Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 815

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00798 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Н-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 28 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б,

Хариуцагч Э.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 3 200 000 төгрөг, алданги 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Э.Н “махны бизнес хийнэ” гэж 8 000 ам.доллар надаас зээлсэн бөгөөд ам.долларыг 2 000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан. Ингээд эхний сарын хүү гэж 800 ам.доллар төлөөд ахин ямар ч төлбөр төлөөгүй. Мөнгөө авч явахдаа Э.Н барьцаа болгон хоёр хашааны бичиг үлдээсэн. Иймд хариуцагч Э.Н-с үндсэн зээл 16 000 000 төгрөг, хүү 3 200 000 төгрөг, алданги 9 600 000 төгрөг, нийт 28 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ганчимэг надад, мөнгө зээлмээр байна, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлнө. Энэ мөнгийг "би хариуцна" гэж авахуулсан. Ингээд би Д.А тай очиж уулзаад бүх зүйлийг тохирч,  3 хоногийн дараа чамд мөнгө зээлье гэсэн. Үүнээс хойш 2 хоногийн дараа Б.Ганчимэгтэй хүлээж байгаад Д.А г ирлээ гэхээр нь очиж уулзаад, Д А-тай хамт нотариат орж, гэрээг байгуулан 8 000 ам.долларыг авсан. Би мөнгийг авч ирээд Б.Ганчимэгт нотариат дээр хийсэн гэрээгээ үзүүлж, 8 000 ам.доллараа "Худалдаа хөгжлийн" банкинд очиж солиулаад,  Б.Ганчимэгт өгсөн. "Зээлийн гэрээ"-г би байгуулж, гарын үсгээ зурж, 8 000 ам.долларыг авсан үнэн. Харин нэг сарын хүү 800 ам.долларыг Б.Ганчимэг надаар Д.А д өгүүлсэн. Одоо Б.Ганчимэг олдохгүй, хаана амьдарч байгаа нь мэдэхгүй байна. Иймээс энэ мөнгийг би хэрэглээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.А  нь 2016 оны 10 дугаар сарын 05-нд миний дээрх гэрчилгээг авсан. Үүнийг барьцаанд авсан гэрээг албан ёсоор үйлдээгүй уг хэрэгт хуулбарыг хавсаргасан байна. Д.А-ийн нэхэмжлээд байгаа 28 сая төгрөгийг надад гаргуулан өгсөн боловч тэр дор нь н.Баяраа гэгчтэй хамт надаас тус мөнгө ам.долларыг бүгдийг нь аваад такси хөлслөн Худалдаа хөгжлийн банканд  дээрх ам.долларын хүүг Д.А-ийн дансанд шилжүүлж, надад нэг ч ам.доллар өгөөгүй би ч аваагүй. Д.А , н.Ганчимэг нар нь миний болон бусдын гэрчилгээнүүдийг ашигладаг найз нар байж болно. Иймд миний ганц хүний нэр дээр Г-2205001784 дугаарт бүртгэгдсэн 22 хороо, Зүүн нарангийн 12-198 тоотод байршилтай 18639313119507 дугаар гэр бүлийн хэрэгцээний өмчийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Э.Н нь Архангай аймгаас малын мах бэлтгэн БНХАУ-д гаргаж зардаг ахынхаа наймаанд зориулан нэн шаардлагтай байгаа мөнгө зээлээр авахыг учирлан гуйсан тул 2015 оны 10 дугаар сарын 05-нд иргэн хоорондын зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж 8 000 ам.долларыг 3 сарын хугацаатайгаар бэлнээр түүнд олгосныг тэрбээр өөрийн гараар гардан авсан. Э.Н зээлсэн мөнгөө хүүгийн хамт 2016 оны 01 дүгээр сарын 05-ны дотор багтааж махны наймааныхаа эхний орлогоос саадгүй төлнө гэж итгүүлэн хугацаагаа өөрөө тогтоож амлалт өгсөн бөгөөд баталгаа болгон 3 ширхэг газрын бичгийг өөрөө авчирч үлдээсэн. Ингэхдээ өөрийн нэр дээрх газрын бичгээс гадна өөр 2 хүний газрын бичгийг хамт авчирч өгсөн. Гэрээгээр хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж зээлж авсан мөнгөө өөрийн амалсан хугацаандаа буюу 2016 оны 01 дүгээр сарын 05-ны дотор буцаан өгч, үлдээсэн бичгүүдийг ямар нэгэн нэхэмжлэлгүйгээр буцаан авах эрх, боломж Э.Н-д байсан бөгөөд үүргээ биелүүлээд одоо ч авах эрх, боломж нь нээлттэй байгаа. Иймд энэхүү нэхэмжлэлийн хувь заяа нь зөвхөн Э.Н-с өөрөөс нь шууд шалтгаалах учраас хуулийн дагуу иргэний үүргээ биелүүлэхийг өөрт нь сануулсан нэхэмжлэл шаардлагын агуулгатай байна. Удаа дараа нэхэж шаардсаныг үл тоомсорлон ямар ч төлбөр хийгээгүй, огтхон ч санаачлага гаргаагүй байсан тул түүнд урьдчилан хэлж сануулаад аргагүй эрхэнд шүүхэд нэхэмжлэл гарган, холбогдох гэрээ, бичиг баримтуудыг хавсарган хуулийн дагуу албан ёсоор хандсан болно. Э.Н-ийн сөрөг нэхэмжлэлд худал мэдээлэл орсон байна. “А-с ...мөнгө гардан авсан боловч тэр дор нь Баяраа гэгчтэй хамтран надаас тус мөнгө долларыг бүгдийг нь аваад такси хөлслөн ХХБ-ны А-ийн данс руу зээлийн хүүг шилжүүлсэн" гэсэн байна. Зээлийн гэрээ байгуулан, нотариатаар батлуулж, Э.Н өөрийн биеэр мөнгөө бүрэн хэмжээгээр тоолж аваад явснаас хойшхи процессийг би огт мэдэхгүй. Баяраа гэгч хэн болохыг мэдэхгүй, түүнийг огт танихгүй, харж ч байгаагүй. Д.А  миний дансанд тэр өдөр хүү, төлбөрийн журмаар ямар ч мөнгө орж ирээгүй. Мөн "А, Ганчимэг нар нь бусдын гэрчилгээнүүдийг ашигладаг найз нар байж болно" гэж мэдүүлсэн нь ямар ч үндэслэлгүй, гүжирдлэг байна. Баасан овогтой Ганчимэг нь Э.Н-тай удаан найзалж байгаа найзууд хэмээн анх танилцуулж байсан. Харин ч энэ 2 хамтран худлаа хэлж бүлэг залилан үйлдэж байж болзошгүй. Учир нь газрын эзэмшлийн бичгийг алга болгосон, гээсэн хэмээн дахиад авч болдог, хэдэн төгрөг төлөөд авчих гэж Б.Ганчимэг нь Э.Н-д зөвлөсөн гэсэн. Иймд Э.Н хэрхэн өөр хүмүүсийн газар эзэмшлийн бичгүүдийг авч ирсэн нь тодорхойгүй байгаа тул эдгээр  бичгүүдийн хүчинтэй эсэхийг магадлан шалгуулж өгөхийг хүсье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н-с 27 200 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч  Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Э.Н-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 950 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Н-с улсын тэмдэгтийн хураамж 293 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Д.А д, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг Д.А гаас гаргуулж, Э.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр авсан атлаа 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ир гэж дуудах бичиг өгсөн энэ талаар магадлах гэхэд ямар ч бичиг баримт хавтаст хэрэгт хийж уншиж судлуулаагүй. 6 удаагийн хойшилсон шүүх хуралдааны тэмдэглэлийг дараагийн хурлаас өмнө уншиж танилцаж шүүгчийн захирамжтай тулган хүсэлт бичье гэхээр нэг ч удаа хэрэгт хийгээгүй, танилцуулаагүй. Хэрэг үүсгэсэн гэх нэхэмжлэл нь нотариатаар батлуулаагүй хуулбар байна. н.Ганчимэг “би өөрөө 16 000 ам.долларыг төлнө” гэж бичсэн байна. Иймд гэрчээр оролцуулж өгнө үү гэж 2 удаа хүсэлт өгсөн боловч хангаагүй. н.Буянбадрахыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг 3 удаа өгсөн боловч шийдвэр гаргаагүй орхигдуулсан. Удаа дараа хүсэлт бичсээр байтал сүүлийн 2 удаагийн хурлаас нотариатын баталсан анхны эх хувийг авахаар 2 удаа захирамж гаргаснаа гүйцэтгүүлээгүй, хууль бус аргаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотариатаар гэрчлүүлээгүй гэрээний хуулбарыг үндэслэн шийдвэр гаргасан. Энэ гэрээ гэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т заасан хэлцэл тул мөн хуулийн 57 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар 2 хурал дээр амаар болон бичгээр хүсэлт гаргаж, нэхэмжлэлээ бүрдүүлж өгсөөр байтал мөн л дээр хурал хийдэг хууль бус ажиллагаагаар хүчингүй болгоод хурал хийсэн. Сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ гэсэн мөртлөө тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгэх хуудас бичих үндэслэл болгох тодорхой заалт орхигдуулж хохироосоор байна. Шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудасны 10, 11 дэх мөрөнд “ингээд би Ариунзаяатай очиж уулзаад бүх зүйлийг тохирч 3 хоногийн дараа чамд мөнгө зээлье гэсэн мэтээр зохиомол үг өгүүлбэр бичсэн байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн 3 дах хуудаст ...8 000 ам.долларыг А-с аваад банкинд дээр очиж солиулаад н.Ганчимэгт өгсөн гэж зохиосон, хариуцагч ...1 сарын хүү төлсөн талаар зохигчид маргаагүй байна гэж дүгнэсэн нь илт зохиомол байгаа зэрэгт ач холбогдол өгч шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.А  нь хариуцагч Э.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 28 800 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч нь Ч.Буянбадрахыг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх гэрч асуулгах хүсэлт хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзэж дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.                                                            /хх-71 дэх тал/

 

            Учир нь Б.Ганчимэг, нэхэмжлэгч Д.А-ийн эх Ч.Буянбадрахад удаа дараа зээлийн төлбөр төлж байсан талаар зохигчдын хэн аль нь тайлбарласан тул Б.Ганчимэгийн зээлийн төлбөрт төлж байсан төлбөр нь Б.Ганчимэгийн авсан зээлд төлж байсан уу, эсвэл Э.Н-ийн авсан зээлд төлж байсан уу гэх нөхцөл байдлыг тодруулахад гэрч Ч.Буянбадрахын мэдүүлэг ач холбогдолтой байсан гэж үзнэ.  

 

Хэргийн оролцогчийн гэрчээс мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг шүүх хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчжээ.

 

Түүнчлэн, хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгаагүй, шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар хуулийн заалтыг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасан шийдвэрийн агуулга болон хэлбэрийн шаардлагад нийцээгүй байна.                                       /хх-112-114 дэх тал/

           

Иймд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/00798 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Н-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ