Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 182/ШШ2022/00461

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

1.1.Зээлийн гэрээний 2.1.6-т “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 599,000 төгрөгийг гаргуулах” болгон өөрчилж байна.

Үндэслэл нь зээл олгохдоо зээлийн үнийн дүнгийн 1 хувийг буюу 559,000 төгрөгийн зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, дээрх мөнгийг зээлийн дүнгээс суутгаж авсан байна.

Зээлийн гэрээний 2.1.6-т “шимтгэл” нэрээр данс эзэмшигч миний ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн буцаан суутган хасаж зээл олголтыг дутуу олгосон байна.

Зээлийн хөрөнгийг бүрэн бүтнээр зээлийн хугацааны туршид зориулалтын дагуу ашиглах эрхтэй байтал банкны зүгээс санаатайгаар зээлийг дутуу олгож, зээлийг бүрэн бүтэн болгох гэрээний үүргээ зөрчсөн байхаас гадна Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон байна.

 

1.2.”Г” ХХК-тай байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот “зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,656,213 төгрөг гаргуулах.

Үндэслэл: “Зээлийн судалгаа дүгнэлт” гэх тухайн салбарын захирал, харилцагчийн менежерийн гарын үсэг бүхий баримтаар нийт зээлийн 46.4 сая төгрөгөөр Капитрон банкны зээлийг хаахаар урьдаас төлөвлөсөн байна.

“Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах” зориулалтаар зээл олгохдоо тухайн зээлийн дийлэнх хэсгийг буюу 46.4 сая төгрөгийг өөр зээлийн төлбөрт төлүүлэхээр урьдчилан тооцоолсон, Голомт банкны салбарын захирал, зээл хариуцсан ажилтан урьдчилан төлөвлөж, энэ тухайн зээлийн дэд хорооны хуралд танилцуулж эцсийн шийдвэрийг гаргуулсан байна.

Зээлийг бүхэлд нь гэрээнд заасан зориулалтаар бодитоор ашиглах, ашиглуулах бодитой нөхцөл боломжийг олгох хуулийн болон гэрээний зохицуулалтыг зээлдүүлэгч банкны зүгээс ноцтой зөрчсөн.

Бодит байдал дээр зээлдэгч Г.А нь 55.9 сая төгрөгийг бус, харин 9.5 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаж чадсан байна.

Зээлдэгч нь 9.5 сая төгрөгийг бодитоор ашигласан хэрнээ 55.9 сая төгрөгийг ашигласан мэт зээлийн эргэн төлөлтийг хийх хэт хохиролтой үүргийг хүлээсэн байна.

Зээлийн төлөлтийг төлүүлэх нь анхнаасаа боломжгүй, бүтэшгүй зүйл байсан учир зээлийн эргэн төлөлт зөрчигдөж, үүний улмаас зээлдүүлэгч зээлийг гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байна. Үүнд зээлдэгч биш, өөрийн журам заавар, холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн зээлдүүлэгч тал бас буруутай юм.

Зээлийн мөнгөн хөрөнгөөр өөр зээлийг хаахыг урьдчилан мэдэж төлөвлөж хийсэн нь хариуцагчийн өөрийнх нь шүүхэд гаргаж өгсөн баримтуудаас тогтоогдож байгаа юм.

Гэрээнд заасан “хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах” гэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “дүр үзүүлсэн” тохиролцоо юм. Зээлийн гэрээг бүхэлд нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Дүр үзүүлсэн хэлцэл учир зээлдүүлэгч хүү тооцон авах эрхээ алдана.

Дээрх нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлтийг зээлдэгч хожим төлөх боломжгүй байдал үүснэ гэдгийг зээлдүүлэгч урьдаас мэдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Зээлийн үйл ажиллагааны журмын дагуу банк зээл олгохоос татгалзах үүрэгтэй, түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцлээс зайлсхийх ёстой боловч энэхүү үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Хэрэгт авагдсан Голомт банкны “зээлийн дэд хорооны хурлын протокол”-ын зээлдэгч Г.Ад хамаарах хэсгээс үзвэл Капитрон банкны зээлийн талаар урьдчилж мэдсэн, энэ талаар хэлэлцэж шийдвэрлэсэн гэдэг нь харагдаж байгаа юм.

Голомт банкны “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “хөрөнгө оруулалтын зээл: Тодорхой төрлийн хөрөнгө худалдан авах, бий болгох зориулалтаар харилцагчид олгох, тухайн худалдан авсан хөрөнгийг заавал барьцаалах зээлийн бүтээгдэхүүн” гэж заасан байна. Гэвч энэхүү журмын заалтаа зөрчиж, хөрөнгө оруулалтын зээл олгох нэрийдлээр зээлдэгчийн өөр банк дахь зээлийг хаахаар төлөвлөсөн байна.

Зээлдүүлэгч нь өөрийн журам заавраа зөрчихгүй байх, зээлийн гэрээний зориулалттай холбоотой тохиролцоог бодитоор биелүүлэхтэй холбоотой хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дүр үзүүлсэн хэлцэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. Энэ нөхцөлд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 223, 224 дүгээр зүйлийн зохицуулалтын дагуу хүү тооцон авах эрхээ алдсан байна.

Хариуцагч байгууллага хүү тооцон авах эрхээ алдсан хэрнээ хүү тооцож төлүүлсэн, мөн дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлүүлсэн байх тул эдгээр төлбөрийг зээлдэгчид буцаах үүрэгтэй байна. Харин зээлдэгч хүлээн авсан 55,9 сая төгрөгийг хариу буцаах үүргийг хүлээнэ.

Зээлийн гэрээний 2.6-д “Зээлдэгч зээлийн хөрөнгийг энэхүү гэрээний 2.1.3-д зааснаар өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно” заасан боловч энэ зориулалтаар ашиглаагүйг зээлдүүлэгч урьдаас мэдэж байсан учир үүнд зээлдэгч гэм буруугүй юм.” гэв.

 

2.Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “

2.1.Талууд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тус гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг хуулийн дагуу тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна.

Өөрөөр хэлбэл, банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг. Тиймээс гэрээний 2.1.6, 2.7 дах хэсэгт “шимтгэл”-ийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурсан байна.

Зээлийн гэрээний 2.2 дахь хэсэг “Зээл нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.1-т заасан хувийн хүүг төлнө”, 2.3 дахь хэсэг “Зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн зээлийн харилцах дансанд шилжүүлснээр, бэлнээр авах тохиолдолд Зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авсан өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхэлнэ”, 2.5 дахь хэсэг “... 2.1.1-т заасан үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийг график хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаан төлөхөөр талууд харилцан тохиролцов.” гэж зааснаас үзвэл зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

Нөгөө талаас банк зээлдэгчийн өмнө зээлийн гэрээний 3.5.1 дэх хэсэг “Банк зээл олгосон даруй зээл олгосон өдөр, олгосон зээл, түүнд бодогдох хүүний хувь хэмжээ, зээл төлөх график, улмаар графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлж буй эсэх байдал, тодорхой хугацаан дахь зээлийн төлөгдөөгүй байгаа дүнг тус тус харуулсан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй”, 3.5.3 дахь хэсэг “Банк зээлдэгчид дотоодод мөрдөгддөг зохих журамд заасан банкны ерөнхий нөхцөлийг баримтлан зээлдэгчийн хүссэн банк санхүүгийн бусад үйлчилгээг соёлч боловсон чирэгдэлгүй үзүүлнэ.” гэсэн үндсэн үүргийг тус тус хүлээсэн.

Банк энэхүү үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгож, зохих бүртгэлийг явуулж ирсэн. Дээр дурдсанчлан, ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ нь талууд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн бөгөөд Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд бүрэн нийцсэн гэж үзнэ. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.2.Талууд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 55,900,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатайгаар зээлж авсан. Тус гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан байна.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасны дагуу Голомт банк нь “мөнгөн хөрөнгө болох 55,900,000 төгрөг”-ийг шилжүүлсэн бөгөөд тус хөрөнгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүхий л боломж нэхэмжлэгч талд байсан.

Түүнчлэн, Г болон Г.А нар дээрх зээлийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хөрөнгө оруулалтын зээл болох 55,900,000 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байсан гэж үзнэ. Тиймээс, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017.03.10-ны ЗГ1415112089 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, иргэний үнэмлэхийн хуулбар, Голомт банк дахь Г.Агийн 1415112089 дугаартай зээлийн дансны хуулга, Голомт банк дахь Г.Агийн 1415111359 дугаартай  дансны хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2020.08.05-ны итгэмжлэл, 2020.08.05-ны нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн талаарх баримт, Г.Агийн Хаан банкин дахь 5007593042 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хүү тооцооллын хүснэгт, 2021.01.26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, Г.Агийн Хаан банкин дахь 5007593042 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.10.05-ны 14/0128 дугаар итгэмжлэл, 2021.10.11-ний №006 дугаартай Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг өөрчлөх тухай баримт гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас Голомт банкны улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.12.02-ны 513 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай тушаал, итгэмжлэл, Голомт банк дахь Г.Агийн 1415111359 дугаартай дансны хуулга, Голомт банк дахь Г.Агийн 1415112089 дугаартай зээлийн дансны хуулга, 2017.03.10-ны ЗГ1415112089 дугаартай зээлийн гэрээ, хавсралт, 2017.03.10-ны ИГ1415112089 дугаартай Ипотекийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2203033484 дугаартай гэрчилгээ, 2016.05.04-ны 97 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, хавсралтууд, зээлийн судалгаа, дүгнэлт, 50 саяас дээш дүнтэй ИБМУТ тооцооны төв, зээлийн хорооны шийдвэр, 2017.03.13-ны өдрийн Голомт банкны зээлийн гүйлгээ хийх ЗГ1415112089 дугаартай шийдвэр, 2021.01.05-ны өдрийн 07/0234 дугаартай итгэмжлэл, 2019.08.05-ны өдрийн 258 дугаар Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, 2017.03.07-ны өдрийн Эрсдэлийн дүгнэлт, 2018.06.07-ны өдрийн ЗГ1415112105 тоот зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал, 2018.06.07-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал, 2018.03.21-ний ЗГ1415112105 тоот зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал, 2018.03.21-ний өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээт төлбөр хугацаа хэтэрснийг анхааруулах захидал, 2021.11.09-ний өдрийн хариу тайлбар, 2021.08.04-ний 734 дугаартай Голомт банкны гүйцэтгэх захирлын эрх олгох тухай тушаал, 2022.02.09-ний хариу тайлбар, 2022.02.14-ны 18/08/07 итгэмжлэл гаргаж өгсөн.

 

5.Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2017.03.07-ны 2016/08 дугаартай Зээлийн дэд хорооны хурлын протокол, Г.Агийн 2017.02.15-ны Голомт банкинд гаргасан өргөдөл, Зээлийн судалгаа, дүгнэлт, 50 сая дээш дүнтэй ИБМУТ тооцоон төв, иргэдийн зээлийн өргөдөл, зээл хариуцагчийн анкет, Зээлийн хорооны шийдвэр, Голомт банкны зээлийн үйл ажиллагааны журам, Голомт банкны 2020.05.11-ний 09/000393 дугаартай мэдэгдэл, Капитрон банк, Г.Агийн хооронд байгуулагдсан 2016.04.24-ний өдрийн №3022-2016/46 тоот Зээлийн гэрээ, хавсралт, 2016.04.24-ний №3022-2016/46а зээлийн барьцааны, 2016.04.24-ний №3022-2016/46б зээлийн барьцааны гэрээ, Г.Агийн Капитрон банкин дахь 3022001620 тоот зээлийн дансны хуулга, 2015.09.30-ны 158 дугаар Голомт банкны гүйцэтгэх захирлын тушаал, түүний хавсралт, Гэрч Э.Наранзулын мэдүүлэг  зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.                                                                                                                          

            Нэхэмжлэгч Г.А нь “Г” ХХК-д холбогдуулан “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон, зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, данс эзэмшигчийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн буцаан суутган хасаж зээл олголтыг дутуу олгосон байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус зөрчсөн.

Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээл олгохдоо өөр зээл хаах зорилготой байсныг талууд урьдаас мэдэж байсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу “дүр үзүүлсэн” хэлцэл учир зээлдүүлэгч хүү тооцон авах эрхээ алдана.

Зээлийг гэрээнд заасан зориулалтаар бодитоор ашиглах, ашиглуулах бодитой нөхцөл боломжийг олгох хуулийн болон гэрээний зохицуулалтыг банкны зүгээс ноцтой зөрчсөн. Өөрийн журам заавар, холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн зээлдүүлэгч тал бас буруутай юм.

Голомт банк “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг зөрчиж, хөрөнгө оруулалтын зээл олгох нэрийдлээр зээлдэгчийн өөр банк дахь зээлийг хаахаар төлөвлөсөн, зээлдүүлэгч нь өөрийн журам заавраа зөрчихгүй байх, зээлийн гэрээний зориулалттай холбоотой тохиролцоог бодитоор биелүүлэхтэй холбоотой хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, дүр үзүүлсэн хэлцэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Зээлийн гэрээг хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан байна.

Банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй, нийтэд урьдчилан мэдээлсэн. Гэрээний 2.1.6, 2.7 дахь хэсэгт “шимтгэл”-ийн талаар талууд тохиролцож, гарын үсэг зурсан байна.

Зээлийн гэрээ нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд бүрэн нийцсэн гэж үзнэ.

Голомт банк нь 55,900,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлийн гэрээг байгуулахаас өмнө буюу 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Капитрон банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул хөрөнгө оруулалтын зээл болох 55,900,000 төгрөгийг гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой байсан.

Гэрээг байгуулахдаа талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлэн, аливаа дарамт шахалтгүйгээр гэрээнд гарын үсэг зурж, байгуулсан гэж маргажээ.

 

            Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад дараах үйл баримт тогтоогдсон болно.

 

            Нэхэмжлэгч Г.А, хариуцагч “Г” ХХК-ийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ЗГ1415112089 тоот “Зээлийн гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр 55,900,000 төгрөгийг хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар жилийн 27,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл олгох, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ИГ1415112089 дугаартай “Ипотекийн зээлийн” гэрээгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 504 байр, 84 тоот хаягт байршилтай 39.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууц болон 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ИГ1415112089-А дугаартай “Ипотекийн зээлийн” гэрээгээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14180/ Ногоон нуур гудамж, 504 байр, 83 тоот хаягт байршилтай 37.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцнуудыг барьцаалж, харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон 2017 оны ЗГ1415112089 тоот “Зээлийн гэрээ”, 2017 оны ИГ1415112089 дугаартай “Ипотекийн зээлийн” гэрээ, 2017 оны ИГ1415112089-А дугаартай “Ипотекийн зээлийн” гэрээ зэрэг баримтууд бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч Г.А нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Г” ХХК-д хандаж бизнесээ өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа тул 70,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай зээлдүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж байсан, мөн зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хуваарийн дагуу төлөлт хийж байсан, зээлийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан баримт хэрэгт авагджээ.

 

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 дугаартай Зээлийн гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ИГ1415112089 дугаартай “Ипотекийн зээлийн” гэрээ, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ИГ1415112089-А дугаартай “Ипотекийн зээлийн” гэрээгээр ”Г” ХХК нь гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Г.А нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон барьцааны гэрээ нь 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ”

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-т “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн”

 

Зохигчдын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ”-ний агуулга, мөн гэрээний зүйл зэргийг харгалзан дээрх гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.3-д заасан шаардлагад нийцсэн гэрээ байгуулжээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 43.2.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452.3,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасан хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзнэ.

 

            Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ”, 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох ба зээлийн харилцаанд оролцогч талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээл олгох үйл ажиллагаа хийгддэг байна.

 

            Өөрөөр хэлбэл, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 1.3.8, 2.6-2.9, 2.12, 3.1, 3.2 дахь заалтууд арилжааны банкнуудад зээлийн шимтгэл авах эрх зүйн үндэслэл болсон гэж үзэхээр байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь”, 2.7-д “Энэ гэрээний 2.1.6-д заасан зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлийг банкинд төлөхийг зээлдэгч зөвшөөрсөн тул уг шимтгэлийг нэг удаа авна” гэж талууд харилцан тохиролцсон байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно, 10.З-т Банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж тус тус заажээ.

 

Нөгөөтэйгүүр, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын зорилго нь арилжааны банкнуудын зээлийн үйл ажиллагаа, зээлийн хүү, шимтгэл, хураамж /авдаг бол түүнийг харилцагчид мэдээлэх/-ийн мэдээллийг нийтэд нээлттэй тодорхой, ойлгомжтой болгох, иргэдийн сонголт хийхэд шаардлагатай мэдээллээр хангахад чиглэсэн хэм хэмжээний акт болно.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

 

Зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дүнд 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 55,900,000 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас нэхэмжлэгч Г.Ад шилжүүлсэн, шимтгэлд 559,000 төгрөгийг суутган авсан болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

 

            Хэрэгт авагдсан Г.Агийн Голомт банк дахь 1415111359 дугаартай дансны хуулгаар 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 705,000 төгрөгийн орлогоос 14,100,000 төгрөгийн зээлийн шимтгэл 141,000 төгрөг, 55,900,000 төгрөгийн шимтгэл 559,000 төгрөгийг зээлийн шимтгэлд тус тус суутгаж авсан болох нь нотлогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.А нь дээрх гэрээний заалтын дагуу шимтгэл төлөхийг ойлгосон учир өөрийн дансанд зээл олгохоос өмнө 705,000 төгрөгийг өөрийн дансанд байршуулсан, Голомт банк олгосон зээл болох 55,900,000 төгрөгөөс шимтгэлийг хасаж тооцоогүй гэж үзэхээр байна.

 

           

 

Нэхэмжлэгч тал Хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээл олгохдоо өөр зээл хаах зорилготой байсныг талууд урьдаас мэдэж байсан, дүр үзүүлсэн хэлцэл хийсэн, зээлийг зориулалтаар бодитоор ашиглах, ашиглуулах бодитой нөхцөл боломжийг олгоогүй гэж тайлбарлах боловч дээрх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.А нь Капитрон банктай 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр №3022-2016/46 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 50,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, санхүүгийн түшиг зээлийн зориулалттай зээлийн харилцаанд оролцсон болох нь тогтоогдож байна.

 

Дээрх зээлийг гэрээний хугацаа дуусаагүй байхад Г.А нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 45,948,464.48 төгрөгийг төлж зээлийг хаасан болох нь Г.Агийн Капитрон банк дахь 3022001620 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдох бөгөөд Голомт банк 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Г.Агийн Голомт банк дахь 1415111359 тоот дансанд хөрөнгө оруулалтын зээл болох 55,900,000 төгрөгийг шилжүүлсэн зэргээс үзэхэд Капитрон банкны зээлийг хаах зорилгыг зээлдэгч болон зээлдүүлэгч мэдэж байсан, зээлийг ашиглах боломжийг олгоогүй гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, Г.А нь Голомт банкнаас авсан хөрөнгө оруулалтын зээлээр Капитрон банкнаас авсан зээлийг хаасан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэх үндэслэлд нь аливаа хуулийн ямар нэг заалтыг зөрчсөн хэлцлээс гадна ийм төрлийн хэлцэл хийх нь хуулиар хориотой, тухайн хэлцлийн агуулга угтаа хуульд нийцэхгүй байхыг хамааруулдаг байна. 

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд тодорхой үр дүнд хүрэх зорилготой буюу хөрөнгө оруулалтын зээлийг олгосон, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлтэйгээр хийсэн хэлцэл гэж үзнэ.

            Нэхэмжлэгч тал гэрээ нь зээлийн шимтгэлийг суутгах эрхийг өөртөө олгосон, зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн нөхцөлийг гэрээнд тусгаж, данс эзэмшигчийн ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн буцаан суутган хасаж зээл олголтыг дутуу олгосон, зээл олгохдоо өөр зээл хаах зорилготой байсныг талууд урьдаас мэдэж байсан, дүр үзүүлсэн хэлцэл, зээлийг зориулалтаар бодитоор ашиглах, ашиглуулах нөхцөл боломжийг олгоогүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг бүрэн агуулсан, мөн Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ байдал баримтаар тогтоодохгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д заасан утга агуулгаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Дээрх гэрээнд заасан үүргээ “Г” ХХК биелүүлж, Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийг тус тус үндэслэн гэрээ байгуулагдсан байх ба уг зээлийн гэрээний 2.1.6, 2.7-д заасны дагуу зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 559,000 төгрөгийг шимтгэл нэрээр суутган авсан нь хууль зөрчөөгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

           

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Г” ХХК-д холбогдох “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Г.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Г” ХХК-д холбогдох “2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувь” гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус гэрээний заалтын үр дагаврыг арилгуулах буюу 559,000 төгрөг гаргуулах, 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ1415112089 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах буюу 10,665,213 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Г.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 587,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС