл Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 гэж яриад байгаа нь буруу учраас нэхэмжлэгчийн тайлбар, шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Бнь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Дундговь аймгийн Луус сумын 2-р багийн нутаг Хүрэнгийн дэл гэх газарт ...УНП улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл эсрэг талын урсгал руу орж, 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас өөрийн өмчлөлийн 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохиролд 32.280.000 төгрөгийг Х ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ /хх-1-3/.

 

Нэхэмжлэгч М.Бөөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг гурван жилийн хугацаагаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн итгэмжлэлээр М.Түмэннастад, хариуцагч байгууллагыг төлөөлөх бүрэн эрхийг хоёр жилийн хугацаагаар 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/5820 дугаартай итгэмжлэлээр Э.Эрдэнэбатад тус тус олгосон байна /хх-4, 20/.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” бөгөөд нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...УНП улсын дугаартай “Ланд круйзер-200” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Оийн буруутай үйлдлийн улмаас дээрх автомашиныг ашиглах боломжгүй болсон, осол гаргасан жолооч Ж.О нь ослын улмаас газар дээрээ нас барсан боловч түүний унаж явсан ...УНП улсын дугаартай автомашины өмчлөгч нь Х ХХК байх тул хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр 32.280.000 төгрөгийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар Х ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ж.О 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр тээврийн хэрэгслийн хэрэглээний лизинг буюу барьцаат зээлийн гэрээ байгуулж банкнаас зээл авсан бөгөөд мөн өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж тухайн тээврийн хэрэгслийг өөрөө эзэмшиж, ашиглаж байсан. Одоо ч дээрх зээлийн төлөлт хэвийн явж байгаа. Фидуцийн гэрээний 2.4.5-д бусдын хөрөнгөнд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулах үүргийг үүрэг гүйцэтгэгч хариуцахаар заасан тул манай банк хариуцахгүй гэж маргасан.

 

Хариуцагч Х ХХК-ийн Land Cruiser200, Toyota маркийн ...УНП улсын дугаартай /хх-31/ тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.О нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 20 цаг 15 минутад Дундговь аймгийн Луус сумын 2-р баг сумаас баруун урагш 12 кмт хатуу хучилттай асфальтан зам дээр 90-15 УБК улсын дугаартай Isuzu forward маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, Ланд 200 маркийн ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, Я.Ган-Очирын жолоодож явсан М.Б өмчлөлийн 90-15 УБК улсын дугаартай /хх-5-6/ Isuzu forward маркийн тээврийн хэрэгслийг мөргөсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 182200257 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх-8-9, 34/, Дундговь аймгийн прокурорын газрын прокурорын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /хх-35-36/, 2018 оны 08/ дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар /хх-37-38/, “Уваа уул аудит” ХХК-ний 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/39 дугаартай хохирлын үнэлгээний тайлангийн хуулбар /хх-39-46/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигч талууд осол болсон үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ний өдөр байгуулсан ФД201742962553 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч болсон бөгөөд уг гэрээний 2.4.5-д зааснаар бусдын хөрөнгөнд учруулсан хохирлыг үүрэг гүйцэтгэгч бүрэн хариуцаж барагдуулахаар тохиролцсон гэж маргаж, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ201742962553 дугаартай Х ХХК, Ж.О, “Милпорт” ХХК нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-57-62/, мөн өдрийн огноотой ФД201742962553 дугаартай Х ХХК, Ж.О нарын хооронд байгуулсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулагдсан гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг гаргаж /хх-63-65/ мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №40 тоот Дундговь аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр

“2. Ланд-200 маркийн ...УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2-д ...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээ зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна,

3. Жолооч Ж.О нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна,

4. Жолооч Я.Г нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна,

5. жолооч Я.Г нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжгүй өгсүүр газар явж байсан нь хэргийн газрын үзлэг, фото зургаар тогтоогдож байна,

6. уг ослын гол шалтгаан нь Ланд-200 маркийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож  явсан Ж.О буруутай үйлдлээс үүдэн гарсан гэх үндэслэлтэй байна” гэжээ /хх-37-38/.

 

Уг шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ тогтоосон “Уваа уул аудит” ХХК-ний тайланг хариуцагч талаас үгүйсгэж маргаагүй, энэ талаар шүүхэд хүсэлт гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үндэслэлээр тухайн эд хөрөнгийг барьцаалж, өмчлөл шилжсэн талаар тайлбарласан.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ буюу тээврийн хэрэгслийн хэрэглээний лизингийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар зорилгоор Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээг давхар байгуулсан байна. Фидуци нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг бөгөөд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа ажиллагаа буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь мөнгөн төлбөрийн үүргээ үүрэг хүлээгч биелүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх юм. Өөрөөр хэлбэл фидуцийн гэрээгээр эд юмсыг өмчлөлд шилжүүлэн авч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд бодитойгоор гаргуулан авснаар гэрээ дуусгавар болдог.

 

Гэтэл Х ХХК-д төлөх үндсэн мөнгөн төлбөрийн үүргийг Ж.О хүлээсэн байх бөгөөд тэрээр 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас нас барсан талаар талууд маргаагүй.

 

Хариуцагч “Х” ХХК-ний өмчлөлийн ... УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Ог замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тээврийн осол гарч, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Хуульд зааснаар гэм хорын хохирол шаардахын тулд эрх зөрчсөн үйлдэл болон эрхийн зөрчил хоёрын хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас осол гаргасан жолооч Ж.О нас барсан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 120 дугаартай прокурорын тогтоолоор хаасан байна /хх-35-36/.

 

Хохирлын гол шинж нь тооцож, хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил болон үр дагаврын шалтгаант холбоотой байх явдал, эд хөрөнгийн гэм хор нь үнэлгээний хэлбэр бүхий эрх зүйн зөрчлийн материаллаг /эдийн засгийн/ үр дагаврыг ойлгох бөгөөд эд хөрөнгийн гэм хорын мөнгөн үнэлгээг хохирол гэж үзэж болох тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалт нь бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах нийтлэг үүргийг, харин мөн хуулийн 510 дугаар зүйлд бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хор, хохирлыг хэрхэн арилгах ерөнхий арга замыг тус тус тодорхойлон заасан. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслээ шилжүүлсэн өмчлөгч буюу эзэмшигчид хариуцлага ногдуулахад гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх гэм буруугийн хэлбэр шаардахгүй юм.

 

Түүнчлэн хариуцагчийн татгалзлын үндэслэл нь Иргэний хуулийн хоёрдугаар хэсэг үүргийн зохицуулалт, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь мөн хуулийн дөрөвдүгээр хэсгийн гэрээний бус үүргийн хоёрдугаар дэд хэсэг буюу зөрчлийн улмаас үүрэх үүргийн харилцаа байх бөгөөд гэрээний бус буюу зөрчлөөс улмаас үүссэн үүргийн дагуу тухайн эд хөрөнгийн өмчлөгчид үүсэж байгаа хариуцлага байна.

 

Хэрэгт авагдсан “Уваа уул аудит” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01/39 дугаартай хохирлын үнэлгээний тайланд 90-15 УБК улсын дугаартай, Isuzu forward маркийн автомашины ижил төсөөтэй машины зах зээлийн үнэлгээг судалж хохирол учирсан машины үлдэх өртгийг хасаж тооцсон, учир нь энэхүү автомашины эд анги зах зээл дээр ховор, олдоц муутай, техникийн дүгнэлтээр хохирлыг нарын тодорхойлох, цаашид ашиглах боломжгүй гэж дүгнэсэн байна. Тиймээс хохирол учирсан автомашины үлдсэн эд ангиудыг худалдан авдаг газруудаас судалгаа хийж үлдэх өртгийг 32.280.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд зохигч талууд автомашины үнэлгээний талаар маргаагүй тул хариуцагчаас эд хөрөнгөнд учруулсан хохирлыг гаргуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.А нь нэхэмжлэгч уг шаардлагыг тавих үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаарзүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас гэм хорын хохиролд 32.280.000 /гучин хоёр сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П овогт М.Б -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1- д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 319.350 төгрөгийг гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 319.350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Б олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.Я

 

                        ШҮҮГЧИД                                      Ж.С 

                    

                                                                             Б.С