Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 798

 

 

 

  

 

 

2019 оны 03 сарын 22 өдөр                      Дугаар 102/ШШ2019/00798                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,       

        Нэхэмжлэгч Д.А нэхэмжлэлтэй      

       

        Хариуцагч Э.Н холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 28.800.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, Э.Нийн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000086818 дугаартай гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

       

      Шүүх хуралдаанд .........................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 16.000.000 төгрөг, хүү 3.200.000 төгрөг, алданги 9.600.000 төгрөг, нийт 28.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

        Иргэн Э.Н “махны бизнес хийнэ” гэж 8000 ам.долларыг надаас зээлсэн бөгөөд долларыг 2000 төгрөгөөр тооцон гэрээ байгуулсан.

        Ингээд эхний сарын хүү гэж 800 ам.долларыг төлөөд ахин ямар ч төлбөр төлөөгүй.

        Мөнгөө авч явахдаа Э.Н барьцаа болгон хоёр хашааны бичиг үлдээсэн.

        Иймд хариуцагчаас үндсэн зээл 16.000.000 төгрөг, хүү 3.200.000 төгрөг, алданги 9.600.000 төгрөг, нийт 28.800.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Зүйрлээд хэлэхэд миний машиныг 2 сараар зээлээд аваад явсан. Машин ирээгүй. Одоо яаж байна гэхээр, би машиныг чинь унаж яваагүй.

  Тэр машиныг “чи, миний дамжуулсан хэн нэгэн хүнээс аваарай” гэсэнтэй агаар нэг юм ярьж байна. Энэ хүн эрүүл биш юм шиг зүйл хэлээд байдаг.

  Анх махны наймаа хийнэ гээд мөнгө авсан.

  Гэтэл мах ч байхгүй, мөнгө ч байхгүй, 3 жил хууртагтаад явлаа.

  Одоо итгэхэд үнэхээр хүнд. Өгсөн хүн байна. Авсан хүн байна. Нотариатаар батлуулсан албан ёсны гэрээ байна. 2 талын өмгөөлөгч байна. Дутуу юм алга.

 7 удаа шүүх хурал хариуцагчаас шалтгаалж хойшиллоо.

 Бүх юманд цаг хугацаа байдаг бөгөөд би хувьдаа болсон болов уу? гэж бодож байна. Тийм ч учраас энэ хэргийг хуулийн дагуу зөв шийдэж өгнө гэдэгт бат итгэлтэй байна, гэжээ.

 

 Хариуцагч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Анх би Б.Ганчимэгтэй уулзаж, энэ хүмүүстэй холбогдсон. Тэр үед энэ хүмүүсийг огт таньдаггүй байсан.

 Б.Ганчимэг надад, би асуудалтай байна. Мөнгө зээлмээр байдаг. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлнө. Энэ мөнгийг “би хариуцна” гэж хэлээд авахуулсан.

 Ингээд би Д.Атай очиж уулзаад, бүх зүйлийг тохирч, 3 хоногийн дараа чамд мөнгө зээлье гэсэн.

 Үүнээс хойш 2 хоногийн дараа Б.Ганчимэгтэй “Чингис” пабын дотор хүлээж байгаад, Д.Аг ирлээ гэхээр нь очиж уулзаад, Д.Атай хамт нотариат орж, гэрээг байгуулан, дараа нь гэр рүү нь хамт яваад, 8000 ам.долларыг авсан.

 Би мөнгийг авч ирээд, Б.Ганчимэгт нотариат дээр хийсэн гэрээгээ үзүүлж, 8000 ам.доллараа “Худалдаа хөгжлийн” банкинд очиж солиулаад, Б.Ганчимэгт өгсөн.

“Зээлийн гэрээ”-г би байгуулж, гарын үсгээ зурж, 8000 ам.долларыг авсан үнэн.

 Харин нэг сарын хүү 800 долларыг Б.Ганчимэг надаар Д.Ад өгүүлсэн.

 Одоо Б.Ганчимэг олдохгүй, хаана амьдарч байгаа нь мэдэхгүй байна.

 Иймээс энэ мөнгийг би хэрэглээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         

        Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Э.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 28.800.000 төгрөг, Э.Н газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-000086818 дугаартай гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүхэд гаргажээ.

           

        Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Э.Н, би Б.Ганчимэгт мөнгийг өгсөн учраас зээлийг төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

       

Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Э.Н нар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийн хүүг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр “Зээлийн гэрээ” байгуулсан болох нь гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

         

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар талууд тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зориг илэрхийлэн хийгдсэн, хуульд заасан үндэслэл шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ болох нь нотлогдож байна.         

         

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараас дүгнэхэд,

      

Хариуцагч Э.Н “Гэрээнд зурсан гарыг үсэг миний гарын үсэг мөн. Би гэрээг байгуулж, 8000 долларыг Д.Агаас аваад, банкин дээр очиж солиулаад, Б.Ганчимэгт өгсөн”,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дэмбэрэл “Архангай аймгаас мах авч ирээд, Хятад руу гаргаад өгнө гээд мөнгө зээлсэн. Б.Ганчимэг энэ гэрээнд ямар ч хамаагүй. Э.Н мөнгөө цаашаа хэнд өгсөн эсэх нь бидний асуудал биш” гэх тайлбар, хариуцагч мөнгийг өөрийн биеэр очиж бэлнээр авч, нэг сарын хүү төлсөн талаар зохигчид маргаагүй зэргээс үзэхэд

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “ Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

         

Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, тус гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан байх тул зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.

         

Иймээс талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.7 дахь хэсэг,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “ хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, хүү, алданги нэхэмжлэх эрхтэй.

                  

Хэрэгт авагдсан гэрээгээр харуцагч:

                 -Үндсэн зээлд 16.000.000 төгрөг

                 -Нэг сарын хүүд 16.000.000х10%=1.600.000 төгрөг            

                 -Гурван сарын хүүд 1.600.000 /нэг сар хүү/х3 /сар/ =4.800.000 төгрөг

                 -Алданги 16.000.000х50%=8.000.000 төгрөгийг төлөхөөр байна.

       

Гэвч шүүх хуралдаан дээр “хариуцагч нэг сарын хүү төлсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч зөвшөөрсөн тул 16.000.000 төгрөг /үндсэн зээл/+3.200.000 төгрөг / 2 сарын хүү/+8.000.000 төгрөг /алданги/= нийт 27.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

  

Хавтаст хэргийн 4,5,6 дугаар хуудсанд авагдсан П.Отгонтөгс, З.Оюунтэгш, Э.Н нарын Газар өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

        Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч Э.Н Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-000086818 дугаартай гэрчилгээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад, 

Өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-2205001781, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-000086818 дугаартай, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Зүүн наран”-гийн 12 дугаар гудамжны 158 тоот, 18639313119507 нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, нэг иргэний өмч, 616 метр квадрат талбайтай газрын хууль ёсны өмчлөгч нь АН:74041701 регистрийн дугаартай, Монгол Улсын иргэн, Данхар овогт Энэбишийн Нинжнамжил болох нь нотлогдож байна.

 

Д.А дээрх өмчлөлийн гэрчилгээг барьцаанд авахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “Ипотек улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ” гэж зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан гэрээг байгуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул сөрөг нэхэмжлэлийг хангах зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Наас 27.200.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 293.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Д.Ад, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Д.Агаас гаргуулж, Э.Нд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Данхар овогт Энэбишийн Нинжнамжилаас 27.200.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Жаргалант овогт Дэмбэрэлийн Ариунзаяад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.600.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Э.Нийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.Наас улсын тэмдэгтийн хураамж 293.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Д.Ад, Д.Агаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж, Э.Нд олгосугай.

 

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.           

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АРИУНАА