Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/02517

 

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2019/02517

Улаанбаатар хот

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.А-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Н-д холбогдох,

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28.800.000 төгрөг гаргуулах тухай,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Газар өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, хариуцагч Э.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Агийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би мөнгө өгсөн хүн. Мөнгө өгөхийн өмнө нилээн сайн уулзаж ярилцсан. Тухайн үед Э.Нийг надаас луйвардаж мөнгө авсныг мэдээгүй. Э.Н миний нүд рүү харж байгаад Архангай аймгаас малын мах авч, Хятад оруулж зараад 2 сарын дараа өгье гэж итгүүлсэн. Гэтэл ярьсан зүйл нь худлаа байсан. Э.Н зээлсэн мөнгөө н.Ганчимэгт өгсөн тул төлбөр төлөхгүй гэж маргадаг. Би н.Ганчимэгийг танихгүй, тэр хүнтэй гэрээ байгуулаагүй. 2015 оны 10 сарын 05-ны өдөр Э.Нд 8.000.000 ам.доллар өгч, зээлийн гэрээ байгуулсан. Тухайн үеийн ханшаар 8.000.000 ам.долларыг 16.000.000 төгрөгөөр тооцсон. Зээлийн гэрээний дагуу 28.800.000 төгрөгийг хариуцагч Э.Наас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх болох хашааг нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авч, битүүмжилсэн учраас уг үл хөдлөхийг захиран зарцуулах ямар ч боломжгүй. Хариуцагч битүүмжлэгдсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж байж, Эрүүгийн гэмт хэрэгт дахин холбогдох вий гэж санаа зовж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй байх. Нэхэмжлэгч газрын гэрчилгээнүүдийг эх хувиар шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүгч аваад ир гэж байгаад авчихсан. Хуульд заагаагүй ажиллагаа хийснээс болж, хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Талуудын хооронд хуулийн дагуу барьцааны гэрээ байгуулагдаагүй. Хариуцагч зээл авахдаа итгэл үнэмшил төрүүлэхийн тулд газрын гэрчилгээнүүдийг авч бай. Би зээлийн төлбөр төлж дуусаад газрын гэрчилгээнүүдийг авъя гэсэн. Өөрийнх нь зөвшөөрлийн дагуу газрын гэрчилгээнүүдийг нэхэмжлэгч хүлээж авсан. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд хуульд заасан журмын дагуу зээлийн гэрээ байгуулагдаж, мөнгө өгч, авалцсан. Нэхэмжлэгч зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулсан учраас хүү, алданги авах эрхээ эдэлнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна. Хуульд хариуцлага хүлээсэн этгээд үүргээ биелүүл, чадахгүй бол анз хэлбэрээр төлбөрийг нэмж төлөхийг заасан байдаг. Э.Н зээлийн мөнгө аваагүй, Б.Гхэрэглэсэн гэж тайлбарлалаа. Энэ тусдаа ойлголт. Эрүүгийн журмаар бол Э.Н, Б.Гтэй үгсэн хуйвалдаж, хүнийг хуурч мэхлэн, мөнгийг хууль бусаар авсан байна. Энэ хариуцлагыг биеэр эдэлж, шоронд суух болчихоод байна. Гэтэл талуудын хооронд гэрээ байгуулсан учраас Иргэний журмаар хэрэг хянагдаж, хариуцлага хүлээх ёстой. Та хүнээс юм авсан бол өг. Цааш нь хэнд яаж өгсөн нь чухал биш. Та эрх зүйн бүрэн чадамжтай хүнийхээ хувьд гэрээ байгуулж, гарын үсэг зурсныхаа төлөө хариуцлагаа өөрөө хүлээх ёстой. Хүний өмнөөс хүнд мөнгө авч өгснийхөө төлөө хариуцлага хүлээхийг хууль шаардаж байна. Ингэж хариуцлага хүлээхдээ гэрээнд зааснаар хүү, алданги нэмж төлөх ёстой. 2015 оноос хойш 2019 он хүртэл 4 жилийн хугацаанд та хүн хохироосон байна. Нэхэмжлэгчид энэ мөнгө хадгалагдаж байсан бол өнөөдөр долларын ханш 2.670 төгрөг. Энэ бол нийтэд илэрхий байдал. Уг нь та энэ хэмжээгээр хариуцлага үүрэх ёстой. Өнөөдрийн ханшаар бодвол та 28.000.000 төгрөг биш, 65.000.000 төгрөг ойролцоогоор төлөх ёстой. Ийм хэмжээний хохирол та хүнтэй нийлж, нэхэмжлэгчид учруулсан байна. Үүнийгээ яагаад ухамсарладаггүй, ойлгодоггүй юм бэ. Хүнийг ийм байдалд оруулчихаад шүүх хуралдааныг олон удаа хойшлуулж, би биш өөр хүн мөнгө авсан гэж асуудлыг удаашруулах ямар шаардлага байгаа юм бэ. Хүн хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Хэн нэгээс хамаарсан асуудлаа тусд нь шийдүүл. Нэхэмжлэгч өмнөх анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Гэтэл таныг бодож олон удаагийн буулт хийсэн. Хууль зүйн хувьд хохирол нэхэмжлэх бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

            Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний гэрээ байгуулсан үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл би Д.Аг танихгүй. Б.Гнэг удаа Д.Агийн ажил дээр хамт очиж, зээл авах гэж байгаа хүн энэ гэж Д.Аг заасан. О.Дгуайтай уулзахад мөнгө зээлэхгүй гэж хэлсэн. Би Б.Гт Д.Агийн аав мөнгө зээлэхгүй гэж байна гэхэд Б.Гнамайг хүлээж, бай. Эхлээд Д.Атай уулзъя, цаадах чинь хүнд за гэж хэлсэн бол үгүй гэж хэлдэггүй юм. Д.Ад зээлийн барьцаанд газрын 3 гэрчилгээ тавина гэж хэлсэн. Би өмнө О.Дгуайгаас зээл авч болохоор надад дахиж зээл өгөхгүй гэж хэлсэн. Б.Гманай газрын гэрчилгээг авахдаа манай нөхөртэй уулзсан. Нөхөр газрыг гэрчилгээ барьцаалахыг зөвшөөрсөн. Б.Гнадад 2016 оны 02 сард Хятадаас мөнгө орж ирнэ. Зээлсэн мөнгөө тохирсон хугацаанд төлнө гэж итгүүлсэн. Д.А надтай зээлийн гэрээ байгуулж, би мөнгө авсан. Гэхдээ Б.Гнадаас мөнгө аваад банк явсан. Би гэртээ зээлийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч ороогүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би Иргэний хэргийн шүүхэд хэрэг хянагдаж байхад ирэх ёстой үедээ байнга ирж, утсаа авдаг байсан. Нэхэмжлэгч нарт Б.Гийг удаа дараа олж өгдөг байсан. Зээлийн мөнгийг авч хэрэглэсэн хүн Б.Гбайхад би гэрээнд гарын үсэг зурснаар буруутан болж байна. Энэ хугацаанд мөнгө авсан хүнийг тогтоогоод өгөөч гэхэд хаана ч тогтоож чадахгүй байна. Тухайн үед Д.А Б.Гээс хүүгээ авъя гэж утасдахад Б.ГХятадаас мөнгө орж ирэхээр өгье гэж хэлж байсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дараа О.Дгуайд Б.Гмөнгийг бүрэн төлж барагдуулна гэсэн баталгаа бичиж өгсөн. Намайг О.Дгуай, Ч.Бэгч нараас Б.Гийг зээлийн мөнгө төлсөн эсэхийг асуухад төлсөн гэдэг байсан. Б.Гч гэсэн одоо О.Дгуай чам руу утасдахгүй, би мөнгө өгчихлөө гэдэг байсан. Сүүлдээ тэр мөнгө миний байгуулсан гэрээний мөнгө биш, Б.Гийн өмнө авч байсан төлбөр болж таарсан. Би өөрийгөө ийм зүйлд орно гэж бодоогүй. Б.Гийг найзаа гэж итгээд зээлийн төлбөр төлнө гэж бодоод гэрээнд гарын үсэг зурсан. Би тухайн үед О.Дгуай, Ч.Бэгч нарт Б.Гийг Хятад компанийн хуурамч тамга үзүүлж, зээлсэн авсан гэдгийг хэлж, хэд хэдэн удаа барьж өгч байсан. Б.Гбаригдахаараа нэхэмжлэгчид 2.000.000-3.000.000 төгрөг өгдөг байсан. Б.Гийг олж чадахгүй байсаар өдий хүрсэн. Сүүлд хилээр гарах гэж яваад баригдсан гэдгийг мэдээд шөнө нойргүй хонож, өглөө нь нэхэмжлэгч рүү утасдаж байсан. Нэхэмжлэгч нарыг Б.Гээс мөнгөө олж аваасай гэж би үнэхээр их хүссэн. 3 жилийн хугацаанд би нэхэмжлэгч нарт Б.Гийн талаар мэдэгдэж, нэг удаа ч алга болж байгаагүй. Ганц нэг удаа залгахаар нь санаа зовж, утсаа авахгүй байснаа дараа нь залгадаг байсан. О.Дгуай, Ч.Бэгч хоёртой энэ асуудлаас болоод ах дүү шиг болсон байсан. Энэ хүмүүс манай нөхрөөр байшингийн дээврээ янзлуулж О.Дгуай Б.Гийг л олоод өгчихвөл учир нь олдоно гэдэг байсан. Сүүлд надад хөөн хэлэлцэх хугацаа дууслаа, шүүхэд өглөө гэхэд би тэг тэг гэж хэлсэн. Би Б.Гийг алга болно гэж бодоогүй, Б.ГД.Атай найз. Мөнгө зээлдэг, хоорондоо өгөлцөж, авалцаад сурчихсан болохоор Б.Гээр баталгаа хийлгэж, намайг зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан гэж бодсон. Д.А намайг танихгүй, надад зээл өгөх үндэслэл байхгүй. Б.Гнадад чамаар авахуулсан мөнгөө 100 хувь төлнө. Нэхэмжлэгч нарт баталгаа бичиж өгсөн гээд зээлийн гэрээний нэг сарын хүү төлсөн. Түүнээс хойш алга болчихсон. О.Дгуай намайг Б.Гийг шалгаж байгаа цагдаад хамт өгчихвөл амар байна гэв

            Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 12 дугаар гудамжны 158 тоот, 660 м.кв талбайтай хашааны гэрчилгээг авч, эргэлдүүлмээр байна. Гэрийнхэндээ газрын гэрчилгээ яасан талаар хэлээгүй, юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байна гэв.

            Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхээс гэрчийг асуу, хэрэг ээдрээ төвөгтэй учраас болж өгвөл Б.Гийг оруул гэсэн магадлал гарсан. Газрын гэрчилгээний эзэд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө гэрчилгээгээ авмаар байна гэсэн. Э.Н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гэрчилгээгээ авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд газрын 3 гэрчилгээ хавсаргав гэсэн мөртлөө хуулбарыг нь өгсөн. Мөн нэхэмжлэлд гэрээний эх хувийг өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэрчийг хариуцагч болгож болно, хамтран хариуцагчаар татаж болно. Гэтэл Э.Нийг зөвхөн гэрээнд гарын үсэг зурсан гэж бүх хариуцлагыг үүрүүлж болохгүй. Хэрэгт авагдсан гэрээ нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар байхад яагаад гэрээний эх хувийг шаардаж авахгүй байгаа юм бэ. Хуулбар гэрээтэйгээр хэрэг шийдвэл дахин Давж заалдах шатны шүүхээс хэрэг унана. Иймд байдалд хүрэхгүйн тулд хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байх. Шүүх анхнаасаа хүлээж авахгүй нэхэмжлэл хүлээж авсан. Яагаад гэвэл иргэний хэрэг үүсгэхээс өмнө Э.Нийг шүүхэд дуудсан. Хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг шүүх хүлээж авсан. Өмнөх шүүх хурал дээр Б.Гийг гэрчээр асуух, шүүгчийн захирамж гарсан. Гэтэл Б.Гийг гэрчээр асуугаагүй, шүүгч захирамжиндаа өөрчлөлт оруулсан. Шүүхэд мэдүүлэг өгсөн 3 гэрч Б.Гээс газрын гэрчилгээ авсан гэж мэдүүлсэн. Энэ хэрэгт Б.Гзаавал оролцох ёстой. Б.Гийг цагдаад өгсөн нь үнэн. Дээрх нөхцөл байдлыг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эсвэл мөнгө төлөхөөр батлан даасан Б.Гт хариуцлага хүлээлгэж өгнө үү гэв.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

         

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16.000.000 төгрөг, зээлийн хүүнд 3.200.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 9.600.000 төгрөг, нийт 28.800.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл, хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч Д.Ад холбогдуулан Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж, 158 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205004784 дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

            Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

            Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.Нтай 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай, нэг сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээ бичгээр байгуулжээ.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4-т гэрээний хугацаанд хүү, мөн гэрээний 2.7-д хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

Энэхүү зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.А нь зээлдэгч Н.Нинжнамжилын өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч Э.Н нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Д.А нь гэрээ байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Э.Нд 8.000 ам.долларыг бэлнээр шилжүүлэн өгч, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Э.Нын өмчлөлд мөнгө шилжүүлэх зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна. Энэ нь зохигчдын тайлбар, 8.000 ам.доллар хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдлоо.

Зохигчид гэрээ байгуулах үедээ 1 ам.долларыг 2.000 төгрөгөөр тооцож, зээлийн гэрээг төгрөгөөр байгуулсан байна.

Хариуцагч нь мөнгийг өөртөө ашиглаагүй, хүний өмнөөс зээлж авч өгсөн тул хариуцахгүй гэж маргаж байна.

            Гэвч Б.Гээс хариуцагчид өөрийн өмнөөс хэлцэл байгуулах эрх олгосон баримт байхгүй, түүнчлэн хариуцагч нь хүний өмнөөс зээл авч байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, Б.Гийн заасан үгийг хэлж, нэхэмжлэгчтэй зээлийн гэрээг өөрийн нэрийн өмнөөс байгуулж, зээлийн мөнгийг өөрөө очиж биечлэн авсан гэх тайлбараар гэрээний нэг тал буюу зээлдэгч нь Э.Н мөн байх бөгөөд мөнгөө авангуутаа Б.Гт өгсөн, мөнгөнөөс өөртөө ашиглаагүй, Б.Гбатлан даасан тул тэр хариуцах ёстой гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

            Түүнчлэн Б.Гнь зээлийн төлөлтийг нэхэмжлэгчийн эх Ч.Буянбадарт төлж байсан гэж хариуцагч тайлбарласан боловч гэрч Ч.Буянбадарын Б.Гнь манай охин Д.Агаас болон надаас мөнгө зээлсэн зээлийн гэрээтэй байсан ба түүний төлөлтийг хийж байсан гэсэн мэдүүлэг, мөн хариуцагчийн өөрийнх нь Б.Гнь өөрөө зээл авах гэхээр зээлийн үлдэгдэлтэй болохоор болохгүй байна гэж надаар зээл авхуулсан гэх тайлбараар үгүйсгэгдэж байна.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э.Наас 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зээлдэгчээс шаардаж байгаа нь хууль зөрчөөгүй байна.

            Дээрх зээлийн гэрээний хугацаанд 1 сарын хүүнд 800 ам.доллар төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2 сарын хүү, хугацаа хэтрүүлсэн алданги шаардах эрхтэй.

            Хугацаа хэтэрсэн хоног нь 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр хүртэл 994 хоног хэтрүүлсэн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар нэг хоногийн алдангийн хэмжээг тогтооход 19.200.000 х 0.5 % = 96.000 төгрөг, хэтрүүлсэн хугацаагаар тооцоход 95.424.000 төгрөг болохоор байх ба нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг 9.600.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын хэмжээ 50 хувиас хэтрэхгүй хуулийн шаардлагад нийцсэн байна.

Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, хугацаа хэтрүүлсэн алдангид 4.000.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Иймд хариуцагч Э.Наас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16.000.000 төгрөг, 2 сарын зээлийн хүү 3.200.000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алдангид 4.000.000 төгрөг, нийт 23.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад олгож, үлдэх 5.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Э.Н нь нэхэмжлэгч Д.Ад холбогдуулан барьцаанд тавьсан Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж, 158 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205004784 дугаартай, өөрийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь барьцааны гэрээ байгуулаагүй, өөрөө зээл эргэн төлөх баталгаа болгож өгсөн тул зээлийн төлбөр барагдуулсаны дараа өгнө гэж татгалзав.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч нь өөрийн өмчлөлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ болон иргэн З.Оюунтэгш, П.Отгонтөгс нарын газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь нэхэмжлэгчид өгсөн байна.

Зохигчдын зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх баталгаа болгож өгсөн гэх тайлбараар дээрх газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцааны зүйл болгож өгсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр хийнэ, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг бичнэ, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Хэдийгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцааны зүйл болгож бодитоор үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэн өгсөн байх боловч барьцааны гэрээний талаар заасан Иргэний хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар газар өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалсан барьцааны гэрээ нь бичгээр байгуулагдаж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Э.Нын газар өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь буцаан авахаар шаардах эрхтэй тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Агаас Э.Нын өмчлөлийн Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж, 158 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Г-2205004784 дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангагдсан дүнд тохирох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас, сөрөг нэхэмжлэлийг хангасан тул түүнд тохирох тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээс гаргуулж, харилцан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалтыг баримтлан хариуцагч Э.Наас зээлийн гэрээний үүрэгт 23.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.600.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Агаас Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүннаран 12 дугаар гудамж, 158 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ....... дугаартай, газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, хариуцагч Э.Нд олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Наас улсын тэмдэгтийн хураамжид 273.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ад, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, хариуцагч Э.Нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 



 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ч.МӨНХЦЭЦЭГ